Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2019/00028

 

 

 

******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2019/00029

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн

төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08ы өдрийн 54 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор ******* нарын нэхэмжлэлтэй *******д холбогдох  гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хувааж өөрт ногдох 15.427.500 төгрөгийн хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Соёл-Эрдэнэтэй 1992 онд гэр бүл болж, 2 хүүтэй болсон. Гэр бүлийн хүчирхийллийн дарамтаас болж гэр бүлээ цуцлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Одоо байгаа дундын хөрөнгөө үнэлсэн. Нийт үнэлгээ 61.710.000 төгрөг болсон. Хөрөнгөө 4 хувааж, нэг хүнд ногдох хөрөнгийн үнэлгээ 15.427.500 төгрөг болсон. Иймд би 15.427.500 төгрөгийн эд хөрөнгийг *******эс нэхэмжилж байна. 1992-1996 онд манайх хөдөө гарч амьдарсан. Үүнээс хойш *******тэй хамт мал маллах бүх ажлыг хийдэг байсан тул гэр бүлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ авах хүсэлтэй байна. ******* бид хоёрын хооронд болж байсан зүйлийн талаар манай хүүхдүүд мэддэг. Согтуудаа шөнө унтуулахгүй үе байдаг байсан. Ганцхан намайг ч биш 2 хүүхдээ мөн адил хэцүү байдалтай их байлгадаг байсан. Би их зовлон үзсэн. Хүүхдүүд том болоод Б.Соёл-Эрдэнийг авиргүй зан гаргахаар гэр бүлийн дунд гэмт хэрэг болох магадлалтай байдаг. Хүүхдүүд тусдаа биеэ даагаад яваад өгөхөөр би *******тэй ганцаараа байвал амь насанд аюултай. Ийм учраас би гэр бүлээ цуцлуулахаар болсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн төрөх тасагт төрсөн. Бага насаа эцэг эхийнхээ асрамжинд өнгөрөөсөн. 2015 онд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн дулааны инженерийн ангид орж суралцаад 2019 оны 02 дугаар сард төгсөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй, миний аав, ээж 27 жил нэг гэрт хамт амьдарсан.Одоо гэрлэлтээ цуцлуулж байгаа тул би аав, ээжтэйгээ хамт амьдардаг, гэр бүл болоогүй байх тул бидний дундын 61.710.000 төгрөгний өмч хөрөнгөнөөс надад ногдох 15.427.500 төгрөгний өмч хөрөнгийг хувааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 1993 оны 10-р сарын 14 ны өдөр Орхон аймгийн төрөх тасагт төрсөн. Бага насаа эцэг эхийнхээ асрамжинд өнгөрөөсөн. 2008 онд ЕБС-ийн 9-р анги төгсөж Хөдөө мал дээр гарч аав ээжгэйгээ мал малласан миний аавыг ах, эгч, дүү нарын малыг цуг малладаг байсан. 2018 оны 09-р сараас Дундговь аймгийн Хулд суманд туслах уяач хийж байгаа. Аав ээжгэйгээ 10-н жил мал маллаж амьдралд гар бие оролцож байсан. Миний аав ээж 27 жил нэг гэрт амьдарсан. Одоо гэрлэлтээ цуцлуулж байгаа тул би аав ээжгэйгээ хамт амьдардаг гэр бүл болоогүй байгаа учир бидний дундын өмч болох 61710000 төгрөгний өмч хөрөнгөнөөс надад оногдох 15427500 төгрөгний өмч хөрөнгийг хувааж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:

Би гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ******* эд хөрөнгө хуваахад жилийн эцсийн малын тооллогоор тооцож гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Жилийн эцсийн мал тооллогоос хойш хавар зарж борлуулсан, өөрийн хүнсэнд хэрэглэсэн, хорогдсон мал их байгаа. Үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах саналтай байна. Эд хөрөнгийн үнэлгээг мэдэхгүй байна. *******ад өгөх малын саналыг хэлэхэд би адуу авахгүй, үхэр хониноос авна гэсэн. Би ганцаараа үлдэж байгаа боловч надад мөн адил үлдэх ёстой. Хариу тайлбар дээр өгсөн малаа өгнө. Нэмж хөргөгч өгнө. ДДЭШ-ийг өгөхгүй... ...Би *******од эд хөрөнгө өгөхгүй гэж хэлсэн. *******од нэхэмжлэлийн 50 хувийг өгнө. Би *******ыг над дээр хэзээ ирж уучлалт гуйхыг нь хүлээнэ. Эцэст нь ганцаараа үлдлээ...гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа: ...******* өөрийн гараар хүсэлт бичээгүй. ******* өөрөө мал авна гэвэл 15.427.500 төгрөгийн 50 хувьд тооцож дуртайгаа ав гэж хэлмээр байна.. *******од өөрт нь 7.713.750 төгрөгийн мал өгнө. *******ын хуваарьт малыг нь хүнээр дамжуулахгүй би өөр дээрээ байлгаж байгаад өөрийг нь ирэхээр өгнө гэдгийг шүүхийн өмнө хэлмээр байна....гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа: ...Би *******ыг төрсөн цагаас нь хойш юугаар ч дутаагаагүй өсгөсөн. Их дээд сургууль төгсгөсөн. Шинийн 3-ны өдөр намайг ах *******той нийлж зодчихоод явсан. Мөн ******* овгоо солиулна гэж яригдаж байгаа. Би *******ын сургалтын төлбөрт 7.338.550 төгрөг, дотуур байранд 1.188.000 төгрөг зарцуулсан. Хонхны баяраар нь *******од 2 сая төгрөг банкнаас зээл авч өгсөн. Энэхүү зээлийн төлөлт сүүлийн төлөлт төлөөгдөөгүй 4 хоног хугацаа хэтэрсэн байгаа. Яагаад гэхээр намайг 7 хоног баривчлагдаад гарахад миний дансыг битүүмжилсэн байсан. Өнөөдрийг хүртэл миний данс битүүмжлэгдсэн байгаа. Би хүнээс 1 сая төгрөг зээлж банкны зээлээ хийсэн. Би *******од мал өгөхгүй гэж бодож байна. Надтай мэндэлж дугарахгүй байгаа... ...Би *******од мал өгөхгүй. Би *******ыг овог солиулна гэхэд нь их гомдож байна...гэжээ..

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дугаартай шийдвэрээр:

  - Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай гэрлэлтийг цуцалж,

- Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.4, 129.5, 129.6-д зааснаар хариуцагч Б.Соёл-Эрдэнийн эзэмшилд байгаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч *******ад гүү 2 буюу 1.000.000 төгрөг, морь 2 буюу 1.200.000 төгрөг, шүдлэн эм адуу 1 буюу 350.000 төгрөг, шүдлэн эр адуу 1 буюу 350.000 төгрөг, даага эм 1 буюу 200.000 төгрөг, даага эр 1 буюу 200.000 төгрөг, унага эр 2 буюу 200.000 төгрөг, үнээ 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эр үхэр 1 буюу 400.000 төгрөг, шүдлэн эм үхэр 1 буюу 400.000 төгрөг, бяруу эр 1 буюу 300.000 төгрөг, бяруу эм 1 буюу 300.000 төгрөг, эр хонь 12 буюу 1.440.000 төгрөг, эм хонь 30 буюу 3.000.000 төгрөг, төлөг 10 буюу 700.000 төгрөг, хурга 10 буюу 300.000 төгрөг /хүйс тодорхойгүй/, эм ямаа 5 буюу 250.000 төгрөг нийт 11.190.000 төгрөгийн мал дээр жижиг 5 ханатай гэр 1.000.000 төгрөг, хангал хивс 1 ш 50.000 төгрөг, цагаан ор 1 ш 25.000 төгрөг, өргөн ор 1 ширхэг 50.000 төгрөг, хөргөгч 1 ком буюу 300.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг дагалдах хэрэгслийн хамт, жижиг авдар 20.000 төгрөг, оёдлын машин 20.000 төгрөг, хувцасны шкаф 1 ш, гал тогооны хэрэгсэл, эмээл 1, хазаар 1, аяга таваг, бидон, түмпэн сав, хувцас зэрэг нийт 1.965.000 төгрөгийн эд хөрөнгө бүгд 13.155.000 төгрөгийн эд хөрөнгийг, нэхэмжлэгч *******од гүү 2 буюу 1.000.000 төгрөг, морь 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эм адуу 2 буюу 700.000 төгрөг, шүдлэн эр адуу 2 буюу 700.000 төгрөг, даага эр 1 буюу 200.000 төгрөг, даага эм 1 буюу 200.000 төгрөг, унага эр 1 буюу 100.000 төгрөг, шүдлэн охин үхэр 1 буюу 400.000 төгрөг, эр хонь 5 буюу 600.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, төлөг 5 буюу 350.000, хурга 10 буюу 300.000 төгрөг, эр ямаа 1 буюу 80.000 төгрөг, эм ямаа 3 буюу 150.000, борлон 2 буюу 60.000 төгрөг, мотоцикл 1 буюу 600.000 төгрөгийн нийт 7.040.000 төгрөгийн хөрөнгийг, нэхэмжлэгч *******од гүү 1 буюу 500.000 төгрөг, морь 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эр адуу 1 буюу 350.000 төгрөг, шүдлэн эм адуу 350.000 төгрөг, шүдлэн эм үхэр 1 буюу 400.000 төгрөг, эм хонь 30 буюу 3.000.000 төгрөг, эр хонь 5 буюу 600.000 төгрөг, төлөг 5 буюу 350.000 төгрөг, хурга 10 буюу 300.000 төгрөг, эр ямаа 1 буюу 80.000 төгрөг, борлон 2 буюу 60.000 төгрөг, ишиг 4 буюу 80.000 төгрөг нийт 6.670.000 төгрөгийн эд хөрөнгийг хувааж олгуулж,

- Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад тусгасан нэхэмжлэгч *******од хувааж олгосон гүү 2 буюу 1.000.000 төгрөг, морь 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эм адуу 2 буюу 700.000 төгрөг, шүдлэн эр адуу 2 буюу 700.000 төгрөг, даага эр 1 буюу 200.000 төгрөг, даага эм 1 буюу 200.000 төгрөг, унага эр 1 буюу 100.000 төгрөг, шүдлэн охин үхэр 1 буюу 400.000 төгрөг, эр хонь 5 буюу 600.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, төлөг 5 буюу 350.000, хурга 10 буюу 300.000 төгрөг, эр ямаа 1 буюу 80.000 төгрөг, эм ямаа 3 буюу 150.000 төгрөг, борлон 2 буюу 60.000 төгрөг зэрэг 6.440.000 төгрөгийн малыг хүү *******ыг гэр бүлтэй болох хүртэл хугацаанд эцэг ******* маллаж, гэр бүл болсон тохиолдолд дээр нь *******од зүсэлсэн бяруутай үнээ 1-ийг, өргөө хивсний хамт нэмж өгнө гэснийг шүүхийн шийдвэрт дурдаж,

- Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.272.500 төгрөгийг, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.387.500 төгрөгийг, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.757.500 төгрөгийн хөрөнгийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдөрт багтаан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг /гэрлэлт цуцлах шаардлагад холбогдох/, 15.427.500 төгрөгт оногдох 235.087 төгрөг, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.087 төгрөг, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.087 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч *******эс гэрлэлт цуцалсан нэхэмжлэлийн шаардлагад оногдох 70.200 төгрөг, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 13.155.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 223.725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 7.040.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 127.590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 6.670.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 121.670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...Хөдөөний бид хэдэн мал, гэрийн эд хогшлоо л хуваахаас өөрөөр бэлэн мөнгө төгрөг гаргаж өгөх чадамж байхгүй. Ийм учраас мал болон гэрийн эд хогшлоо хуваасан.

1.            Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрээр *******ад оногдуулсан хөрөнгөнөөс 500.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, дагалдах хэрэгслийн хамт гаргуулж өгөхөөр заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* надаас авсан мал хөрөнгөө зарж үрэн хот бараадан амьдрах хүсэлтэй байсан нь гол салах шалтгаан болж байгаа бөгөөд гэр оронддоо болсон хэрүүл, маргаанаар шалтаглаж байна. Тийм учир намайг гүтгэн, гүжирдсээр гэр бүлээ цуцлуулсан билээ. Гэвч би үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд миний малаа дагаж амьдрах амьдралын зорилго минь хэвээр байгаа тулхөдөө газар уулын мухарт ганц биеэр харах үзэх юмгүй үлдэхийг хүсэхгүй байна. *******ад нь авсан мал хөрөнгөө зарж үрэн хот орон бараадаж байгаа хүн ямар нэг байдлаар зурагт телевизор аваад тавих бизээ. Би энэ талаар шүүх хуралдаан дээр хэлсэн боловч хэрэгсэхгүй болгосон. Угаасаа малчдад зориулсан зурагт дагалдах хэрэгслийх нь хамт би өөрөө захиж авсан учир үүнийг өөрөө авах хүсэлтэй байна.

2.            ******* бол миний төрсөн хүүхэд бөгөөд би хал нь гаднаа хайр нь дотроо эхийнх нь адил өсгөж өдий болгосон. Би тийм муу эцэг байгаагүй. Үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын төлөө чадах бүхнээ л зориулсан. Хүний үр хүүхэд эцэг эхээ нас явах тусам нь хайрлаж халамжилж, тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар хуульчилсан гэж би сонссон. Гэтэл *******ын үгээр явж байгаа миний хоёр хүү хорь гарч өссөн хойноо зодож, мал хөрөнгийг минь авч байгаад минь үнэхээр их гомдож байна. ******* гэр бүлийн дундын хөрөнгө бий болгоход оролцоо ч байгаагүй. Багадаа өсгүүлж, сургуулийн амралтаар гэртээ ирж амраад, намар нь сургалтын төлбөр, байр, идэш, хүнсний зардал гээд хэдэн малаа заран мөнгө өгч явуулдаг байсан. Энэ байдлаа ******* ойлгох шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай ярьсан байхад шүүх хүчээр шийдвэрлэн түүнд мал хөрөнгөнөөс 6.670.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Мөн нэхэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардагыг хангаж шийдвэрлэсэн, энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаагүй. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. *******ад хуваарилан өгсөн зурагт, дагалдах хэрэгслийн хамт өгч шийдвэрлэснийг хасуулах, *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд гаргуулахаар шийдвэрлэсэн 6.670.000 төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

... ДДШ зурагтаа дагалдах хэрэгслэлийн хамт авах хүсэлт би гаргасан. *******д би үл хөдлөх хөрөнгө Өвөлжөө 2 газартай хамт хаваржааны газар пад трактор тармуурчин хаш халтар манан хөөрөг /2.000.000 үнэтэй / зэргийг эд хөрөнгийн жагсаалтанд оруулахгүй гэр бүлийн дундын өмчнөөс Соёл-Эрдэнэд өгсөн. Гэтэл миний 15.427.500 төгрөгний зарим хөрөнгийг л өгсөн. Бүх үл хөдлөх хөрөнгөө Соёл-Эрдэнэд өгсөн болохоор миний саналыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрээр ДДШ зурагт дагалдах хэрэгсэллийн хамт надад хувиарласан. Би Соёл-Эрдэнэд өгч болно харин оронд нь мал өгвөл зөвшөөрнө. Би хөдөө амьдарна. Тэтгэврийн нас болж байгаа орон нутгаасаа явахгүй өвчэй/хорт хавдартай/ ээж минь байгаа учир ээжийгээ бараадан амьдарна. ******* үргэлж худлаа ярьдаг. Ховоор амьдардаг хүн. Мөн бага хүү Эрдэнэболдод 6.670.000 төгрөгний мал шүүхийн шийдвэрээр өгсөн. Аав нь юуг ч өгөхгүй гэсэн болохоос нэхэмжлэлээсээ татгалзаагүй шүүхийн шийдвэрээр оногдсон малаа авна. Сургууль төгссөн болохоос ажилгүй саяхан түр хүний оронд ажилд орсон орон гэргүй ээжийнхээ дүүгийнд амь зууж явна. Суурин ажилгүй. Энэ хүүхэд орон гэргүй амьдралын хэцүүг туулж явна. Миний хувьд 27 жил энэ амьдралыг босгоход өөрийн биеэ хайрлахгүй халуунд халж, хүйтэнд хөрж гэр гадны ажил ялгалгүй зүтгэж явж ирсэн тул өөрт оногдсон хөрөнгөө бүгдийг нь авна харин ч *******д олон зүйлийг үлдээсэн. Том хүү Шижирболдын нэхэмжилсэн 15.427.500 төгрөгөөс өгч чадахгүй 7.040.000 төгрөг буюу 50% өгнө гэхэд хүлээн зөвшөөрсөн.

Б.Соёл-Эрдэнийг дарамтлаагүй өгье гэснийг зөвшөөрч авсан. Бид дөрөвийн хөдөлмөрлөж босгосон эд хөрөнгө. Би өөрөө мал зүйч мэргэжилтэй. Энэ малыг өсгөхдөө мэргэжилээ ашиглаж хүний өөрийн гэхгүй малын хорогдолгүй өдий хүргэсэн. Миний 2 хүүгийн тус их л байсандаа. Өөрөө үр хүүхдээ элдвээр доромжилж элдэв үгээр байнга дуудаж хүүхдээ гомдоодог мөртлөө хүү Эрдэнэболддоо яагаад эд хөрөнгө хуваахгүй гээд байгааг ойлгохгүй байна. Энэ 2 хүүхдийн төлөө Соёл-Эрдэний олон муухай үйлдлийг тэвчин тэсэж ирсэн. Хүүхдүүд нь ч их тэвчдэг байсан. Хүүхдүүдээ эд хөрөнгө таслаж өгөх нь аав, ээж болсон бидний үүрэг гэж бодож байна. Соёл-Эрдэний эд хөрөнгөнөөс нэхэмжлээгүй харин 27 жил бий болгосон эд хөрөнгө өөрийн ноогдох хэсгээ нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... миний бие гэр бүлийн дундын хөрөнгөөс 15.427.500 төгрөгний эд хөрөнгө нэхэмжилсэн. Аав надад анх 11 сая төгрөгний өмч зөвшөөрсөн болов ч дээд сургуульд суралцсан 3 жил 5 сарын сургалтын төлбөр, байрны хөлс, гэх мэтээр өөрөө төлсөн гэсэн шалтаг тоочин надад юу ч өгөхгүй гэсэн болохоор аавдаа гомдсондоо авахгүй гэсэн болов ч нэхэмжлэлээсээ татгалзаагүй. Би гэр бүлийхэндээ хайртай гэвч аав сүүлийн үед архи ууж бидний элдвээр хэлж элдвээр доромжилж ээжийг нүдэн дээр зодож зовоодог. Хэцүү хүчирхийлэлтэй амьдралыг бид тэвчин туулж ирсэн. Сүүлийн үед улам харгис болсон. Би аавыгаа ах бид хоёрт ийм муухай дууриал үзүүлж насны эцэст ээжийг минь өвчний үүр болгож байгаад би их гомдолтой явдаг. Гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бөгөөд тухайн зөрчлийг тул давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлаж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч түүний нэхэмжлэлд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 193 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдуулан түүний хүү ******* 2019 оны 04 сарын 03-ны өдөр, хүү ******* нар нь гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тусдаа гаргасан бөгөөд шүүх тус бүрийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох эрхийг итгэмжлэлээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *******ад, нэхэмжлэгч ******* 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн *******ад тус тус олгожээ.

Ийнхүү нэхэмжлэгч ******* нь өөрийн нэхэмжлэл бүхий хэргээс гадна нэхэмжлэгч *******, ******* нарын *******д холбогдох хэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

*******д холбогдох иргэний хэргүүдийг өөр өөр шүүгч хянан шийдвэрлэж байсан бөгөөд нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн хэрэг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүгч тус бүр хүлээн авч шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэж болохоор заасан.

Гэтэл шүүх нэр бүхий гурван нэхэмжлэгчийн нэг хариуцагчид холбогдуулан гаргасан, гурван өөр индэкс, дугаар бүхий иргэний хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамж гаргахгүйгээр шууд нэг хэрэг болгон шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Тухайлбал: *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэрэг дээр *******ын нэхэмжлэлтэй хэрэг, *******ын нэхэмжлэлтэй хэргийг шүүгчийн захирамжаар тус тус нэмж нэгтгэх тухай захирамж гарган гурван нэхэмжлэлтэй хоёр өөр шаардлага бүхий нэг хариуцагчид холбогдох хэрэг болгон шийдвэрлэх атал дээрх ажиллагааг хийхгүйгээр зөвхөн хэргийн оролцогчийн хэрэг нэгтгэн шийдвэрлэх тухай хүсэлтийг хангасан тухай захирамж гарган, хэргийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж байгаа тул хэргийн үйл баримт болон хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН