Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 796

 

 С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

               Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Даваасүрэн,

ялтан С.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Гүенбат,

ялтан Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан С.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Гүенбат, ялтан Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох эрүүгийн 201625021198 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчингийн 5 дугаар гудамж, 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ДЮ 90041275/,

Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц, 1990 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хаан” банкны Чингэлтэй салбарын харъяа Бөмбөгөр тооцооны төвд теллер ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 10-352 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 243а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 476 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ИЦ 90072173/,

С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нар нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Саранзолбоог хашаа руу шээж болохгүй гэж хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарыг бүлэглэн, танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганпүрэвийн цагдан хоригдсон 14 хоног, Ч.Чүлтэмжамцын 1 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан С.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Гүенбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасанд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хохирогч Ч.Саранзолбоо нь “жижиг залуу нь миний үснээс зулгааж байгаад хашаа мөргүүлсэн, мөн өндөр залуу нь үснээс зулгааж толгойн тус газар өшиглөсөн гэх мэдүүлгээс харахад хохирогчид учирсан гэмтэл хэний үйлдлээс болж ямар зэргийн гэмтэл учирсан болох шалтгаант холбоог тогтоох шаардлагатай байна. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт болон шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд “...Духны хуйх зулгарсан, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх-33-34/ гэж хариулснаас дүгнэхэд шинжээч эмч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2 дахь хэсэгт заасан “шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоох” гэсэн журмыг зөрчиж дүгнэлтээ дутуу гаргасан байна. Гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг заавал тогтоох шаардлагатай байгаа нь тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилсэнд байгаа юм. Тэгэхээр хэний үйлдлээр хөнгөн гэмтэл учирсан, хэний үйлдлээр хүнд гэмтэл учирсан гэдгийг тогтоож оролцогч бүрийн үйлдлийг ялган зүйлчлэх нь ач холбогдолтой. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үе нь дүрс бичлэгт үлдсэн байдаг. Тухайн дүрс бичлэгт хохирогчийг хэн нь цохисон тодорхойгүй байдаг. Хохирогч “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6322 дугаартай шинжээчийн дүгнэлт”-ийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 123 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шаардлагатай доорх ажиллагаануудыг хийлгэж өгөхийг хүсье. Үүнд:

1. Хохирогчийн гэмтлийн эдгэрэлтийн байдал, мөн хэрэгт авагдсан баримтад тулгуурлан бүрэлдэхүүнтэй шинжээч томилж зохих журмын дагуу дүгнэлт гаргуулах,

2. Гэмтлийн зэрэг тогтоосон Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь оролцогч нарын хэний үйлдлийн улмаас учирсан эсэхийг Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Техникийн шинжээчээр тухайн гэмт хэргийн үйл явцыг буулгасан дүрс бичлэгт шинжилгээ хийлгэж оролцогч нарын үйлдлийг тодорхой болгох,

4. Шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан зэргийг тогтоох...” гэв.  

Ялтан Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт 4 жил 8 сарын хорих ял оногдуулахдаа Ч.Чүлтэмжамцын үйлдлийг буруу зүйлчилсэн, шүүх эмнэлгийн дүгнэлт алдаатай гарсныг залруулаагүй, гэрчийн мэдүүлгийг үндэслэлгүйгээр дутуу үнэлж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж ял оногдуулсан гэж үзэж байна.

1. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шинжилгээний 6322 тоот дүгнэлт нь дутуу хийгдсэн байна. Уг дүгнэлтийн 1-д “Саранзолбоогийн биед баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйханд зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо” гэсэн ба дүгнэлтийн 3 дахь заалтад “дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /1хх-36/ гэжээ. Гэтэл шинжээч эмч Г.Энхбаатар мэдүүлэгтээ “...Духны хуйханд зулгарсан, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтлүүд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх-33-34/ гэж хариулсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй буюу гэмтлүүдийг хөнгөн, хүнд зэргээр ангилсан дүгнэлт 6322 тоот дүгнэлтэд тусгагдаагүй тул шинжээч эмчийн байцаалтаар дурдсан хөнгөн зэргийн гэмтлийг дүгнэлтэд заавал тусгах шаардлагатай. Учир нь хэрэгт яллагдагчаар 2 этгээд татагдсан ба гэм буруу, тус тусын үйлдэл, учруулсан хохирол, гэм хорын хэр хэмжээ, хуулийн зүйлчлэл зэргийг тогтооход ноцтой эргэлзээ бүхий байдал үүсч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалт зөрчигдөх нь тодорхой болсон гэж үзнэ. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

2. Хэрэг явдлыг харсан, шууд оролцсон гэрч Г.Мэгжиджанрайсагийн тайлбар, гэрчээр өгсөн мэдүүлэгт яллагдагч нарын хийсэн үйлдлийн талаар ноцтой эргэлзээ бүхий үйл баримт дурдагдсаныг тодруулалгүй орхигдуулсан байна. Тухайлбал, “... намайг согтуу хүн зуураад заамдаад /Ч.Чүлтэмжамц/ үсдээд авсан. Би ямар ч хөдлөх боломжгүй байж байгаад мултраад эргээд харахад машинаас бууж ирсэн хар өнгийн өмд, саарал өнгийн цамцтай залуу газраас блокны хэлтэрхий аваад багшийн толгой руу цохисон ба Саранзолбоо багш хойшоогоо саваад унасан, надтай зууралдаж байсан хүн ч намайг тавиад би сулраад багш дээр дөхөж очиход ухаан алдчихсан ухаангүй байсан...”, “...намхан цагаан цамцтай залуу дахин над руу дайраад миний толгойтой үснээс гараараа зулгааж доош нь дараад байж байсан ба Саранзолбоо багшийг нөгөө өндөр залуу хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөж унагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан ба би намхан залуугаас мултраад Саранзолбоо багш руу харахад өндөр залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохиход багш арагшаа дагз хэсгээр газарт савж унаад ухаан алдчихсан. Тухайн үед нөгөө өндөр залуу гартаа блокны хэлтэрхий барьчихсан байсан” гэж мэдүүлжээ. Гэтэл хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд энэ талаар ямар ч дүгнэлт хийх аргагүй, ойлгомжгүй, хэн нь хэнтэй хэрхэн зодолдож байгаа талаар дүгнэлт хийх боломжгүй, яллагдагч нарын үйлдлийг ялган зааглах боломжгүй, холилдсон тэмдэглэл бичсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлтээр бүлэглэн хүнд гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт хийж байгааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан заавал нотлогдсон байвал зохих хуульд заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзнэ. Энэ талаар шүүхийн шийдвэрт “... Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь олон нийтийн газарт шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад хохирогч Ч.Саранзолбоо нь зүй ёсны шаардлагыг тавьсныг эсэргүүцэн, С.Ганпүрэв нь тэдгээрийн муудалцсан шалтгааныг үл тоомсорлон улмаар хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогджээ...” гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа энэ дүгнэлтээ өөрөө үгүйсгэж хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг бүлэглэн учруулсан мэтээр ял оноож байгааг эс зөвшөөрч байна. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэвэл одоогийн хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нь тодорхой байна. Иймд шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-д байгаа хэргийн үйл баримт бүхий бичлэгт криминалистикийн шинжилгээ хийлгэж, хэрэгт хамаарагсдын хэн нь ямар үйлдэл хийж байгаа талаар шүүх дүгнэлт хийж болохуйц шинжлэх ухаан, техник, технологийн дагуу хууль сануулсан нотлох баримтын шаардлага хангахуйц дүгнэлт гаргуулах. Ч.Чүлтэмжамцын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр яллагдагчаар татаж, ял сонсгох зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Дээрх байдлуудыг тогтоосноор яллагдагч нарын тус тусын үйлдэл, түүнээс учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн ялгаа, хэргийн зүйлчлэл шударга, оновчтой байх, ял шийтгэлийн ялгамжтай байдал зэргийг тогтоож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйл болон 80 дугаар зүйлүүдийг хангаж, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой...” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Хохирогч “намхан залуу буюу Ч.Чүлтэмжамц үсдэж хашаа мөргүүлсэн, харин өндөр залуу буюу С.Ганпүрэв үсдээд газар доошоо цохиод, толгой руу 2-3 удаа өшиглөсөн” гэж мэдүүлдэг /1хх-21-23/. Гэрч Г.Мэгжиджанрайсагийн “намхан залуу хохирогчийн толгой руу цохисон, өндөр залуу нь хохирогчийн цээж рүү өшиглөөд унахад нь толгой руу өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн тархинд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. Ийм учраас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүүтэй зүйл байхгүй. Хохирогч хэн яаж цохисон талаар шууд зааж мэдүүлдэг ба эргэлзээгүй нотлох баримтууд цугларсан. Шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэлийг анхан шатны шүүх оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна....” гэв.

ХЯНАВАЛ:

С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад шийдвэрлэснээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Шинжээчийн 6322 тоот дүгнэлтэд “...Ч.Саранзолбоогийн биед баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйханд зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэж хохирогчийн биед учирсан гэмлийн талаар ерөнхийлэн дурьдсан байх ба энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйлүүдийг зөрчсөн, дүгнэлт нь дутуу гарсан байна.

 Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Саранзолбоогийн биед учирсан гэмтлийн зэргийг тус бүрээр нь ялгаж зааглаагүй, түүний биед учирсан аль гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарч байгааг болон бусад гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар нарийвлан тусгаагүй нь буруу болжээ. 

Гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоосноор ялтан нарын хэнийх нь үйлдлээс ямар зэргийн гэмтэл учирсаныг тогтоох, хэргийг зөв зүйлчлэх, тэдний гэм бурууд дүгнэлт хийх, ял шийтгэл оногдуулах зэрэгт ач холбогдолтой болохыг анхаарах нь зүйтэй бөгөөд энэ талаар нэмэлт шинжилгээний дүгнэлт гаргуулах шаардлагтай гэж үзэв.    

 Түүнчлэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-д бичигдсэн хэрэг үйлдэгдэх үеийн камерын бичлэг нь бүрэн тодорхой харагдахгүй байх бөгөөд уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь ойлгомжгүй бичигдсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлж  ялтан нарын  гэм бурууд нь үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй болсон байна.

Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг дахин шинжээчээр томилж, шаардлагатай тоног төхөөрөмж ашиглаж, дүрс бичлэгийг тодруулах, хохирогчийг хэн, хэдэн удаа, хаана нь цохиж байгааг нэг мөр тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй.

Гэтэл дээрхи ажиллагаанууд дутуу хийгдэж, ялтан нарын гэм буруугийн байдал бүрэн тогтоогдоогүй байхад прокуророос “...Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нар нь Ч.Саранзолбоог бүлэглэн зодож биед амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан...” гэж яллах дүгнэлт нь үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг бүрэн гүйцэд шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул ялтан С.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Гүенбат, ялтан Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг хэрэг болох үеийн нөхцөл байдлаар тогтоодог тул ялтан С.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Гүенбатын гаргасан давж заалдах гомдлын “...хохирогчийн гэмтлийн эдгэрэлтийн байдлын талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах...” гэсэн хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай. 

2. Хэрэг прокурорт очтол С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

                             ШҮҮГЧИД                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН