Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02240

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02240

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02203 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ж, Д.Б нарт холбогдох

 

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э,

Хариуцагч С.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Ч.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Голомт банкнаас зээл авах хүсэлтэй байсан бөгөөд С.Ж нь тухайн үед Голомт банкны салбарын захирлыг таньдаг, Д.Бг маш сайн таньдаг найз хэмээн барьцаа хөрөнгөө миний нэр дээр шилжүүлбэл би өөрийн нэр дээр зээл гаргаж өгч чадна гэсний учир 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хийж, өөрийн өмчлөлд байсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсан 5 дугаар байрны 01 тоот хаягт байршилтай 54.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Голомт банкнаас зээл авах зорилгоор бэлэглэх хэлцэл хийсэн. Гэтэл С.Жд Голомт банкнаас бидний хүссэн зээлийг олгоогүй, С.Жгээс дээрх орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг шаардсан бөгөөд С.Ж нь буцаан шилжүүлж өгөлгүй Д.Бд уг байрыг 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийн шилжүүлсэн байсныг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг талууд жинхнээсээ хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй, бэлэглэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн болно. Тэр ч утгаараа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь хууль бус гэрээ юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн болон 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н-д Голомт банкнаас бизнесийн зориулалтаар зээл авахад туслах зорилгоор түүний өмчлөлд байсан Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хэсэг, Зайсан * дугаар байр, ** тоот хаягт байршилтай 54.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан боловч түүнд зээл авахад нь тусалж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оноос Б.Н-тай хамтран ажилласан бөгөөд 2011 Х ХК-ийн захирал болох үедээ намайг тус компанид нягтлан бодогчоор ажиллахыг санал болгож, орон сууц өгөхөөр амласан юм. Ингээд 2014 оноос эхлэн миний бие Хан-Уул дүүрэг, Үйлдвэр гудамж, **б байр, *** тоот 54.5 м.кв байранд амьдарч байгаа бөгөөд бидний хэн аль нь энэ байрыг анх ажилд ороход амласан байр гэж ойлгож, ямар ч маргаангүй, байрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож байсан билээ. Харин Б.Н- нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг байрыг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авснаас эхлэн банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, барьцааны зүйл болгон ашиглаж байгаа бөгөөд компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах эрх ашгийн үүднээс миний бие түүнээс орон сууцыг өөрийн нэр дээр болгохыг шаардаж маргаж байгаагүй билээ.

2016 оны дугаар сард Голомт банкнаас зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр байрыг С.Жд шилжүүлсэн байх бөгөөд С.Ж бид нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр уг байрыг миний нэр дээр шилжсэнийг Б.Н сайн мэдэж байгаа, өөрөө ч үүнийг зөвшөөрсөн. Учир нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр буюу Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гэрээгээр миний бие тухайн байрны өмчлөгч болсны дараа 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г ББСБ-д 50 000 000 төгрөгийн барьцаанд тавихдаа барьцааны гэрээнд надаар гарын үсэг зуруулж зээлийн барьцаанд тавьсан. Эндээс үзвэл, Б.Н нь уг байрыг миний өмчлөлд шилжин ирс мэдээгүй байх үндэслэлгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Иймд Б.Н-ын нэр дээрх орон сууцыг Д.Б би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй, бидний хоорондын тохиролцооны дагуу уг байрыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр би өөрийн нэр дээр өмчилж авсан болно. Иймээс энэ гэрээ нь түүний тодорхойлж байгаа дагуу ямар ч дүр үзүүлсэн гэрээ биш, хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй, бэлэглэх зорилгогүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие 2016 оны 12 сараас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд энэ үед 2014 оноос эхлэн бүрэн аваагүй цалингийн үлдэгдэл болох 30 360 802 төгрөг, мөн компаний өр төлбөрт тооцож өөрийн эзэмшилд байсан Тоёота Харриер маркийн машиныг 22 000 000 төгрөгөөр тооцон гуравдагч компанид өгсөн зэрэг надад өгөх ёстой өр төлбөрөө өгөхгүй байх арга хайж, анх ажилд оруулахдаа амласан ёсоор бэлэглэсэн орон сууцаа буцаан авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний зүгээс орон сууцнаас гадна аваагүй цалин, дээрх машины мөнгөө компаниас нэхэмжлэх бүрэн эрхтэй боловч олон жил гар нийлж хамтарч ажилласны хувьд зах зээлийн хүнд хэцүү нөхцөлд компанийн үйл ажиллагаа доголдож байгаа энэ үед цалин, машины мөнгөө дээрх орон сууцанд тооцон, өр авлагыг дуусгах бодолтой байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар Б.Н-, С.Ж нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, С.Ж, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 407 950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч С.Ж болон хариуцагч Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 407 950 төгрөгийг гаргуулан, нийт 815 900 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02203 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Миний бие Д.Б нь 2007 оноос нэхэмжлэгч Б.Н-тай хамтран ажиллаж байсан юм. Улмаар Б.Н нь 2011 оноос Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох үедээ намайг тус компанийн нягтлан бодогчоор ажиллахыг санал болгож орон сууц өгөхөөр амлаж байсан юм. Энэхүү тохиролцооны дагуу тус маргаж буй Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Үйлдвэр гудамж, **б байр, *** тоот 54.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б.Н-ын татгалзалгүйгээр С.Жгээс өөрийн нэр лүү шилжүүлэн авсан болно. Тодруулбал С.Жгээс тус байрыг Д.Б над руу шилжүүлэн өгөх зөвшөөрлийг Б.Н- нь өөрөө өгсөн болох нь тус байрны өмчлөл Д.Б надад албан ёсоор шилжсэнээс хойш болсон удаа дараагийн үйл явдлуудаар тогтоогддог юм. Б.Н- нь тус орон сууцыг надтай харилцан тохиролцож миний зөвшөөрлийг авсны дагуу 2 ч удаа ББСБ-т зээлийн гэрээний барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал нэхэмжлэгч Б.Н- нь шүүхэд гаргаж буй нэхэмжлэлдээ дурдсанчлан тус байр С.Жгээс Д.Б над руу шилжиснийг гэнэтхэн мэдээд шүүхэд хандаж байгаа нь үнэн л юм бол түүний надаас зөвшөөрөл авч бүр 2 ч удаа ББСБ-ын зээлийн гэрээний барьцаанд тавьж байсан үйлдэлийг юу гэж ойлгох вэ. Дээр нь Б.Н- нь тус байрны түлхүүрийг надад 2014 онд гардуулан өгч тэр цагаас хойш миний бие тус байранд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй цаад хүсэл зорилго нь миний бие 2016 оны 12 сараас өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бөгөөд 2014 оноос хойш Х ХХК-иас надад олгох ёстой үлдэгдэл цалин болох 30 360 802 төгрөг, мөн өөрийн өмчлөлийн Toyota Harrier маркийн авто машиныг 22 000 000 төгрөгөөр тооцож Х ХХК-иас авлагатай гуравдагч этгээдэд өгсөн зэрэг надад өгөх ёстой өр төлбөрөө барагдуулахгүй байх арга хайж, надад өгсөн орон сууцаа буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байгаа гэж миний бие үзэж байна. Мөн миний бие хариу тайлбар татгалзлаа нотлох зорилгоор гуравдагч этгээдээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болон 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус тус бичгээр гаргасан боловч боловч шүүгч тус хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болсон. Бас Б.Н- нь тус маргаантай холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан бөгөөд миний бие энэхүү маргаж буй байртай холбоотой асуудлаар тайлбар өгч шалгуулсан болно. Б.Н-ын гаргасан тус гомдолд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас анх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Б.Н-ын гомдлоор Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэгдэн одоо хүртэл тус дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж дуусаагүй байна. Бидний зүгээс шүүхэд тус эрүүгийн хэрэг нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралтай байж болох тул ИХХШТХ-ийн 80.1.4-т заасан нөхцөл байдал үүсэж болзошгүй тул тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс татуулан авч хянаж үзэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг манай өмгөөлөгчийн зүгээс тавьсан боловч шүүх энэхүү хүсэлтийг хүлээн авахаас татагалзсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж зөрчисөн үйлдэл болсон гэж үзэж байна.

С.Ж болон Б.Н- нарын хооронд байгуулагдсан гэрээ ИХ-ийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан байж болох боловч нэхэмжлэгч Б.Н-ын зөвшөөрлөөр С.Жгээс Д.Б надад байр шилжсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Б.Н- нь хариуцагч Д.Б надад тус байрыг шилжүүлэн өгөх тохиролцооны дагуу энэхүү байр С.Жгээс Д.Б надад шилжсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Мөн ИХ-ийн 56.1.10 дахь зохицуулалт нь бие биетэйгээ харилцан хамааралтай хэлцлийн тухайд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт учир манай тохиолдолд хамааралгүй юм. Гэтэл анхан шатны шүүгч хэргийг шийдвэрлэхдээ ИХ-ийн 56.1.10-ийг хэрэглэж 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйл явдал болсон. Учир нь хоорондоо хамааралгүй хоёр тусдаа гэрээний харилцаа үүссэн байгааг шүүгч анзаараагүй. Б.Н- нь дээрх хуульд заасан үндэслэлээр зөвхөн С.Жд орон сууц бэлэглэсэн гэрээг л хүчин төгөлдөр бус болгохыг шаардах эрхтэй байсан. Тэдний хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудал нь надад огт хамааралгүй юм.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгож тус хэргийг буюу нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч С.Ж, Д.Б нарт холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Ж хүлээн зөвшөөрч, хариуцагч Д.Б Б.Н-тай олон жил хамт ажиллаж байгаа, Х ХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхад орон сууц өгнө гэж амалсан, 2014 оноос хойш маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Н- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг * дугаар хороо, Үйлдвэр гудамж, **б байр, *** тоотод байрлах 54.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч С.Жд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, мөн С.Ж нь дээрх орон сууцыг Д.Бд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. /хэргийн 5-9 дүгээр тал/

 

Хариуцагч Д.Б нь уг маргаан бүхий орон сууцанд 2014 оноос хойш амьдарч байгаа болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч, уг орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх зорилгогүйгээр түр хугацаагаар амьдруулж байх үед хариуцагч С.Жтэй зээл авах зорилгоор дүр үзүүлэн орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсны улмаас С.Ж өөрийнх нь зөвшөөрөлгүй хариуцагч Д.Бд уг орон сууцыг бэлэглэх гэрээ хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх хариу тайлбарыг гарган маргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт түүний дотор 56.1.2, 56.1.10-т зааснаар дүр үзүүлэн хийсэн болон хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд анхан шатны шүүх хуулиар хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэн эрх зүйн үр дагаваргүй шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдээс талуудад эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд уг үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсгээр арилгуулах нь асуудал нэхэмжлэлийн шаардлага байж болох боловч нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхээс хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлүүдийн талаар бус, хуулийн дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар нэхэмжлэлдээ заасан атлаа шүүхээр ямар эрхээ хэрхэн хамгаалуулах гэж буй нь тодорхой бус нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх уг асуудлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарна.

 

Гэтэл шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ямар үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгааг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, ямар нэг үр дагавар бий болоогүй тохиолдолд нэхэмжлэгчид шаардлага гаргах эрх үүсэхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас төлсөн 407 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХТӨР