Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 418

 

 

Х.Хад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 590 дугаар магадлалтай, Х.Хад холбогдох 1903013940044 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Найман овогт Х Х.

Х.Х нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 23 цаг 50 минутын орчим, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өгөөж” ХХК-ийн уулзвар замд “Таймэн ложистик сервисэс” ХХК-ийн эзэмшлийн “Toyota Prius” загварын 91-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс гарцаар гарч явсан зорчигч Ц.Бат-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Таймэн ложистик сервисэс” ХХК-аас 430.620 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Х гаргасан гомдолдоо “... шүүхээс Х.Х нь хохирлоо төлөөгүй, төлөх төлбөрийн чадваргүй тул торгох ял оноох боломжгүй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь манай компани хохирлыг төлнө гэсэн мөн миний бие өөрийн гэсэн цалин орлоготой, шүүхээс оноох торгох ялыг төлөх боломжтой юм.

Шүүхээс надад 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эрүүгийн хариуцлага хүндэдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хувийн байдал хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээгүй гэж үзэж байна.

Миний бие нь ам бүл 6, эхнэр 4 хүүхэдтэй. Эхнэр хүүхдүүд Казакстанд байгаа бөгөөд хөл хорионоос болоод ирэх боломжгүй байсан. Миний бие цалингаараа гэр бүлээ тэжээн тэтгэдэг, санамсар болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдож байна. Гэмт хэргийн хохирлыг компани бүрэн төлж барагдуулах боломжтой. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Түвшинбат хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх хүнд ялыг оногдуулсан. Х.Х нь бага насны буюу 3-10 насны 4 хүүхэдтэй бөгөөд гэр бүлээ авч явдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл ажилгүй болох нөхцөл байдал үүснэ. Иймд түүнд оногдуулсан ялыг торгох болгон өөрчилж өгнө үү. Түүний эхнэр, хүүхдүүд нь Казакстан улсад хорионд орсон байгаа” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Х.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Х нь “Таймэн ложистик сервисэс” ХХК-н жолоочоор ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 09-ний оройн 23 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Өгөөж” ХК-ийн дэргэд уулзвараар тус компанийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 91-52 УНӨ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь ... зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнийн улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Ц.Бат-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь “урд чагтан холбоос бага зэрэг суналт, дотор холбоос хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгний дотор булуу, шаантны гадна булуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон талаарх шүүхийн хууль хэрэглээний болон хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан ноцтой зөрчил тогтоогдоогүйн дээр шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах тухай шүүгдэгч Х.Хын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй, шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 590 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Хын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН