Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02393

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02393

 

Л.Я, С.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Я, С.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК, М Ө ХХК болон Т.Т нарт холбогдох

 

Хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, ** тоот зогсоолын хэмжээг Монгол Улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлах аюулгүйн тэмдэглэгээг Монгол Улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчидийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Хийморь 19, ** дүгээр байрны ** болон ** тоотуудад орон сууц худалдаж аваад, тухайн байрны зоорийн давхарт байрлах **, ** тоот зогсоолын захиалгын гэрээ хийж худалдаж авсан. Байр худалдан авахдаа М Ө ХХК-ийн санал болгосны дагуу машины зогсоолын схем зурагтай танилцаад, нэхэмжлэгч нар нь тус бүр нь 12 м.кв талбайтай автомашины зогсоол худалдан авч, улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл барилгыг ашиглалтанд оруулаад, улсын комисст хүлээлгэж өгсний дараа 2010 оны 10 дугаар сараас эхлээд зураг талбайн хэмжээг зөрчөөд автомашин зогсох боломжгүй, цахилгаан шатны хаалгыг дараад, 16 гэсэн тоот зогсоолыг нэмж төлөвлөөд түүнийгээ Т.Тд худалдсан байна. 16 тоот зогсоол нь өмнө нь төлөвлөгдөөгүй байсан. 16 тоот зогсоолд машин тавихын тулд Т.Т анх төлөвлөсөн байсан 11, 12 тоот зогсоолыг хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй болгож, зөвхөн нэг тал, булан луу шахаад өөрөө цаад талд нь гарах болсноороо 11, 12 тоот зогсоолын өмчлөх эрхийг зөрчиж эхэлсэн. Ингэснээр автомашин хоорондын зай алдагдаад, машинаасаа бууж суух аргагүй, машины хаалга онгойхгүй, орж гарах боломжгүй болсон. Үүнийгээ нэхэмжлэгч нар нь худалдаж авсан эд хөрөнгөө эзэмшихэд саад болж байна гэж үзэж байгаа. Энэ талаар М Ө ХХК болон М ХХК-д удаа дараа шаардлага тавьж, энэ байдлаа засахыг шаардсан боловч огт хүлээж авахгүй байсан. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газарт хандаж тодорхой албан шаардлагыг М Ө ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл уг зөрчлөө засахгүй маргаан үргэлжилж байна. Иймд нэхэмжлэгч нар нь 11, 12 тоот зогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, төлөвлөгдөөгүй буюу цахилгаан шатны хаалгыг хааж автомашины зогсоол гаргасныг хориглох тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Хэргийн явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Л.Я бусад оршин суугчтай адилхан 8 000 ам.доллар төлж дулаан зогсоол авсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үед энэ баримтуудын дагуу бичиг баримтуудаа өг гэсний дагуу иргэний үнэмлэхээ өгсөн. Гэтэл 10 м.кв талбай бүхий дулаан зогсоолын гэрчилгээ гарсан. Гэтэл адилхан үнэ төлөөд байгаа автозогсоолын хамгийн бага нь 12 м.кв байгаа. Л.Яын автозогсоолын хэмжээ 10 м.кв хэмжээтэй байгаа нь автозогсоолд тавигдах шаардлага, стандарт, норм журамд заасан шаардлага хангахгүй, мөн зогсоолыг ашиглах боломжгүй байгаа. Мөн зогсоол хоорондын зайг тусгаарлаж, стандартад заасны дагуу цагаан зураасаар тэмдэглээгүй. Түүнээс болоод иргэд хоорондын зогсоолын зай тодорхойгүй байгаа. Тиймээс нэхэмжлэгч нарын хувьд 12 тоот зогсоолын талбайн хэмжээ Монгол Улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол Улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч Т.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Я, С.Г нар нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Хийморь 19, ** дүгээр байрны **, ** дугаар машины зогсоолын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, мөн хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь зогсоолуудын зай хоорондын хэмжээ зөрчилтэй байгаа учир цагаан шугам татуулахыг даалгах гэсэн ойлгомжгүй хоёр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл яваад байгаа. Ойлгомжгүй гэдэг нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Иргэн Т.Т нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд миний үйлчлүүлэгч халдаагүй харин нэхэмжлэгч нар Т.Тгийн эрхэд халдаад, орох гарах гарцыг нь хаасан хууль бус үйл ажиллагаа болсон. Т.Тгийн хувьд М ХХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 19298 тоот гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол ** дүгээр байрны ** тоот 2 өрөө орон сууц, ** тоот автомашины зогсоолыг худалдан авч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч болсон. Өөрийн өмчлөлд авсан үл хөдлөх хөрөнгөө өмчилж 2010 оноос хойш 6 жилийн хугацаанд уг байранд амьдарч байгаа. Өнөөдөр энэ орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хууль ёсны өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс миний хууль ёсны үйл ажиллагаанд халдах эрхгүйг, мөн харилцан хүндэтгэн үүрэгтэй болохыг хариу тайлбарт дурдах нь зүйтэй. Өмчлөх эрхтэй холбоотой, өмчлөх эрхэд саад болоод байгаа гэдэг үүднээс нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах, Т.Тгийн гараашийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, улсын бүртгэл хууль бусаар бүртгэсэн болохыг тогтоолгож бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хөршийн эрхийг зөрчөөгүй байна гэдгийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлээд тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссын акт хуулийн хүчинтэй, мөн Т.Тд олгосон 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот гараашийг өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газар хуулийн хүрээнд олгосон гэж үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн нь өнөөдрийн иргэний шүүхэд нэхэмжлэгч нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага хөршийн эрхийг зөрчөөд байна гэдэг шаардлагыг үгүйсгэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М Ө ХХК болон М ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал М ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талуудын чөлөөт эрхийн үндсэн дээр өөрсдөө сайн дурын үндсэн дээр байгуулах эрхтэй гэсний дагуу Л.Ятай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 2.3-т захиалагчийн эрх үүрэг гэсэн хэсэг дээр захиалагч орон сууцны байр баригдаж дууссаны дараа карказ зураг төслийн дагуу хийгдсэн эсэх, доголдолтой эсэхийг шалган хүлээж авах үүрэгтэй. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч талд ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 3 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан. 2010 онд улсын комиссын актын үндсэн дээр барилга ашиглалтанд орж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд нэхэмжлэгч нар уг авто зогсоолоо шалгаж хүлээж аваад 3 сарын хугацаанд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Талууд 10, 12 м.кв талбайтай автозогсоолыг худалдаж авахаар тохиролцсон энэ гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, барилга ашиглалтанд орсон байдаг. 10 м.кв хэмжээтэй зогсоолын хувьд Авто зогсоолын ангилал улсын стандартын 4.4, 4.5-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байгаа. Улсын стандартад юу гэж заасан байдаг вэ гэхээр 4.4 нэгдүгээр ангилалд 5 хүртэл урттай, 1,8 хүртэл өргөнтэй авто машин 10 м.кв хэмжээтэй байхыг зөвшөөрсөн стандарт байгаа. Энэ стандартад нийцсэн 10 м.кв хэмжээтэй зогсоолыг захиалагч захиалсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Захиалагч зогсоолоо хүлээж аваад ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Улсын байцаагчийн хүчин төгөлдөр бус дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д дараах тохиолдолд худалдан авагч шаардах эрхээ алдана гэж, 255.1.1-д эд хөрөнгийг хүлээж авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан боловч түүнийг хүлээж авсан бол худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Гэрээний дагуу өөрөө автозогсоолоо шалгаад авсан. Талуудын тохиролцооны үндсэн дээр 10 м.кв талбай бүхий стандартад нийцсэн зогсоолыг авсан. Ийм учраас нэхэмжлэгч Л.Яын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ барилгыг 2010 онд ашиглалтанд орсноос хойш нэхэмжлэгч нар 3 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Хэрэг үүссэнээс хойш 2 жилийн дараа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарахад зогсоол хооронд заагласан цагаан зураас арилсан учир хэмжилт хийх боломжгүй гээд шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Барилга ашиглалтанд ороод удсан учир цагаан шугам арилсан. Улсын комисс хүлээж авахдаа бүх зүйлийг стандартын дагуу байгаа эсэхийг шалгаж хүлээж авдаг. Тиймээс өнөөдөр нэхэмжлэгч нар цагаан шугам татаагүй гэж даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Я, С.Г нарын хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот авто зогсоолын хэмжээг Монгол Улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын авто зогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай хариуцагч Т.Т, М ХХК, М Ө ХХК нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдртийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх, шийдвэрээ гаргаад тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь хөршийн эрхийн харилцаа байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэсэн боловч шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэхдээ хариуцагч нарын хууль бус ямар үйлдэл нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн нь тогтоогдоогүй хэмээн огт өөр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судалж, үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэрэгт авагдсан баримтуудаас зөвхөн нэхэмжлэгч нар болон хариуцагч М ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний талаар дурдаж, энэ гэрээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон талаар дурджээ. Гэвч энэ талаар талууд огт маргаагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болсон 11, 12 дугаар зогсоолоо өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар саад болж байгаа талаар талууд маргаад байхад нотлох баримтанд тулгуурлалгүй гэнэтхэн хариуцагч нарын ямар хууль бус үйлдэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгч нарын эрхийг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас хариуцагч Т.Тгийн хууль ёсны өмчлөгч болсон гээд байгаа автозогсоолын байрлал нь зогсоол байрлуулахаар төлөвлөгдөөгүй (15 машины зогсоол бүхий ажлын гүйцэтгэлийн зургаас тодорхой харагдана), ийнхүү ** дугаар зогсоолыг нэмж бий болгосон нь Автозогсоолын тухай стандарт болон Галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн (НМХГ болон ОБЕГ-ын улсын байцаагч нарын дүгнэлтээр нотлогдоно), нэхэмжлэгч нарт **, ** дугаар зогсоолыг худалдан борлуулсны дараа ** дугаар зогсоолыг бий болгон хариуцагч Т.Тд худалдсан (М ХХК-ийн УБЕГ-т хүргүүлсэн 2011оны 4 дүгээр сарын 11 өдрийн 193/16а дугаар албан бичгээр нотлогдоно), хариуцагч Т.Т нь ** дугаар зогсоолдоо машинаа байрлуулахын тулд ** дүгээр зогсоолын талбайг дамжин өнгөрөх шаардлагатай бөгөөд ** дугаар зогсоол буюу 1 машины зогсоолын талбайд 2 машин шахан байрлуулж нэхэмжлэгч нарын эрхийг зөрчдөг (хэрэгт авагдсан гэрэл зургаас тодорхой харагдана, хариуцагч Т.Т энэ талаар маргадаггүй, зөвхөн хөршийн эрх гэж тайлбарладаг), нэхэмжлэгч Л.Яын эрхийг зөрчиж бусадтай адил төлбөр төлсөн зогсоолын хэмжээг 10 м.кв болгон багасгасан (нэхэмжлэгч нарын зогсоол худалдан авсан үнэ адил боловч хэмжээ өөр байгаа нь нэхэмжлэгчдийн Орон сууц захиалан бариулах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс харагдана), зогсоолын тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй (Улсын байцаагчийн шаардлага, дүгнэлт, гэрэл зургаар нотлогдоно) зэрэг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримт хангалттай авагдсан.

Хууль тогтоомж зөрчин, зогсоол төлөвлөх ёсгүй, шууд хүрэх боломжгүй байрлалд зогсоол бий болгон худалдсан хариуцагч М ХХК, М Ө ХХК-ийн хууль бус үйлдэл, шууд хүрэх боломжгүй байрлалд машинаа байрлуулахын тулд нэхэмжлэгч С.Гийг хууль ёсоор өмчилж авсан зогсоолоос нь өөр зогсоол руу хөөж байгаа хариуцагч Т.Тгийн үйлдлийн улмаас С.Гийн эрх болон өөрийн зогсоолоо С.Гтэй хуваалцаж машины хаалга нь бүрэн нээгдэхгүй, машинаасаа бууж суух аргагүй байдалд хүрч Л.Яын эрх давхар зөрчигдөж буй талаар нэхэмжлэгч талаас хангалттай тайлбарлаад байхад дээрх нотлох баримт хэрэгт авагдаагүй мэтээр хэрхэн ийм дүгнэлт хийж чадаж байгааг нь үнэндээ ойлгосонгүй.

Хэрэв өмчлөгч нарын эрхийг хэрхэн зөрчиж буй нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа бол энэ дүгнэлтийг үгүйсгэж байгаа дээрх нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Я, С.Г нар нь хариуцагч М ХХК, М Ө ХХК болон Т.Т нарт холбогдуулан хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот зогсоолын хэмжээг Монгол Улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлах аюулгүйн тэмдэглэгээг Монгол Улсын автозогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч М ХХК нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Хийморь 19 цогцолбор 54 айлын 2 айлын орон сууц, 22 машины автозогсоол, 120 айлын орон сууц, 16 машины автозогсоолын хамт барьж, улсын комисст 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 156/2010 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгчээ. /хэргийн 1 дэх хавтас 19-20 дугаар тал/

 

Хариуцагч М ХХК-тай 2008 онд нэхэмжлэгч Л.Я, С.Г, 2010 онд хариуцагч Т.Т нар тус тус орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрнаас орон сууцыг автозогсоолын хамт захиалан бариулахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Л.Я нь ** тоот 71.9 м.кв талбай бүхий 3 орон сууцыг 10 м.кв талбайтай 12 тоот автозогсоолын хамт, С.Г нь ** тоот 71.9 м.кв талбай бүхий орон сууцыг 12 м.кв талбайтай ** тоот автозогсоолын хамт, хариуцагч Т.Т нь ** тоот 46.6 м.кв талбай бүхий орон сууцыг 12 м.кв талбайтай автозогсоолын хамт худалдан авч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон нь тэдгээрийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч Т.Т нар нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгчид болох талаар шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 87-91, 181-185, 233-236, 17, 18, 33, 34 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.Г нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан хариуцагч Т.Тгийн ** тоот зогсоолыг өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 393 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Гийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хэргийн 1 дэх хавтас 236-241 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Тгийн худалдан авсан ** тоот автозогсоол нь уг барилгыг барихад төлөвлөгдөөгүй байсан гэж тайлбарласныг хариуцагч М ХХК-иас үгүйсгээгүй боловч барилгыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө барилгын зурагт өөрчлөлт оруулан батлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзан маргажээ.

 

Хариуцагч Т.Тгийн дээрх автозогсоол анх төлөвлөгдсөн байсан эсэх нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдал биш байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нарын ямар хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар автозогсоол өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учирсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын маргаж буй барилгын автозогсоолын зураг, төсөл, гэрэл зургаас үзэхэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн **, ** тоот автозогсоол нь хариуцагч Т.Тгийн өмчлөлийн ** тоот автозогсоолтой нэг эгнээнд байрлаагүй буюу тэдгээрийн автозогсоолын хэмжээ болон автозогсоол руу орох гарах гарцыг ** тоот зогсоол хаасан гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн М Ө ХХК нь талуудын орон сууц захиалан бариулах тухай гэрээний оролцогч биш байх бөгөөд хуулиар болон гэрээгээр нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээгээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Яын хариуцагч М ХХК-тай байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн №19/204 тоот Орон сууц захиалан бариулах гэрээнд автозгосоолын хэмжээний талаар тохиролцоогүй байх боловч тэрээр 10 м.кв автозогсоол өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000120507 тоот гэрчилгээ 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарснаас хойш одоог хүртэл уг автозогсоолыг өмчилж, зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар маргаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт хэрэв гэрээнд заасан үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж зааснаар автозогсоолын хэмжээг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр автотээврийн хэрэгсэл байрлуулах тэмдэглэгээ хийлгүүлэх шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Л.Яын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

С.ЭНХТӨР