Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00085

 

Х.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00563 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багт оршин суух, С овогт Х.А, мөн сумын ** дүгээр багт оршин суух, С овогт М.Ж, И овогт К.М, С овогт К.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /захирал Ж.А/-д холбогдох, “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах тухай” багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ержан, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Бид Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нар болох А.А  бага ангийн багшаар 14 дэх жилдээ, К.А казах хэл уран зохиолын багшаар 17 дахь жилдээ, М.Ж химийн багшаар 15 дахь жилдээ, К.М бага ангийн багшаар 18 дахь жилдээ тус тус тогтмол ажиллаж байгаа туршлагатай, бүгдээрээ заах аргач зэрэгтэй багш нар юм. Зэрэг дэвийн хугацаа 5 жилийн хугацаатай олгогддог бөгөөд жил болгон зэрэг дэвийн хугацаа дууссан багш нарын зэрэг дэвийг бататгах болон шинээр зэрэг дэв олгох, ахиулах ажил зохион байгуулагдсаар ирсэн. Энэ жил мөн адил журмын дагуу дээрх 4 багш бид заах аргач зэргээ бататгахаар өөр өөрсдийн харьяалагдах заах аргын нэгдэлд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тайлангаа тавьж заах аргын нэгдэл бидний тайланг хангалттай сайн гэж дүгнэн журмын дагуу багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон.

1.2. Удирдлагын зүгээс энэ жил зэрэг олгох, хасах тухай багш нарын зөвлөлийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан ба энэхүү хурлаар дээрх нэр бүхий 4 багш бид хангалтгүй санал авсан тул бидний зэрэг дэвийг хасах болсон талаар хурлын дүнг захирал танилцуулсан үед мэдэгдсэн бөгөөд 2022 оны 1, 2 дугаар сарын цалинг өмнөх хэмжээнээс багасгаж хасагдсан хэмжээгээр олгогдлоо. Учрыг сургуулийн нягтлан бодогчоос асуутал та нарын зэрэг дэвийн 10 хувийн нэмэгдлийг хассан захирлын тушаалыг захирал өөрөө надад танилцуулан хасахыг үүрэг болгосон учир тушаалын дагуу нэмэгдлийг хасаж олгож байгаа гэх хариу хэлсэн. Бидэнд ямар нэг тушаал өгөөгүй бөгөөд нягтлангаас тушаалыг асуухад надад байхгүй захирлаас аваарай гэсний дагуу захирлаас асуухаар өгөхгүй биднийг хясан богдуулж байна.

1.3. Мэргэжлийн зэрэг олгох хасах талаар сайдын зүгээс батлан гаргасан тусгай журамтай бөгөөд бүх ажиллагааг энэхүү журмаар зохицуулж өгсөн байгаа. Бид нарын хувьд анхнаасаа тухайн хурлыг хууль журам зөрчиж зохион байгуулагдсан гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хурлын дараахан 2 хоногийн дараа энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргасан хэдий ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Уг хурал хууль журамд нийцээгүй зохион байгуулагдсан учир түүнээс гарсан үр дүн, шийдвэр бүхэлдээ хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Мэргэжлийн зэрэг олгох, хасах журамд зааснаар багш нарын зөвлөлийн хуралд нийт багш нарын 90 хувиас дээш хувь нь ирснээр ирц бүрдсэн гэж хурлыг явуулах юм. Манай сургуульд захирал, менежер нийгмийн ажилтан нийлээд нийт 105 багш байгаа. Үүнээс 1 захирал, 3 менежер, 2 нийгмийн ажилтныг хасахад 99 багш болж байгаа юм. Тухайн өдөр зэрэг олгох, хасах багш нарын зөвлөлийн хуралд 84 багш оролцсон ба үүнээс бодоход 84,84 хувь болж байна. Үүнээс үзэхэд ирц хүрээгүй гэж үзэж болохоор байна.

1.4. Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмаараа багш нарын зөвлөлийн хуралд тухайн сургуулийн зөвхөн багш нар оролцох бөгөөд нийт багш нарын 90 хувиас дээш оролцсоноор ирц бүрдсэн гэж үзэх талаар дурдсан. Харин ирц бүрдсэн нийт багш нарын 80 хувиас доошгүй хувь нь хангалттай гэж дэмжсэн санал өгснөөр зэрэг дэв хамгаалсанд тооцох журамтай. Гэтэл өмнөх хүний оронд түр ажиллаж байгаад үндсэн ажилтан ирснээр ажлаас чөлөөлөгдсөн нэг хүнийг тухайн хуралд дуудаж оролцуулан санал өгүүлсэн. Нэг ёсондоо манай сургуульд огт хамааралгүй гаднын хүнд бидний ажлыг дүгнүүлэн, санал өгүүлж байгаа нь хууль, журам зөрчсөн явдал гэж үзнэ.

1.5. Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 1.4-д “мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа нь ..., ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж заасан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багш нарт мэргэжлийн зэрэг олгох, хасах багш нарын зөвлөлийн хуралдаанаар санал хураалтыг захирлын зүгээс тарааж өгсөн зэрэг хамгаалж буй багш нарын нэрийн хойно “дэмжинэ, дэмжихгүй байна” гэсэн хүснэгтийг бөглөх замаар багш нараас саналыг нууцаар авч байгаа нь журамд заасан ил тод, нээлттэй байх зарчимд нийцэхгүй гэж үзнэ.Мөн санал хураалтыг тоолох ажиллагааг зөвхөн 2 менежерийн хамт багш нараас ямар ч төлөөлөл оролцуулалгүй өөрсдөө тоолж, бүх материалыг нууцлан аваад явсан. Иймээс захирлын зүгээс биднийг гадуурхан хавчиж албаар журам зөрчин байж зохион байгуулсан үйл ажиллагаа гэж бидний зүгээс харж байгаа.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.6-д “хөдөлмөрийн эрхийн маргаан талсах комиссын дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байх ба “холбогдох байгууллагаас дүрэм одоо болтол батлагдаад ирээгүй, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон үндэсний хороо байгуулагдаагүй, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо мөн адил байгуулагдаагүй тул маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй, шууд шүүхэд хандах шийдвэрлүүлнэ үү” гэх хариу өгсөн тул уг мэдэгдэх хуудсаа хавсарган шүүхэд хандсан юм.

1.7. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Багш нарын зэрэг, олгох хасах тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Багш нарын мэргэжлийн зэрэг олгох хуралд нийт оролцох 102 багшаас 92 багш оролцож 90%-ийн ирцтэй хурлыг хийсэн. Хуралд зөвхөн тус сургуульд ажиллаж байгаа багш нар оролцсон. Гаднаас ямар ч хамааралгүй хүн оролцоогүй өмнө нөхөөсөөр ажиллаж байсан залуу багш Б.Зүлмира багш нарын тайланг сонирхож болох уу гэж зөвшөөрөл авч орж багш нарын илтгэлийг, хийсэн ажлыг сонирхсон гэхдээ тэр багш огт санал өгөөгүй гарын үсэг тавьсан багш нар л санал өгсөн болно.

2.2. Мэргэжлийн зэргийг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 тоот тушаалд заасан журмын дагуу зохион байгуулж явуулсан. Багш нарын саналыг авч 3 сургалтын менежер нэг нийгмийн ажилтнаар саналаа дор нь дүгнүүлж танилцуулсан. Журмыг хурал эхлэхийн өмнө танилцуулсан нэг ч хүн татгалзах санал гаргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн.

2.3. Тухайн өдөр нийт 28 багшийн тайланг сонсож зэргээ ахиулах, бататгах зэрэг өөр өөрсдийн 5 жилд хийсэн ажлуудаа тайлагнасан. Багш нарын саналыг дүгнэж хувийг танилцуулахад нийт 28 багшаас 4 багшийг хамт олны саналаар хангалтгүй дүгнэсэн байсан. Тухайн үед хангалтгүй гарсан саналын хуудсыг үзэж харж ямар ч зөрчилгүй үнэн бодит байна гэдгийг шалгаад явсан. Мэргэжлийн зэрэг хасах тухай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг тухайн үед бичиг хэргийн ажилтан багш нарт гардуулж өгсөн байна.

2.4. Нэхэмжлэлд дурдсанаар захирлын хууль бус, журам зөрчсөн үйлдэл олон гэсэн байна. Энэ нийгэмд хууль журам зөрчдөг хүнийг төрийн албанд ажиллуулдаггүй хяналттай тул хүнийг дураараа гүтгэж болохгүй байх. Мэргэжлийн зэрэг олгоход захирлын ямар ч хууль журам зөрчсөн зүйл байхгүй. Зөвхөн журмын дагуу зохион байгуулж хамт олны хурлын олонхын саналаар дэмжигдэж дүгнэгдсэн тул хамт олны саналыг үгүйсгэх ямар ч боломжгүй. Хамт олны өмнө 5 жилийн тайлангаа зөв тавьж чадаагүй, хангалтгүй үнэлэгдсэнд бусдыг буруутгаж болохгүй харин хамт олны өмнө хэн бэ гэдэгт дүгнэлт хийж хүлээн зөвшөөрч ажлаа, хамт олны дунд нэр хүндээ, харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг тухайн багш нар ухамсарлах хэрэгтэй байна. Энэ хурлын шийдвэр бүхэл бүтэн нэг хамт олны гаргаж байгаа шийдвэр учраас үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00563 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах тухай” багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх “хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Ж.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд энэ талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэсэн.

4.2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 дугаартай "журам батлах тухай" сайдын тушаалын хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай "Мэргэжлийн зэрэг хасах тухай" тушаал хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл, бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн 1 хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Багш нарын ЗАН нэгдсэн хуралд оролцсон багш нарын ирцийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн зэрэг бататгах, ахиулах багш нарт өгөх саналын хуудас, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тус сургуулийн зарим багш нарын гарын үсэгтэй гарын баримт, Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежерийн гарын үсэгтэй, тамгатай 2021-2022 оны хичээлийн жилд Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэргэжлийн зэргээ бататгасан болон ахиулсан багш нарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн баримт, 2021-2022 оны хичээлийн жилд Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэргэжлийн зэргээ хасуулсан багш нарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн баримт зэрэг баримтууд, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай тушаал 1,2,3 дугаар хавсралтын хамт, БАЗАН, БУЗАН, ХУЗАН нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын Тэргүүлэх мэргэжлийн зэрэг шинээр авах болон хамгаалах багш нарт өгөх үнэлгээний 49 хуудас бүхий баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сургуулийн нийгмийн ухааны багш Т.О, бага ангийн багш Б.А, физикийн багш Б.С, дуу хөгжмийн багш С.Д , технологийн багш А.Н , биологийн багш Т.Н , биеийн тамирын багш Б.Е нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдсон байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.4-т “Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багшийн бүрдүүлсэн материалыг заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.”, 3.5-т “Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулна. Хуралд нийт багшийн 90-ээс доошгүй хувь нь оролцож, тэдний 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцно” гэж маш тодорхой зааж өгсөн. Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байсан.

4.4. Миний өмгөөлөгч С.Н  нь анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргаж байгаа учир сургуулийн захирлыг хариуцагчаар тодорхойлсон нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж маргасан боловч шүүх үүнийг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй.

4.5. Мөн журмын 6.1-т “Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд энэхүү журмын 1.5-д заасан зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгосон, шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.3, 12.4-т заасан зөвлөлд багш, ажилтан нь гомдол гаргаж болно”, 6.2-т “Багш, ажилтан гомдол гаргахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-д заасныг баримтална”, 6.3-т “Багш, ажилтны гомдлыг энэ журмын 6.2-т заасан журмын 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн явдал болсон. Тэгээд ч Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр нь олонхын шийдвэр бөгөөд түүнийг үгүйсгэх боломжгүй. Нэхэмжлэгч нар ирц бүрдэхгүй, багш нарын саналыг буруу нэгтгэсэн, хуралд оролцоогүй багш нарыг оролцсон мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн багш нараас гэрчийн мэдүүлэг авхуулсан боловч нэхэмжлэгч нарын гэрчээр асуулгасан бүх багш нар хуралдаанд оролцсон шийдвэр бөгөөд түүнийг үгүйсгэх боломжгүй. Нэхэмжлэгч нар ирц бүрдэхгүй, багш нарын саналыг буруу нэгтгэсэн, хуралд оролцоогүй багш нарыг оролцсон мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн багш нараас гэрчийн мэдүүлэг авхуулсан боловч нэхэмжлэгч нарын гэрчээр асуулгасан бүх багш нар хуралдаанд оролцсон гэж хэлсэн. Нэхэмжлэгч нарын маргаан үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон боловч анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00563 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-рт “Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж гаргасан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэн өгүүлбэрийн дунд орсон “,” нь тус шийдвэрийг ойлгоход бэрхшээл төрүүлж байгаа юм.

4.7. Мөн тухайн өдрийн багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосноор нэхэмжлэл гаргаагүй, зэрэг хамгаалсан 24 багшийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нар шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 4 багшид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн байхад шүүхээс багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус байна. Багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг баталгаажуулан “Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай "Мэргэжлийн зэрэг хасах тухай" тушаал гаргасан ба нэхэмжлэгч нар уг тушаал шийдвэрт маргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Багш нарын зэрэг дэв олгох, хасах тухай асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2018 оны А/182 дугаар бүхий тушаалын хавсралтад буй журамд нэг бүрчлэн тодорхой зохицуулж өгсөн.

5.2. Тухайн болсон процессын тухай дурдахад нэхэмжлэгч 4 багш нь 3 заах аргын нэгдэлд харьяалагддаг. Зэрэг дэв олгоход тухайн багш нар 5 жил хийсэн ажлаа тайлагнаад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын баталж өгсөн тушаалын шалгуур үзүүлэлтийг үндэслэн үнэлгээ хийдэг. Нэхэмжлэгч нарын хувьд өөр өөрсдийнхөө заах аргын нэгдэлд тайлангаа танилцуулж, хангалттай гэсэн үнэлгээ авсан. Тэгтэл нийт багш нарын зөвлөлийн хурлаар оруулаад нэг багшид 2-5 минутын хугацаа олгоод тайлан тавиулж, нийт багш нараар нууцаар санал хураалт явуулаад тухайн санал хураалтын үр дүнг үндэслээд тухайн багш нарын зэрэг дэвийг хассан.

5.3. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн сургуульд 16-19 жилийн хугацаанд ажиллаж байгаа туршлагатай багш нар. Сайдын журмын хавсралтын 1.5-д заасан мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга байх ёстой зарчмыг алдагдуулж байгаа. Гэтэл заах аргын нэгдэлд тайлангаа тавьж, үр дүнгээ аваад ирсэн байтал нийт багш нарын хурлаар оруулаад сонгууль маягтай зүйл зохион байгуулчихсан. Гэтэл 5 жилийн ажлаа тайлагнаж байхад хэрхэн дүгнэсэн нь тодорхой бус. Тухайн санал хураалтаар нэгдүгээрт ил тод байдлыг зөрчсөн, хоёрдугаарт үр дүнд суурилсан байх ёстой гэсэн зарчим алдагдсан. Дараагийн гол асуудал гэвэл энийг тухайн үед анхан шатны шүүх хуралдаанд дурдаж байсан. Дараагийн асуудал гэвэл буруугаар ойлгосон уу эсхүл буруугаар тайлбарлаад байна уу мэдэхгүй. Холбогдох журмын 3.5 дахь хэсэгт нийт багш нарын хуралд оруулна гэж заасан байгаа. Энэ нь заах аргын нэгдлээс гарсан үр дүнг нийт багш нарын 90 хувиас дээш хувийн ирцтэй, 80 хувиас дээш дэмжсэн тохиолдолд захирал баталгаажуулна гэсэн зүйл байгаа. Энэ арга зүйн нэгдэлд нэгэнт тайлангаа тавьж, үнэлгээгээ авсан байтал дахин хуралд оруулаад, тайлангаа тавиулж, үнэлж байгаа нь багш нарын эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

5.4. Удаах асуудал гэвэл ирцтэй холбоотой асуудал бий. Нийт 102 багш оролцох ёстой байтал 92 багш оролцсон хэмээх тайлбарыг гаргасан. Гэтэл хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт буюу бүртгэлд нийт 108 багш оролцох ёстой байна. Үүнээс оролцоогүй хүмүүсийг тэмдэглэлд үйлдсэн. Энэхүү нөхцөл байдлаас харвал 4 багш жирэмсний амралттай байсан бөгөөд тухайн хуралд 104 багш оролцох ёстой. Тэгэхээр нийт багш нарын 90 хувиас дээш хувийн ирцтэй гэсэн шаардлагыг хангаагүй байдаг. Энэхүү нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэгч багш нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн учир шүүхэд хандсан.

5.5. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийг хариуцах этгээд биш гэж маргасан. Гэхдээ тухайн сургуулийг төлөөлөх эрх бүхий этгээд тус сургуулийн захирал. Мөн анхан шатны шүүх хуралдаанд зэрэг дэв олгох тухай зөвлөл байдаг уу гэхэд байхгүй тухай талууд дурдаж байсан. Мөн холбогдох журамд зааснаар зэрэг дэв олгох асуудлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулахаар тусгасан байтал 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан. Уг журамд 4, 5 заалтыг зөрчин байж хууль бус байдлаар тус шийдвэрийг гаргасан. Мөн нэхэмжлэгч нарын дараах тодорхой тайлбарыг мөн уламжилъя. Бодит байдалд өнөөдрийн нэхэмжлэгч нар тус сургуулийн захирлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болоход эхний эгнээнд явж байсан багш нар байна. Нэхэмжлэгч нар тэр цагаас хойш байнга гадуурхагдаж, хавчигддаг байжээ. Амандых гэхэд саяхан үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаад, шүүхийн журмаар эргүүлэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа учир тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.  

 

ХЯНАВАЛ:

 

            6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

7. Нэхэмжлэгч Х.А, М.Ж, К.М, К.А нар нь Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь биш зөвхөн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг нь хүчингүй болгох тухай өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч Х.А,М.Ж, К.М, К.А нар нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  үндэслэлээ  Нэхэмжлэгч нар бид заах аргач зэргээ бататгахаар өөр өөрсдийн харьяалагдах “заах аргын нэгдэлд” 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тайлангаа тавьж заах аргын нэгдэл бидний тайланг “хангалттай сайн” гэж дүгнэн журмын дагуу багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Удирдлагын зүгээс энэ жил “зэрэг олгох, хасах” тухай багш нарын зөвлөлийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан ба энэхүү хурлаар дээрх нэр бүхий 4 багш бид хангалтгүй санал авсан тул бидний зэрэг дэвийг хасах болсон талаар хурлын дүнг захирал танилцуулсан үед мэдэгдсэн. Бид нарын хувьд анхнаасаа тухайн хурлыг хууль журам зөрчиж зохион байгуулагдсан гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хурлын дараахан 2 хоногийн дараа энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргасан хэдий ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. гэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “Багш нарын мэргэжлийн зэрэг олгох хуралд нийт оролцох 102 багшаас 92 багш оролцож 90%-ийн ирцтэй хурлыг хийсэн. Хуралд зөвхөн тус сургуульд ажиллаж байгаа багш нар оролцсон. Мэргэжлийн зэргийг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 тоот тушаалд заасан журмын дагуу зохион байгуулж явуулсан. Багш нарын саналыг авч 3 сургалтын менежер нэг нийгмийн ажилтнаар саналыг тэр даруй дүгнүүлж танилцуулсан. Журмыг хурал эхлэхийн өмнө танилцуулсан нэг ч хүн татгалзах санал гаргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн. Тухайн өдөр нийт 28 багшийн тайланг сонсож зэргээ ахиулах, бататгах зэрэг өөр өөрсдийн 5 жилд хийсэн ажлуудаа тайлагнасан. Багш нарын саналыг дүгнэж хувийг танилцуулахад нийт 28 багшаас 4 багшийг хамт олны саналаар хангалтгүй дүгнэсэн байсан. Энэ хурлын шийдвэр бүхэл бүтэн нэг хамт олны гаргаж байгаа шийдвэр учраас үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж шүүхэд маргасан байна.

 

            10. Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлд хурлын шийдвэрээр “…80%-аас дээш үнэлгээ авсан багш нарын зэрэг дэмжигдлээ. 80%-аас доош үнэлгээ авсан багш нарын зэрэг дэмжигдсэнгүй. 1.Зэргээ ахиулах болон бататгах нийт 28 багшийн хамт олны 80-аас дээш хувиар дэмжигдсэн 24 багшийн зэргийг ахиулах болон бататгахад дэмжиж, бага ангийн багш К.М 60%, химийн багш М.Ж 56%, бага ангийн багш Х.А 59%, казах хэлний багш К.А 62% болж 80 хувьд хүрээгүй тул бататгах боломжгүй болж, заах аргач мэргэжлийн зэрэг нь бүр мөсөн хасагдав. 2.Орос хэлний багш С.Н өвчтэй байгаа тул Заах аргач зэргээ бататгаж чадаагүй учир Заах аргач зэргийг нь 1 жилээр хадгалж үлдэхээр болов. 3.Дараа дараагийн удаа зэрэг авах, бататгах, ахиулах багш нарт PPT-ийн шаардлагын өндөр түвшинд үг, үсгийн алдаагүй бэлтгэж, илтгэх чадварт онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг бүх багш нарт үүрэг болгов. 4.Зэрэг шинээр авах багш нар өөрийн болон сурагчийн амжилтад онцгой анхаарах, аймаг,  улсад гаргасан ажилттай байх, мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад аймаг, улсын дунджийг хангасан байх шаардлагатай. 5.Багш бүр мэргэжил дээшлүүлэлт болон итгэлийн уралдаанд амжилт гаргасан байх. 6.Ёс зүйн зөрчилгүй байх.” гэж шийдвэрлэж дээрх хурлын шийдвэрийг үндэслэж сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай “Мэргэжлийн зэрэг хасах тухай” тушаалаар нэхэмжлэгч нарын заах аргач багш мэргэжлийн зэргийг хасаж шийдвэрлэжээ.

           

    11. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.3-т “хүсэлт гаргасан багш нь заах аргын нэгдлийн, сургалтын менежер /арга зүйч, захирал нь багш нарын зөвлөлийн хуралд тус тус тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуур хангасан /нотлох баримт/ талаар танилцуулга хийнэ” гэж зааснаар заах аргын нэгдлүүдийн /БАЗАН, БУЗАН, ХУЗАН/ 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар зэрэг дэв ахиулах, бататгах, шинээр авах багш нарын тайланг заах аргын нэгдлээр хэлэлцэж багш Х.А 81 хувь, К.М 83.5 хувь, М.Ж 91.3 хувь, К.А 80.3 хувийн санал авч дэмжигдсэн байхад 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн багш нарын нэгдсэн хурлаар зэрэг дэв ахиулах, бататгах, шинээр авах багш нарын тайланг дахин хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь мөн журмын 3.4-т заасныг “мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багшийн бүрдүүлсэн материалыг заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна” гэж заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

12. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч тус өдрийн хуралдаанаар бусад 24 багшийн зэрэг бататгах, ахиулах болон бусад асуудлуудыг шийдвэрлэсэн байхад  2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосноор бусад багш нарын эрх ашиг хөндөгдөж байх тул зөвхөн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг нь хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ. Тиймээс энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

13. Хариуцагч “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдсон байхад шүүх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр  нэг талыг барьж хууль бус шийдвэр  гаргасан, багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрч маргасан байхад хариуцагчийг буруу тодорхойлсон, зэрэг хамгаалсан 24 багшийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гарсан...” гэсэн  агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй, тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

14. Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн багш нарын нэгдсэн хуралдааныг тухайн сургуулийн захирал удирдан явуулсан, уг хурлаас гарсан шийдвэрийг үндэслэж мэргэжлийн зэрэг хасах тухай тушаал гаргасан, түүнчлэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.6-д зааснаар багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан тул нэхэмжлэгч нар хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д  “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж  хуульчилжээ. Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хуралдаанаар бусад 24 багшийн зэрэг бататгах, ахиулах болон бусад асуудлуудыг шийдвэрлэсэн байхад уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосноор бусад багш нарын эрх ашиг хөндөгдөж байх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

15.  Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2022/00563 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...бүхэлд нь...” гэснийг “...нэхэмжлэгч Х.А, М.Ж, К.М, К.А нарт холбогдох хэсгийг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ