Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0630

 

“О г х” ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн

тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, М.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхбаярын давж заалдах гомдлоор, “О г х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэрээр: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 6, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн, 7.1.6, 7.1.13 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О г х” ТББ-ын Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хуульд үндэслэсэн байна гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтуудыг хэрэглэх ёсгүй байсан үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Анхан шатын шүүх тухайн хуулиудад байгаа хэрэглэх ёстой заалтуудыг хэрэглэлгүй орхигдуулж хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй заалтуудыг баримтлан шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б даргалж, шүүгч Б.М, шүүгч Л.Ө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны 4 дүгээр танхимд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан шүүх хуралдаанаас гаргасан 128/ШШ2018/0644 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “О г х” ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар тодорхойлж, “...хуульд зааснаар байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах бүрэн эрх нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байхад хариуцагч нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 2/-т “...тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах” 3/-т “...экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах” гэж тус тус зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тухайн салбарын бодлогыг боловсруулж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох дүрэм, журмыг батлах тухайлбал экологи, эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох аргачлалыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар аймаг болон сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах бүрэн эрхтэй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 3-д зааснаар байгаль орчны улсын байцаагч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгаж, байгаль орчинд учирсан хохиролд нөхөн төлбөр ногдуулах эрхтэй байхаар хуульчилжээ.

Тодруулбал, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргасны үндсэн дээр уг хохиролд нөхөн төлбөр ногдуулах, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх харилцаа үүсэх учраас байгаль орчинд учирсан хохирлыг тооцох ажлыг зохион байгуулах чиг үүрэг нь аймаг, сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нарын бүрэн эрхэд хамаарна гэж үзэхээр байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл, байгаль орчинд учирсан хохирлыг тооцох чиг үүргийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хохирол тооцох аргачлалыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих, харин аймаг, сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нь байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргах ажлыг зохион байгуулж, нөхөн төлбөр ногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй байна.

Нэгэнт хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргах бүрэн эрхийг хуулиар олгоогүй мөн тус хамгаалалтын бүсэд ямар хохирол учирсан нь тодорхойгүй энэ нөхцөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг энэ талаар нийтэд мэдээлэхийг даалгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН