Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00027

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2022/000630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд холбогдох,

Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2020 оны 01 сарын 24-ний өдрийн Б/11 тушаалаар Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлыг 1 орон тоогоор хавсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 2018, 2019 онд Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт тус байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан шалгагдаж, зөрчил дутагдалгүй, 2020 оны 12 сарын 18-нд тус байгууллагын төвийн даргын гаргасан тушаалын дагуу Шилдэг ажилтан-аар шалгаран ажиллаж байсан. Гэвч 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар ******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-д болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар албан үүргээ урвуулан ашиглаж, санхүүгийн сахилга бат зөрчин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 25-01-01-өөс 25-01-09 дугаар актаар тогтоогдсон, тус актын төлбөрийг барагдуулах хугацаатай үүрэг өгсөн боловч одоог хүртэл барагдуулаагүй, Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитад шаардлагатай цалин, бараа материалын баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 сарын 05-ны өдрөөр цуцалсан. Дээрх актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй. Гэвч миний гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Сангийн Яаманд хоёр удаа гомдол гаргасан. Эхний гомдолд тус төвийн дарга Алтаннавч гарын үсэг зурсан учир Алтаннавчийг оруулах ёстой гэсэн хариу ирсэн. Дахин Сангийн Яаманд гомдол гаргахад уг үйлдэл нь дан ганц Баттуяагийн буруутай үйлдэл биш байх тул Алтаннавчийг оруулах нь зүйтэй гэдэг хариу ирсэн. Хяналт шалгалтаар илүү цагийн мөнгө олгосон гэж намайг буруутгасан. Илүү цагийг Алтаннавч дарга хамт олны хурал дээр хэлэлцэж, дарга шийдвэрийг гаргасан байдаг. Тиймээс нягтлан миний бие даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх гүйлгээг хийж байсан. Иймд Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Байгууллагад хохирол учруулсан гэдгийг хэн яаж тогтоогоод байгааг ойлгохгүй байна. Актаар зөрчил дутагдал гарсан. Байгууллага дотроо цалин хөлсний зардлыг өөр бусад зүйлд зарцуулсан нь тус байгууллагын удирдлага, нягтлан бодогчийн буруу гэдгийг актаар тогтоосон. Гэхдээ байгууллагад ямар хохирол учирсан, энэ нь баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, урвуулан ашигласан бол эрүүгийн хууль тогтоомжоор тогтоогдсон байхыг шаардана гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Байгууллага албан, тушаалтан хэн нэгнийг ажлаас чөлөөлөхдөө ийм үндэслэлийг хэн ч гэсэн гаргаж, тушаал гаргаж чадна. Энэ тушаалын үндэслэлээ нотлох ёстой. Хохирол учирсан эсэх дээр баримт байхгүй. Гэм буруутай зөрчил гаргасан гэдэг дээр бид зарим нэг зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ нь ажилтныг ажлаас халах хэмжээний зөрчил мөн үү, үгүй юу. Ажилтанд оногдуулаад байгаа сахилгын шийтгэл нь тухайн зөрчлийн шинж чанарт нийцэж байна уу, тохирч байгаа эсэхийг шүүх дүгнэх байх. Зөрчлүүдийн хугацааны тухайд хэлэхэд 2021 оны 02 сарын 23-ны өдөр аудитаар зөрчлийг илрүүлсэн гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Энэ нэг сар нь 6 сардаа багтсан байх ёстой. Гэтэл хуульд заасан хугацааг хэтрүүлж, Баттуяаг буруутгаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд нь эрүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 457 472.37 төгрөгийг гаргуулан Баттуяад олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү. Гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: Нэр бүхий иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25-04-28 тоот удирдамжийн дагуу Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд төлөвлөгөөт бус дотоод аудит хийж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 25-01-01-өөс 25-01-09 тоот акт, 25-04-01, 25-06-03, 25-04-02 албан шаардлагууд ирүүлсэн болно. Уг акт, албан шаардлагыг ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Аудитын шалгалтаар ******* нь санхүүгийн ноцтой зөрчил гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч дээрх хяналт шалгалтын актуудыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан гэх боловч одоог хүртэл уг шийдвэрүүдийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр манай байгууллагад ирээгүй байна. ******* нь Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх хугацаанд хөдөлмөрийн харилцаатай холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. Захиргааны акт хүчин төгөлдөр болсон. Та гарын үсэг зурсан зураагүй гэх асуудлаар бус, уг захиргааны акт хүчин төгөлдөр эсэх дээр маргаан гаргах байсан. Гарын үсэг зураагүй учир уг захиргааны акт надтай хамаагүй гэж хэлээд байж болохгүй. Танд мэдэгдсэн, танд сонсох ажиллагаа хийгдсэн. Зөрчил гаргасан хугацааны тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Босоо удирдлагатай байгууллагын хувьд тухайн зөрчилтэй холбогдуулан дээд шатны байгууллагадаа гаргасан, энэ зөрчилд арга хэмжээ авах шийдвэр гаргасан цаг хугацаанаас хойш 30 хоногийн дотор энэ хүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. 6 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлнө гэдэг мэдэгдлийг Баттуяад өгсөн. Тэр мэдэгдлийг танд танилцуулсан. Танилцуулсан цаг хугацаанаас хойш таныг хуульд заасан хугацааны дотор ажлаас чөлөөлсөн. Зүй нь Баттуяа хөдөлмөрийн маргаан таслах комисст шүүхээс урьдчилсан байдлаар шийдүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан ерөнхий зохицуулалтын дотор 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, 127.1 Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан гэх баримт энэ хавтаст хэрэгт нэг ширхэг ч байхгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу уг асуудлыг шийдэх гэж байгаа тохиолдолд та энэ хуулийн зохицуулалтын дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах байсан. Эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна гэдгийг шүүх анхаарах ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-ийг баримтлаагүй гэдэг асуудлыг ярьж байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 40.1.4, 40.1.5-г баримталчихсан байгаа нь заавал 131.1.3-ийг барьснаар хүчин төгөлдөр шийдвэр болно гэдгийг шаардахгүй гэж үзэж байна. Иймээс ажил олгогчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэстэй байна гэж үзэж байна. Иймд иргэн *******гийн шүүхэд гаргасан Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 422 917,03 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга есөн зуун арван долоон төгрөг тэг гурван мөнгө/төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсэг болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаас үлдэх 1 034 555,34 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 14 422 917,03 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн санхүүд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 300 265 /гурван зуун мянга хоёр зуун жаран тав/төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Манай байгууллага ерөнхий нягтлан бодогч *******гийн санхүүгийн зөрчилтэй холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс ч *******гийн нэхэмжлэлийг хүлээн аваад шүүх хуралдаанаар талуудын гаргаж буй нотлох баримт, мэтгэлцээний хүрээнд түүний гаргасан санхүүгийн зөрчлийг тогтоогдсон, нотлогдсон гэж дүгнэсэн. Нэг ёсондоо Б/34 тушаалын үндэс болсон үйл явц нь Хөдөдмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна гэсэнтэй санал нэг байна. Харин дээрх зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулсан гэснийг зөрчсөн байна гэсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга ******* нь ерөнхий нягтлан бодогч *******гийн гаргасан төрийн албан хаагчийн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдлийг түүний удирдах дээд газар болох Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг, уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/389 дугаартай албан бичгийг хүлээн аваад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Түүнчлэн Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 103 ДОА-2021/103/СТА-ТШЗ дугаартай сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагаар *******гийн гаргасан зөрчилд удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хугацаатай үүрэг өгсөн нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байсан юм. Дээрх гарган өгсөн баримтуудыг шүүхээс огт үнэлээгүйд гомдолтой байна. Эдгээр удирдах газраас өгсөн хугацаатай үүрэг чиглэл, арга хэмжээ авах тухай шийдвэрүүдийг үндэслэн ажлаас чөлөөлсөн үйл явдал нь хариуцлага тооцох хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Санхүүгийн зөрчил гаргасан үйлдэл нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр огноолон гаргасан байдаг ба түүнийг гардаж аваад гомдол гаргасан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй. Нягтлан бодогч ******* нь Сангийн яаманд гомдол гаргасан, ******* дарга дээд байгууллагадаа түүний гаргасан зөрчлийг танилцуулж албан ёсны хариугаа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон хариуг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад зөрчил арилгуулах хугацаа заасан боловч арилгаагүй тул хуульд заасан хугацаанд сахилгын хариуцлага ногдуулсан юм.

Дээрх гомдол гаргасан болон удирдах дээд байгууллагад хандсан, түүнээс ирсэн хариу нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зааж өгсөн байгаа нь манай байгууллагын хувьд гаргасан шийдвэр нь буруу биш. Эдгээр шийдвэр гаргах үйл явц бүхий хугацаа нь Иргэний хуульд заасаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг тоолохдоо хүлээн авсан хугацаагаар тоолох ёстой юм. Үүнийг шүүхээс анхаарч үзээгүй, энэ тал дээр ямар нэгэн шийдвэр дүгнэлт огт гаргаагүй орхигдуулсан байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тэгээд ч төрийн албаны санхүүгийн ажилтан итгэл эвдсэн үйлдэл гаргаад, нотлогдож тогтоогдоод байхад түүнийг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах нь хариуцлагын хувьд нийцэхгүй юм.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 1 болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо буруу тооцоолсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцалсан үеийн журмыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна гэж маргаж байна. Тухайлбал Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Журам батлах тухай тушаал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлэх ба *******г ажлаас чөлөөлсөн үед мөрдөгдөж байгаагүй юм. Тухайн үед Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаал мөрдөгдөж байсан. Тэгэхээр энэ тушаалаар түүний цалин хөлсний дундажийг тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс 41502 төгрөг болж байна. Гэтэл шүүхээс 60856.19 төгрөгөөр буруу тооцоолсон.

*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхийг зохицуулсан байгаа нь нэхэмжлэгч хөдөлмөрийн маргааны талаар эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж түүний гаргасан шийдвэртэй холбогдуулан шүүхэд хандах эрхийг зохицуулсан харилцаа юм.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Зөрчил гаргасныг тогтоосноос хойш 6 сарын дотор ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчгийн өмгөөлөгч Г.Урангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэдэг маргааныг хариуцагч талаас танилцуулж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь шийдвэрлэх асуудал тусдаа байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тиймээс хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд холбогдуулан тус төвийн даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар ******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-д болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар албан үүргээ урвуулан ашиглаж, санхүүгийн сахилга бат зөрчин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 25-01-01-ээс 25-01-09 дугаар актаар тогтоогдсон, тус актын төлбөрийг барагдуулах хугацаатай үүрэг өгсөн боловч одоог хүртэл барагдуулаагүй, Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитад шаардлагатай цалин, бараа материалын баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 сарын 05-ны өдрөөр цуцалсан.

Дээрх актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй. ... Хяналт шалгалтаар илүү цагийн мөнгө олгосон гэж намайг буруутгасан. Илүү цагийг Алтаннавч дарга хамт олны хурал дээр хэлэлцэж, дарга шийдвэрийг гаргасан байдаг. Тиймээс нягтлан миний хувьд даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх гүйлгээг хийж байсан. Иймд Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэж,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ: Нэр бүхий иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25-04-28 тоот удирдамжийн дагуу Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд төлөвлөгөөт бус дотоод аудит хийж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 25-01-01-ээс 25-01-09 тоот акт, 25-04-01, 25-06-03, 25-04-02 албан шаардлагууд ирүүлсэн болно. Уг акт, албан шаардлагыг ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Аудитын шалгалтаар ******* нь санхүүгийн ноцтой зөрчил гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч дээрх хяналт шалгалтын актуудыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан гэх боловч одоог хүртэл уг шийдвэрүүдийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр манай байгууллагад ирээгүй байна.

...Та гарын үсэг зурсан зураагүй гэх асуудлаар бус, уг захиргааны акт хүчин төгөлдөр эсэх дээр маргаан гаргах байсан. Гарын үсэг зураагүй учир уг захиргааны акт надтай хамаагүй гэж хэлээд байж болохгүй. Танд мэдэгдсэн, танд сонсох ажиллагаа хийгдсэн. Зөрчил гаргасан хугацааны тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Босоо удирдлагатай байгууллагын хувьд тухайн зөрчилтэй холбогдуулан дээд шатны байгууллагадаа гаргасан, энэ зөрчилд арга хэмжээ авах шийдвэр гаргасан цаг хугацаанаас хойш 30 хоногийн дотор энэ хүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

... Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан ерөнхий зохицуулалтын дотор 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, 127.1 Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан гэх баримт энэ хавтаст хэрэгт нэг ширхэг ч байхгүй.

... Иймээс ажил олгогчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэстэй байна гэж үзэж байна. Иргэн *******гийн шүүхэд гаргасан Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. гэж тус тус тайлбарлажээ.

Ажилтан ******* нь ажил олгогч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвтэй 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байнгын ажлын байранд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус төвд нягтлан бодогчоор  ажилд орж ажиллажээ. /1хх-ийн 4-6/

Мөн ажил олгогч Дорнод аймгийн УЦУОШ-ний төвийн даргын 2020 оны 01 сарын 24-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтан *******г Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хавсруулан ажиллуулахаар болсон байна. /1хх-ийн 7/

Ажил олгогч Дорнод аймгийн УЦУОШ-ний төвийн даргын 2021 оны 07 сарын 05-ны Б/34 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 5.1.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.2.9, 20.2.13 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Сангийн сайдын 2012 оны 294 тоот тушаалын Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуур журмын 3.5.2 дахь заалтыг тус тус үндэслэн Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч ******* нь Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт дотоод аудитын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар албан үүргээ урвуулан ашиглаж, санхүүгийн сахилга бат зөрчин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтын 2021 оны 02 дугаар саырны 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-09 актаар тогтоогдсон, тус актны төлбөрийг барагдуулах хугацаатай үүрэг өгсөн боловч одоог хүртэл барагдуулаагүй. Төрийн аудитын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитад шаардлагатай цалин, бараа материалын баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан тул 2018 оны 05 дугаар сарынн 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр цуцалж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор ажлыг хүлээлцэн дуусгавар болгожээ. /1хх 7/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаадлагатай боловч тус бүрт нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд сахилгын зөрчил гэсэн ойлголт чухал ач холбогдолтой.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Ажилтан ******* нь ажил олгогч Дорнод аймгийн УЦУОШ-ний төвд Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа санхүүгийн зөрчил гаргасан болох нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, санхүүгийн хяналт, дотоод аудитын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 25-04-02 дугаар танилцуулга, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-09 дугаар актууд, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 25-04-01, 25-04-02, 25-06-03 дугаар албан шаардлагуудаар нотлогдон тогтоогджээ. /1хх 35-84/

Ажилтан ******* дээрх актуудад би гарын үсэг зураагүй гэж тайлбар гаргаж байгаа боловч санхүүгийн актуудыг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

Гэтэл ажилтан *******гийн гаргасан санхүүгийн зөрчил нь 2021 оны 02 сарын 23-ны өдрийн Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, улсын ахлах байцаагчийн удаа дараагийн актууд, мөн өдрийн улсын байцаагчийн албан шаардлагуудаар тогтоогдсон бөгөөд ажил олгогч байгууллага 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг зөрчсөн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, мөн шүүх ажилтан *******гийн ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцож шийдвэрлэсэн байна.

Иймд ажил олгогч, хариуцагч Дорнод аймгийн УЦУОШ-ний төвийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Дорнод аймгийн УЦУОШ-ний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 300 265 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2022/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн УЦУОШ-ний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 300 265 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

З.ЭНХЦЭЦЭГ