| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 187/2019/0509/Э |
| Дугаар | 419 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 20.16.2.4., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 419
Х.Д, Т.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Т.Нямхүүгийн өмгөөлөгч О.Данзанноров, хохирогчийн өмгөөлөгч Н.Мандах, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 532 дугаар магадлалтай, Х.Д, Т.Н нарт холбогдох 1810000940332 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн гаргасан эсэргүүцэл, хохирогч Д.Цогт-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Батнасан нарын гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Сартуул овогт Х Д.
2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Тавнан овогт Т Н.
Х.Д, Т.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд Д.Цогт-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Д, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 болгон өөрчлөн зүйлчилж,
шүүгдэгч Х.Д, Т.Н нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Дт 3 жилийн хорих ял, шүүгдэгч Т.Нямхүүд 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Х.Дын цагдан хоригдсон 163 хоног, Т.Нямхүүгийн цагдан хоригдсон 10 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Д нь хохирогч Д.Цогт-Эрдэнэд 49.692.458 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 төгрөг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч Т.Нямхүүгээс 50.694.208 төгрөг гаргуулж, хохирогч Д.Цогт-Эрдэнэд 49.692.458 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.75 төгрөгийг тус тус олгож,
хохирогч Д.Цогт-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Цогт-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Т.Нямхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Нямхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.” гэж,
2 дахь заалтыг “Шүүгдэгч Х.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дыг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Дт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дын цагдан хоригдсон 163 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэж,
6 дахь заалтыг “шүүгдэгч Х.Даас 50.694.208 төгрөг гаргуулж, хохирогч Д.Цогт-Эрдэнэд 49.692.458 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 төгрөг олгож” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров нарын давж заалдсан гомдол, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцэл зэргийг хангаж, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн гаргасан эсэргүүцэлдээ “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн “Будда виста” хотхоны рестораны 00-ын өрөөнд шүүгдэгч Х.Д нь хохирогч Д.Цогт-Эрдэнэтэй мөрөөрөө шүргэлцсэнээс болж тэдний хооронд маргаан үүсч, шүүгдэгч Х.Д, Т.Н нар нь хохирогч Д.Цогт-Эрдэнийг 00-ын өрөөнөөс чирч гарган бүлэглэн зодох явцад Х.Д нь Д.Цогт-Эрдэнийн зүүн нүд рүү өшиглөж бүрэн хараагүйдэл бүхий хүнд хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан болох нь тогтоогдсон байхад Т.Нямхүүг хохирогч Д.Цогт-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахад хүргэсэн санаатай үйлдэл эс үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Цогт-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Болдбаатар бид хоёрыг салгах гэсэн гэтэл Т.Н орж ирээд Б.Болдбаатарын толгой руу цохисон, ариун цэврийн өрөөнөөс зууралдаад гарсан. Т.Н баруун гараараа миний зүүн нүдэнд 2 удаа гал манартал цохисон. Х.Д цохисон бүгд миний зүүн нүдэнд цохисон” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Болдбаатарын “...би ажлынханыгаа дуудах гээд гарсан, дуудаад эргээд ороод ирэхэд энэ хоёр залуу Цогоог газар унагаачихсан зодож байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Р.Мөнхбатын “... тухайн өдөр хамгаалагчаар 1 дүгээр давхарт ажиллаж байсан. Ариун цэврийн өрөөний үүдэнд зууралдсан байна гэж Төрбат намайг дуудсан. Би тэр гурван хүнийг салгах гээд голоор орсон. Миний баруун талаар хөл орж ирээд өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,
Гэрч З.Төрбатын “...ариун цэврийн өрөөнөөс зодуулсан гэх залуу хоёр залуутай зууралдаад гарч ирсэн. Ингээд ариун цэврийн өрөөний ойролцоо нөгөө гурван залуу зууралдаад нөгөө зодуулдаг залуу тонгойчихсон байхад коридорын гарц талд зогсож байсан залуу дээрээс нь нуруу, толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон, нөгөө залуу нь зууралдаад байсан” гэсэн мэдүүлгийг үгүйсгэн няцааж дүгнэлт хийж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр 1.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Дээрх нотлох баримтуудаар Х.Д, Т.Н нар нь хохирогч Д.Цогт-Эрдэнийг зодох гэсэн зорилгоороо нэгдсэн болох нь тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн оролцоог харгалзан ял шийтгэл ялгамжтай оногдуулах заалтыг буруу ойлгож хэрэглэсэн байна.
Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 532 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Цогт-Эрдэнэ гаргасан гомдолдоо “... Хүний ёсноос гажууд зэрлэг гэмт хэрэг үйлдсэн Т.Нямхүү, Х.Д гэх 2 этгээдийн танхай балмад үйлдлийн улмаас бүх насаараа эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч, нэг нүдээ сохлуулж хараагүй болсон, тархи толгойдоо олон тооны хүнд гэмтэл авч, үхэхээс наана нөхцөл байдалд хүрсэн энгийн иргэн миний бие дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж аргаа барж явна.
Эрхэм шүүгч та бүхнийг хуулийн эрх тэгш үйлчлэх зарчмын хүрээнд шударгаар шийдвэрлэж өгнө гэж итгэн энэхүү гомдлыг гаргалаа.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэн хохирсон миний биеийг үл хайхран, намайг бүлэглэж, толгой, нүүр, нүдгүй ээлжлэн дэвсэлж, нүдэж цохин зодож танхайрсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны баримтаар бүрэн гүйцэд, эргэлзээгүй нотлогдсон байхад Т.Нямхүүг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан шийдвэр нь нэг талдаа шийдвэр гаргасан шүүгч нарыг бусдын нөлөөнд автаж хуулийг буруу хэрэглэж, хууль бус шийдвэрийг гаргасан гэсэн хардлагад миний бие хүрээд байна.
Мөн шүүхийн магадлалд Т.Нямхүүгийн талын гэрч гэх Э.Нямсүрэн, З.Төрбат, Р.Мөнхбат, Д.Тайванцэцэг нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн зохиомол худал мэдүүлгүүдийг үндэслэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргаж, хавтаст хэрэгт онцгой ач холбогдолтой нотлох баримт болох хяналтын камерын бичлэгийг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.
Дээрх этгээдүүдэд зодуулсны улмаас миний гавлын зүүн талын суурь ясны хугарал, нулимсны замын тасрал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэх мэт маш олон хүнд гэмтэл авч зүүн нүд бүрэн хараагүй болж бие эрхтэн, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон бөгөөд надад учирсан гэмтэлтэй холбоотой Монгол улсад болон Энэтхэг, Солонгос улсуудад нарийн мэргэжлийн шинжилгээ, хагалгаа эмчилгээ хийлгэсэн төлбөр, мөн холбогдох бусад зардлыг өөрийн эрүүл мэндийн төлөө зарцуулсаар байна.
Одоо байнгын өвчин намдаах эм ууж, нөгөө нүд маань өдөр ирэх тусам хараа нь муудаж, нулимс тогтмол гарч нүд ихээр хуурайших болсон бөгөөд цаашид 2 нүд бүрэн хараагүй болж болзошгүй хүнд нөхцөл байдалд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан, сэтгэл санаа байнга зовж, өдөр тутам өвчинд шаналсан хүн л байгааг та бүхэн анхаарч үзэхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна..
Миний бие одоо 34 настай, Уул уурхайн инженер мэргэжилтэй ба тухайн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу толгой” төслийн газрын гүний уурхайд ээлжийн ахлах уурхайчин ажилтай байсан ба ажлын хамт олныхоо шинэ жилийн үйл ажиллагааны үеэр эдгээр 2 этгээдэд хэрцгийгээр зодуулж, ийм хүнд байдалд орсон юм.
Ажиллаж байгаа газартаа хугацаагүй, насаараа ажиллах гэрээтэй байсан боловч эрүүл мэндийн дээрх шалтгаанаас болж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд албан тушаал бууруулж, ажлын нөхцөл өөрчилж уурхайн зохицуулагчаар одоо ажиллуулж байгаа ба 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн намайг эрүүл мэндийн шалтгаанаар ажил гүйцэтгэх боломжгүй гэж байгууллагын удирдлагууд хэлсэн ба гэрээг энэ онд ажиллахаар хугацаатай хийсэн юм.
Эхнэр маань ажилгүй, 2-13 насны 3 хүүхэдтэй, би өөрөө цаашид ажилгүй болох, эрүүл мэндээ удаан хугацаагаар эмчлүүлэх, түүний зардал гэх мэт миний хувьд дааж давшгүй хүнд байдалд хүрээд байгааг анхаарахыг хүсье.
Гэмт хэрэг гарах үед Х.Д, Т.Н нар намайг нийлж газарт унагаан, хоёулаа нүүр, нүд, толгой хэсэг рүү ээлжлэн олон удаа өшигчин тархины ясны хугарал, нэг нүдийг бүрэн хараагүй болгосон гэмтэл, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэх мэт энэ олон гэмтлүүдийг эдгээр 2 этгээд бүлэглэн, ээлж дараагүй өшигчин зодож зориуд ийм хор уршигт хүргэж, хамтран оролцсон байхад давж заалдах шатны шүүх хэргийг нэг хүнд нь тохож, Т.Нямхүүг цагаатгасан шийдвэр нь туйлын харамсалтай хариуцлагагүй шийдвэр боллоо.
Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, магадлалд Т.Нямхүүг цагаатгасан үндэслэл нь ойлгомжгүй, ямар нотлох баримтад тулгуурлаж байгаа нь тодорхой бус бөгөөд хэт нэг талыг барьж, илт хууль бус шийдвэр гаргасан байгааг анхаарч үзэхийг хүсч байна.
Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд Х.Дын өмгөөлөгч С.Батнасан гаргасан гомдолдоо “... хохирогч Д.Цогт-Эрдэнэ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ингээд намайг заамдсан залуу миний толгойд 2-3 удаа гараараа цохисон, тэгээд угаалгын өрөөнөөс чирч гаргаж ирээд угаалгын өрөөний үүдэнд тэр 2 үл таних залуу нүүр, толгой, хамар руу эхлээд гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Яг хэн нь хэчнээн цохисон талаар мэдэхгүй байна. Намайг 2 хүн зодсон юм”, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Би Даваажавтай заамдалцаад зууралдчихсан, Нямхүү миний паджакны араас зуураад гарч ирсэн юм. Гарч ирээд Нямхүү намайг тонгойсон байхад доороос өлгөөд гараараа 2 удаа зүүн нүд рүү цохисон”, гэрч Б.Болдбаатар 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... 00-ын үүдэнд 2-3 залуучууд нийлээд газар унагаачихсан зодож байхаар нь салгаад авсан чинь зүүн нүд нь таг болчихсон нүднээс цус урсаад байж байсан”, гэрч Б.Анхбаяр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Тэгээд хэн Цогт-Эрдэнийг зодсон бэ, тэр зодсон хүн нь хаана байна гэж хашхирахад хэн ч хариу хэлээгүй юм. Тэгсэн өлгүүр дээр зогсож байсан рестораны ажилтан эмэгтэй угаалгын өрөөнөөс 2-3 хүнтэй гарч ирээд коридорын буланд тэр 2-3 залуу наад ахыг чинь зодчихсон юм аа гэж хэлсэн”, яллагдагч Х.Д 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... манай эхнэр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрөөд нялх биетэй байсан тул согтууруулах ундаа би бараг хэрэглээгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас Нямхүү бид хоёрыг дуудаж яллагдагчаар мэдүүлэг авахын өмнө Нямхүү эхнэрийн хамтаар надтай уулзаж “бүлгээр явбал хүндрэх юм байна. Тийм учраас чи хэргээ даачих, би төлбөр мөнгөний бүх асуудлыг даая, 3 хүүхэдтэй тул хэцүү байна” гэж надад хэлсэн. Би энэ талаараа эхнэр Оюун-Эрдэнэд хэлж байсан”, яллагдагч Х.Д 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... би арга хэмжээ болж байсан зааланд ороод сууж байхад араас Нямхүү ирээд миний хажууд суугаад ширээн дээр байсан цэвэр усыг аваад гараа ширээний доор аваачаад угаасан. Гар нь цус болсон байсан, тэгээд гараа угаасан” гэх мэдүүлгүүдээр Х.Д, Т.Н нар нь хохирогч Д.Цогт-Эрдэнийг зодох гэсэн зорилгоороо нэгдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэхээр байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцааж дүгнэлт хийж чадаагүй байх тул Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Дт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Н.Мандах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн “Т.Н бусдын биед хүнд хохирол учрахад хүргэсэн санаатай үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаас харахад хохирогч Д.Цогт-Эрдэнэ нь Б.Болдбаатарыг салгах оролдлого хийсэн бөгөөд Т.Н нь баруун гараараа түүний зүүн нүдэнд цохисон гэх мэдүүлгийг хохирогч болон гэрчүүд өгсөн байдаг. Т.Нямхүүг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Учир нь хохирогчийг Х.Д цохисон, өшиглөсөн гэх үйлдлээс өмнө Т.Н түүнийг 2 удаа цохисон үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх учиргүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх Т.Нямхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь хэргийн материалд Т.Нямхүүгийн оролцсон оролцоо, учруулсан гэмтэл тодорхой байдаг. Камерийн бичлэгээс үзэхэд гэрч Э.Нямсүрэн бодит нөхцөл байдлыг харах боломжгүй байсан. Гэрч Э.Нямсүрэнгийн худал мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг нотлох баримт болсныг анхаарна уу. Т.Н хохирогчийн зүүн нүдэнд хоёр удаа цохиж буй бичлэг байдаг бөгөөд Х.Д нэг удаа цохисон. Х.Д хохирогчийг өшиглөсөн гэж дүгнэсэн нь маш эргэлзээтэй, хөдөлбөргүй тогтоосон баримт байхгүй. Шүүгдэгч Т.Нямхүүгийн гар цус болсон, харин Х.Дын гар цус болоогүй байдаг. Б.Болдбаатартай зодолдсон учир цус болсон гэх боловч гэрч Б.Болдбаатар өөрийнхөө биеэс цус гараагүй талаар мэдүүлдэг. Иймд шүүгдэгч Т.Н хохирогчийг гэмтээсэн байх бүрэн боломжтой. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулсан тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Т.Нямхүүгийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Ашиг сонирхлын зөрчилгүй Э.Нямсүрэн, Р.Мөнхбат, З.Төрбат нар нь Х.Д хохирогчийн нүдэнд өшиглөж гэмтээсэн болохыг шууд заасан нь Т.Нямхүүгийн оролцоог үгүйсгэж буй баримт юм. Шинжээчийн дүгнэлтээр нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсч болох гэмтлийг тодорхой заасан. Мөн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж гомдол гаргасан. Х.Дт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, магадлалыг хүчингүй болгох зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Давж заалдах шатны шүүх Т.Нямхүүгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан учир ял нэгтгэх ойлголт үүсэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Х.Д, Т.Н нар нь бүлэглэн иргэн Д.Цогт-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий болсон. Харин анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4, давж заалдах шатны шүүх Т.Нямхүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Х.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар Х.Д, Т.Н нар нь үйлдлээрээ нэгдэж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Д нь “ШПИТЦ” ХХК-ийн шинэ жилийн баярт уригдан оролцохдоо 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн үед “Будда виста” рестораны бие засах өрөөнд хохирогч Д.Цогт-Эрдэнэтэй “бие засч байхад араас түлхлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар уг маргаанд хохирогчтой хамт явсан Б.Болдбаатар, шүүгдэгчийн танил Т.Н нар татагдан оролцож харилцан бие биенээ цохиж зууралдан бие засах газраас гарч ирсэн, тэдний маргааныг уг рестораны хамгаалагч болон үйлчлүүлж байсан хүмүүс салгах үед “бор” өнгийн гуталтай хүн хохирогчийн нүүр рүү өшиглөсөн, уг өшиглөлтийн улмаас хохирогчийн нүднээс их хэмжээний цус гарсан үйл баримт нь тухайн үйл явдлыг харж “өөрийн мэдсэн, харсан зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлэх” үүрэг хүлээсэн хэрэгт холбогдолгүй, хамааралгүй хөндлөнгийн этгээд болох рестораны угтагчаар түр ажиллаж байсан Э.Нямсүрэн, хамгаалагч Р.Мөнхбат, зөөгч З.Төрбат, А.Хувьзаяа нарын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд таньж заасан мэдүүлгээр хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг илт буруу тогтоож, хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг нийгмийн буюу олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, хэв журмын эсрэг гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хэрэв шүүгдэгч нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзвэл бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд нийлмэл гэмт хэргээр зүйлчлэгдэх учиртай.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирол, хор уршиг бодитойгоор учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болно.
Хохирогч Д.Цогт-Эрдэнийн “Х.Д, Т.Н нарыг бүлэглэн зодож хүнд гэмтэл учруулсан” гэх мэдүүлгийн эх сурвалж нь тухайн үйл явдлыг харсан хөндлөнгийн этгээд болох гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдсан байна.
Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан хохирогч Д.Цогт-Эрдэнийн “Бүлэглэн зодож танхайрсан Т.Нямхүүг гэм буруугүй гэж цагаатгасан” гэх гомдол, түүний өмгөөлөгч Н.Мандахын “цагаатгасныг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдол, шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн “Т.Нямхүүгийн хохирогчийг цохиж 4 хөллүүлсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Тусгай мэдлэг бүхий этгээд болох шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан хүнд зэргийн хохирлыг 1 удаагийн үйлдлээр учруулах боломжтойг тогтоосон бөгөөд хохирогчийг “бор гуталтай” хүн өшиглөж гэмтэл учруулсан гэсэн давж заалдах шатны шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж өөрийгөө илчлэн ирж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг болно.
Гэтэл Х.Д нь яллагдагчаар “Т.Нямхүүтэй бүлэглээгүй, би зодсон”, “хүмүүс салгаж байхад 1 удаа өшиглөсөн” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хамт байсан этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон мэтээр мэдүүлжээ.
Хуулиар олгогдсон эрхийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэхүү эрхийн хүрээнд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах байцаалтын ажиллагаанд саад учруулж төөрөгдүүлэх, хэргийн бодит үнэнийг бүдгэрүүлэх эрхгүй болно.
Иймд шүүгдэгч Х.Дыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан, хохирогч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 532 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн гаргасан эсэргүүцэл, хохирогч Д.Цогт-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Батнасан нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН