Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00013

 

 Наранталст ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо ******* тоотод байрлалтай ******* ХХК /*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Дэнжийн шинэ хэсгийн *******тоотод оршин суух ******* /РД:*******/-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р, хариуцагчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

.... ******* ХХК 2014 оны 4 дүгээр сард тендерт оролцож ялаад Хүнс хөдөө аж ахуйн яамтай Завхан аймгийн Завханмандал сумд 2 ширхэг худаг гаргахаар 34.740.000 төгрөгийн гэрээ хийсэн. Тендерт оролцогч ******* ХХК-ийн хувьд тухайн газарт очиж худаг гаргах гэхээр зардал өндөр тендерт оролцсон үнийн дүнгээс илүү гаргах ашиггүй нөхцөл байдал үүсэх байсан учраас орон нутгийн туслан гүйцэтгэх байгууллагыг судалсан байдаг.

Тухайн үед Завхан аймгийн иргэн Н.тэй холбогдож тухайн 2 худгийн ажлыг 27.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр утсаар ярьж тохиролцсон байдаг. Үүний дагуу Н.д 16.000.000 төгрөг, Э.д 6.000.000 төгрөгийн бараа материал эд хөрөнгийг ажлын гүйцэтгэлийн төлбөрт тооцуулахаар өгсөн ... 5.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоог 2016 ондоо багтааж дуусгана гэсэн баримт байдаг. Уг баримтын дагуу 2016 ондоо багтаагаад үлдэгдэл 5.000.000 төгрөгийн Н.гийн данс руу шилжүүлсэн байдаг. Худгийн ажлыг гүйцэтгээд захиалагч байгууллага болох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэж өгөх ёстой байсан ... Н., Э. нар нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 худгийг хүлээж авч акт үйлдсэн талаарх баримтыг ******* ХХК-ийн захирал П.т авчирч өгсөн байдаг ... гэтэл 2017 оны 3 сард Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас П. руу Завхан аймгийн Завханмандал сумд гаргасан 2 худаг шаардлага хангахгүй байна, өөрөөр хэлбэл худаг гаргаагүй байна, худаг гаргаагүй байхад акт үйлдсэн асуудал яригдаж байна гэж хэлсэн ... ******* ХХК-ийн захирал П. тухайн орон нутагт нь худаг гаргасан талаар очиж үзэхэд актын дагуу худаг гаргаагүй, тухайн акт нь бодит биш байсан ... Н. одоо 12.000.000 төгрөгийг нэмээд өгчих тэгвэл энэ 2 худгийн ажлыг дуусгах боломжтой байна гэж хэлсний дагуу 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн ... гэтэл үүний дагуу 2 худгаа гаргаагүй ... ******* ХХК-ийн зүгээс Н. болон Э. нараас шилжүүлсэн мөнгө болон бусад бараа материалаа шаардсан. Э.ын хувьд энэ ажил үйлчилгээтэй холбоотой 6.000.000 төгрөгийн бараа материалыг авсан байж байгаад буцаагаад ******* ХХК захирал П.т хүлээлгэж өгсөн ... 39.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийн бараа материалыг ******* ХХК буцааж авсан. Тэгээд 33.000.000 төгрөг төгрөгөөс 11.000.000 төгрөгийн Н.гээс буцааж шилжүүлж авсан. Үлдэгдэлд 22.000.000 төгрөгийн асуудлаар шүүхээр гаргуулахаар нэхэмжилж байгаа ... бидний хувьд 22.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа вэ гэхээр эрүүгийн хэрэг дээр ******* ХХК гэрээний дагуу мөнгө хүлээж авсан учраас иргэний хариуцагчаар татагдаж 34.740.000 төгрөгийг ******* ХХК төлөх ёстой гэсэн шийтгэх тогтоол гарсан ... ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэтэл гүйцэтгэсэн ажлын үр дүн гараагүй. Үр дүн гарсан мэтээр хуурамчаар акт үйлдсэн энэ асуудал нь эрүүгийн хэргээр шалгагдаж хариуцагч Н. нь ял шийтгэл авсан ... бидний хувьд ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 22.000.000 төгрөгийн зөрүү байгаа учраас Н.гээс 22.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа ... гэв.

 Хариуцагч Н. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... Би ******* ХХК-тай худаг гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, би худаг гаргах ажлыг гүйцэтгэдэг субъект биш, би Завхан аймгийн Хөдөө аж ахуйн газарт худаг ус бэлчээрийн усан хангамж хариуцсан мэргэжилтэн хийж байсан хүн ... би ******* ХХК-тай худаг гаргахаар тохиролцоогүй ... ******* ХХК-ийн захирал П.ын зүгээс манай аймгийн Хөдөө аж ахуйн газар болон надад юу гэж хандсан бэ? гэхээр танай аймгийн Завханмандал сумд 2 худаг гаргах ажил гүйцэтгэхээр тендерт шалгарч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан. Үүнийгээ гүйцэтгэх гэсэн чинь өөрсдөө явах боломжгүй байна, танай орон нутагт худаг гаргах ажил гүйцэтгэж байгаа компани байна уу? бидэнд олж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. ... Би ******* ХХК-ийн энэ асуудлыг Э. даргад ярьж хэлсэн ... Завханмандал сумд тухайн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ХХК худаг гаргах ажил хийж байсан ... манай аймгийн Завханмандал сумд компани худаг гаргаж байгаа байна, энэ компаниар худгийн ажлаа хийж гүйцэтгүүлж болох юм байна гэдэг зүйлийг хэлсэн ... Ингэж ярьсны дараа ******* ХХК-ийн зүгээс Хишиг Юниверс ХХК-иар худаг гаргах ажлыг хийж гүйцэтгүүлье, та хоёр нутаг орноо мэдэж байгаа хүний хувьд яриад хийлгээд өгөөч гэж хэлсэн ... ХХК 2014 оны 11 сар хүртэл худаг гаргах ажлыг хийж байгаад нэг худаг гаргах ажил нь амжихгүй юм байна, нэг худгийг нь хийж гүйцэтгэлээ, нөгөө нэг худгийг нь нэг удаа өрөмдсөн чинь ус гарсангүй, хүсвэл нэг худаг гарах ажлыг нь ирэх хавар гаргаж өгье үгүй бол нэг худаг гаргах ажлын хөлсийг өгөөд ажлаа дуусгая гэж ярьсныг тухайн үед ******* ХХК мэдэж байсан ... ******* ХХК-ийн захирал П.тай холбогдож байж 16.000.000 төгрөгийг нь 2015 оны 01 дүгээр сард ХХК-д олгуулсан ... ******* ХХК 2016 онд 5.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, тэр мөнгийг ХХК шилжүүлж худаг гаргасан ажлын тооцоо дууссан ... энэ асуудал Авлигатай тэнцэх газарт шалгагдаад ирэхээр үлдсэн нэг худгийг өрөмдүүлээд өгөөч, цооногийг нь өрөмдөөд өгөх юм бол бид бүхэн дээд талын барилга байгууламжийг бид бүхэн барих боломжтой гээд 12.000.000 төгрөгийн 2017 онд надад шилжүүлсэн ... Тэсийн бүрд ХХК өөрсдийнх нь ажил амжихгүй байна гээд худгийн ажлыг гүйцэтгэж чадаагүй тэгээд би 12.000.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн ... надаас 22.000.000 төгрөг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ******* ХХК худгийн төлбөрийг өөрсдөө төлнө гэж байсан болохоос биш надаас гаргуулах ёстой гэсэн зүйл ярьж байгаагүй. Өнөөдөр яагаад ийм зүйл яриад байгааг би гайхаж байна ... ******* ХХК худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан гэтэл ХХК-иар хийлгэсэн ажил нь дараа нь хулгайд алдагдаад алга болсон төлбөрийн надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 22.000.000 төгрөгийг Наран талс ХХК-иас аваагүй, би худгийн ажлыг хийж гүйцэтгэхээр ******* ХХК-тэй гэрээ хэлцэл хийгээгүй би зөвхөн ******* ХХК-ийг ХХК-тай зуучилж өгсөн үүрэгтэй гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар хариуцагч ******* /РД:*******/-ээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК /*******/-нд олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.465 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс 271.465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож,

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/01983 дугаар шүүхийн шийдвэртэй иргэний хэрэг /36 хуудас/-ийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д./-т даалгаж, 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч *******" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа "хариуцагч Н.гээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөгийг гаргуулах", "ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 22 сая төгрөгийг гаргуулах гэсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Харин шүүхээс Иргэний хуулийн 343.1, 205.1, 225.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгч , нараар худаг гаргуулахаар тохиролцсон, аас 6 сая төгрөгийн бараа материал авсан учраас хариуцагчаар татаагүй гэж тайлбарладаг. Үүнийг ул харгалзан шүүхээс , "*******" ХХК нарын дунд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Ийнхүү гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч гэрээ нь хүчин төгөлдөр эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан нь хууль ёсны болж чадаагүй.

Мөн хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлүүлэхийг хүссэн. Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмжийг үзэхэд прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэх алдаа гарсан бөгөөд тэдгээр баримт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй гэсэн байдаг. Иймээс эрүүгийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.06-ны 140/ШШ2022/00300 дугаар шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Н. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд ******* ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй юм. Энэ асуудал 2014 онд эхлэхэд ******* ХХК болон Хишиг юниверс ХХК-нуудыг зуучилж өгсөн болохоос биш гэрээ байгуулсан зүйл байхгүй байгаа. Үүнийгээ эрүүгийн хэрэг дээрээ ч ******* ХХК-ийн захирал т илэрхийлсэн байгаа. Гэтэл намайг ******* ХХК-тай худгийг гаргаж өгөхөөр зөвшөөрч гэрээ байгуулсан мэтээр иргэний хэрэг дээр үзэж нэхэмжлэх талаас тайлбарлаж буруутгасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би ******* ХХК-ийг 2014 онд надад орон нутагт чинь энэ ажлыг хийх мэргэжлийн компани байна уу? гэдэг хүсэлтийнх нь дагуу ХХК-ийг хийж байна гээд холбож өгсөн. Тэгээд уг ажлынхаа төлбөр тооцоог ******* ХХК нь ХХК-д урьдчилгаа өгөлгүй хийлгэчхээд хийсэн ажлын төлбөр тооцоог өгөхгүй удсанаасаа болж ХХК нь намайг зуучилж өгсөн хүний хувьд ******* ХХК-иас бидний хийсэн ажлын төлбөр тооцоог нэхэмжилж хэлж ярьж өгөөч гэдэг шахалт, шаардлагыг учруулсан учраас тухайн үед бид 2 ******* ХХК-д энэ талаар шаардаж ХХК-д 16.0 сая төгрөгийг олгуулсан байгаа. 16.0 сая төгрөгийг олгуулахдаа би өөрийн дансаараа авсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хурал дээр намайг авсан байна гэж дүгнэсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд төлбөр тооцоо нийлэх акт үйлдсэн ба утга нь ******* ХХК-ийн хийлгэсэн ажлын төлбөрийн үлдэгдлийг төлөх байсан. Үүнд гол нотлох баримт болоод байгаа төлбөрийн үлдэгдэл 5.0 сая төгрөгийг 2016 ондоо манай компани багтааж төлнө хуулийн байгууллагаар явалгүй байж байгаач гэдэг хүсэлтийг ******* ХХК-иас гаргаад түүнийг нь тусгасан тооцоо нийлсэн акт, тэмдэглэл үйлдсэн байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н.гийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журамтай.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "хариуцагч Н.гээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөгийг гаргуулах" гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзах тухай огт яригдаагүй гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь тус гэрээг , нартай байгуулсан гэж тайлбарладаг. ыг хариуцагчаар татаагүй шалтгаанаа 5.0 сая төгрөгийн бараа материалыг буцааж өгсөн гэдэг. Гэтэл шүүх яагаад , ******* ХХК гэсэн хоёр этгээдийн хооронд гэрээ байгуулсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж дүгнэж байгаа юм бол тухайн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр эсэхийг нь шалгах шаардлагатай байдаг. Үүнийг шалгаагүй, гэрээ хүчин төгөлдөр гэж үзээд нэхэмжлэлийг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д албан тушаалтан албан үүргээ биелүүлэхдээ өөрийн болон өөрт нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, гэрээнд оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.

Хариуцагчийн тухайд нийтийн албан тушаалтан байсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэдэг гэмт хэрэгт буруутайд тооцогдож хариуцлага хүлээсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1-т хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцдог. Иймд Н.гээр төрийн албан хаагчаар худаг бариулах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзсэн ч энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж 22.0 сая төгрөгийг Н.гээс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр ******* ХХК-ний захирал нь Н.тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зүйл байхгүй гэдгийг тайлбарлаж хэлж байсан.

Шүүх хуралдааны оролцогч шүүх хуралдаанд үнэн зөв, шударга тайлбар өгөх үүрэг хүлээж тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн нь хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн нотлох баримтын тухайд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд авагдсан баримтуудыг Иргэний хэргийн шүүх шууд нотлох баримтаар тооцож үнэлж байгаа нь алдаатай байна гэсэн зөвлөмж байдаг. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат буюу шүүхээс өмнөх шатанд хийгдэж байгаа тухайн баримтуудын тухайд гэж шүүх зөвлөмж өгсөн байхад ерөөсөө эрүүгийн хэрэгт авагдсан баримт байх юм бол шүүх хурлын тэмдэглэл нь ч байсан нотлох баримт болж чадахгүй, үүнийг үнэлэхгүй гэж байгаа нь хууль ёсны байж чадаагүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч маань төлбөр тооцоо хийсэн баримт үйлдээгүй бол өмнө нь өгсөн авсан бүх зүйлээсээ бултах санаа зорилго агуулж байна. Төлбөр тооцоо хийсэн баримт нь дээр хариуцагч өөрөө гарын үсэг зурж баримтжуулсан байгаа.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг шаардлагыг үгүйсгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.26 дугаар зүйлд зааснаар эрхээ эдэлж, нэхэмжлэлийн шаардлагын эсрэг сөрөг шаардлага буюу төлбөр тооцоо хийсэн тэмдэглэлийг үгүйсгэх, хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрх нь бүрэн нээлттэй байсан.

Хариуцагч нь тухайн гэрээг байгуулаагүй гэдгийг үгүйсгэх маш том баримт байгаа. Энэ нь эрүүгийн журмаар хариуцлага хүлээсэн хүн байгаа. Би мөнгө аваагүй гэсэн зүйл тайлбарласан байгаа гэтэл өөрийнх нь данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд байгаа ба үүнийг үгүйсгэх ямар боломжгүй юм. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа 2 үндэслэл гаргасан байна.

1 дүгээрт: Төлбөр тооцоо хийсэн баримтууд хүчин төгөлдөр бус тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн гомдол гаргасан байгаа. Гэтэл энэ гэрээг хүчин төгөлдөр мөн юм гэдэг нь төлбөр тооцоо хийсэн баримтаас гадна бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа.

2. Эрүүгийн хэргийн шийтгүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх үнэлээгүй гэж үзсэн байгаа. Тэгвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх хуулийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл гэдэг нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, шинжээч зэрэг бүх шүүгч нарыг оролцуулан тэмдэглэл үйлдсэн байгаа. Дээд шүүхийн зөвлөмжийн асуудлыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэнэ гэсэн хуулийн үндэслэл байхгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний төрөл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг юм. Уг үр дүн дээр эрүүгийн шүүх шийдвэрлэж ял оногдуулсан байгаа. Гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй ба энэ хүнд гэрээтэй холбоотой буцааж авсан нийт 37.0 сая төгрөгийг бараа материал оролцуулж дансаар мөнгө шилжүүлсэн байгаа. ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлж авсан мөнгө нь 34.0 сая төгрөг байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н. нь ******* ХХК-наас шилжүүлсэн мөнгийг аваагүй, худгийн ажилд зарцуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Нэхэмжлэгч ******* ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулан Завхан аймгийн Завхан мандал сумын нутаг Бага хайрхны Отрын бүс нутагт 2 худгийн ажлыг 36.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Завхан аймгийн Улиастай суманд оршин суух Н.тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Завхан аймгийн Завхан мандал сумын нутаг Бага хайрхны отрын бүс нутагт 2 худаг өрөмдүүлэхээр Н.гийн данс руу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 12.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1000.000 нийт 33.000.000 төгрөгийг ******* ХХК нь худаг өрөмдүүлсний төл гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн 6000.000 төгрөгийн бараа материалыг өгсөн нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс Наранталст ХХК нь 6000.000 төгрөгийн бараа материалыг буцааж авсан, 39.000.000 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг буцааж авсан талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч Н. нь харилцан тохиролцсоны дагуу хоёр худгийг гаргасан болон өөр этгээдээр гаргуулахаар хэлцэл хийж мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч Н. нь дээрх тохиролцоог хийх үед Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө, аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан байх ба нэхэмжлэгч ******* ХХК-ний худаг гаргах үйл явцад хяналт тавих үүрэг бүхий этгээд байсан гэж ойлгохоор байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина

6.4 дэх хэсэгт заасан Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэж төрийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тусгажээ.

Хариуцагч Н. нь төрийн албан тушаалтны хувьд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй атал өөрийн ажил үүргийн хувьд холбоотой үүрэг гүйцэтгэж буй Наранталст ХХК-тай гэрээ хэлцэл хийж, дансаараа мөнгө шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна:.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Наранталст ХХК нь Н.д ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 22.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Н.гээс буцаан шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд хийгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.465.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ