Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00146

 

Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Д.Батбаатар, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэртэй

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2023/00049 дүгээр магадлалтай,

Б.Нын нэхэмжлэлтэй

М.Х /эрх залгамжлагч Р.Ө/-д холбогдох  

Эзэмшил газар .................. зориулалтаар газраас М.Хын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч К.Б (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Хд холбогдуулан ....................... хаваржааны зориулалттай эзэмшил газраас М.Хын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нын ....................... хаваржааны зориулалтаар эзэмшиж буй 500 м.кв газраас хариуцагч М.Хын 25.6 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Над олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2023/00049 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Нын хариуцагч М.Хд холбогдуулан гаргасан ....................... гэх хаваржааны зориулалттай газаас М.Хын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бы давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт зэргийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бд буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Анхан шатны шүүх Б.Н миний нэхэмжлэлтэй “............хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Хын 5x5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай” маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Б.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон уг маргааныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол улсын иргэн Б.Н нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2008.01.30-ны өдрийн 11 дүгээр захирамжаар НСЦТ“БУС” хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Уг өвөлжөөнд чулуун хашаа, модон байшин барьж амьдран сууж байсан. Уг өвөлжөөний газарт барьсан зөвхөн модон байшинг 2016 онд Ногооннуур сумын иргэн А.Өд 1,200,000 төгрөгөөр худалдсан. Харин А.Н нь өөрийн эзэмшил газрыг А.Өд шилжүүлээгүй юм. Учир нь Б.Н цаашид уг өвөлжөөнд сууж шинээр байшин барих, мал маллах зорилготой байсан. Гэтэл иргэн А.Ө нь Б.Наас худалдаж авсан байшинг нураан өөр газарт аваад явснаар 2020 онд тус тосгоны иргэн М.Х нь Б.Нын өвлийн сууцны буурьт шинээр байшин барьсан байна. Энэ үед Б.Н нь М.Хтай уулзаж наадах газар миний эзэмшилдээ байгаа, би газрыг А.Өы эзэмшилд албан ёсоор шилжүүлээгүй, та уг өвөлжөөнд барьсан байшин, хашаагаа буулгаарай гэж анхааруулж байсан. Б.Н нь өөрийн эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Хд өвөлжөөг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Өаас худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Газар бол төрийн өмч. Тэр тусмаа бусдын эзэмшилдээ байгаа газрыг бусдад худалдах тухай хууль байхгүй байна. Өнөө хүртэл уг газрыг Б.Н нь уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа учраас ............хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Хын 5x5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан юм.

4.2. Анхан шатны шүүх Б.Нын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, талуудын хүсэлтээр уг маргаан бүхий газарт үзлэг хийх зэргээр үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийж Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 дах хэсэгт “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно, улсын бүртгэлд бүртгүүлнэ бүртгэнэ” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь төрийн онцгой өмч болох газрыг аливаа иргэн эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Газрын тухай хуулийн хүрээнд уг эрхээ шударга журмаар олж авах тухайлбал газрыг эзэмших тухай хүсэлт гаргах, уг хүсэлтийг сумын Засаг дарга хянан үзээд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах, сумын ЗДТГ-ын газрын даамал газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгох гэх мэтийн хуульд тусгайлан заасан ажиллагаануудыг хийлгэх ёстой. Гэтэл М.Х нь уг газарт байшин барихад Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 34.1, 35.1-д заасан үйл ажиллагааг хийлгээгүй байгаа нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал Газрын тухай хуулийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулиар хориглосон заалт байхад уг хориглосон заалтыг эрс үгүйсгэж М.Х нь тухайн газрыг хууль ёсоор эзэмших ёстой гэж үзэж байгаад гайхаж байна. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх уг маргаан бүхий газрын кадастрын зураглалыг гаргаж өгөөгүй явдалд буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь эзэмшил газрын кадастрын зураглал үйлдэх, мэдээллийн санд оруулах нь газрын эрх бүхий байгууллагын эрх, үүрэгт хамааралтай асуудал гэж үзэж байна. Иймд энэ үндэслэлээр Б.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх уг маргааныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан шийдвэрлэсэн байгааг үгүйсгэж байгаа мөртлөө уг маргааныг хянан шийдвэрлэхэд Газрын тухай хууль болон Иргэний хуулийн ямар нэг зүйл, хэсгийг баримтлаагүй байж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалттай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.06.20-ны өдрийн 001ШХТ2023/00734 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.С нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Н, өмгөөлөгч Д.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч Б.Н нь М.Хд холбогдуулан ..................-д хаваржааны зориулалттай газрыг чөлөөлүүлэх буюу 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2008.01.30-ны өдрийн 11 дүгээр захирамжаар НСЦТБураат ..................хэмээх газарт 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшихээр болж гэрчилгээ авсан ... 2016 онд Ногооннуур сумын иргэн А.Өд газар эзэмших эрхийг бус түүн дээрх модон байшинг 1,200,000 төгрөгөөр худалдсан ... А.Ө нь М.Хд газар эзэмших эрхийг худалдсан ... би М.Хтай уулзаж ... газрыг А.Өд шилжүүлээгүй тул  байшин, хашаа барьж болохгүйг анхааруулсан ... М.Х нь миний эзэмшлийн хаваржаанд 2020 онд өвлийн сууцыг барьсан байна. ... хаваржааг чөлөөлүүлэх шаардлагыг М.Хд удаа дараа тавихад үл ойшоож, уг газрыг би А.Өаас худалдаж авсан гэжээ. Иймд Б.Н миний хаваржааны зориулалтаар эзэмшдэг газраас иргэн М.Хын 25.6 метр кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэхийг хүсье” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч М.Х (эрх залгамжлагч Р.Ө)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...М.Х нь 2018.07.23-ны өдөр хаваржааг А.Өаас 3,5 сая төгрөгөөр худалдаж авсан. ... А.Ө газрыг Б.Н гэгчээс худалдаж авсан, ... гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгнө гэж тайлбарласан ... тэнд байсан өвлийн байшинг А.Ө буулгаж авч явсан ... тухайн хаваржааг анх авахад тэнд нурсан чулуун хашаа, малын бууц байсан ба би чулуун хашааг сэргээн, доод талд нь мал төллүүлэх чулуун хашаа нэмж, 25.6 м. кв хэмжээтэй өвлийн байшин барьж 2018 оноос хойш одоо хүртэл хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа” гэж тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2008.01.30-ны өдрийн 11 дугаартай захирамж, түүний хавсралт, 2009.02.10-ны өдөр олгосон .... дугаар нэгж талбарын .... дугаартай газар эзэмших гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Н нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бураат ..................гэх газарт 500 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь тогтоогдсон ... газар эзэмшигч нь газрыг эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд харин захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй. Иймд хариуцагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь эх хувиараа надад байсан тул тухайн газар нь миний газар гэх татгалзал нь үгүйсгэгдэнэ.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон “... Б.Н нь А.Өд газар эзэмших эрхээ худалдсан боловч А.Ө нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмаар шилжүүлж аваагүй. А.Ө тухайн газрыг эзэмшиж байгаад 2018.07.23-ны өдөр хариуцагч М.Хд газрыг хашаа хороо, малын пүнзний хамт 3,500,000 төгрөгөөр худалдсан. Энэ нь хөрөнгө хүлээлцсэн тухай баримт, гэрчийн мэдүүлэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн үйлдлээр тогтоогдсон. Анхан шатны шүүх Б.Н нь өөрийн газар эзэмших эрхийг 2012 онд А.Өд, А.Ө нь 2018 онд М.Хд шилжүүлсэн бодит нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй.” гэж дүгнэсэн.

11.Талууд нэхэмжлэгч Б.Н нь НСЦТБураат ..................хэмээх газарт 500 м.кв газар эзэмших эрхийг 2016 онд А.Өд худалдсан эсэх, А.Ө, М.Х нарын хооронд 2018.07.23-ны өдөр байгуулсан гэрээний зүйл юу болох талаар маргаж байна.

Анхан шатны шүүх газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасны дагуу хууль ёсоор гэрчилгээ авснаар үүсэх тул М.Х газар эзэмших эрхгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүсэл зориг, гэрээний зүйлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлж М.Х нь газар эзэмших эрхтэй гэж тайлбарласан байна.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 дах хэсэгт “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно, улсын бүртгэлд бүртгүүлнэ бүртгэнэ” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй” гэж тус тус заасан.

Газар эзэмших эрх нь газар өмчлөх эрхээс ялгаатай ойлголт бөгөөд төрийн өмчийн газрыг тодорхой хязгаарлалттайгаар хуулиар хориглогдоогүй хэлбэрээр хувийн болон ажил хэргийн бусад зорилгоор хүн, хуулийн этгээд эдлэх, хэрэглэх боломжийг олгодог эд хөрөнгийн эрхийн нэг төрөл мөн. Энэ агуулгаар газар эзэмших эрх нь худалдах-худалдан авах, арилжаалах, бэлэглэх, барьцаалах гэрээний зүйл болно. Иймд “газар нь төрийн онцгой өмч тул газар эзэмших эрхийг захиран зарцуулах боломжгүй” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. 

13.Нэхэмжлэгч Б.Н өөрийн эзэмшил газрыг 2016 онд А.Өд худалдаагүй, гагцхүү түүний дээр байрлах байшингаа 1,200,000 төгрөгөөр худалдсан гэх боловч хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр энэ гэрээний зүйл нь дан ганц байшин бус газар эзэмших эрх багтсан тухай үйл баримтыг хоёр шатны шүүхээс үндэслэл бүхий тогтоожээ. Харин нэхэмжлэгч Б.Н газар эзэмших эрхээ байшингийн хамт худалдсан нь хуульд нийцсэн эсэх асуудлаар шүүхүүд ялгаатай дүгнэлт өгсөн байх ба анхан шатны шүүх Б.Н газраа хууль ёсоор шилжүүлж өгөөгүй, өнөөдрийг хүртэл түүний нэр дээр газар эзэмших эрх бүртгэлтэй, гэрчилгээтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх худалдагч Б.Н газар эзэмших эрхийг байшингийн хамт шилжүүлэх хүсэл зоригтой байсан тул дараа дараагийн худалдан авагч газар эзэмших эрх шилжсэн гэх агуулга бүхий дүгнэлт хийжээ.

14. Төрийн өмчийн газрын хувьд газар эзэмших эрх, хувийн өмчийн газрын тухайд бусдын газар дээр барилга байгууламж барих эрх болон узуфрукт нь газар ашиглалтын тухайд харьцангуй хүчтэй эдийн баялгийн эрхэд тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.5-д “төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна” гэж заасны дагуу эдгээр эрхүүдийн тухайд ялгаатай эрх зүйн орчин буюу төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах харилцаанд Газрын тухай хууль, хувийн өмчийн газрыг эзэмших, ашиглах харилцаанд Иргэний хуулийн хэм хэмжээ үйлчилж байна. Харин эдийн баялгийн суурь харилцаа болох хувьдаа газрын харилцаанд өмчийн эрх зүйн суурь ойлголтууд нэгдмэл байх учиртай бөгөөд энэ үүднээс эзэмшил хууль ёсоор үүсэхээс гадна шударгаар үүсэх иргэний эрх зүйн зохицуулалтыг төрийн өмчийн газрын харилцаанд ч баримталбал зохино.

Тодруулбал, 2016 онд  нэхэмжлэгч Б.Н А.Өд өөрийн эзэмшил газарт байрлах байшинг худалдсан байх ба байшингаа худалдахдаа түүний дэвсгэр газрыг эзэмших эрхийг хамт шилжүүлэх хүсэл зоригийн үндсэн дээр газар эзэмших гэрчилгээгээ биет байдлаар А.Өд өгсөн нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Б.Нын нэр дээр гарсан эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Б.Хабыл хэрэгт нотлох баримтаар өгсөн үйлдлүүдээр тогтоогдсон байна. А.Ө болон М.Хын хэн алины нэр дээр шинэ гэрчилгээ гараагүй, энэ талаар засаг даргын захирамж, шийдвэр байхгүй боловч газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээний дагуу газрын эзэмшлийг хууль ёсоор өөртөө шилжүүлэхийг Б.Наас шаардах эрх нь А.Өаас М.Хд (эсхүл түүний эрх залгамжлагч Р.Ө)-д шилжиж ирсэн гэж үзнэ.

А.Ө нь Б.Наас газар эзэмших эрхийг, байшингийн хамт 1,200,000 төгрөгөөр худалдан авч, энэ гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэхийг Б.Наас шаардах эрх үүссэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, Б.Н, А.Ө нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь НСЦТБураат ..................хэмээх газарт 500 м.кв газар эзэмших эрх, түүний дээр баригдсан модон байшин байжээ. Харин А.Ө газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шилжүүлж амжаагүй байна. Гэвч ийнхүү шилжүүлэх үйлдлийг хараахан хийгээгүй байгаа нь гэрээний дагуу газар эзэмших эрхээ Б.Наас шаардах А.Өы эрхийг үгүйсгэхгүй.

Улмаар А.Ө ба хариуцагч М.Х нар 2018 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ба тус гэрээний зүйл нь А.Өы Б.Наас газрын эзэмших эрх шилжүүлэхийг шаардах эрх, уг газар дээр байрлах малын пүнз, хашаа зэрэг хөдлөх эд хөрөнгүүд байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу бусдаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч (А.Ө) нь үүрэг гүйцэтгэгч (Б.Н)-д энэ талаар мэдэгдэхэд хангалттай бөгөөд түүний зөвшөөрлийг авсан байх шаардлагагүй. А.Ө “газар эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардах эрх”-ээ худалдахдаа Б.Над мэдэгдэж байсан талаар гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагджээ. 

15. Дээрх худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээг үндэслэн хариуцагч М.Х (эрх залгамжлагч Р.Ө) нь Б.Ноос газар эзэмших эрхийг зохих журмын дагуу өөртөө шилжүүлэхийг шаардах эрхийн хууль ёсны эзэмшигч, уг шаардах эрхийг үндэслэн газрыг эзэмшиж буй шударга эзэмшигч гэж үзнэ. Иймд үүрэг бүхий этгээд болох Б.Н газар эзэмших эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээ шаардах эрх бүхий этгээд болох М.Х (эрх залгамжлагч Р.Ө)-ийн нэр дээр гараагүй байгаа нөхцөл байдлыг хууль ёсоор газрыг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй этгээд болох М.Х (эрх залгамжлагч Р.Ө)-ын эсрэг ашиглаж болохгүй.

Нэхэмжлэгч Б.Н түүний А.Өтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь гагцхүү байшин байсан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, тус гэрээний зүйлийг байшин ба газар эзэмших эрх гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул Б.Н энэ гэрээний үүргээ биелүүлж газар эзэмших эрхийг А.Өд шилжүүлэх үүрэгтэй. А.Ө нь өөртөө газар эзэмших эрх шилжүүлэхийг Б.Наас шаардах эрхээ М.Хд 3,500,000 төгрөгөөр худалдсан байх ба энэ тохиолдолд Б.Нын зөвшөөрөл шаардлагагүй тул М.Х эсхүл түүний эрх залгамжлагч Р.Ө Б.Наас газар эзэмших эрхээ түүнд шилжүүлэхийг шаардах, өөрийн газар эзэмшлийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардах эрхтэй. 

16. Энэ үндэслэлээр Б.Нын хариуцагч М.Хд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Сын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин, магадлалын хууль зүйн дүгнэлтийг дээрх байдлаар тодруулан тайлбарлав.

17. Хяналтын журмаар гомдлыг хэлэлцэх шатанд хариуцагч М.Х нас барж түүний эрх залгамжлагчаар М.Хын эхнэр Р.Ө тогтоогдсон бөгөөд тус хэрэг маргааны хүрээнд хариуцагч М.Хын материаллаг ба процессын эрх зүйн эрх, үүргийг Р.Ө шилжүүлэн авахыг дурдах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2023/00049 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгийн өмгөөлөгч Д.Сын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан Б.Н нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.11-ний өдөр төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                          

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Д.БАТБААТАР

                                                                             Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД