Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 399

 

Б.Л, Д.Энарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.Энхзориг, шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Б.Мэргэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Б.Л, Д.Энарт холбогдох 1812000500239 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Лгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Өндөр боржигон овогт Б Л.

2. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Хатнууд овогт Д Э.

Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа, Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал болгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Энь “Зориг конструктор” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн “Хаан” банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Архангай аймгийн прокуророос Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Лг цагаатгаж,

шүүгдэгч Д.Энхзоригийг бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

хохирогч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжилсэн 112.765.699 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэрэг шүүхэд очтол Б.Л, Д.Энарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад тооцогдоно. Мөн хуулийн “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” гарчигтай 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрчийн аль мэдүүлгийг, цаашлаад мэдүүлгийн аль хэсгийг бусад хэсэгтэй хэрхэн харьцуулж, үнэлэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.

Тухайлбал, гэрч Ч.Отгонжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 28, 2018 оны 02 дугаар сарын 05 болон 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тогтворгүй байдаг. Улмаар эдгээр бүх мэдүүлгүүдийг нь үнэлээд Архангай аймгийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24 тоот тогтоол гарч, Ч.Отгонжаргал нь “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх Ч.Отгонжаргалын мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд прокурорын тогтоолыг үнэлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх Д.Дашням болон бусад гэрч нарын нарын мэдүүлгийн шууд утгаараа “дарамт шахалт үзүүлээгүй” гэж мэдүүлснийг үнэлэх нь зүйтэй болохоос дам утгаар нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэл байхгүй. Тэр нь шүүгчийн хувьд эргэлзээ төрөх байсан ч нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрсөн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаа баримталсан нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байх тул бусад нотлох баримттай харьцуулсны үндсэн дээр өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс илүү шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлэг нь үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах аргагүй юм.

Я.Даринчулууны мэдүүлгийн хувьд дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа учраас шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Түүний хүү Д.Энь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувиар мэдүүлэг өгөхдөө “Миний удирдаж байсан “Зориг конструктор” ХХК нь 2008 онд байгуулагдаад барилгын тусгай зөвшөөрлийг аваад Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт улсын болон хувийн барилгуудыг барьж улсын комиссоор хүлээлгэж өгөөд үйл ажиллагаа явуулж байсан. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахуйн үйлчилгээний барилгын тендерийг хамгийн анх сонин дээр хэвлэсэн байхад нь тендер шалгаруулалтыг нь харсан бөгөөд бичиг баримтаа бүрдүүлээд тендерт оролцсон. Тухайн тендер нь ёс журмынхаа дагуу явагдаж манай компани шалгарсан” гэж мэдүүлсэн. Миний өмгөөлөгч “Таны эцэг Я.Даринчулуун нь Б.Лгээс тендерийн талаар мэдэж материалаа бүрдүүлж өгсөн гэж байна. Харин та тендерийн талаар анх сониноос мэдэж бичиг баримтаа бүрдүүлээд тендерт оролцсон гэж байна. Хэн нь үнэн хэлээд байна вэ” хэмээн тодруулж асуухад “Би өөрөө сониноос мэдээд тендерт оролцсон” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.

Иймд Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлал нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Б.Мэргэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх нь “гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд бичээгүй” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Гэрч Ч.Отгонжаргалын өгсөн гурван удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Прокуророос Ч.Отгонжаргалыг “хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ч.Отгонжаргалын мэдүүлгийг үнэлэх эсэх нь анхан шатны шүүхийн шүүгчийн эрх хэмжээний асуудал байсан. Анхан шатны шүүх 21 гэрчийн мэдүүлэг, 67 нотлох баримтыг харьцуулан судалж дүгнэлт гаргасан. Харин эсрэгээрээ давж заалдах шатны шүүх тус баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Б.Л, Д.Энарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Б.Лд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Д.Энхзоригийн үйлдлийг прокуророос буруу зүйлчилсэн буюу түүний үйлдэл залилах гэмт хэрэг биш юм. Харин Б.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан хэргийн хамжигч гэж харагдаж байна. Учир нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын Үнэлгээний хороо байгуулах захирамжаар даргаар Б.Л, нарийн бичгийн даргаар Б.Түвшинцэнгэл, гишүүдээр Б.Дашням, Д.Эрдэнэбаатар, Б.Анхтуяа нар томилогдсон. Тендерийн шалгаруулалтад хоёр компани материал ирүүлснээс шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан. Гэрч Д.Эрдэнэбаатар, Б.Дашням нар нь дээрх ажиллагаанд Б.Л нөлөөлсөн талаар мэдүүлсэн. 2014 оны Тендерийн хорооны хурлын тэмдэглэлд дурдсанаар “Зориг конструктор” ХХК нь 635.789.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд тухайн үед барилгын ажлын түлхүүр гардуулах нөхцөлтэй 189.808.029 төгрөгийн үнэлгээтэй тендер зарлагдсан. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хяналтын шатны шүүх нь хуульд заасан дагуу хэргийн бүх ажиллагааг болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүрэн хянах үүрэгтэй болно.

Улсын яллагч нь шүүгдэгч Б.Лд 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байсан байна.

Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь мөн өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулийн 2, 3 дугаар зүйлд “... Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан хэргийг сэргээн шалгана, шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Лд холбогдох Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаатай шийдвэр болно.

Энэхүү Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэрийг зөвтгөн залруулахаар хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ямарваа нэгэн байдлаар дордуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах эрхийг хуулиар хязгаарласан болно.

Иймд магадлалыг хүчингүй болгох тухай шүүгдэгч Б.Лгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.Л, Д.Энарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хяналтын шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар ямарваа нэгэн хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                       Б.ЦОГТ

                                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН