Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 784

 

Д.Өлзийхишигт холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                                                                                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Н.Ууганчимэгийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох,

ялтан Д.Өлзийхишиг /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов/,

ялтны өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Өлзийхишиг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Өлзийхишигт холбогдох 201524001022 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чулуунчууд овгийн Дагвын Өлзийхишиг, 1964 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МБ64082504/, 

Д.Өлзийхишиг нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжид Тоёота королла загварын 17-69УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтын “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Н.Ууганчимэгийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Д.Өлзийхишигийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Өлзийхишигийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт хураагдсан Д.Өлзийхишигийн 893163 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Өлзийхишиг нь хохирогч Н.Ууганчимэгт 205.000 төгрөгийн хохирол төлснийг тус тус дурдаж, цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Өлзийхишигээс 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Ууганчимэгт олгож, хохирогч Н.Ууганчимэг нь цаашид эмчилгээний зардлын баримтаа нөхөн бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийхишигт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Д.Өлзийхишигт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.   

Ялтан Д.Өлзийхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тухайн өдөр би машинаа асаах гэтэл асаагүй. Гэтэл Ууганчимэг гарч ирж бид 2 жаахан түрээд тэгш гадаргуу дээр асаах гэж үзвэл яах бол гээд яриад зогсож байтал Бямбацогт “авгай минь чамд юу хэрэгтэй юм, яв” гээд хашгираад гарч ирсэн. Түүнийг тайвшруулаад гурвуулаа ярьж зөвшилцөж, тохиролцоод би машиндаа сууж тэр хоёр түлхсэн. Машин хөдлөхгүй байсан болохоор би бууж гурвуулаа хойш нь түртэл, хойш жаахан хөдлөөд буцаад бид нар луу өнхөрсөн. Би Ууганчимэгт “чи давхар биетэй байж машин түрж болохгүй шүү” гэж сануулсан. “Машин чинь автомат уу, механик уу автомат бол асна гэсэн ойлголт байхгүй” гэсэн яриа бидний дунд огт болоогүй. Би тэднийг дуудаж хүчээр машин түрүүлээгүй. Машин чигээрээ урагш өнхөрхөд би жолооч талын цонхоор гараа оруулж жолооны хүрдийг баруун тийш хашаа руу дарсан. Машин хашаа мөргөж зогсоход хашааны банз нурж унасан. Тэр хашаан дээр Ууганчимэг зүүн талаараа унаснаас болж бэртэл авсныг нөхөртэй нь хамт хөтөлж гэрт нь оруулаад өөрийн утсаар түргэн дуудаж, цагдаад мэдэгдсэн. Түргэний эмч Ууганчимэгийг үзээд мэдэгдэх бэртэл байхгүй гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд яаралтай зураг авч оношлоод ямар нэгэн хугарал байхгүй, унасан талаараа зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн. Эх нялхасын эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд урагт өөрчлөлт байхгүй төлөвлөсөн хагалгаандаа хугацаандаа орно гэсэн тул дүүгийнх нь хүссэнээр гэрт нь хүргэсэн. Түүнээс хойш 4 хоногийн дараа гэмтэл согогийн эмнэлэгт эрүү, хавирганы хугарал, уушиг хавдсан гэсэн оноштой хэвтсэн. Би хавсарсан гэмтлийн тасгийн сувилагчаас Ууганчимэгийн талаар асуухад “хугарал байхгүй, уушгинд хурсан усыг авсан, манай тасгийн хамгийн хөнгөн өвчтөн 8 цагаар Цифозилин тариулж байгаа өөр эмчилгээгүй тэр коридорт хэвтэж байна гэж зааж өгөөд та тасгийн эмчтэй уулз” гэж зөвлөсөн. Би Ууганчимэгтэй уулзаж биеийг нь асуугаад эгч нь чамайг сахья, гаднаас шаардлагатай эм тариа аваад ирье гэхэд “үгүй, хэрэггүй” гэсэн. Тасгийн эрхлэгч эмчтэй уулзахад “Ууганчимэгт хугарал байхгүй жирэмсэн хүн өөрөө хүнд жинтэй учраас унахдаа 2 хавирганых нь хооронд уушги хавчигдсан бөгөөд тэр хэсэгт нь ус хурсныг хатгалт хийж авсан, одоо уушги сэргэсэн, маргааш эмнэлгээс гарна” гээд Ууганчимэгийн рентген зургийг үзээд “хугарал байхгүй” гэж ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Ууганчимэгийг 5 эмч үзсэнээс 4 эмч 1 сувилагч хугаралгүй гэсэн ба ганцхан Баярсайхан эмч хугаралтай гэж оношилсон нь эргэлзээтэй байна. Ууганчимэгийг үзсэн Амгаланболд эмч зургийг нь үзээд хугарал байхгүй хэлсэн. Мөрдөн байцаагч Мөнхзул надаар Гэмтэл согогын Үндэсний төвд: Ууганчимэгийн өвчний түүхийг хуулбарлан өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн. Өвчний түүхийн хуулбарыг анх үзсэн Баасансүрэн эмчтэй уулзахаар ороход түүнийг өглөө буусан гээд нэг эмч байсан. Тэр эмч өвчний түүх дээрх “хугаралтай” гэж бичсэн бичилт нь манай эмнэлгийн бичилт биш, манайх ингэж бичдэггүй юм, наад хүн чинь гаднаас оношлогдож иржээ гэж маш итгэлтэйгээр хэлсэн. Амгаланболд эмч дүгнэлтээ биччихээд энэ гэмтэл нь гэрийн нөхцөлд байж болно гэж тэмдэглэсэн нь ямар учиртай болох нь ойлгомжгүй байна. Энэ эмч нарын хэнд нь итгэж үнэн худлыг мэдэх аргагүй болсон нь даанч харамсалтай. Мөн Ууганчимэгийн эрүү нь хугарсан байхад түүнийг нь бэхлээд өгөхгүй явуулсан нь ойлгомжгүй. Энэ мэтчилэн үнэн худал нь олдохгүй асуудал маш их байдаг. Үүнд:

  1. Түргэний эмч, гэмтлийн эмнэлгийн 4 эмч, 1 сувилагч хугарал байхгүй гэснийг, шинжээч Баярсайхан, Амгаланболд нар яагаад үгүйсгэж байгааг,
  2. Шинжээч эмч Амгаланболд хугараагүй гэж надад хэлээд, хугарсан амь насанд аюултай гэж дүгнэлт бичсэнийг,
  3. Баярсайхан эмч рентген зураг байхгүй байхад юуг үндэслэн оношилсон, Амгаланболд эмч “зураг нь чамд байдаг гээд гайхаад байсан” тавьсан оношоо өөрийн гараар бичээгүй, бичгийн хэв гарын үсэг нь өөр байгааг;
  4. Манай эмнэлгийн бичилт биш өөр эмнэлгийн бичилт байна гэсэн жижүүр эмчийн үг,
  5. Өвчний түүхийн дугаарлалтууд хуудасны эхнээсээ дуустал бүгдийг арилгаж засварласан байгааг,

6. Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримт нь засвартай эргэлзээтэй байна. Хуудас бичилтүүдийг нь эмч нарын хэлсэнтэй уялдуулан шалгаад өгөөч гэж мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хүсэлтээ тавьсаар ирсэн боловч хүлээн аваагүй. Шүүх хуралдаан дээр шүүгч Батаа хэнд нөлөөлөх гээд байна гэж хэлж байсан. Машинд байсан хүн бэртэхгүй, мөн байсан бол тоормоз гишгээд зогсоох боломжтой. Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-г зөрчиж, Ууганчимэгт хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйж, нотлох баримттай 205.000 төгрөгийг төлсөн. Нэмээд нотлох баримтгүй эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг өөртөө авсан, өмгөөлөгчийн хөлс гэж 2.500.000 төгрөг бүгд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн. Ослын хэргийг өмгөөлөхөд 500.000 төгрөгийн дундаж төлбөртэй байхад Ууганчимэг нь түүнээс хэт давсан буюу 2.500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан нь эргэлзээтэй. Эмчилгээний зардал 1.300.000 төгрөгийг авахын тулд өмгөөлөгчдөө 2.500.000 төгрөг төлөх хэрэг байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, Ууганчимэгийг хохироосноо ухамсарлан ойлгож, нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг өгөөд үлдсэнийг нь нотариатаар баталгаажуулаад өгье гэж удаа дараа гуйж байсан ч тэр зөвшөөрөөгүй. Хэлсэн бүгдийг минь зөвшөөрдөггүй байж ээлжилж доромжилдог байсан. Би 52 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, 1 ач хүү минь хэвтрийн хүнд өвчтэй, өдөр бүр эмчилгээнд ордог. Эмчилгээний зардалд нь нэмэр болох бас хүүхдүүддээ төвөг болохгүй амьдарлаа залгуулахын тулд таксинд явдаг байсан. Би Н.Ууганчимэгийг бэртээгээгүй гэж хэлээгүй. Энэ хэргийг Тээврийн прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож байсан. Намайг Цагдан хорих 461 дүгээр ангид үндэслэлгүйгээр 14 хоног хорьсон. Мөн шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн аваагүй. Эмч нарын зөрүүтэй дүгнэлтийг дахин шалгуулъя гэсэн миний өмгөөлөгчийн хүсэлтээс эрс татгалзсан. Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-г зөрчсөнөөс 3 жил жолоо барих эрхийг хассан шийтгэл оногдуулсан байтал би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Нэмж 2 жилийн биеэр эдлэх ялаар шийтгэсэн нь хэтэрхий нэг талыг барьж, жирэмсэн эмэгтэйн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж шударга бус шийдвэр гаргаж ялласанд үнэхээр их гомдож байна. Иймд хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 182 дугаар шийтгэх тогтоолыг хэд хэдэн үндэслэлээр эс зөвшөөрч нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулах талаар гомдол гаргасан боловч энэ гомдлын үндэслэлээсээ татгалзаж байна.

Харин хохирогч Ууганчимэгийн хавирга хугарсан эсэх нь эргэлзээтэй, хэн хавирга хугарсныг нягталж шалгаагүй орхисон, түүний цээжний рентген зурагт ямар нэг хугарал байхгүй гэдгийг гэмтлийн эмч нар хэлсэн байхад дараа нь яагаад 3 хавиргыг хугарсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгч тухайн үед машиныхаа жолооны хүрдний ард суугаагүй, машин асаагүй, замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Техникийн шинжээч нар Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж ерөнхий ангийн заалтыг баримталсан нь буруу. Харин ч Замын хөдөлгөөний дүрмийн ерөнхий ангийн 1.4 дэх заалтын жолооч гэдэгт Өлзийхишиг орох уу гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 Ялтны өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч уг шаардлагаа өөрчилж, Д.Өлзийхишиг нь анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн тогтоолоор заасан 2.500.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, ар гэрийн болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Хохирогч Н.Ууганчимэгийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Би 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогчтой өмгөөллийн гэрээ байгуулан, 2.500.000 төгрөгийг хүлээж аваад тасалбар өгсөн. Харин одоо хохирогч гомдолгүй гэснийг өмгөөлөгчийнх нь хувьд хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирол барагдсан, гомдолгүй гэсэн бичгээр үйлдсэн баримтыг гарган өгч байна. Оногдуулсан ялыг тэнсэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Гомдолд дурдсан тасгийн эрхлэгч, сувилагч, гэмтлийн эмнэлгийн эмч нартай хувиараа уулзсан гэдэг боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Өмгөөлөгчийн төлбөр төлсөн тасалбарыг бид хуурамч гэж үзэх боломжгүй. Өвчний түүхийг албан ёсоор хуулбарлан авч хэрэгт нотлох баримтаар авсан, шинжээчийн дүгнэлтүүд гарсан, шинжээчийг байцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотолж тогтоосон. Машин өнхөрснөөс болоод халадтай зогсож байсан хохирогчийг мөргөж, хашаатай хавсарсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Д.Өлзийхишиг нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь харагдахгүй байх тул хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.    

   ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Өлзийхишиг нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 24 дүгээр гудамжинд өөрийн эзэмшлийн Тоёота королла загварын 17-69УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтын “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Н.Ууганчимэгийг мөргөж, бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Ууганчимэгийн: “...2015 оны 9 дүгээр сарын 30-ны орой нөхөр Бямбацогт такси бариад гэртээ ирсэн. Тухайн үед мөнгөгүй байсан тул таксины эгчээс “маргааш мөнгөө өгье” гэж гуйсан. Тэгээд хоорондоо жаахан маргаж байгаад маргааш мөнгөө өгөхөөр тохиролцоод нөхрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн. Таксины жолооч гэрээс гарч явсан. Удалгүй гадаа түг хийх чимээ гарахаар нь араас нь гарсан чинь “нөхрөө дуудчих, машин түрээд өгөөч” гэсэн. Нөхөр гэрээсээ гарч ирээд “машин чинь автомат юм бол түрч болохгүй шүү” гэсэн чинь нөгөө эгч юу ч гэсэн эргүүлээдэх гээд машин дотроо ороод суусан. Уруу газар байсан учир гэнэт машин нь өнхрөөд өөдөөс хүрээд ирсэн. Манай нөхөр гэрээ дайруулахгүй гээд урдаас нь гараараа тулсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд хажуу айлын хашаа нураад, би машин, хашаа хоёрын голд хэвтэж байсан ...” /хх-25/,

Гэрч Б.Өлзийхишигийн: “...Намайг гэртээ амарч байхад гэнэт хүмүүс орилоод хашаа түс хийх чимээ гарсан. Би нөхөр Ууганбаярын хамт гараад очиход Тоёота королла загварын автомашин манай хашааг мөргөөд зогсчихсон, хашаа нурсан байдалтай байсан.  Машины баруун талын гупер хэсэгт дугуйны харалдаа Н.Ууганчимэг хэвтчихсэн байсан. Тэгээд Н.Ууганчимэгийн нөхөр нь автомашины жолооч эмэгтэй 2 түүнийг босгосон. Н.Ууганчимэгийг орилоод байхаар нь би эмнэлэг болон цагдаа руу залгаж, дуудлага өгсөн... Ослын гарсны маргааш нь жолооч эмэгтэй хашааны банз авчирч өгсөн тул хашаагаа зассан. Иймд хашааны эвдрэлийг үнэлүүлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-35/,

Гэрч Э.Бямбацогтын: “...Би таксины эгчтэй маргалдаж байгаад түүнийг гэрээсээ хөөж гаргасан. Жолооч гарахдаа машин цохисон бололтой дуу гарахаар нь эхнэр араас нь гарсан. Тэгээд эхнэр гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гарсан чинь жолооч эмэгтэй “машин асахгүй байна. Та  хоёр түлхээдэх” гэсэн. Тэгэхээр нь би “машин чинь автомат бол түрж асах ойлголт байхгүй” гэж хэлээд машины урд талд зогсож байтал жолооч эгч машинаа натурал дээр тавиад, машинаа бид хоёрын өөдөөс алдчихсан. Би хоёр гараараа тулаад хойшоо үсэрсэн. Тэгтэл эхнэрийг маань хамаад аваад явчихсан. Би босоод харахад эхнэр маань машин, хашаа хоёрын завсар хавчигдаад унасан, хашаан дээр хэвтэж байсан. Би очоод эхнэрээ дуудтал ухаан орсон. Тэр үед манай эхнэрийн завжнаас цус гарсан байдалтай байсан...” /хх-38/,

Техникийн шинжээч В.Балжиннямын “...Уг осол хэрэг гарахад хохирогч, гэрч нарын мэдүүлгээр асахгүй байсан автомашиныг түрж албадан асаах гэж тээврийн хэрэгслийг хөдөлгөж, хөдөлгөөн эхэлсэн нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан гэх үзэх үндэслэлтэй байсан. Жолооч зам, орчны ямар ч байдалд хөдөлгөөнд оролцохдоо аюул осолтой байдал үүсгэхгүй, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох учраас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн...” /хх-85/,

Техникийн шинжээч Б.Гомбосүрэнгийн: “...Жолооч Д.Өлзийхишигийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа үндэслэл нь унтраад асахгүй байгаа автомат кроптой “Toyota соrolla” загварын тээврийн хэрэгслийг түрж буюу өнхрүүлж асаах гэж оролдож байгаа энэ үйлдэл нь бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа байгаа тул энэ дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь автомат кроптой автомашиныг өнхрүүлээд асахгүй. Үүнээс үүдэн тоормозны систем ажиллахгүй, мөн жолоодоход хүндрэл учрах тул зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бий болсон гэж үзэж байгаа юм...” /хх-118/  гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ууганчимэгийн биед цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, доод эрүүний ооч хэсгийн далд зөрөөгүй хугарал, тархи доргилт, зүүн чихний няцарсан шарх, зүүн шуу, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 14247 дугаар дүгнэлт /хх-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалын “...Ууганчимэгийн биед цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, цээжний зүүн талд 8,9,10 дугаар хавирганы далд хугарал, доод эрүүний ооч хэсгийн далд зөрөөгүй хугарал, тархи доргилт, зүүн чихний няцарсан шарх, зүүн шуу, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Н.Ууганчимэгийн цээжний зүүн талд 8,9,10 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсэх боломжтой...” гэсэн шинжээч нарын 536 дугаар дүгнэлт /хх-100-101/, 

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд “Toyota соrolla” загварын 17-69 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Өлзийхишиг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Ууганчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна...” гэсэн 803 дугаар дүгнэлт /хх-42/,

Замын цагдаагийн газрын техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “...803 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. “Toyota соrolla” загварын 17-69 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Өлзийхишиг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, явган зорчигч Н.Ууганчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.” гэсэн 80 дугаар дүгнэлт /хх-87/, хохирогч Н.Ууганчимэгийн өвчний түүхийн хуулбар /хх-14-21/, фото зургийн үзүүлэлт /хх-7-11/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Д.Өлзийхишигийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Н.Ууганчимэгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Д.Өлзийхишиг нь “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, Н.Ууганчимэгийн биед үзлэг хийсэн эмч нарын хэлсэнтэй шинжээчийн дүгнэлт тохирохгүй байгааг анхаарч үзнэ үү...”, ялтны өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Д.Өлзийхишиг нь жолооны хүрдний ард суугаагүй, машин асаагүй байсан тул замын хөдөлгөөнд оролцсон эсэх нь түүнчлэн хохирогч нь өмгөөлөгчийн хөлсөнд 2.500.000 төгрөг төлсөн гэсэн нь эргэлзээтэй, мөн хохирогч Н.Ууганчимэгийг эмчилж байсан Гэмтлийн эмнэлгийн эмч, тасгийн эрхлэгч, сувилагч нараас мэдүүлэг авах, Н.Ууганчимэгийн өмсөж байсан халадыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдол гаргасан боловч ялтны өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх давж заалдах гомдлын шаардлагаа “...Д.Өлзийхишиг нь жолооч мөн эсэх нь эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж өөрчилжээ.  

Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх заалтад тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгохоор заажээ. Д.Өлзийхишиг нь өөрийн эзэмшлийн  Тоёота королла загварын 17-69УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон такси үйлчилгээнд явж байсан ба гудамжинд буюу нийтийн хэрэгцээний замд асахгүй байсан автомашиныг түрж албадан асаахаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, жолооны хүрдийг эзэмшиж байгаа үйлдэл зэргээс үзэхэд түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодоогүй, жолооч биш” гэж үзэх боломжгүй юм.

Иймд ялтны өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Харин Д.Өлзийхишиг нь анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэм буруугаа хүлээн үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Н.Ууганчимэгийн “Д.Өлзийхишигээс хохирлын 2,5 сая төгрөгийг авсан, одоо миний зүгээс Д.Өлзийхишигт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт, мөн 52 настай ялтны хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой ба энэ талаар гаргасан ялтны өмгөөлөгч Д.Тунгалагийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих нэмэлт оруулж, ялтан болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахаас өмнөх зарим ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчжээ.

Тус шүүхийн шүүгч Б.Батаагийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 333 дугаар захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 250.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Д.Өлзийхишигт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл энэ шүүгчийн захирамжийг тус шүүхийн шүүгч Б.Дашдондовын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 354 дүгээр захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлийг удирдлага болгон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон нэн даруй суллан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэг, 114, 307 дугаар зүйлүүдийг тус тус ноцтой зөрчсөнөөс гадна хуулийг буруу ойлгон хэрэглэж, хууль болон шүүхийн практикийг буруугаар өөрчилсөн үндэслэлгүй шийдвэр болохыг давж заалдах шатны шүүх буруушаан тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Харин хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа томилогдсон шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараах шийдвэрийн үндэслэлийг хянах нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудал юм.