Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 377

 

“Хп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 нийслэлийн Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

       Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                          Б.Мөнхтуяа

                                          Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар бүхий “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0043 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар магадлал,    

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Э, өмгөөлөгч С.М, Р.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0043 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Хот суурин газрыг дахин  хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хп” ХХК-иас, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар бүхий “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан болно.

4. Нэг: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт: нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.8-д “сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн. “Хп” ХХК-иас “В1” талбайд инженерийн шугамын ажил эхлүүлэхээр гэрээнд заасан хөрөнгийг шийдвэрлүүлэхээр 2014 оноос хойш хөөцөлдсөн боловч өдий хүртэл шийдвэрлээгүй бөгөөд Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/579 тоот албан бичгээр “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолд тусгагдан хүлээгдэж байгаа болно” гэсэн албан бичиг өгсөн байдаг.

5. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.8, 3.12-д тус тус зааснаар дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто замын барилга байгууламжийг нийслэлийн төсвөөр барих бөгөөд уг төсвийн асуудлыг нийслэлийн Засаг дарга хариуцан шийдвэрлэсэн байтал, үүргээ хэрэгжүүлээгүйгээс “В1” хэсэгчилсэн талбайн барилгын ажил эхлэх боломжгүйд хүрч, уг орон сууцны барилгын ажил өдийг хүртэл хийгдээгүй байгаа болно. “Хп” ХХК-иас уг журмын 4.8, 3.12-д заасны дагуу инженерийн шугам сүлжээ хийгдээгүй шалтгаанаар орон сууцны барилгын ажил удааширч, хийгдэхгүй байгаа нөхцөл байдлыг мэдэгдэж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг дарга, Гэр хорооллын хөгжлийн газар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төслийн удирдах хорооны даргад удаа дараа хүсэлт /2016.01.27-ны 02/19 тоот/ өгч байсан бөгөөд, уг хүсэлтүүд болон холбогдох газраас өгсөн хариу албан бичгүүд хэрэгт авагдсан.

6. ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дан ганц хариуцагчийн байр сууринаас дүгнэлт гаргаж, “В1” талбайд хийгдэх орон сууцны барилгын ажил буюу гурван талт гэрээний хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хариуцагч талаас бүрдүүлээгүйтэй холбоотойгоор огт дүгнээгүй бөгөөд, инженерийн шугам сүлжээний санхүүжилтийн зардлыг шийдвэрлэх асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч компанид эрх бүхий байгууллагуудаас өгч байсан хариу албан бичиг, нотлох баримтад огт дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийг илтэд буруутгасан дүгнэлт гаргасан болно.

7. Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нийт 73 гэрээ байгуулсан боловч, 33 нь цуцлагдсан, үүнийг хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид олгосон эрхийг цуцлах нэг үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт гаргасан болно. “Хп” ХХК нь “В1” хэсэгчилсэн талбайд 73 нэгж талбарын газар эзэмшигч, өмчлөгчтэй 3 талт гэрээ байгуулсан нь журмын 4.15-д заасан “газар өмчлөгч, эзэмшигчийн 75-с доошгүй хувийн дэмжлэг авсан“, Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан “газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэснийг хангасан болно. Дээрх шаардлагыг хангасан тул төсөл хэрэгжүүлэх эрхийг авч, хэрэгжүүлж буй хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг даргаас “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3.12, 4.8 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс “Хп” ХХК 3 талт гэрээнд заасан “В1” талбайд хийгдэх дахин төлөвлөлтийн ажил удааширч, үүний улмаас гэрээ байгуулсан зарим иргэд нь өөрсдийн эд хөрөнгийг эргэлтэд оруулахаар “газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ буцаан авах шалтгаанаар” гэрээг цуцлах хүсэлт гаргасныг нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга дангаар цуцалсан асуудал байдаг.

8. Иргэдтэй байгуулсан 3 талт гэрээг нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга цуцлах акт үйлдэж, гэрээ цуцлах эрхийг нийслэлийн Засаг даргаас олгосон эсэх нь эргэлзээтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 6 дугаар зүйлд талуудын хариуцлагыг заасан бөгөөд, уг гэрээнд “төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, гэрээг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гэрээнээс дангаар татгалзахыг хориглохоор заасан болно. Гэрээний 6.3-т заасан “Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, гэрээг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон” гэх нөхцөл байдал үүсээгүй байхад Гэр хороолол, хөгжлийн газраас гэрээг цуцалсан нь гэрээний 6.8-д заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээг албан ёсоор цуцлаагүй байгаа. Гэтэл шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхэд гэрээ байгуулсан иргэдээс тайлбар авч, дүгнэлт өгөлгүй, дан ганц хариуцагчийн тайлбарласнаар гэрээг цуцалсан гэж үзэж, буруу дүгнэлт гаргасан. Түүнчлэн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван талт гэрээ цуцлагдсан тохиолдолд “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” зохицуулалт хууль болон журамд заагаагүй, тийм зохицуулалт байхгүй бөгөөд, хариуцагчаас маргаан бүхий акт гаргахдаа “33 иргэний гэрээ цуцлагдсан” гэж үзэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн.

9. Гурав. нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийн үндэслэлдээ “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэж үзсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний үүрэг биелэгдээгүй нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины буруутай үйл ажиллагаатай холбоотой, гэрээ ямар шалтгаан нөхцөлийн улмаас биелэгдээгүй, биелэгдэх нөхцөл байдал байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй, түүнчлэн маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нэхэмжлэгч “Хп” ХХК нь бодитой ямар зөрчил удаа дараа гаргасан талаар нотлох баримт огт цуглуулаагүй, мөн нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэсэн тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын даргын баталсан удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талбайд хяналт шалгалт хийгдсэний дагуу хариуцагч талын буруутай үйл ажиллагаанууд байгаа болох нь шалгалтаар илэрч улсын байцаагчийн албан шаардлага хүргэгдсэн байдаг. Хариуцагч талаас шүүх хуралдаанд мэтгэлцэх явцад зөвхөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанууд байгаа талаар ярьж буй нь үндэслэлгүй юм.

10. Дөрөв. Шүүх шийдвэр гаргахдаа “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийн” үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “...төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод, техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналтын хорооны саналыг үндэслэн ...цуцална” гэж заасан. Хариуцагчаас маргаан бүхий акт гаргах үндэслэлдээ “нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан” гэж тайлбарлах боловч, үүнийг журмын 5.2-т заасан эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй, түүнчлэн маргаан бүхий акт гаргахдаа журмын 5.2-т заасан “Хяналтын хорооны” саналыг огт үндэслээгүй байдаг бөгөөд нийслэлийн Засаг дарга нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамж” гаргахдаа журмын 5.2-т заасныг зөрчсөн болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, Хяналтын хорооны саналыг үндэслэл болгох байсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.

11. Мөн “Хп” ХХК нь 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг авснаас хойш Г хэсэгчилсэн талбайд дэд бүтэц, инженер шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “В1” хэсэгчилсэн талбайг нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр гаргасан. Хариуцагч хэдий шүүхэд болон шүүх хуралдаанд маргаан бүхий актын агуулгыг тайлбарлахдаа “Б1” хэсэгчилсэн талбайд хамааралгүй шүү гэж тайлбарлаж байгаа боловч, уг акт нь тусгайлан “В1” талбайд хамааралтай гэх байдлаар тодорхойлогдоогүй байна. Маргаан бүхий актыг хэдий “В1” талбайд хамааралтай гэж тайлбарлаж, шүүх хуралдаан уг талбайтай холбоотой нотлох баримтуудыг хэлэлцэж байгаа хэдий ч нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамж нь 1 дэх заалтаараа “Хп” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан буюу захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга найруулгын илэрхий алдаатай буюу илт хууль бус шийдвэр гарсан.

12. Гэвч шүүгч шийдвэртээ маргаан бүхий актын агуулгыг “төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан эсхүл зөвхөн “В1” талбайтай холбоотой хэсгийг цуцалсан” хоёрын аль нь болохыг ялгаж салган ойлгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг дүгнээгүй. Түүнчлэн хэрэгт Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 тоот шийдвэр 2 удаа, өөр өөр янзаар авагдсан байдаг бөгөөд, нэг огноо, дугаартай боловч, хэлэлцсэн асуудлаар “Ханын материал орчмын “Б1” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай”, “Ханын материал орчмын “В1” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” гэсэн хоёр өөр талбайн аль нь болох нь тодорхойгүй баримт авагдсан. Шүүхээс уг шийдвэрийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй.

13. Тав. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа процесс зөрчсөн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.” 63.3-т “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус заасан. “Хп” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө шүүх хуралдааныг товлох ёстой байсан.

14. Гэвч шүүх хуралдааныг товлолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссанаас хойш 11 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор сунгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчсөн болно. Иймд хэрэгт цугларсан дутуу нотлох баримтыг цуглуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс алдааг зөвтгөх болон дээрх нөхцөл байдлуудыг засах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

16. Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын “В1” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Хп” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, харин актын 3 дахь заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

17. Энэхүү нийслэлийн Засаг даргын 2014 оны А/340 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Хп” ХХК-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-201/31 багцын “Б1”, “В1” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан байна.

18. Гэвч хариуцагч анхнаасаа “маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн зөвхөн “В1” талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан, харин “Б1” талбайд хамааралгүй” гэж тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж мэтгэлцсэн /хяналтын шатны шүүх хуралдаан дээр ч энэхүү тайлбараа дэмжсэн/, өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий актын 1 болон 3 дахь заалт нь хоорондоо зөрчилтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан захиргааны актын “засаж болох илэрхий алдаа” гэж үзэх боломжтой.

19. Иймд  “...хариуцагч хэдий шүүхэд болон шүүх хуралдаанд маргаан бүхий актын агуулгыг тайлбарлахдаа “Б1” хэсэгчилсэн талбайд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг акт нь тусгайлан “В1” талбайд хамааралтай гэх байдлаар тодорхойлогдоогүй, ... захирамж нь 1 дэх заалтаараа “Хп” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга найруулгын илэрхий алдаатай илт хууль бус шийдвэр. Гэвч шүүх маргаан бүхий актын агуулгыг “төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан эсхүл зөвхөн “В1” талбайтай холбоотой хэсгийг цуцалсан” хоёрын аль нь болохыг ялгаж салгаж дүгнээгүй, уг шийдвэрийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 11-12-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй юм.

20. Хариуцагчаас маргаан бүхий актаар /1 дэх заалтаар/ нэхэмжлэгчийн “В1” талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2. “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, Нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3. “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэснийг үндэслэсэн байна.

21. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш маргаан бүхий актыг гарах хүртэл хугацаанд “В1” талбайд газар чөлөөлөлт хийгээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй, үүнийхээ шалтгааныг “төслийн талбайд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байсан” гэж тайлбарладаг ч тухайн “В1” талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барихаар төлөвлөсөн ямар нэгэн эрх зүйн акт байхгүй, мөн гурван талт гэрээгээр нийслэлийн Засаг дарга санхүүжилтийг шийдвэрлэх, дэд бүтцийн ажлыг хийх талаар тодорхой үүрэг хүлээгээгүй, энэ талаарх харилцан тохиролцоо байхгүй тул “хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, иймээс журамд зааснаар “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ...гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлтэй тул нийслэлийн Засаг дарга Хяналтын хорооны саналыг үндэслэн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль ёсны юм.

22. Иймд, “...дахин төлөвлөлтийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто замын барилга байгууламжийг нийслэлийн төсвөөр барих бөгөөд нийслэлийн Засаг дарга хариуцан шийдвэрлэсэн байтал, үүргээ хэрэгжүүлээгүйгээс “В1” хэсэгчилсэн талбайн барилгын ажил эхлэх боломжгүйд хүрч, уг орон сууцны барилгын ажил өдийг хүртэл хийгдээгүй байгаа болно... асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хүсэлт өгч байсан, шүүх хариуцагчийн бурууг огт дүгнээгүй, дан ганц хариуцагчийн байр сууринаас дүгнэсэн...” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4-6, 9/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

23. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах зэрэгцсэн гурван нөхцөлийг заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “... барилгын ажлыг эхлүүлээгүй, ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн нөхцөл бүрдсэн тул “...төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод, техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон,...” гэж заасан. Хариуцагчаас маргаан бүхий акт гаргах үндэслэлдээ “нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан” гэж тайлбарлах боловч, үүнийг журмын 5.2-т заасан эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй...” гэсэн гомдлоор /Тодорхойлох хэсгийн 10/ хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, тухайн талбайд ямар ч ажил хийгдээгүй нь тодорхой байхад “төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод, техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан эсэхийг эрх бүхий этгээдээр тогтоолгох шаардлагатай” гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд боломжгүй юм.

24. “Иргэдтэй байгуулсан 3 талт гэрээг Гэр хороолол, хөгжлийн газраас дангаар цуцалсан нь хууль бус” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-8-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол нь энэхүү маргааны үйл баримтад шууд хамааралгүй, тусдаа маргааны үндэслэл болно. Хэдийгээр маргаан бүхий актад “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3. “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд...” гэснийг үндэслэсэн боловч бодит байдалд уг нөхцөл бүрдсэн эсэхээс үл хамааран журмын 5.2-т заасан нөхцөл нь дангаараа төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хангалттай үндэслэл болох тул уг гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүхээс тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

25. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх /Тодорхойлох хэсгийн 13/ гомдолд давж заалдах шатны шүүхийн өгсөн дүгнэлт үндэслэлтэй.

26. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0043 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ