Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00026

 

 Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2022/000495 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хас Банк ХХК,

Хариуцагч Дорнын алтан гутал ХХК, *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 36 442 836.14 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас Банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь хариуцагч нарт 47 100 000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр, холимог зориулалтаар олгохоор 2018 оны 12 сарын 13-ны өдөр 1220024390 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Дорнын алтан гутал ХХК-ийн ...дансанд зээлийн гэрээний дагуу 47 100 000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 сарын 13-ны өдөр барьцаалуулагч *******, *******, Э.Ариунзаяа нартай 1220024390-01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, Дорнод аймаг, Хэрлэн сумын 6-р баг, 21-р байрны 01 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0614001876 дугаартай, 35м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 25-05 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0614014648 дугаартай, 700м2 талбайтай, өмчлөх эрхтэй газар, ...Нуурын 25-07 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0614014647 дугаартай, 700м2 талбайтай, өмчлөх эрхтэй газар, ...Нуурын 25-06 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0614014650 дугаартай, 700м2 талбайтай, өмчлөх эрхтэй газрыг барьцаалж, хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь 2018.12.13-ны өдрөөс 2021.06.28-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 13 678 418.72 төгрөг, хүүгийн төлбөрт 12 524 142.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 629.60 төгрөг төлсөн. Хариуцагч нар нь 2021.07.21-ний өдрөөс хойш 10 283 563.55 үндсэн зээл, 2 922 785.95 хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 237 хоног хугацаа хэтрүүлж, эргэлзээтэй ангилал болсон. Нэхэмжлэгч нь төлөөгүй үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж, заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 33 421 581.28 төгрөг, хүүгийн төлбөр 2 933 773.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87 481.00 төгрөг, нийт 36 442 836.14 төгрөг болно. Иймд:

1. ...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. ...үндсэн зээлийн төлбөрт 33 421 581.28 төгрөг, хүүгийн төлбөр 2 933 773.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87 481.00 төгрөг, нийт 36 442 836.14 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

3. Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...өмчлөх эрхтэй газрууд тус бүрийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хуульд төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос төлбөр гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Дорнын алтан гутал ХХК нь аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүжилттэй, эргэн төлөлтөөр нь дараагийн зээлдэгчийг санхүүжүүлдэг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнесийн зээлийг авсан. Банкны зүгээс хариуцагч нарт цаг тухайд нь зээлээ төлөхийг хэлж, шаардаж, мэдэгдэх хуудас өгч ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Миний бие нөхөр *******тай Дорнын алтан гутал ХХК-аараа Дорнод аймаг дахь Хас банкнаас бизнесийн зориулалтаар 47 100 000 төгрөгийг 2018.12.13-ны өдөр зээлж авсан. Бид зээл аваад зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь өгдөг найдвартай зээлдэгч байсан. Гэвч 2019 оноос эхлэн дэлхий нийтэд тархаад буй ковид-19 өвчлөл Монголд орж ирснээр бизнес эрхлэгч бидэнд доголдол үүсэж зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь өгөх боломжгүй байдал гарч ирсэн. Мөн 2020 оноос хил хаагдаж бизнес эрхлэгч бид бараа материалаа татан авчрах байдал хомсдолтой болсон. Үүнээс болж худалдан авалт илт буурсан. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор МУ-ын Засгийн газраас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Бид ч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг тавьсан. Цар тахлаас үүдэлтэй худалдан авалт хэвийн горимдоо шилжээгүй байгаа. Нийгэм ийм хэцүү байдалтай, худалдан авалт хомс байхад ийм шийдвэр гаргаж, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байгааг цаг үеэ олоогүй шийдвэр гэж бодож байна. Манай компани аймгийнхаа эдийн засагт олон жил хувь нэмрээ оруулсан. Энэ барьцаанд тавьсан байр болон газрын гэрчилгээнүүд маань миний амьдралын туршид хөдөлмөрлөж олсон эд хөрөнгө минь юм. Үүгээрээ ч үр хүүхдүүдээ өсгөн, амьдралаа залгуулдаг. Эдгээрийг маань банк авчихвал би яаж цаашид үр хүүхдүүдээ тэжээх вэ, хаана амьдрах вэ. Нэгэнт бид зээл авсан нь үнэн учир нэхэмжлэгч Хас банкинд зээлийн үлдэгдэл болох 36 442 836.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийг эргэн төлөх талаар шинээр график гаргаж өгөх байдлаар эвлэрвэл хариуцагчийн зүгээс энэ асуудлаар эвлэрч болно. Миний хувьд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөрөө хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкнаас надад гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй. Хас банкны зүгээс бидэнд маш өндөр шаардлага тавьж байсан. Өвлийн хүйтэнд байрыг минь зарна гэсэн. Бид орлоготой байсан атлаа зээлээ төлөхгүй байсан юм байхгүй. Бид хилийн чанд дахь үзэсгэлэн худалдаагаар явж бараагаа зардаг байсан. Гэвч цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл, хил, гааль хаалттай энэ үед үйлдвэрлэл, борлуулалт минь зогссон. Үүнийг банк мэдэж байгаа. Өвчин гарахаас өмнө зээлээ цаг хугацаанд нь төлж байсан. Хамгийн гол нь манай гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Хятад улсын Хайлаар хотод бидний 20, 30 сая төгрөгийн бараа гацсан байдалтай байна. Зээл төлөх хугацааг хойшлуулж өгвөл бид зээлээ төлнө. Бидний хувьд одоо ч хэвийн ажиллаж чадахгүй байгаа. Өнөөдөр ард түмэн ядуу байна, хоногийн хоолоо авч чадахгүй байгаа хүмүүс гутал авч өмсөж чадахгүй байна шүү дээ. Эдийн засаг, үйлдвэрлэл сэргээгүй. Борлуулалт байхгүй, бид хоногийн хоолоо л залгуулж байна. Эдийн засаг, бидний амьдрал ийм хүнд байгааг мэдсээр байж барьцаа хөрөнгийг минь зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулж, хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие эхнэр *******тай Хас банкнаас бизнесийн зориулалтаар Дорнын алтан гутал ХХК-аараа 47 100 000 төгрөгийг 2018.12.13-ны өдөр зээлж авсан. Бид өмнө нь ч зээл аваад, хугацаандаа найдвартай төлдөг зээлдэгч байсан. Дэлхий дахинд нүүрлээд буй ковид-19 цар тахал Монголд ч мөн адил дэгдэж, улмаар хил хаагдаж, худалдан авалт буурч, бизнес эрхлэгч бид хүнд байдалд орсон. Нийгэм ийм хэцүү, ард иргэд боломжгүй байхад, үлдэгдэл мөнгийг гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөрөө хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийг сунгуулж, шинээр график гаргуулан төлөх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Хас банкны нэхэмжилсэн 36 442 836.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар байдлаар эргэн төлөлтийг хийх талаар нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. Ковид дууссан ч зах зээл сөхөрсөн хэвээр байна. Банкны зүгээс зөвхөн өөрсдийн эрх, ашгаа бодож байрыг нь хямд үнээр зарж, зээлийг төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Орон байраа хямд үнээр зараад бид хайчих юм. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тохиолдолд бид банкны зээлийг хэлүүлэхгүй төлнө. Ковид гарч хил, гааль хаахын өмнө бид банкны зээлээ хугацаанд нь төлж явсан. Банкны зээлээ хугацаанд нь төлөх үүрэгтэй ч гэж боддог. Гэвч биднээс шалтгаалахгүй эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас бид борлуулалт, орлогогүй болж, зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг ойлгох ёстой. Бид байрныхаа хажуу талд нэмэлт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл байрыг минь 30 гаран сая төгрөгийн зээлэнд зах зээлийн ханшнаас доогуур үнээр зарж зээлийг төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бидэнд 9 сар хүртэл хугацаа өгвөл, байраа зах зээлийн ханшаар нь зараад, зээлээ төлнө. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон *******, ******* нараас Зээлийн гэрээ-ний үүрэгт 36 442 836.14 /гучин зургаан сая дөрвөн зуун дөчин хоёр мянга найман зуун гучин зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Дорнод салбарт олгож,

- Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон *******, ******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:

 - Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 21 дүгээр байрны 01 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0614001876 дугаарт бүртгэлтэй, 000204044 дугаар гэрчилгээтэй, 35 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуур 25 дугаар гудамжны 05 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614014648 дугаарт бүртгэлтэй, 000289822 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуур 25 дугаар гудамжны 06 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614014650 дугаарт бүртгэлтэй, 000289824 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуур 25 дугаар гудамжны 07 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614014647 дугаарт бүртгэлтэй, 000289821 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 364 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 410 364 /дөрвөн зуун арван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Дорнод салбарт олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо: ... Бид зээл авсан нь үнэн тул зээлийн үлдэгдлийг төлөхгүй талаар маргаагүй. Өөрсдийн бизнесээ өргөжүүлэх замаар авсан зээлээ төлөх ёстойгоо ойлгож байна. Гагцхүү энэ зээлийг төлөх зах зээл нийгмийн боломж зогсонги байдалтай байна.

Дэлхий нийтийн хэмжээнд үүссэн цар тахалтай холбоотой хил гааль хаалттай худалдаа, үйлчилгээ, захиалга зогссон зэргээс болж орлого муудсан. Иргэдийн худалдан авах чадвар муудсан. Энэ байдал өнөөг хүртэл арилахгүй өвчний гаралт нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байдаг боловч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бидэнд наалдац муутай дүр төдий арга хэмжээ авсан. Бидний бизнесийг дэмжиж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого байхгүйгээс хохироод байна.

Бид зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Хэдийгээр хорио цээрийн дэглэм зогсож хэвийн байдалд орсон боловч хил хаалттай гадаад худалдаа зогсонги байгаа нь зах зээлийн болон бизнесийн таатай нөхцөл бүрдэхгүй байна.

Гэрээнд заасан хугацаа дуусаагүй давагдашгүй хүчний нөлөөллөөс болж төлөлтийг хийж чадаагүй. Гэрээний хугацааг сунгаж эргэн төлөлтийн хуваарийг хууль журамд заасны дагуу сунгах боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гэрээг цуцлаагүй тул цаашид үргэлжлүүлэн гэрээний эргэн төлөлтийн хугацаа болон хэмжээг өөрчилж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацааг сунгах боломжгүй. Гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сард дуусахаар байгаа. Гэхдээ сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй байгаа учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэл гаргах өдрөөр энэ зээл эргэлзээтэй байсан ба одоо муу зээлийн ангилалд шилжсэн байгаа. Бид боломжийг хэд хэдэн удаа гаргаж байсан. Бид өөрсдөө хүртэл зарыг нь байршуулж өгч байсан. Хариуцагч нар хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14 950 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч *******, хамтран хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1.Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Дорнод салбар нь хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон Б.Отгонтуяа, Х.Энхбат нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 13ы өдрийн 1220024390 дугаартай зээлийн гэрээ, гэрээний 5.5.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 33,421,581.21 төгрөг, хүү 2,933,773.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,481 төгрөг, нийт 36,442,836.14 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар цар тахлаас үүдэлтэй худалдан авалт хомс байгаа, гэрээний хугацаа дуусгавар болоогүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Талууд дараах үйл баримтын талаар маргаангүй. Үүнд:

- Хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон Б.Отгонтуяа, Х.Энхбат нар нь нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Дорнод салбартай 2018 оны 12 дугаар сарын 13ы өдөр 1220024390 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 47,100,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож бичгээр зээлийн гэрээ байгуулсан. /хх 8-11/

- Талууд 1220024390 тоот зээлийн гэрээнд 2020 оны 03 дугаар сарын 26ы өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөх хуваарийг шинээр тохиролцож, зээлдэгчийн сард төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. /хх 11-12/

- Зээлийн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргаагүй.

- Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд зээлд 13,678,418.72 төгрөг, хүүд 12,524,142.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,629.60 төгрөгийг төлсөн байна.

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ 2021 оны 7 сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 237 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс гэрээг цуцалсан гэж үзэж тухайн өдрийг хүртэлх хугацаанд төлөх байсан зээлийн үлдэгдэл 33,421,581.28 төгрөг, хүү 2,933,773.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,481.00 төгрөг нийт 36,442,836.14 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 4. Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг эс зөвшөөрч маргажээ.

Гэвч талууд харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1220024390-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байх тул шүүх үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

5.Хариуцагч *******, ******* нар давж заалдах гомдолдоо ...Гэрээнд заасан хугацаа дуусаагүй, давагдашгүй хүчний нөлөөллөөс болж төлөлтийг хийж чадаагүй. Гэрээний хугацааг сунгаж эргэн төлөлтийн хуваарийг хууль журамд заасны дагуу сунгах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гэрээг цуцлаагүй тул цаашид үргэлжлүүлэн гэрээний эргэн төлөлтийн хугацаа болон хэмжээг өөрчилж өгнө үү. ... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Талуудын хооронд байгуулсан 1220024390 дугаартай зээлийн гэрээний 3.2 дахь хэсгийн 3.2.4-т Зээлдэгчид гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдэгч уг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн хохирогч болсноо нотлох замаар зээлийн нөхцөлийг өөрчлүүлэх хүсэлт тавих эрхтэй. гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь шүүхэд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн хохирогч болсноо нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон *******, ******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус банкинд 14 950 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* тайлбарлаж байх тул энэ тухай магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ/2022/00495 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Дорнын алтан гутал ХХК болон *******, ******* нар нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө Хас банк ХХК-ний Дорнод салбарт 14 950 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА