Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 182

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг, улсын яллагч Н.Булганчимэг, хохирогч Н.Ууганчимэг, түүний өмгөөлөгч О.Эрдэнэтогтох (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1-113), шүүгдэгч Д.Өлзийхишиг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-317), Д.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1-866) нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Чулуунчууд овогт Дагвын Өлзийхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2400 1022 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чулуунчууд овогт Дагвын Өлзийхишиг, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд 1964 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 34 тоотод оршин суудаг, МБ64082504 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжинд Тоёота Королла загварын 17-69 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Н.Ууганчимэгийг мөргөж бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 17-69 УБЕ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Э.Бямбацогтыг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжинд хөлсөөр хүргэж өгчээ. Тэрээр тус гудамжнаас хөдлөн явах гэтэл түүний тээврийн хэрэгсэл асахгүй байсан учир Э.Бямбацогтыг түрээд өгөөч гэж дуудсан байна. Харин Э.Бямбацогт тээврийн хэрэгсэл нь автомат хурдны хайрцагтай бол түрээд асахгүй гэж хэлсэн боловч Д.Өлзийхишиг нь машиндаа сууж хэвгий газар байрласан, асаагүй буюу тормозны механизм бүрэн ажиллах боломжгүй байсан машиныхаа хурдны хайрцагийн тохиргоог зогсолтын (P) горимоос суллаж, өнхрөх (N) горимд шилжүүлсний улмаас 17-69 УБЕ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл өөрийн бүх жингээр, уруу газар урагш өнхөрч Н.Ууганчимэгийг хашаатай хавсран мөргөж, түүний бие махбодод чээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн уушгины бүрэн авчилт, чээжний хөндий дэх цус хуралдалт, чээжний зүүн талд 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, зүүн чихний няцарсан шарх, зүүн шуу, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Өлзийхишиг: Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10 дугаар хорооллын автобусны буудлаас гурван хүн авсан. Тэр гурван хүнийг миний машинд суух үед согтуу гэдгийг нь мэдээгүй. Тэдгээр хүмүүсийн хоёр нь замдаа буюу Баянхошууны тойргийн орчимд буусан. Харин үлдсэн нэг нь зүүн салаа руу явсан. Тэр хүн бол хохирогч Ууганчимэгийн нөхөр Бямбацогт байдаг юм. Бямбацогт гэрийнхээ гадна очоод мөнгө байхгүй гээд бидний хооронд маргаан үүссэн. Би түүний гэр рүү дагаж ороод бие муутай хүүхэдтэй гэж хүнд хэцүү байдлаа хэлсэн боловч Бямбацогт намайг заамдаж, гэрээс гаргахаар түлхсэн. Харин энэ үед Ууганчимэг салгаж, нөхрөө холдуулсан. Тэгээд маргааш нь төлбөрөө төлөхөөр болоод иргэний үнэмлэхээ барьцаанд өгсөн. Түүнийг нь аваад машин дээрээ иртэл машин маань асахгүй байсан, би яах учраа олохгүй машиныхаа дэргэд зогсож байтал Ууганчимэг гарч ирээд яасан бэ эгчээ гэхэд нь би машин асахгүй яадаг юм билээ гээд гайхаад зогсож байна гэж хариулаад бид хоёр харилцан ярилцаад байж байсан. Тухайн үед бол газар хэвгий байсан учир би жаахан түрээд тэгшилбэл асдаг юм болов уу яадаг юм бол гэхэд Ууганчимэг би түрээд өгөх үү гэсэн. Тэгэхэд нь би хүүе яаж болох бэ, тогоон чинээ гэдэстэй хүн гэж яриад байж байтал Бямбацогт гэрээсээ яв авгай минь одоо чамд юу хэрэгтэй юм гээд орилоод, хашгичаад гараад ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандан одоо миний дүү уурлаад яах бэ бид ярилцаж, тохиролцоод болчихсон юм чинь гээд машин асахгүй байгаагаа хэлсэн. Үүн дээр тодотгож хэлэхэд, тэр үед бидний дунд автомат хурдны хайрцагтай машин асдаг, асдаггүй гэх яриа огт болоогүй. Тухайн үед бид гурав харилцан зөвшилцөөд энэ хоёр маань түлхэхээр болоод би машиндаа орж суусан. Гэтэл тэр хоёр машин түлхээд хөдлөөгүй. Тиймээс би бууж, гурвуулаа болоод хамт түлхсэн. Түлхэх үед би машиныхаа жолооч талд буюу Ууганчимэгийн зүүн гар талд зогссон. Тэгээд түлхэхэд машин нэг ухраад, дараа нь уруу газар байсан учир урагш өнхөрсөн. Тэгмэгц би машиныхаа жолооны хаалганы хажууд очоод цонхоороо гараа оруулаад, жолооны хүрдээ баруун гар тийш дарсан. Хэрэв зээ би баруун дарахгүй бол айлын гэр мөргөх гээд байсан учир тийм үйлдэл хийсэн. Баруун гар тийш дарж хэдэн метр яваад айлын хашаа мөргүүлж машинаа зогсоосон. Ингээд Ууганчимэг дээр гүйгээд очтол нурсан хашааны банзан дээр зүүн талаараа сууж байсан бөгөөд босож чадахгүй байсан. Тэр үед түүний гэрийн халаад дугуйн доогуур орсон байсан. Тэгээд Бямбацогттой нийлж Ууганчимэгийг босгох үед хашааны эзэн гарч ирсэн. Бид Ууганчимэгийг гэрт нь оруулаад орон дээр нь суулгаад би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд Ууганчимэгийг аваад явсан. Харин би хэргийн газарт цагдаа нарт мэдүүлэг өгөхөөр үлдсэн. Би уг машиныг 2014 оноос хойш жолоодож байгаа бөгөөд машин яагаад асаагүйг мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд шалгах үед хэвийн асаж байсан. Би жолооны курст сурч байхдаа техникийн хичээлд суугаагүй. Тухайн үед ажил ихтэй байсан тул зарим хичээлдээ суудаггүй байсан. Би машиндаа суугаад машиныхаа арааг P  горимоос N горим руу шилжүүлсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. дахь заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас болж Ууганчимэгийн биед гэмтэл учирсан гэж үзэж байна. Иймд хохирогч Ууганчимэгийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг зарцуулсан бөгөөд баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Миний хувьд хохирогч Ууганчимэгийн хавирганы хугарал гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Хохирогч Н.Ууганчимэг: Миний бие тухайн үед жирэмсэн, төрөхөд ойролцоогоор 7-10 хоног дутуу байсан. Тодруулбал, эмнэлгээс 10 дугаар сарын 9-ний өдөр хийсвэр хагалгаанд оруулж төрүүлэх төлөвлөгөө гаргасан байсан юм. Тэр үед намайг жирэмсний чөлөө (декрет)-ний мөнгөө авчихсан гэж бодоод манай нөхөр мөнгөгүйгээр такси бариад ирсэн юм билээ. Тэгээд би жолооч эгчид мөнгө байхгүй талаараа учирлаж хэлээд маргааш мөнгийг нь авчихаач ээ гэсэн боловч тэр эгч уурлаад өвчтэй, зовлонтой хүүхэдтэй хэцүү байна гэсэн. Тэгээд манай гэрт орж ирээд манай нөхөртэй маргалдаад би заавал мөнгөө авч байж явна гэж хэлээд дайраад байсан. Нөхөр маань уг нь маргааш ажил дээрээс авчих, хоёр нугалаад төлье гэсэн боловч жолооч эгч зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр нь би маргааш таныг хаана байгаа газарт тань өөрийн биеэр аваачиж өгье гэж хэлээд тайвшруулаад, манай нөхөр иргэний үнэмлэхээ өгөөд гаргасан. Тэр үед манай нөхөр жолооч эгчийг заамдсан, зодсон зүйл огт болоогүй бөгөөд харин гэрээс гар гээд түлхсэн нь үнэн. Ер нь бол жолооч эгч манай гэрт байхдаа таксины мөнгө өгч чадахгүй арчаагүй юмнууд гээд өөрөө л дайрч давшлаад байсан учир манай нөхөр гэрт хоёр нялх хүүхэд унтаж байна, дээр нь бас жирэмсэн эхнэрийг маань хүндлээд гарчих гэж хэлээд түлхсэн. Тэгээд тэр эгч уурлаад хаалга саваад гараад явсан бөгөөд удалгүй түс хийх чимээ гарахаар нь би гараад очтол машин нь асахгүй байна, нөхрөө дууд машин түрүүлье гэхэд нь би согтуу хүнээр яаж түрүүлэх бэ, эсхүл би дэмнэх үү гээд яриад зогсож байтал манай нөхөр гараад ирсэн. Нөхөр маань жолооч эгчээс автомат юм уу, механик юм уу гэхэд жолооч эгч автомат гэж хариулсан. Тэгэхэд нь манай нөхөр хэрэв автомат юм бол түрээд асна гэсэн ойлголт байхгүй гэсэн. Гэтэл Өлзийхишиг эгч машиндаа орж суугаад машин нь өөдөөс өнхрөөд ирсэн. Би тухайн үед үсрээд унахаар нь нөхрөө мөргүүлчихлээ гэж бодтол нэг мэдсэн би хашаа, машин хоёрын завсар хэвтэж байсан. Би яаж мөргүүлснээ мэдээгүй бөгөөд тэр үед хэсэг хугацаанд ухаан алдсан юм шиг байгаа юм. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор юуны өмнө гэдсээ л тэвэрч, тэмтэрч үзсэн бөгөөд хэвийн байхаар нь маш их баярласан. (уйлав) Тэр үед чих ханзарсан, доод үүдэн шүдний завсараар хэл орохуйц зай гарчихсан байсан бөгөөд тэр нь эрүүний хугарал байсан юм билээ. Мөн амьсгалж ч чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү явсан бөгөөд тэр хооронд дүү нараа дуудсан. Би эмнэлэг рүү явахдаа хөл дээрээ ч гишгэж чадахгүй байсан тул түрдэг тэргэн дээр суугаагаараа гэмтлийн эмчид үзүүлсэн. Гэмтлийн эмч нэн даруй эх нялхсын эмчид үзүүл гэсэн. Тухайн үед энэ хүмүүст зөөлөн эдийн гэмтэл гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд Эх нялхсын эмнэлэгт үзүүлэхэд ураг хэвийн гэсэн бөгөөд шөнийн 4 цаг өнгөрчихсөн, мөн хөл дээрээ ч явж чадахгүй байсан тул дүүгийндээ очсон. 2015 оны 10 дугаар сарын 05-нд томографийн зураг авахуулсан. Тухайн үед хагас, бүтэнсайн өдөр таарсан учир авахуулалгүй хугацаа алдсан. Тэр үед Өлзийхишиг нэг зураг барьчихсан гэмтэлгүй байсан хүн яахаараа гэмтэлтэй болчихдог юм гээд эмнэлэг дээр хэрүүл хийгээд явж байгааг дүү нар маань хэлсэн. Би тэр үед биеэ л бодож байсан болохоор энэ хүн хаагуур, юу хийгээд явааг анхаарах сөхөөгүй байсан. Би намайг мөргөсөн хүнийг эмчилгээний зардлаа өгнө, ийм байдал үүснэ гэж бодоогүй учир эмчилгээний баримтаа бүрдүүлээгүй юм. Энэ хүний үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, өдийг хүртэл өөрийн гэмтлийг үгүйсгүүлж яваадаа маш их гомдолтой байна. Хохиролд нийт 205.000 төгрөг хүлээн авсан. Миний хувьд эмчилгээний зардал болон өмгөөлөгчид төлсөн хөлсөө шүүгдэгч Д.Өлзийхишигээс нэхэмжилнэ гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2015 2400 1022 дугаартай хэргээс)

Хохирогч Н.Ууганчимэгийн өгсөн: ...Нөгөө таксины эгч нөхрөө дуудчих машин түрээдхээч гэхээр нь манай нөхөр согтуу байна, унтах гэж байгаа хүнээр яаж машин түрүүлэх вэ дээ гэсэн чинь манай нөхөр гэрээсээ гараад ирсэн. Тэгээд манай нөхөр автомат юм уу, механик юм уу гэсэн чинь автомат гэсэн автомат юм чинь түрж болохгүй шүү дээ эгч минь гэсэн чинь нөгөө эгч юу ч гэсэн эргүүлээдэхье гээд машин дотроо ороод суусан тэгсэн гэнэт машин нь уруу газар учраас өөдөөс өнхрөөд ороод ирэхээр нь манай нөхөр гэрээ дайруулахгүй гээд л урдаас нь гараараа тулсан тэгээд цаашаа юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хажуу айлын хашаа нураад би машин, хашаа хоёрын завсар хэвтэж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас),

Гэрч Н.Ууганбаярын өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22 цаг 30 минутын үед гэртээ байж байтал гадаа тас хийх чимээ гарахаар нь гараад хартал Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл манай хашааг мөргөөд зогсчихсон нэг хүн орилж байсан. Тэгээд яваад очтол манай урд айлын эмэгтэй хашаа руу зүүн талаараа налаад суучихсан халаадных нь хормой машины урд дугуйн доор дайрагдчихсан байдалтай байж байсан. Тэр эмэгтэйн чихнээс нь цус гоожсон байсан бөгөөд түүнийг босгох гэтэл орилоод босохгүй байсан. Тэгээд нөхөр нь татаж байгаад босгоод гэр рүүгээ аваад орсон..., манай хашааг дайрсан машины жолооч хашааны банзыг босгож өгсөн тул үнэлгээ хийлгэхгүй, нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хууудас),

Гэрч Б.Өлзийхишигийн өгсөн: 2015 оны 9 дүгээр 30-ны орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ амарч байтал хүн амьтан орилолдоод хашаа түс тас хийх чимээ гарсан. Тэгээд би нөхөр Ууганбаярын хамт гэрээсээ гарч очтол Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл манай хашааг мөргөөд нураачихсан, машины урд буферийн баруун гар талд дугуйн харалдаа Ууганчимэг хэвтчихсэн байдалтай байж байсан. Тэгээд Ууганчимэг орилоод байхаар нь би шууд цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Осол аваар хэрхэн яаж болсон талаар хараагүй, мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),

Гэрч Э.Бямбацогтын өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө такси бариад гэртээ харьсан юм. Тэгсэн жолооч эмэгтэй 8000 төгрөг нэхсэн тэгэхээр нь мөнгөгүй байсан учир мөнгөө маргааш өгчихье гэсэн чинь мөнгөө нэхээд байсан. Тэгээд хоорондоо маргалдаад би гэрээсээ хөөж гаргасан. Гэтэл жолооч гарахдаа машин цохисон бололтой дуу гарсан тул эхнэр араас нь гарсан. Тэгээд удаад байхаар нь араас нь гараад очтол жолооч эмэгтэй машин асахгүй байна та хоёр түлхээдэх гэсэн. Тэгэхээр нь би эгчээ машин чинь автомат юм уу, механик юм уу гэсэн чинь автомат гэж хариулахаар нь тэгвэл наадах чинь түрж асах тухай ойлголт байхгүй шүү гэж хэлээд машиных нь урд зогсож байтал машинаа нетраль дээр нь тавиад бид хоёрын өөдөөс алдчихсан. Тэр үед би хоёр гараараа машины урдаас тулаад хойшоо үсэрсэн. Тэгээд эхнэрийг маань хамаад аваад явчихсан тэгээд би босоод хартал эхнэр маань машин, хашаа хоёрын завсар хавчигдаад, нурсан хашаан дээр хэвтэж байсан. Би эхнэр дээрээ очоод дуудсан чинь ухаан орсон. Тэр үед завжнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд босоорой гээд татсан чинь би өөрөө босъё гээд боссон бөгөөд би түүнийг шууд гэр рүүгээ аваад орсон. Энэ үед хажуу айлын Ууганбаяр цагдаа болон түргэн тусламжийн дуудлага өгсөн байсан. Машин нь асахгүй байна л гэж хэлж байсан. Түүнээс биш миний хажууд асаах оролдлого хийгээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас),

Гэрч Э.Баасансүрэн (ГССҮТ-ийн жижүүрийн эмч)-ийн өгсөн: Ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу 00 цаг 55 минутад 36 настай Найдандоржийн Ууганчимэг гэх эмэгтэй хашаатай хавсарч, машинд мөргүүлсэн гэх асуумжтай ирсэн. Үзлэгээр, өвчтөн 7 сартай жирэмсэн буюу төрөх дөхсөн байсан. Өвчтөн чээж болон толгойгоор өвдөнө гэсэн зовиуртай байсан. Тэгээд өвчтөнд үзлэг хийж, толгой, чээж, нуруу, аарцагны рентген зураг авахуулж үзэхэд илт хугарал харагдаагүй. Мөн жижүүрийн ахлах эмчийг дуудаж үзүүлэхэд өвчтөнд яаралтай хэвтүүлэх гэмтэл тогтоогдохгүй байгаа тул дахин онош тодруулахаар үзүүлэх шаардлагатай гэсэн. Түүнд нь Толгойн компьютер томограф, чээж гэрэлд харах, хэвлийн ЭХО гэсэн шинжилгээ төлөвлөсөн. Нэн тэргүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандаж, эх хүүхдийн эрүүл мэндийг үзүүлэх шаардлагатай байсан. Тэгээд маргааш нь онош тодруулаад хэвтэх шаардлагатай бол хэвтүүлнэ гэж хэлээд утасны дугаарыг нь авч үлдээд явуулсан. Тухайн үед зүүн чих шархтай байсан бөгөөд түүнийг нь боосон. Мөн өвчин намдаах тариа хийсэн. Анхны тусламжийн тасагт рентген зургаас далд зөрүүгүй хугарал харагдах боломжгүй байж болно. Ийм учраас онош тодруулах шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн. Анхны үзлэгээр зүүн чихний шархтай, толгой өвдөнө, чээжээр эмзэглэлтэй гэсэн зовиур илэрсэн байна. Нэн яаралтай эх хүүхдийн асуудлыг шийдэх шаардлагатай байсан, хоёрдугаарт маргааш нь онош тодруулах, эргэж үзүүлэх, шаардлагатай бол хэвтэж болно гэж  хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 81 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14247 дугаартай: Н.Ууганчимэгийн биед чээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн уушгины бүрэн авчилт, чээжний хөндий дэх хий цус хуралдалт, доод эрүүний ооч хэсгийн далд зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн чихний няцарсан шарх, зүүн шуу, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 536 дугаартай: Н.Ууганчимэгийн биед чээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн уушгины бүрэн авчилт, чээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, чээжний зүүн талд 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал, доод эрүүний ооч хэсгийн далд зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн чихний няцарсан шарх, зүүн шуу, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Н.Ууганчимэгийн чээжний зүүн талд 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсэх боломжтой... гэх дүгнэлт (хх-ийн 101 дүгээр хуудас),

Шинжээч А.Амгаланболдын өгсөн: Үзүүлэгч Н.Ууганчимэгийн биед учирсан чээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн уушгины бүрэн авчилт, чээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, чээжний зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал, доод эрүүний ооч хэсгийн далд зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн чихний няцарсан шарх, зүүн шуу, баруун шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийн үед гэрийн нөхцөлд байх боломжтой боловч маш их зовиуртай байна. Зовиур нь чээжээр өвдөнө (маш их). Амьсгал бүрэн авч чадахгүй өнгөц олон удаа амьсгаа авах буюу амьсгаадна, эрүү хугарсан учир юм идэж чадахгүй зэрэг зовиурууд илрэнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 102 дугаар хуудас),

Техникийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 803 дугаартай: ...хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд 17-69 УБЕ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Өлзийхишиг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Ууганчимэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна... гэх дүгнэлт (хх-ийн 42 дугаар хуудас),

Техникийн шинжээч В.Балжиннямын өгсөн: Уг осол хэрэг гарахад хохирогч, гэрч нарын мэдүүлгээр асахгүй байсан тээврийн хэрэгслийг түрж албадан асаах гэж тээврийн хэрэгслийг хөдөлгөж, хөдөлгөөн эхэлсэн нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Жолооч, зам орчны байдалд хөдөлгөөнд оролцохдоо аюул осолтой байдал үүсгэхгүй аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй учраас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөр байдлаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байсан. Дээрх заалтыг зөрчсөн нь хохирогч гэмтэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу осол гарах шалтгаан болсон гэж үзсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 85  дугаар хуудас),

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай: 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 803 дугаартай цагдаагийн ахмад В.Балжиннямын гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 17-69 УБЕ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Өлзийхишиг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Ууганчимэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна... гэх дүгнэлт (хх-ийн 87 дугаар хуудас),

Техникийн шинжээч Б.Гомбосүрэнгийн өгсөн: Жолооч Д.Өлзийхишиг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн үндэслэл нь унтраад асахгүй байгаа автомат кроптой Тоёота Королла загварын 17-39 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрж буюу өнхрүүлж асаах гэж оролдож байгаа үйлдэл нь бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ер нь автомат кроптой машиныг өнхрүүлээд хэзээ ч асахгүй. Үүнээс улбаалаад тормозны систем ажиллахгүй, мөн жолоодоход хүндрэл учрах тул зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бий болсон гэж үзэж байгаа юм… гэх мэдүүлэг (хх-ийн 118 дугаар хуудас)

Хохирогч Н.Ууганчимэгийн өгсөн: Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 2 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.5 сая төгрөг болсон ба нийлээд 4.5 сая төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа ерөөсөө цуглуулаагүй. Одоо бол эмчилгээ хийлгэсэн баримтууд байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 116 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг тал бүрээс нь бүрэн гүйцэт хийсэн, прокурорын зүйлчлэл хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учирсан гэмтлийг үгүйсгэж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгосонгүй.

Нотолгоо ба няцаалтын талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг шүүмжлэлийн шатанд өмгөөлөл явуулахдаа: Миний үйлчлүүлэгч Д.Өлзийхишигийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. буюу ерөнхий заалтаар буруутгаж байгаа, мөн тэрээр жолооны ард суугаагүй, түлхэж байсан, машин асаагүй байсан тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй. Тэрээр техниктэй харьцах нарийн мэдлэггүй, жолооны шалгалтад суралцагчийн техникийн мэдлэгийг шалгадаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Өлзийхишигийг цагаатгаж өгнө үү гэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн аль нэгэн заалтыг зөрчсөний улмаас учирсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ нь энэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэх шалгуур болдог. Тодруулбал, энэ гэмт хэргийг зүйлчлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг заалт, эсхүл тусгай заалтыг зөрчсөн хэмээн ялгаатай авч үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хууль тогтоогч: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн тусгай субьект болох жолооч гэдэгт жолоодох эрхийн үнэмлэхтэй болон үнэмлэхгүй аливаа этгээдийг хамааруулна хэмээн тайлбарласан тул шүүгдэгч техникийн мэдлэгтэй байсан эсэхийг үл харгалзана.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.Өлзийхишигийг хайхрамжгүй хандаж гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж буй этгээд түүнийг аюулгүй байлгаж, бусдад аюул хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүй байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой боловч мэдэлгүй хийсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг аюулгүй байлгах буюу асаагүй байх үед автомат хурдны хайрцаг бүхий тээврийн хэрэгслийг сул өнхрөх горимд шилжүүлснээр уруу газар өнхөрдөг, тормозны болон жолооны механизмд хүндрэл гардаг зэргийг мэдэх ёстой боловч шүүгдэгч Д.Өлзийхишиг мэдэлгүй хийж, хохирогч Н.Ууганчимэгт хүнд хор уршиг учруулжээ.

Шүүгдэгч Д.Өлзийхишигийн өгсөн: ...Би жолооны курст сурч байхдаа техникийн хичээлд суугаагүй. Тухайн үед ажил ихтэй байсан тул зарим хичээлдээ суудаггүй байсан. Би машиндаа суугаад машиныхаа арааг P горимоос нетраль буюу N горим руу шилжүүлсэн... гэх мэдүүлэг (шүүхийн хэлэлцүүлэгт)

Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь хэрэг гарах үед машинаас буучихсан байсан хэмээн мэдүүлдэг боловч шүүхээс дараах нотлох баримтыг үндэслэн түүнийг тээврийн хэрэгслээс буугаагүй бөгөөд жолооны ард байх үедээ хурдны хайрцагийн тохиргоог сул өнхрөх горимд шилжүүлсний улмаас тээврийн хэрэгслээ уруу газар алдаж, хохирогч Н.Ууганчимэгийг мөргөсөн гэж шүүх үзлээ.

- Хохирогч Н.Ууганчимэгийн өгсөн: ...Тэгэхэд нь манай нөхөр хэрэв автомат юм бол түрээд асна гэсэн ойлголт байхгүй гэсэн. Гэтэл Өлзийхишиг эгч машиндаа орж суугаад машин нь өөдөөс өнхрөөд ирсэн... гэх мэдүүлэг (шүүхийн хэлэлцүүлэгт),

- ...Тэгээд манай нөхөр автомат юм уу, механик юм уу гэсэн чинь нөгөө эгч юу ч гэсэн эргүүлээдэхье гээд машин дотроо суусан. Тэгсэн гэнэт машин нь уруу газар учраас өөдөөс өнхрөөд ороод ирэхээр нь манай нөхөр гэрээ дайруулахгүй гээд л урдаас нь гараараа тулсан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүллэг (хх-ийн 25 дугаар хуудас),

- Гэрч Э.Бямбацогтын өгсөн: ... Тэгэхээр нь би эгчээ машин чинь автомат юм уу, механик юм уу гэсэн чинь автомат гэж хариулахаар нь тэгвэл наадах чинь түрж асах тухай ойлголт байхгүй шүү гэж хэлээд машиных нь урд зогсож байтал машинаа нетраль дээр нь тавиад бид хоёрын өөдөөс алдчихсан... гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас)

Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр хэрэг гарсан гудамж нь хэвгий газар байсан гэх бөгөөд тээврийн хэрэгсэл урагш өнхөрсөн байгаагаас дүгнэвэл тээврийн хэрэгслийн хамар тонгойсон байрлалтай байжээ. Шүүгдэгч Д.Өлзийхишиг тээврийн хэрэгслийн хурдны хайрцагийн тохиргоог N дээр буюу сул өнхрөх горимд шилжүүлсэн үед тэрээр машинаас буухаар тормозны гишгүүрээс хөлөө авмагц өнхөрөх хөдөлгөөн эхлэх нь илэрхий үйл баримт юм. Иймд түүнийг тээврийн хэрэгслээс буугаагүй, Э.Бямбацогт, Н.Ууганчимэг нартай хамтран машинаа урдаас хойш буюу өгсүүлэн түрэх үйлдэл хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүмжлэлийн шатанд өмгөөлөл явуулахдаа: Хохирогчийн биед учирсан гэмтлийн хувьд маргаантай байх тул Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарыг байцаах, хохирогчийн биед дахин рентген зураг авахуулах, хохирогчийн өмсөж явсан халаадыг эд мөрийн баримтаар хураах, гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон Э.Бямбацогтын үйлдлийг шалгуулах зэрэг ажиллагаа хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь хохирогчийн биед учирсан гэмтлийг үгүйсгэн мэтгэлцсэн боловч түүний өмгөөллийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14247 дугаартай, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 536 дугаартай дүгнэлтүүд болон шинжээч эмч А.Амгаланболд, гэрч Э.Баасансүрэн нарын мэдүүлэг няцаан үгүйсгэж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар энэ хэрэгт хохирогчийн өмсөж явсан хувцас нь хамааралтай, хохирогч урт хормой бүхий халаадтай байсан тул өөрөө дугуйн доогуур орсон мэтээр мэдүүлэг өгч, өмгөөлөл явуулсан нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг, хуулиар баталгаажуулсан эрх чөлөөнд харшилж байх ба нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Өлзийхишиг нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг аюулгүй байлгаж чадаагүй, тэрээр тээврийн хэрэгсэлтэй харьцах, түүнийг ашиглах наад захын мэдлэг, ойлголтгүй байсны улмаас хүнд хор уршиг амссан 9 сартай жирэмсэн эмэгтэйг өмсөж явсан хувцасаар нь буруутгах хууль зүйн үндэслэл алга.

Мөн Д.Өлзийхишигийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь түүний тээврийн хэрэгсэл жолоодох болон ашиглах мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой тул энэ хэрэгт Э.Бямбацогтын таксины төлбөр төлөөгүй үйлдлийг хамтатган шалгах шаардлагагүй гэж үзнэ. Хэрэв Э.Бямбацогтын таксины төлбөр төлөөгүй үйлдлийг энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл гэж үзвэл гэм буруугийн хэлбэр, гэмт санаа, зорилгыг харгалзан өөр төрлийн гэмт хэрэгт хамааруулна. Харин энэ хэрэгт шүүгдэгч Д.Өлзийхишиг зориудаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна. 

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт, нотолгоо ба няцаалтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Өлзийхишигийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлснийг ял хөнгөрүүлэх, жирэмсэн эмэгтэйн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Д.Өлзийхишигийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Шүүгдэгч Д.Өлзийхишиг нь хохирогч Н.Ууганчимэгт нийт 205.000 (хоёр зуун таван мянга) төгрөг төлсөн баримт хэрэгт байх бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаан үүсээгүй тул үүнийг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч Н.Ууганчимэг нь өөрийн эмчилгээнд зарцуулсан зардлын баримтаа бүрдүүлээгүй байх тул түүний эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээний зардлын баримтаа нөхөн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдлаа.

Харин хохирогч Н.Ууганчимэг нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ дагуу өмгөөлөгч О.Эрдэнэтогтохыг сонгон авч, түүнтэй хууль туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөд 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг төлснийг зайлшгүй гарсан зардал гэж үзэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй хэмээн дүгнэв.

Гэмт хэрэг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гарсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ууганчимэг учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авчээ. Тэр үед тэрээр 9 сартай жирэмсэн байсан байх ба улмаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсвэр хагалгаа хийлгэн хүүхдээ төрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн боловч Н.Ууганчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тус хэрэгт хохирогчоор тогтоогдож чадаагүй, хуульд заасан эрх, ашиг сонирхлоо хамгаалан оролцох боломжгүй байсан болох нь хэргийн байдал, мөрдөн байцаалтын ажиллагааны талаарх хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Гэтэл прокуророос тус хэргийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор хохирогч Н.Ууганчимэг нь бусдаас хууль зүйн туслалцаа хүсэж, өмгөөлөгч О.Эрдэнэтогтохтой гэрээ байгуулсан байна.

Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу хохирогч жирэмсэн байсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хүнд зэргийн гэмтэл, улмаар хийсвэр хагалгаа хийлгэн хүүхэд төрүүлсэн, нярай хүүхдээ асарч байсан зэрэг эрүүл мэндийн болон бусад нөхцөл байдлаас улбаалсан, мөн уг хэргийг хэрэгсэхгүй болгосон үр дагавараас үүдэлтэйгээр хохирогч Н.Ууганчимэгт бусдаас хууль зүйн туслалцаа авах хэрэгцээ тулгарсан байх тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг зайлшгүй гарсан зардал гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Өлзийхишигийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, тэрээр хохирогч Н.Ууганчимэгт 205.000 төгрөгийн хохирол төлснийг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийхишигийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.

Шүүгдэгч Д.Өлзийхишигийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул түүний 893163 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд шилжүүллээ.

Шүүгдэгч Д.Өлзийхишигт хорих ял оногдуулсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ял буюу хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг тогтоолд дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Чулуунчууд овогт Дагвын Өлзийхишигийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Д.Өлзийхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар Д.Өлзийхишигт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт хураагдсан Д.Өлзийхишигийн 893163 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Өлзийхишигийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, тэрээр хохирогч Н.Ууганчимэгт 205.000 төгрөгийн хохирол төлснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийхишигийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийхишигээс 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч Н.Ууганчимэг (Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-76 тоот, РД:ЙЕ79032304, утас: 96004556, 99287100)-т олгож, хохирогч Н.Ууганчимэг нь цаашид эмчилгээний зардлын баримтаа нөхөн бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Өлзийхишигт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийхишигт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн буюу хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Өлзийхишигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                            Б.БАТАА