Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 208/МА2019/00029

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2019/00140

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2003 оны 08 дугаар сард *******тэй танилцаж 2006 оны 08 дугаар сард ******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2006 оны 12 дугаар сард *******, 2013 оны 03 дугаар сард ******* гэх 2 хүүтэй болсон. 2016 оноос ******* нь Улаанбаатар хотод ажиллахаар яваад гэр бүлийн маргаан зөрчил гарч эхэлсэн. 2018 он хүртэл хэрүүл маргаантай явж байгаад 2018 оны 02 дугаар сараас ямар ч холбоогүй, 2 хүүтэйгээ ярихгүй болсон. Би 2016 оноос хойш 2018 он хүртэл Хаан банкны зээлийн хүүг нь төлж, дүүгийнх нь зээлийг ч төлсөн ба 2 хүүхдээ өөрөө асран хамгаалж тэжээж явж байгаа. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******, ******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг *******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ... Миний биө *******тай 2006 оны 8 сарын 03-ны өдөр батлуулж, 2006 оны 08 сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр албан ёсны гэр бүл болцгоосон билээ. Бид хоёрын дундаас 2 сайхан хүү төрж эрүүл саруул энх тунх өсөн торниж байгаа. Миний бие Гэрэлмаатай гэр бүл болоход оюутан байсан 2008 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцад монтёроор ажилд орсон. Тэр цаг үеэс эхнэр 2 хүүгээ хүний дайтай юугаар ч дутахгүй эрх танхи өсгөсөн, хүний урамд эхнэртээ уурлаж уцаарлаж ч үзээгүй, би архи тамхи хэрэглэдэггүй ямар нэгэн муу зуршил байхгүй билээ. Хурим хийх үед миний аав ээж бид хоёрт хашаа байшин худалдан авч өгсөн, айлын дайтай айл болж тусдаа сайн сайхан амьдарч юугаарч дутахгүй амьдралтай байсан. 2011 онд эхнэрээ мэргэжилтэй болгох зорилгоор Дархан -Уул аймгийн АУК-д суралцуулсан. Энэ үеэс эхлэн хүний гэр бүлтэй оролцолдон явалдаж, сүүлдээ миний дэргэд хүртэл тэр хүнтэйгээ утсаар ярьдаг, намайг хүн гэж бодохгүй чамд хамаагүй гэж хэлдэг болсон тул сэтгэл хөрсөн. Ингээд Цагааннуур суманд эхнэрээсээ болоод багтаж шингэх газаргүй болж Сэлэнгэ аймагт шилжиж ирсэн, ингээд ч байдал өөрчлөгдөөгүй. Эхнэрийнхээ хонхны баяраар би Дархан -Уул аймагт очиход түүний явалддаг залуу ирчихсэн түүнээсээ холдоогүй л байсан. Тэгээд 2 сар орчим хаашаа явсан нь тодорхойгүй чимээгүй сураггүй болсон. Би араас нь явж, хайж олж уулзаж хүүгээ бодоод түүнийг уучилж гэртээ авчирсан. Тэр үед түүний явалдаг залуугийн гэр бүлийн хүн байнга над руу ярьж эхнэрээ татаж аваач хүний гэр бүл үймүүлээд байна гэж утсаар ярьдаг байсан. Би эхнэртээ ингээд байна битгий босгосон амьдралаа нураагаач гэж гуйж байсан боловч энэ байдлаасаа салж чадахгүй байсан. 2012 онд эхнэр мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсээр байгаа хашаа байшингаа зарж, Сэлэнгэ аймагт бид хүний байр түрээслэж амьдарч байсан. Ингээд 2013 оны 3 сард Дээдсийнзаяа хүү минь мэндэлсэн. Одоо л амьдрал маань тэгшрэх нь гэж бодож байсан боловч 2016 оны 01-р сард би ажлаасаа гарсан. Эхнэрийн утсанд янз бүрийн мессеж ирж, орой үдшийн цагаар тийм ажил төрөлтэй гээд шөнө дөлөөр гараад явчихдаг байсан. Алийн болгон хүний байшин түрээсэлж суухав өөрийн гэсэн газартаа болж байшин баръя гэсэн бодлоор Салхитын аманд газар эзэмшлээр авсан боловч Гэрэлмаа өөрийнхөө дүү Болороод зарсан, мөнгийг нь аваад хэрэглэсэн гэж хэлсэн. Уул нь энэ газар дээрээ орох орон барих зорилготой байсан боловч нэгэнт зарсан тул байшин барих боломжгүй болсон. Амьдрахын эрхэнд Улаанбаатар хот явж зах дээр жимсэний лангуу ажиллуулж байгаад дараа нь гэртээгээ ойрхон гэж Сэлэнгэ аймгийн олон улсын зах дээр лангуу ажиллуулж эхэлсэн. 2016 оны 05 сард Эрдэнэт хотод боломжийн ажил гарлаа гэсэн тул тийшээгээ явж ажилласан. Ажилтай болсон тул эхнэр хүүхдээ хүрээд ирээч гэсэн боловч огт ирээгүй 2 хүү минь ганц удаа ирсэн ингээд 09 сард би ажлаасаа буусан. Наадамын амралтаар ирсэн боловч эхнэр маань намайг юу хийсэндээ амардаг юм гэх мэтчилэн үг хаяж сүүлдээ хэрэлдэж намайг гэрээс минь хөөсөн. 2017 оны цагаан сараар гэртээ ирж сар шинийг хэрүүлгүй сайхан өнгөрөөе гэж хэлээд гуйж маргааш нь хадмуудтайгаа золгохоор явах гэхэд та гурав яв гэж хэлээд өөрөө үлдсэн. Золголт хийгээд ирэхэд нөгөө залуутайгаа хамт байсан, мартын 8-наар бэлэг сэлт бэлдээд ирэхэд мөн л нөгөө залуутайгаа байсан. Аялалаар явахдаа ч залуутайгаа гэх мэтээр олон удаа нүдээрээ харсан учир цаашид хэдий эхнэрээ нөгөө залуугаасаа холдчих байх гэж итгэж олон жил хүлээсэн боловч огт засраагүй, том хүү маань ааваа таныг байхгүй байхад нэг ах ирээд ээж бид 2-ыг газар унтуулж орон дээр тэр ахтай унтдаг гэж хэлж байсан төдийгүй энэ үгийг сонсоод надад ингэж эмэгтэй хүнд дээрэлхүүлж улмаар үр хүүхдээ доромжлуулж босгосон сайхан амьдралаа үрэн таран хийлгэх гэж дээ гэсэн бодол надад төрж, би гэрээ орхин явсан . Түүнээс биш би өөр хүнтэй гэр бүл болоод эхнэр хүүхдээ орхисон биш тэр л гэр бүлээ цуцлуулах хэмжээнд хүрсэн асуудлыг байнга гаргаж олон удаа уучилж байсан боловч ингээд байж болдог юм гэсэн буруу бодлыг тээж хань ижил үр хүүхдээ доромжилж байгаа тул цаашид Гэрэлмаатай амьдрах хүсэлгүй хууран мэхлүүлж доромжлуулж ханасан тул гэрлэлтээ цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин өөрийн үр удам болсон 2 хүүгээ би өөртөө авч үлдэнэ. Хүүхдүүдээ хойд эцгийн бараа харуулж энэ хоёрыг элэг доог болгомооргүй байна. Нэг гэрт орсон хойно хүүхдүүдийг минь яаж зодож хүмүүжлийн муу зуршил суулгах вий гэхээс эмээж байна. Ер нь эхнэрээ муулж байгаа юм биш Гэрэлмаа зөвхөн өөрийгөө л боддог өөрөө сайхан, өөрөө зугаалж цэнгэж яваа л бол хүүхдийг яаж байна гэж сэтгэл зовж үзээгүй хүн. Надаас тэтгэлэг аваад түүнийг 2 хүүд минь зориулна гэж бодох ч хэрэггүй, мөнгөөр нь тансаглаад дуусна. Тиймээс амьдральн хугацаанд бий болгосон хамаг хөрөнгийг Гэрэлмаа л үрэн таран хийж орох оронгүй болгосон хүн. Одоо Гэрэлмаа дүүгийндээ амьдарч байгаа 2 хүү минь надад их зүйл ярьдаг маш нээлттэй хүүхдүүд байсан одоо бол юмнаас айсан, хүний нүүр рүү эгцэлж харахгүй, нүдний нь харц буурсан, сэтгэл гутралд орсон байдалтай аавтайгаа ч юм ярихаа больсон байна. Хүүхдийг ингэж хүмүүжүүлж болохгүй.Тиймээс хүүхэд, хүүхэд насан дээрээ хөөр баяраар бялхаж өсөх хэрэгтэй гэж эцэг хүний хувьд бодож явдаг. Ер нь Гэрэлмаа хүний тусыг тусад боддоггүй. Хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Миний аав 2 хүүгийн минь өсгөж өгсөн ачтан. Гэтэл аавыг минь харвалтаар тахир дутуу болсон. Гэтэл аавыг минь энэ өвчнөөр нь доромжилж миний бах ханаж байна гэх мэтээр хэлдэг гээд бодоход ямар хүн бэ гэдэг нь та бүхэнд ойлгогдоно. Манай талаас Гэрэлмаад юу ч хэлдэггүй. Харин ч түүнийг их хүндэлж явдаг байтал ийм байдлаар доромжилж байдаг. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна Олон удаа намайг хуурч мэхэлсэн. Аавыг минь өвчнөөр нь доромжилж, хүүхдүүдээ сайн сайхан өсгөж чадахгүй учир би 2 хүүгийнхээ асрамжийг өөр дээрээ тогтоолгож өөрөө өсгөх хүсэлтэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаартай шийдвэрээр:

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Оорцог овогт Хасбаатарын Гэрэлмаа, Жарантай овогт Батсүхийн Энхтөр нарын гэрлэлтийг цуцалж,

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг эх *******гийн асрамжид үлдээж,

-Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******өөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

-Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Ээжид нь өгөхгүй гэж маргасан гэдгийг дурдсан боловч надад миний хүү *******, ******* нарыг *******гийн асрамжинд үлдээгээгүйд гомдолтой байна. Би хүүхдүүдээ хохироохгүй, амьдарлаа сүйтгэхгүйн тулд олон жил хичээсэн. Би амьдралынхаа 10 гаран жилийн хүч хөдөлмөрөөр босгосон амьдрал, сэтгэл зүйн доромжлолыг үе удмаараа амсаж ирсэн. Тиймээс миний хохирсон амьдрал болон 2 сайхан хүүхэд хохирч байгааг шүүх анхаарах ёстой байсан. Ер нь хүүхдийн асуудлыг ингэж амархан шийдвэрлэж болохгүй. Яагаад гэвэл ******* нь миний хүү *******, ******* нарыг надад өгөхгүй гэсэн мөртлөө 2 хүүхдийг минь өөрийн ээжийн асрамжинд үлдээн надтай амьдарч байх хугацаандаа явалдаж байсан залуутайгаа Солонгос гарсан.

Ийм байхад зөвхөн эмэгтэй хүн гэдэг талаас нь авч үзэн миний болон 2 хүүхдийн минь эрх ашиг хурцаар хөндөгдөж байгаа тул шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү. Хүүхдийн асрамжийн асуудлыг сайтар судлаж дүгнэлт гарган шийдвэрлэх ёстой байсан болов уу. Жич: Анхан шатны шүүхээр 2 хүүхэдтэйгээ уулзаж болно гэсэн боловч хэд хоногын өмнө 2 хүүхдээ аваад хамт 2 хоног байх үед том хүү Бямбажаргалруу минь өдрийн хэд утсаар ярьж хурдан ир, наад бузарын хүнтэй битгий бай, юугаа хийгээд утсаа салгадаг юм гэх мэтчилэн дарамталж байсан, мөн надруу хүртэл элдэв хараалын үгтэй зурвас бичиж байсан. Аргагүй эрхэнд том хүүгээ авчирч өгөөд буцах гэтэл том хүү минь уйлж утсаар залгаад аав намайг дүүгээ олж ир гээд хөөгөөд гаргасан байсан. Аргагүй эрхэнд бага хүүгээ бас үлдээсэн. Мөн *******гийн ээж нь бас надтай утсаар ярьж 2 хүүхдийг минь чамд өгөхгүй гэж бас элдвээр хараасан. Зан суртахуунгүй, хүмүүсийн дэргэд хоёр хүү минь ямар хүмүүжил боловсролтой болж өсөхийг та нар мэдэх биз. Иймд би 2 хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Эсвэл аль нэг хүүхдээ өөрийн асрамжинд авмаар байна. Бид гэр оронтой ажил төрөлтэй сайхан амьдарч байсан. Гэтэл ******* нь мөнгө хэрэгтэй гээд үрэн таран хийсэн. Би одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авахын тулд Алтанбулаг сумд байшин барьж байна. ******* нь одоогоор тусдаа гэр оронгүй ээж дүү нарынхаа хамт хоёр хүүхэдтэйгээ олуулаа амьдарч байгаа. Хүүхдүүд маань тийм орчинд амьдрахад хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдэд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ариуцагч ******* нь гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж маргасан байна.

Хэргийг судлан үзвэл: Гэрлэгсэд нь 2003 онд танилцан улмаар 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж албан ёсны гэр бүл болж, 2006 онд хүү *******ыг, 2013 онд хүү ******* нарыг төрүүлжээ. Талуудын хооронд таарамжгүй харьцаа үүссэний улмаас тус тусдаа амьдарч улмаар эхнэр ******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгсдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах тал дээр маргаагүй боловч хүүхдүүдийн асрамжийн талаар маргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахын зэрэгцээ хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэн алинд нь хадгалагдана.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг түүний эцэг, эхийн хэний асрамжид үлдээх асуудал нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж буй хэлбэр бөгөөд ийнхүү хүүдүүдийн амьдрах газрыг тодорхойлохын тулд дараах нөхцөл байдлыг баримтаар тогтоосон байх учиртай.

Тухайлбал: хүүхэд, эцэг, эх, гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшэн дассан байдал, эцэг эхийн зан ёс суртахуун хувийн шинж чанар, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломж, эцэг эхийн оршин буй газрын нөхцөл зэргийг хүүхдээ асрамждаа үлдээх шаардлага гаргаж буй эцэг, эх нотолсон байх шаардлагатай бөгөөд энэ талаар шүүх талуудад тайлбарлан өгсөн байх шаардлагатай.

Түүнчлэн талуудын хүсэлтээр тухайн орон нутгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж эцэг, эхийн хэн нь хүүхдээ илүү өсгөн хүмүүжүүлэх боломжтой эсэхийг тодруулж нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулан тогтоох боломжтой.

Тухайн маргааныг шийдвэрлэх гол нөхцөл нь хүүхдийн эрх ашиг гэдгийг шүүх илүүтэй анхаарах нь зүйтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх хүүхдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрлэгчдийн шүүхэд өгсөн тайлбар, хүүхэд асуусан мэдүүлэг зэргийг дурдаж асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заа

снаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН