Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 2-00 тоотод  оршин суух  Булагдар овогт Чойнжирын Сандуугийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг Дөмбөн хорооллын задгайд  оршин суух ХААН банкны Хөтөл салбарт харуул ажилтай  Хойд овогт Нохойжавын Саранхүүд холбогдох 10 сая төгрөг гаргуулах хүүхдүүдийн асрамж тогтоолгохыг  хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Сандуу, хариуцагч Н.Саранхүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  Ч.Сандуу шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Би Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг Овоот хорооллын 7-р гудамжны 2 тоотод өөрийн гэр бүл, үр хүүхдүүдийн хамт сайхан амьдарч байсан юм. Гэтэл миний эхнэр Оюунцэцэг нь Саранхүү гэгчтэй нийлж намайг гэр орноос минь хөөж явуулсан. Намайг хохироосон. Энэ үед би өөрийн гэрээс ямарч эд зүйл хөрөнгө аваагүй. Одоо Н.Саранхүү нь миний өмч хөрөнгөн дээр амьдарч байна. Миний хүүхдүүдийг Н.Саранхүү нь Оюунцэцэгтэй нийлж гадуурхан сэтгэл санааны маш хүнд байдалд амьдруулж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байна. Одоо хүүхдүүд маань эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах бололцоогүй байгаад би гомдолтой байна. Миний хамгийн том хүүг хөөж явуулсан байсан. Мөн миний 2 дахь охин Сувдааг гэрээсээ хөөсөн байсан. Ийм байдлаар хүүхдүүд маань хүнд нөхцөлд байна. Миний өвчний онош тодорсон байгаа. Цаад хүмүүс нь 10.000.000 төгрөг гарна гэж хэлсэн. Би энэ мөнгийг хариуцагч Н.Саранхүүгээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.Саранхүү шүүх хуралдаан дээр гарсан тайлбартаа:

2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ч.Сандуу нь эхнэр, хүүхдүүдээ зодчихооод Увс руу яваад өгсөн. Эхнэр нь хөл гар муутай. Ч.Сандуутай 22 жил хамт амьдарч байсан. Ч.Сандуу нь эхнэрийгээ байнгын зодож байсан. Нэхэмжлэгч Ч.Сандуу нь үндэслэлгүй худлаа зүйлүүдийг хэлж байна. Эхнэрээсээ сална гээд Увс руу явсан хүн. Ч.Сандуугийнх хуучин Жимстэйн хороололд амьдарч байсан. Гадуураа нэг торон хашаатай байсан. Манай аавын гэр 5 дугаар байранд байдаг. 2011 оноос хойш Ч.Сандуугийн эхнэр манай аавын гэрээр орж гардаг болсон. 2017 оны 10 дугаар сард эхнэр нь “Ч.Сандуу Увсаас ирэх гэж байна. Намайг ирж ална гэж байна. Энэ хашаанаас нүүхгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. Хойд талын Дөмбөн хороололд миний нэг хашаа байдаг. Тэр хашаандаа эхнэрийг нь буулгасан юм. Тэрнээс биш бид хоёрын дунд ямар нэгэн зүйл байхгүй. Ч.Сандуу нь өөрийн гэр орныг Оюунцэцэгийн дүүд нь зарсан байсан. Одоо энэ эхнэр Оюунцэцэг нь амьдарч байгаа гэрийг  төрөөс, бага хүүхэд нь өгсөн гэр юм  гэв.

Шүүх хуралдаанд: хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Сандуу хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн баримт, тэтгэврийн мөнгө авдаг баримт, Ч.Сандуу хөдөлмөрийн чадвар /70%/ алдсан баримт зэрэг  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

 

            Иргэн  Ч.Сандуу нь Н.Саранхүүд холбогдуулан 10 сая төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Н.Саранхүү нь Би Ч.Сандуугийн эхнэр хүүхэдтэй ямарч холбоогүй. мөнгө төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Шүүх нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ

            Хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримт болон зохигчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар Ч.Сандуу нь Н.Саранхүүд холбогдуулан 10 сая төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй,  Ч.Сандуу нь  нотлох баримт гаргаагүй болно.

            Иймд иргэн Ч.Сандуугийн Н.Саранхүүд холбогдуулан гаргасан  10 сая төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Ч.Сандуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Ч.Сандуугийн Н.Саранхүүд холбогдуулан гаргасан 10 сая төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Ч.Сандуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА