Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2022/00080

 

 

Б.Н-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00516 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын ** дүгээр багт оршин суух, Ш овогт Б. Н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ** дүгээр багт оршин суух, Х овогт М Х-д холбогдох, 

Б.Н Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Б”-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Х 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Би Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээртэй захирамжаар Н сумын Цагааннуур тосгоны “Б” хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

1.2. Уг хаваржаанд чулуун хашаа, модон байшин барьж сууж байсан. Уг хаваржааны газарт барьсан модон байшинг 2016 онд Н сумын иргэнд 1,200,000 төгрөгөөр худалдсан. Харин эзэмшил газрыг А.Ө-д шилжүүлээгүй. Учир нь би цаашид уг хаваржаанд сууж шинээр байшин барих, мал маллах зорилготой байсан.

1.3. Гэтэл А.Ө нь миний эзэмшил газрыг 2020 онд тус тосгоны иргэн М,Х-д худалдсан гэж сонссон. Энэ үед Б.Н би М.Х уулзаж наадах газар чинь миний эзэмшилд байгаа, би газрыг А.Ө-д албан ёсоор шилжүүлээгүй, та уг хаваржаанд байшин, хашаа барьж болохгүй гэж анхааруулж байсан.

1.4. Гэтэл М.Х нь миний эзэмшлийн хаваржаанд өвлийн сууцыг 2020 онд барьсан байна. Миний эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Х-д хаваржааг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Ө-с худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Газар бол төрийн өмч. Тэр тусмаа бусдын эзэмшилд байгаа газрыг бусдад худалдах тухай хууль байхгүй байна. Өнөө хүртэл уг газрыг би хууль ёсоор эзэмшиж байгаа.  

 

1.5. Иймд Б.Н миний Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Б”-д хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газраас иргэн М.Х 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Хариуцагч М.Х нь хүнд өвчний учир хүний асрамжид байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй учир миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож энэхүү тайлбарыг гаргаж байгаа болно.

2.2. М.Х нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө харилцан тохиролцож, түүний “Б” гэх газар байршилтай хаваржааг 3,5 сая төгрөгөөр хүү М-д зориулж худалдаж авсан. А.Ө тухайн хаваржааг худалдахдаа Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн хаваржаа байгаа, өмнө нь Б.Н гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н нэр дээр бичигдсэн, ***** дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х-д өгч баримт бичиж өгсөн байна. Гар баримтад "Тодорхойлолт. Би А овогтой Ө Улаан сай дахь хашаа, хороо, пүнзний хамт Х.М худалдсан нь үнэн. Мөнгийг бэлэн авсан гэж А.Ө. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн ба тухайн үед бичиж өгсөн гар баримт, хамт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь М.Х-д одоо хүртэл хадгалагдаж байна.

2.3. М.Х нь тухайн хаваржааг худалдаж авахаас өмнө тэнд байсан өвлийн байшинг А.Ө буулгаж авч явсны дараа 2017 оны 12 дугаар сард Өлгий сумын иргэн Ө.А гэрт сууж байхдаа Б.Н эцэг Б-тай утсаар холбогдож танай Бураатад байгаа хаваржаа гэрчилгээтэй юу, тухайн хаваржааг бид худалдаж авмаар байна гэхэд Б нь тухайн хаваржааг А.Ө-д худалдсан байгаа, та нар авах гээд байсан бол түрүүн ярихгүй яасан бэ гэж хариулсныг Ө.А сонсож байсан. М.Х нь үүний дараа А.Ө-тай холбогдож тухайн хаваржааг худалдаж авахаар тохиролцсон.

2.4. М.Х нь тухайн хаваржааг анх худалдаж авах үед тэнд нурсан чулуун хашаа, малын бууц байсан ба худалдаж авсны дараа чулуун хашааг сэргээн барьж, доод талд нь мал төллүүлэх чулуун хашаа нэмж барьж, 5х5 метрийн хэмжээтэй өвлийн байшин барьж 2018 оноос хойш одоо хүртэл хэрэгцээндээ ашиглаж байна.

2.5. М.Х нар нь Б.Н шүүхэд хандсаны дараа А.Ө очиж уулзаж ийм маргаан гарч байгаа талаар мэдэгдэхэд А.Ө нь би Бураат дахь хашаа хороог худалдсан нь үнэн.Туслах хүнгүй өөрөө ганцаараа учир малаас гарч чадахгүй нотариатад очиж чадаагүй. Энэ хүнд янзалж өгөхийг хүсье, хуулийн байгууллага заавал шаардлагатай гэвэл боломжтой үедээ очно гэсэн утгатай гарын үсэгтэй баримтыг 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн. Ямар ч хүн эзэмших эрхийн гэрчилгээгүй хаваржааг худалдаж авдаггүй. Б.Н нь тухайн хаваржааг А.Ө-д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн атлаа сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна.

2.6. Б.Н нэр дээр байгаа ***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Ө хаваржааг худалдахдаа М.Х-д өгсөн ба одоо эх хувиараа түүний гар дээр байна. Гэтэл Б.Н нь тухайн гэрчилгээ өөрийн гар дээр байгаа мэтээр тайлбарлаж гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба эх хувь нь байхгүй байхад ямар аргаар нотариатаар гэрчлүүлсэн нь эргэлзээтэй байна. Иймд Б.Н нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00516 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Б”-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Х 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-нд олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч М.Х нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө-тай харилцан тохиролцож түүнээс “Б” гэх газар байршилтай өвөлжөөг 3,5 сая төгрөгөөр хүү М.д зориулж худалдаж авсан байдаг. А.Ө тухайн өвөлжөөг худалдахдаа Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн өвөлжөө байгаа, өмнө нь Б.Н гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н.н нэр дээр бичигдсэн, ***** дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х өгч баримт бичиж өгсөн байдаг. Гар баримтад “Тодорхойлолт. Би А овогтой Ө Улаан сай дахь хашаа, хороо, пүнзний хамт Х.М.д худалдсан нь үнэн.Мөнгийг бэлэн авсан гэж А.Ө. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр” гэж бичсэн ба тухайн үед бичиж өгсөн гар баримт, хамт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч Б.Н нь тухайн маргаан бүхий хаваржааны газрыг өвлийн байшин, хашаа, хорооны хамт 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр А.Ө.д худалдаж, түүнээс 1,2 сая төгрөг авч гар баримт үйлдсэн ба тухайн баримтад “2012-9-6-нд “Бураат дахь хашаа, хороо, байшинг А.Ө.д 1,200,000 төгрөгөөр худалдсан.Нэг сая хоёр зуун мянган төгрөгийг бэлэн авсан, авч өгөх зүйл байхгүй” бичиж гарын үсэг зурсан байдаг.Тухайн гар баримт А.Ө.д хадгалагдаж байсныг мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.2. Нэхэмжлэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд уг өвөлжөөний газарт барьсан модон байшинг 2016 онд Н сумын иргэн 1,200,000 төгрөгөөр худалдсан гэж тодорхой бичсэн ба анхан шатны шүүхийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр мөн 2016 онд зөвхөн байшинг худалдсан гэдэг байдлаар мэдүүлсэн. Бодит байдал дээр 2016 онд биш 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр худалдсан, зөвхөн байшинг худалдаагүй, эзэмшил газар, хашаа, хорооны хамт худалдсан нөхцөл байдал тогтоогддог. Хөдөө мал маллаж амьдарч байгаа малчин хүмүүс тухайн өвөлжөө, хаваржааны эргэн тойрны газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглахаар худалдаж авдаг болохоос эзэмшил газаргүй хөрөнгө худалдаж авдаггүй, энэ нь олон зуун жилээс уламжлагдаж ирсэн зүйл. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх болсон үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

4.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн.Үзлэгээр Б.Н маргаж байгаа хашааны хэмжээ нь 333.7 м.кв болох нь, хариуцагч М.Х барьсан байшин нь түүнээс тодорхой зайтай газарт баригдсан, 25,6 м.кв хэмжээтэй болох нь тогтоогдсон.

4.4. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа газрын кадастрын зургийг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Н сумын газрын даамал нараас газрын кадастрын зургийг нотлох баримтаар гаргуулж авахаар хандахад эдгээр газар, албан тушаалтанд байхгүй болох нь тогтоогдсон. Б.Н эзэмшиж байгаа гэх газрын нийт хэмжээ 500 м.кв байгаа ба үзлэгээр хашааны оршин байгаа газрын хэмжээ 333,7 м.кв болох нь тогтоогдсон талаар дээр дурдсан.500 м.кв газраас хашааны оршин байгаа газрын хэмжээ 333.7 м.кв газрыг хасахаар цаана нь 166.3 м.кв газар үлдэж байгаа. Хариуцагч М.Х барьсан гэх 5x5 метрийн хэмжээтэй модон байшин нь үлдэж байгаа 166.3 м.кв газар дотор орж байгаа талаар, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшил газарт баригдсан гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад таамаг байдлаар түүний эзэмшил газарт байгаа мэтээр дүгнэж албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Н нь маргаан бүхий газрыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Ө.д худалдсан нь тогтоогдсон. Тэрнээс хойш 10 орчим жил өнгөрч байхад яагаад 2021 оны намраас тухайн эзэмшил газрын талаар маргаан үүсгэх болсон, тэрнээс өмнө яагаад эзэмшил газраа ашиглаагүй явж ирсэн нь тодорхойгүй байгаа. Үүнээс үндэслэн Б.Н нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдол гаргасан эсэх нь бас эргэлзээтэй.

4.6. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00516 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  5.1. Газрыг чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:   

6.1. Маргаан бүхий газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Н-д олгосон байдаг. Өөрөөр хэлбэл Н сумын Цагааннуур тосгоны Бураат гэх газраас олгосон. Тус газрыг анх олгоход 20 жилийн хугацаатай олгосон бөгөөд өнөөдөр хүртэл тус гэрчилгээ нь хүчинтэй хэвээр байна. Аливаа газрыг хуулийн хүрээнд гэрчилгээний дагуу эзэмшдэг бөгөөд өнөөдөр хүртэл тус гэрчилгээ нь ямар нэгэн байдлаар хүчингүй болоогүй бөгөөд хүчинтэй хэвээр байгаа. 

6.2. Ө.д маргаан бүхий газрын дээр байгаа байшинг 2012 онд 1,200,000 төгрөгөөр худалдсан. Байшингийн талаар нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар маргаагүй. Өнөөдөр тэр хүн өөр газар нүүгээд явсан. Харин хариуцагч М.Х гэдэг хүнтэй нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн хэлцэл хийгээгүй, танихгүй хүн. Газрын тухай харилцаа бол өөрөө онцгой харилцаа бөгөөд тус харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зохицуулж өгсөн байдаг. Гэтэл М.Х, Ө нарын аль алинд ч газар эзэмших гэрчилгээ байхгүй.

6.3. Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусаагүй бөгөөд өөрөө Н сумын Цагааннуур тосгоны харьяат, өнөөдрийн байдлаар Өлгий сумын 12 дугаар багт түр оршин сууж байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөл, эзэмшлийн газарт буй байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрх нэхэмжлэгчид бий. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах шатны гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Х холбогдуулан Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Б” гэх нутагт орших хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас М.Х барьсан 5х5 метрийн харьцаатай хувийн  байшин  албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч М.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон Б.Н “Б” гэх газарт байрлах хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн  500 м.кв газарт хариуцагч М.Х 5х5 хэмжээтэй байшин байгаа эсэхийг, мөн зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бодитой тогтоогоогүй бөгөөд хуульд заасан тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

11. Нэхэмжлэгч Б.Н 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “...шүүгчээр үзлэг хийлгэх болсон шалтгаан, үндэслэл нь маргаан бүхий газарт хариуцагч М.Х 5х5 хэмжээтэй байшин байгаа эсэх талаар үзлэг хийх журмаар тодруулж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг  2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШЗ2022/01135 дугаар  шүүгчийн захирамжаар ханган шийдвэрлэж, үзлэг хийсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан үндэслэлүүдийг үзлэгээр бүрэн хийгээгүй, үзлэгийг зөвхөн маргаан бүхий объектуудын хэмжилтээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн маргаж буй газарт хариуцагчийн байшин байгаа эсэх нь тодорхойгүй, газрын кадастрын зураг аваагүй, үзлэгийг маргаан бүхий газрын кадастрын зурагтай харьцуулаагүй дутуу хийжээ. Анхан шатны шүүхийн энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд болон бичгээр гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, эсхүл Баян Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-аас иргэн Б.Н.д тус сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дугаартай захирамжаар 500 м.кв газрыг эзэмшүүлсэн хувийн хэргийг буюу хувийн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг авч өгөхийг хүссэн” хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2022/01464 дугаартай “Хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамж бүрэн биелэгдээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт хангагдаагүй, нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь  үндэслэл муутай болжээ.

 

13. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч М.Х.д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний  төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ