Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00328

 

П.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01869 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2481 дүгээр магадлалтай

П.М-ийн нэхэмжлэлтэй

Ш-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.М-ийг ШШГЕГ-ын харьяа Хорих 0433 дугаар ангийн даргын үүрэг гүйцэтгэж байхад нь ажил олгогчоос хууль бусаар ажлаас халсантай холбоотойгоор шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарч 3 шатны шүүхээр хэвээр батлагдсан юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч П.М-ийг ажилд нь авахгүй, шийдвэр гаргахгүй байсан учир нэхэмжлэгчээс ШШГЕГ-ын даргын нэр дээр удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж, захидал илгээж байсан. ХЗДХЯ-ны сайдад өргөдөл гаргаж байсны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас П.М-ийг ажилд нь эгүүлэн томилох тухай албан тоотыг ШШГЕГ-т явуулсан байдаг. Гэвч 1 жил өнгөрсний дараа 2017 оны 7 дугаар сарын 18-нд тушаал гарч Төв аймгийн Лүн сум дахь Хорих 403 дугаар ангийн даргаар томилогдсон. П.М- хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээн авсан, энэ талаар маргаан байхгүй. Үүнээс хойш байнга л ажилд орох тухай хүсэлт саналаа гаргаж байсан. 2017 оны 02 дугаар сард шүүхээс албадан биелүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Үүний дагуу өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалинг авсан. Нэхэмжлэгч нь удаан хугацаагаар цалингаа авч чадахгүй хохирч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэлх 12 сарын цалинд 16 644 000 төгрөг нэхэмжилсэн. Цалингийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт байгаа. Бид энэ цалингийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заахдаа энэ хуулийн 36.1.2-т заасан үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулах тухай нэхэмжлэл хамаарахгүй эрх нь зөрчигдсөн хэвээр байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч П.М-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэр нь 2016 оны 11 дүгээр сарын 21-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 398 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Энэ шүүхийн шийдвэр биелэгдсэн. Нэхэмжлэгч 1 жилийн хугацааны цалинг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан бусад маргаанд хамаарна. Тиймээс Улсын Дээд шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээж авснаас хойш дээрх хуулийн дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Гэтэл энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох ёстой. Төрийн тусгай алба хаагчдад онцгой албаны нэмэгдэл, гүйцэтгэх ажлын нэмэгдэл, хоригдолтой ажилласны нэмэгдэл зэрэг үндсэн цалин дээр нэмж олгогддог нэмэгдлүүдийг П.М- цалиндаа оруулан тооцсон нь үндэслэлгүй. Энэ хугацаанд ажил эрхлээгүй, ажиллаагүй тул дээрх цалин болон нэмэгдлүүд олгогдохгүй гэж үзэж байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01869 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ш-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэгч П.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 170 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж П.М-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2481 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01869 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш-аас 16 644 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.М-д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. гэж, 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 170 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж П.М-д олгож, хариуцагч Ш-аас 241 170 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.10.06-ны өдрийн 182/ШШ2017/01869 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан иргэн П.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017.12.06-ны өдрийн 2481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, эргэлзээгүй байх шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн ,буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж тус тус заасан байхад магадлалын хянавал хэсэгт анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 398 дугаар тогтоолыг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан өдрөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ.” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Магадлалын хянавал хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад буюу шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахаар зохицуулжээ.” гэж дүгнэсэн мөртлөө “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарч, хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсноос үзэхэд дээрх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч П.М-ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.” гэсэн нь шийдвэр нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.05-ны өдрийн шийдвэрээр П.М-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, 2016.04.01-2016.07.05-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 4.161.011 төгрөгийг олгохыг ШШГЕГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн болохоос Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаа шиг ажилгүй байсан бүх хугацааны цалинг олгох шийдвэр гараагүй болно.

Дээрх Захиргааны хэргийн шүүхээс даалгасны дагуу 2016.12.13-ны өдөр П.М-д 4.161.011 төгрөгийг олгож, Хорих 403 дугаар ангийн даргаар томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд цалин хөлстэй холбоотой гомдол гаргах тухай хуульд тусгайлан заасан байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй эргэлзээтэй шийдвэрийг гаргасан.

Иймд шийдвэр нь үндэслэл бүхий, эргэлзээгүй байх шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 2481 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

П.М- нь Ш-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

П.М-ийг хорих 0433 дугаар ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Ш- биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, 129 дүгээр зүйлийн 129.1.-д “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ...гомдлоо гаргах эрхтэй” гэж  тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохдоо түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба ийнхүү олгоогүй бол ажилтан ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс түүний эрх зөрчигдсөн гэж үзэх тул энэ тухай гомдлоо ажилд томилогдсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд гаргаагүй бол түүнийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хугацаанд ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилох үүргээ биелүүлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.  

Хариуцагч Ш- хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй эс үйлдэхүйгээс ажилтан нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ажил эрхлээгүй, цалин хөлс, орлогогүй эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул ажил үүрэг гүйцэтгээгүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг  гардан авсан хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс засч, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД