Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2022/00078

 

 

М.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00546 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух Ж овогт М.Е-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сум ** дүгээр багт оршин суух Ш овогт Э.Н, тус аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух Б овогт П.А нарт холбогдох,  

“Машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс болон олох байсан орлогын хамт хохиролд нийт 2,180,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч М.Е, хариуцагч Э.Н , П.А , орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд гэр маань 2017 онд үерт автагдаж улмаар Өлгий сумын ** дугаар багын К хороололд 3 хүүхдийн хамт амьдардаг.

1.2 Миний бие өөрийнхөө **** БӨҮ улсын дугаартай NISSAN March маркийн машинаар таксинд гардаг. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эгчид хоол хүргэж өгөхөөр болж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт Нэгдсэн эмнэлгийн машины зогсоолд машинаа тавиад хоолоо хүргэж өгч гарч ирэх хооронд миний машины янданд элс, шороо, чулуу хийснээс болж машин асахгүй болж өөр машинаар чирч гэртээ авч ирсэн юм.Э.Н,П.А нарын миний машины янданд чулуу хийсэн нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр танигдаж илрүүлсэн.

1.3 Би 9-16 насны бага насны хүүхдүүдийг асран тэтгэж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Хариуцагч нар буруугаа хүлээгээд уучлалт гуйсан бол өөр хэрэг. Би хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас зогсонги байдалд орж 103 хоног такси хийж чадаагүй учраас олох байсан орлогоо өдрийг нь 20000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Миний өдрийн орлого хамгийн багадаа 50000-60000 төгрөг байсан. Энэ мөнгөөрөө хүүхдүүдээ асран хамгаалж ирсэн. Миний хариуцагч нараас нэхэмжилж байгаа 2,180,000 төгрөгт запас сэлбэгийн үнэ, засвар хийсэн хүний хөлс, олох байсан орлого орж байгаа. Иймээс хариуцагч нараас 2,180,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч Э.Н-ын тайлбар, татгалзал:

2.1. Миний бие М.Е.ийг таньдаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн урьд талын зогсоол дээр таксинд хамт гардаг байсан.Тэрнээс эхлэн танина.

2.2 Миний хувьд түүний машины янданд элс, шороо, чулуу хийсэн асуудал байхгүй. Энэ талаар мэдэх зүйлгүй.

2.3 М.Е нь намайг яагаад шүүхэд өгөх болсныг ойлгохгүй байна. Танай шүүхээс нэхэмжлэлийн хувийг хүлээн авч, танилцахдаа хавсаргаж өгсөн материал гэрэл, зургуудтай танилцсан. Тэнд миний ямар ч зураг байхгүй байна.

2.4 М.Е,П.А нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Тухайн үед би тэнд байгаагүй. Би “С” ХХК-д ажилд ороод нэг жил болж байгаа тул таксинд гарахаа больсон. Иймд М.Ен нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч П.Аын тайлбар, татгалзал:

3.1. 2021 оны 10 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадаа таксины зогсоолд зогсож байхад М.Е ирж машинаа зогсоогоод дотогшоо орсон. Түүнийг дотогшоо орсны дараа би тоглоод машины яндан дээр жижиг чулуу тавьсан. Хэсэг хугацааны дараа М.Е гарч ирэхээр нь таны машины янданд чулуу байна гэхэд тэр чулууг аваад над руу шидээд яваад өгсөн.

3.2 Хэд хоногийн дараа М.Е нь надад ирж уулзаад чи гэрч болоод өг, Э.Н гэгч залуу таны машины яндан руу чулуу, элс хийсэн гэж хэл, хэрэв тэгж хэлэхгүй бол би чамайг цагдаад өгнө гэсэн. Би тэгэхээр нь би юу гэж худлаа гэрч болох юм бэ? Тийм зүйл огт болоогүй байхад гэж хариулсан.Э.Н тухайн үед бидний хажууд байгаагүй.Э.Н энэ асуудалд оролцоо байхгүй. Өвөлжингөө зогсолтгүй такси хийгээд явж байсан. Миний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрах ёсгүй.

3.3 Тодорхой хугацаа өнгөрсний дараа намайг цагдаагаас дуудаж Дамысбек гэдэг хэсгийн байцаагч мэдүүлэг авсан. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Уг асуудлын талаар аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж миний буруу байхгүй байна гэж үзээд гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасныг хяналтын прокурор Р.Гүлбарим хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэстэй тул таны гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тэгээд энэ асуудал хаагдсан.

3.4 Миний хувьд түүний машины янданд элс, шороо, чулуу чихсэн асуудал байхгүй. Тухайн үед М.Е нь машинаа асаагаад яваад өгсөн. Машинаа чирч явсан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр тогтоосон гэдэг нь үндэслэлгүй.

3.5 Тэр нэхэмжлэлдээ М.С гэдэг хүний тодорхойлолтыг хавсаргасан ба тус тодорхойлолтод моторт ачаалал үүссэнээс болж жийрэг нь халж, кольц, статр ажиллах боломжгүй болсон тул моторт бүрэн ээлж хийж өгсөн гэжээ. Машины моторт ачаалал үүсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд тодорхой хугацааны дараа ээлж хийлгэж байдаг.

3.6 Миний бие түүний машины яндан дээр чулуу тавьснаас болж түүний машинд эвдрэл үүссэн, үүнээс болж засвар хийлгэх шаардлагатай болсныг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

3.7 Мөн эрх бүхий байгууллагаас шалгаад гомдлыг нь хүлээж авахаас татгалзсан талаар тодорхой дурдсан. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “...Хариуцагч Э.Н, П.А нарын хэн нь үнэн хэлж байгааг ойлгосонгүй. Би шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлнэ. Нэхэмжлэгч М.Еийн хэрэг үндэслэлгүй байна гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/000546 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е-ийн хариуцагч П.А, Э.Н нараас машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс болон олох байсан орлогын хамт хохиролд нийт 2,180,000 гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1.Хариуцагч            Э.Н, П.А нарын хийсэн гэмт үйлдэл нь нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр нотлогдож байхад шүүх ганц П.А оролцсон тэр нь нотлогдохгүй байгаа мэтээр үгүйсгэсэн.

6.2. Миний машиныг чирч гэрт хашаанд авч ирж оруулсан, засвар хийж үнэ хөлсийг нь авсан С.С-ын казахаар бичсэн гарын баримтыг монгол хэлээр орчуулсан өмгөөлөгч Т.Бахыт санаатай миний монгол хэл мэдэхгүй ашиглан утгыг нь өөрчилж бичиж  өгч гуйвуулсан явдалд шуух дүгнэлт хийгээгүй.

6.3. Эмнэлгийн үүдэнд мотоциклоор таксинд явж байсан гэрч Х.Х-аас мэдүүлэг аваагүй шуух хуралд оролцуулаагүй. Гэрч Х.Х нь тухайн үед надад ******** тоот утсаар утасдаж хэлсэн байсныг тодруулаагүй явдалд тус тус гомдоллож давж заалдаж байгааг минь хүлээн авч, шударга шийдвэрийг шүүхээс гаргаж миний 2,180,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.

 

7. Хариуцагч Э.Н-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч П.А нь нэхэмжлэгчийн машины янданд чулуу хийхэд би байгаагүй. Нэхэмжлэгчийн хувьд намайг үндэслэлгүй хариуцагчаар татсан. Би өөрөө “С” ХХК-д ажилладаг ба заримдаа таксинд гардаг. Тухайн үед нэхэмжлэгч хүрч ирээд бичлэг аваад чамайг баривчлуулна гэх зэргээр надад хэлдэг.

 

8. Хариуцагч П.Аын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гэгээн цагаан өдөр би бусдын машины янданд чулуу хийх хүн биш. Зөвхөн яндангийн дээд хэсэгт чулуу тавьж байсан. Тухайн чулууг өөрт нь хэлэхэд аваад миний машин руу шидэж байсан. Мөн хариуцагч Э.Нын ямар нэгэн оролцоо байхгүй. Мөн нэхэмжлэгч өдөр болгон ирж биднийг бичлэгт буулгаж, шүүх, цагдаад таньдаг хүнтэй, та нарыг баривчлуулна гэх зэргээр хэлдэг.

 

ХЯНАВАЛ:

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянав.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэснийг, харин “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг тус тус ойлгоно.

 

11. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

12. Нэхэмжлэгч М.Е-ийн хариуцагч Э.Н, П.А нарт холбогдуулан гаргасан “Гэм хорын хохиролд 2,180,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  болон хэргийн, шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас  гэм хорын хохиролд 2.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “Э.Н,П.А нарын миний машины янданд чулуу чихсэн нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр танигдаж илрүүлсэн. Миний машины янданд тэд санаатайгаар чулуу хийснээс болж машины мотор нь эвдэрч, моторт бүрэн ээлж хийлгэсэн тул машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс, машиныг засах хүртэл олох байсан орлогыг хариуцагч нараас нэхэмжилж байна” гэж тайлбарласан бол хариуцагч Э.Н нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “би тоглоод машины яндан дээр жижиг чулуу тавьсан. Хэсэг хугацааны дараа М.Е нь гарч ирэхээр нь таны машины янданд чулуу байна гэхэд тэр чулууг аваад над руу шидээд яваад өгсөн. Уг асуудлын талаар аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж миний буруу байхгүй байна гэж үзээд гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасныг хяналтын прокурор Р.Гүлбарим хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэстэй тул таны гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний хувьд түүний машины янданд элс, шороо,чулуу хийсэн асуудал байхгүй. Машинаа чирч явсан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр тогтоосон гэдэг нь үндэслэлгүй. Миний түүний машины яндан дээр чулуу тавьснаас болж түүний машинд эвдрэл үүссэн, үүнээс болж засвар хийлгэх шаардлагатай болсныг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй” гэж, хариуцагчП.А нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “Миний хувьд түүний машины янданд элс, шороо, чулуу хийсэн асуудал байхгүй. Энэ талаар мэдэх зүйлгүй. М.Е,П.А нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Тухайн үед би тэнд байгаагүй. Би “С” ХХК-д ажилд ороод нэг жил болж байгаа тул таксинд гарахаа больсон” гэж тус тус тайлбарлажээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Э.Н, П.А нар нь нэхэмжлэгч М.Е-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

15. Нэхэмжлэгч М.Е-ийн машины янданд чулуу хийснээс бол машины мотор эвдэрч, өөр машинаар чирч гэртээ авч ирсэн, тэгээд моторт бүтэн ээлж хийлгэсэн гэх үйл баримтыг нотлохоор шүүхэд гаргасан өгсөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэг, гэрэл зургууд, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандоржийн 03 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Р.Гүлбаримийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд, нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

16. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолдоо “Эмнэлгийн үүдэнд мотоциклоор таксинд явж байсан гэрч Х.Х мэдүүлэг аваагүй шуух хуралд оролцуулаагүй. Гэрч Х.Х нь тухайн үед надад ******** тоот утсаар утасдаж хэлсэн байсныг тодруулаагүй” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч гэрчээс мэдүүлэг авхуулах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авахаар хуульчилсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрч Х.Х гэрчийн мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын энэ үндэслэл хууль зүйн үндэслэлгүй.

17. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хуульд зааснаар хэргийн үйл баримт, хариуцагч нарын гэм буруугийн талаар “...Хариуцагч Э.Н, П.А нарын хэн нь үнэн хэлж байгааг ойлгосонгүй. Би шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлнэ. Нэхэмжлэгч М.Е-ийн хэрэг үндэслэлгүй байна гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-д “хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана...” гэж хуульчилсан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дээрх агуулга бүхий дүгнэлтийг нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж, Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэн болно.

18. Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Е-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Еийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК