Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02242

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02242

 

О.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Бд холбогдох

 

4 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Т, Г.Б нартай Хонконгоос утас оруулж ирээд зарвал ашигтай гэж ярилцсан бөгөөд хүүтэй ч хамаагүй мөнгө хэрэгтэй байна, олох боломж байна уу гэж асуухад нь би тэр хүнд итгэсэн учраас ломбарднаас 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, 2016 оны 8 дугаар сарын 23, 8 дугаар сарын 24-ний өдөр 4 900 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа юм. Ингээд би Г.Бгийн данс руу мөнгийг шилжүүлсэн бөгөөд хүү төлөх хугацаа болоход хүүгээ төлөхгүй янз бүрийн шалтаг тоочиж, намайг хохиролгүй болгоно, зээлсэн мөнгөө өгнө гэсэн боловч ямар ч мөнгө өгөөгүй. Би тэр хоёрыг намайг залилсан үндэслэлээр Цагдаагийн газарт өргөдөл өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт бичгээр гэрээ байгуулаагүй миний буруу тул үндсэн зээл болох 4 900 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 93 350 төгрөг, нийт 4 993 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Б-тай ямар нэгэн байдлаар хэлцэл байгуулаагүй бөгөөд хэлцэл нь О.Б- болон Г.Т нарын хооронд байгуулагдсан. Миний хувьд Хятадын Шинжин, Гуанжоу хот руу явж арилжаа наймаа хийдэг. Тухайн үед Г.Т нь надад утас захиж миний данс руу Г.Т О.Б-гаас 3 000 000 төгрөг зээлж, О.Б- намайг Хятад улс руу явах гэж байхад утсаар холбогдож чамайг маргааш явах гэж байгааг сонслоо дансаа өгчих гээд шилжүүлсэн. Уг мөнгөөр миний бие утас авч ирээд Г.Тт өгсөн юм. Нэхэмжлэлдээ энэ талаар огт дурдаагүй байна. Мөн Хятад руу явахын өмнө Г.Т ирж уулзаад таны данс руу 2 000 000 төгрөг орсон байгаа, та аваад утас аваарай хэрэг болно гэхэд хэнээс авсан юм бэ гэхэд танд хамаагүй миний мөнгө гэж гэж хэлсэн. О.Б- миний данс руу мөнгө шилжүүлсэн гэдгээ ч хэлээгүй дараа нь мэдсэн. Энэ мөнгөнүүд миний дансаар орсон хэдий ч мөнгө өгөх, авах нь О.Б-, Г.Т нарын хооронд болж өнгөрсөн. Миний бие Хятад улс руу яваад захисан утаснуудыг авч ирж Г.Тт 2016 оны 9 дүгээр сарын 02-нд ирсэн өдрөө уулзаж 6 ширхэг IPhone, 8 ширхэг Samsung өгсөн. Г.Т нь худал хэлж, хууран мэхэлж мөнгө, эд хөрөнгө авч яваад одоо болтол бариагүй бөгөөд энэ талаар цагдаад гомдол гаргахад олдоогүй. Миний бие нь О.Б-тай зээлийн гэрээ байгуулаагүй байж хариуцагч болох үндэслэлгүй. О.Б-гаас миний бие хэзээ ч мөнгө асууж байгаагүй, О.Б- нь намайг цагдаад өгч, мөнгөө төл төлөхгүй бол facebook-ээр зургийг чинь тавьж олон нийтэд зарлан гэх мэтээр дарамталж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Тэгэхээр зээлийн гэрээг 2 тал хэлэлцэн тохирч байгуулдаг. Миний бие зээл аваагүй, амаар хэлцэл хийгээгүй байхад зээлдэгч болох үндэслэлгүй юм. Харин хуулинд зааснаар О.Б- болон Г.Т нарын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ нэг талын хүсэл зоригоор буюу О.Б-гийн хэлснээр байгуулагддаг гэрээ биш. Миний дансанд мөнгө орсон нь зээлийн гэрээг байгуулах үндэслэл болохгүй. Г.Таас мөнгөө авч чадахгүй болохоор дансаар дамжуулсан намайг мөнгө зээлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Бгаас 4 900 000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 /ерэн гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас 93,350 /ерэн гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01706 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрээ гаргаагүй буюу хөндлөнгийн байх үндсэн шинжээсээ гажиж дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг хийхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь худал мэдээлэлд суурилсан, шүүгч болон шүүгчийн туслахын зүй бус үйлдлийн улмаас хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагч талаас үзэж байгаа болно.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл болох 4 900 000 төгрөгийг зээлдэгч Г.Бгаас гаргуулж өгнө үү гэх шаардлагыг шүүхэд тавьсан байна. Талуудын хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Энэ талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Зохигчийн хооронд зээлийн харилцааны үүрэг үүсээгүй байх ба харин үүрэг хожим дуусгавар болсон, эсхүл үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэж хэргийн үйл баримтын талаар зохих дүгнэлтийг хийсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, биелүүлэх ч боломжгүй бүр анхнаасаа талуудын хооронд зээлийн гэрээ байгуулахад чиглэсэн хүсэл зориг байгаагүй юм. Зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл гэх нэрээр нэхэмжилсэн 4 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь үндэслэлгүй юм.

2. Шүүх нэгэнтээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийн данс руу шилжсэн 4 900 000 төгрөгийг тодорхой үндэслэлгүйгээр шилжсэн гэж дүгнээд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт чиглэсэн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм.

ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага тайлбарыг шүүхэд гаргаагүй байдаг. Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд талууд нь нотолгооны үүргээ хэрхэн биелүүлснийг харгалзан үзэж шийдвэрээ гагцхүү хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах замаар гаргах ёстой.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвшөөрөлгүй эсхүл хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж өмчлөгчид олгох хуулийн зохицуулалттай бөгөөд хөрөнгө олж авсан этгээдийн эзэмшилд буй хөрөнгө үндэслэлгүйгээр шилжсэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна гэх мэт дүгнэлтүүд хийсэн талаараа дурьдсан. Гэвч хариуцагчийн данс руу нэхэмжлэгч сайн дураараа 3 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга зээл, 1 900 000 төгрөгийг шилжүүлэхдээ утас захив гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгийг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр хүчээр шилжүүлэн авч өөрийнхөө хүсэл зоригийн дагуу захиран зарцуулсан үйлдэл хариуцагч огт хийгээгүй тул шүүх энэ мэт үндэслэлгүй дүгнэлт хийх нь зохисгүй юм.

Мөн хариуцагчийг 4 900 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж дүгнээд уг мөнгийг өмчлөгчид буцаан гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг ямар нотлох баримтад үндэслэн гаргаж байгаа тодорхой бус байна. Хэдий дансанд мөнгө шилжин орж ирсэн байдаг боловч Г.Т гэгчийн захиасын дагуу 15 ш гар утас худалдан авч, шилжүүлэн өгсөн тул хариуцагчид үндэслэлгүйгээр эд хөрөнгийн давуу байдал үүссэн, ашиг олсон зүйл байхгүй байхад шүүх болсон үйл баримтад нийцэмгүй хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтайн дээр шүүх бодитоор хөрөнгө олж авсан этгээд болох Г.Ттай холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй. Г.Тт гар утас шилжүүлсэн талаар хэрэгт 2 ч гэрчийн мэдүүлэг байгаа хэдий ч Г.Бг нотлох баримт гаргах шаардлагагүй гэсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа хуулийн үндэслэлгүй байсан, гэтэл шүүх хариуцагчийг татгалзлаа нотлоогүй утас худалдан авч Г.Т гэгчид шилжүүлэн өгсөн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр шаардлагыг хангасан байдаг боловч энэ хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл шүүх нэг талыг барьсан бүр тодруулбал, шүүгч болон шүүгчийн туслахын санаатай үйлдлийн улмаас хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Шүүгчийн туслах баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж хэлсний улмаас хариуцагч баримт гаргаж өгөөгүйгээс харвал хэргийг бүхэлд нь дахин хянах зайлшгүй шаардлагатай байна.

ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байдаг. Гэтэл шүүх дансны хуулгыг үнэлэхдээ хариуцагчийн дансанд 3 000 000, 1 900 000 төгрөг шилжиж орсон үйл баримттай холбоотойгоор эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Тодруулбал, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх зүйл тогтоогдохгүй байгаа боловч хариуцагч нь өөрийн дансаар дамжуулан 4 900 000 төгрөгийг хүлээн авсан талаарх үйл баримтын талаар хариу тайлбартаа маргаагүй нь хариуцагчаас 4 900 000 төгрөгийг гаргуулах үндэслэл болох мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талууд мөнгө данс руу шилжсэн эсэх тухайд маргаагүйг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр дур мэдэн адилтгасан дүгнэлт хийж байгаа нь хариуцагчид шударга бус хандсан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна.

3. Шүүх Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/58 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн маргаан бүхий үйл баримтыг шууд тогтоосон нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Тодруулбал, О.Б- нь 2016 оны 8 дугаар сард 4 900 000 төгрөгийг Г.Б нь залилан мэхэлж авсан гэж Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан гэх ба Г.Б нь 4 900 000 төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/58 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байна. гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн нь илт худал бөгөөд энэ дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдсэнд гомдолтой байна.

Мөн О.Батнай нь анхан шатны шүүх хурал болох үед ажил явдал гараад очиж чадахгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргасан хэдий ч эхний хурлаараа хариуцагчийг байхгүйд анхан шатны хурал шийдвэрээ гаргасан байна. Хангалттай нотлох баримт бүрдээгүй, хариуцагчийг байхгүй үед шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна.

Учир нь Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шүүхийн шийдвэрт дурьдсан дээрхи прокурорын тогтоолтой холбогдох мэдээлэл нь ор үндэслэлгүй буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 тоот тогтоолоор Г.Бгийн үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Уг тогтоол нь хариуцагчийг залилан хийж мөнгө авсан үйл баримтыг бус харин Хятад улс руу арилжаа наймаа үедээ өөрийн танил Г.Тын захиасаар 15 ш гар утсыг өөрийн дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөр худалдан авч авчирч өгсөн үйл баримтыг тогтоосон байдаг. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах нэг л прокурорын тогтоол байгаа ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсан тогтоол нь бодитой эх хувиараа байгаа тогтоолоос тогтоолыг гаргасан газар, огноо, дугаар, тогтоолын агуулга зэрэг нь эрс тэс зөрүүтэй худал гүтлэгийн шинжтэй байгааг анхааралдаа авч үндэслэл бүхий дүгнэлт хийнэ хэмээн найдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч Г.Бд холбогдуулан 4 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2017/08266 дугаар захирамжаар хэргийг мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, 12-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө хариуцагчаас ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 30, 40 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчид хэргийг шийдвэрлэснээс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалыг танилцуулснаас өөр энэ талаар баримт авагдаагүй байна. Иймд хэргийн оролцогчид танилцуулаагүй материалыг шүүх хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй байна.

 

Шүүх хариуцагч Г.Бг хуульд заасан уг эрхийг нь эдлэх боломжоор хэрхэн хангасан буюу ямар ажиллагааг хийсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Батнайгаас төлсөн 93 350 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХТӨР