Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2022/00079

 

Х.Х-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00526 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух Ш овогт Х.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар баг, Х  гэх газарт оршин суух Ж  овогт Х  Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сум 3 дугаар багт оршин суух, Ш овогт С.Н  нарт холбогдох,

хариуцагч Х.Б-аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнөн үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг, хариуцагч С.Н-аас Н сумын 3 дугаар багт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 50 м.кв (5х10) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв 3х3 тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Нэхэмжлэгч Х.Х миний бие авто машины осолд орж сүүж яс бэртэж, гэмтээд түүнээс болж тахир дутуу болсон, хөгжлийн бэрхшээлтэй хүн бөгөөд нөхөр А.С 2017 онд нас барсан ба 10-аас 17 насны 3 хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй юм.

1.2 Нөхөр А.С 2017 онд нас барсан тул бага насны хүүхдүүдийг сургахаар Н сумын ** дугаар багийн нутаг Х гэх газраас Өлгий суманд түр оршин сууж амьдарч байгаа. Тиймээс Н сумын ** дугаар багт байршилтай модон байшин 40 метр квадрат талбайтай /8м*5м/, малын задгай модон хашаа 150 метр квадрат талбайтай /15м*10м/, өвсний хашаа 20 метр квадрат талбайтай /4м*5м/, тугалын пүнз 9 метр квадрат /3м*3м/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг төрлийн хүн болох С.Н, Х.Б нарт захиж, хариуцуулж өгч орхисон байсан.

1.3 Гэтэл хариуцагч С.Н нь бидний дундын хөрөнгө болох модон байшин 40 метр квадрат талбайтай /8м*5м/ 2500000 төгрөг, малын задгай модон хашаа 150 метр квадрат талбайтай /15м*10м/ 500000 төгрөг, өвсний хашаа 20 метр квадрат талбайтай /4м*5м/ 200000 төгрөг, тугалын пүнз 9 метр квадрат /3м*3м/ 150000 төгрөг, бүгд үнэ 3350000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг С гэх хүнд худалдаж, үнэ өртгийг хувьдаа ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

1.4 Хариуцагч Х.Б нэхэмжлэгч Х.Х миний өмч болох нас бие гүйцсэн 3 тооны эм үхэр буюу 4500000, 3 тооны дөнжин үхэр буюу 2100000 төгрөг, 3 тооны бяруу үхэр буюу 1800000 төгрөг, нийт 9 тооны үхэр буюу 8400000 төгрөгийн ханштай үхэр малыг түр маллаж өгнө гэж авч яваад өөрөө хувьдаа завшсан байна. Би уг үхрүүдийг хариуцагч Х.Б-аас шүүхийн журмаар нэхэмжилсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Х.Б нь надад ирж, тухайн үхэр мал бэлэн байгаа, та хэзээ ч өөрийн үхрийг авч болно гэж намайг итгүүлэн үнэмшүүлж төөрөгдөлд оруулж, улмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргуулан авч Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 130/ШШ2021/00966 дугаартай шүүгчийн захирамжийг гаргуулж өөртөө давуу байдал олж, хууран мэхлэн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Х.Б-ын үхэр тань бэлэн байна, очиж ав гэсэн үгэнд итгэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шийдвэр гаргуулсны дараа Х.Бад очиж, үхэр малаа авах гэтэл зарим нэгийг зарж борлуулан завшсан, заримыг нь хувьдаа ашиглаж идшиндээ хэрэглэж алга болгосон байх юм. Ингэж Х.Б намайг хуурч мэхлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр татгалзуулсан байдал нь нотлогдсон нөхцөл байдал өөрчлөгдсөн учир шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад:

2.1 Би анх тус шүүхэд хариуцагч Х.Б, С.Н нарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын тайлбар, хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэж дараах байдлаар өөрчилж, багасгаж байна.Үүнд: Хариуцагч Х.Баас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг гаргуулах тухай, Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д тус тус зааснаар хариуцагч С.Н-аас Н сумын ** дугаар баг буюу Х нутаг дэвсгэрт байршилтай 8х5=40м.кв талбайтай модон байшин үнэ 2,400,000 төгрөг, 5х10=50 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 3х3=9 м.кв тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 5х4=20 м.кв өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнийг тус тус гаргуулахыг хүсье.

 

3. Хариуцагч С.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нарын хариу тайлбар, татгалзал:

3.1. Нэхэмжлэгч Х.Хн шүүхэд хандан гаргасан Х.Б, С.Н нарт холбогдуулан 3 тооны тугалтай үхэр, 3 гунан үхрийн үнэ 8,400,000 төгрөг гаргуулах, байшин, хашаа хорооны үнэ 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхэд Х.Хн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байсаар байхад хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

3.2. Х.Х нь урьд нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн нэхэмжлэлдээ дурдсан 3 тооны тугалтай үхэр, 3 гунан үхрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Х.Х нь өөрийнх нь нэхэмжлэл үндэслэлгүй гэдгийг мэдэж нэхэмжлэлээсээ татгалзаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 966 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захирамжийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан. Гэтэл Х.Х нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймээс Х.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.3 Нэхэмжлэгч Х.Х-ийн С.Н-аас байшин, хашаа хорооны үнэ 3,350,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй байна. С.Н-ын эцэг болох А.С, хойд ээж нь болох Х.Х нар Н сумын Х багт амьдарч байгаад 2015 онд Өлгий сумын ** дугаар багт газар авч түүндээ байшин барьж 2016 онд бүгдээрээ нүүж ирсэн байна. Өлгий сумын ** дугаар багт байрладаг байшинг эцэг болох А.С, С.Н хоёр өөрсдийнх хүч хөдөлмөрөөрөө барьж Х багаас нүүж ирж амьдарч байгаад өвчний улмаас эцэг нь нас барсан байна.

3.4 С.Н-ын эцэг нь нас барахаас өмнө эд хөрөнгөө эхнэр болон хүүхдүүдэд оногдох хэсгийг хувааж өгч, аймгийн төвд байгаа байшинг Х.Х нар суухаар болж, Ховд голд С.Н байшин барьж амьдрахаар болжээ. Ховд голд мал дээрээ суухаар С.Н очиж байшин барьж, хашаа татсан ба түүнд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байна. Улмаар С.Н нь эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээс хорих ял авсан тул түүний 3 тооны үхрийг Х.Бын малд нийлүүлсэн ба одоо Х.Х нь тухайн үхрүүдийг үр төлийн хамт нэхэмжилж байгаа юм байна.

3.5. С.Н-ын эцэг А.С нас бараагүй байхад С.Н-ын хуваарьт малыг түүний өөрийнх нь нэр дээр тоолуулсан, тухайн үед С.Н дангаараа эзэмшдэг байжээ. Х багт байгаа байшинг Өлгий суманд нүүлгэж барьснаас үлдсэн балгаст С.Н өөрөө хашаа хороо, байшин засаж бусдад зарсан байна. С.Н нь өөрт ногдох гэр бүлийн дундын хөрөнгөө бусдад зарж борлуулах эрх нь нээлттэй байгаа. Түүнд Х.Х-ийн оролцох эрх байхгүй. Тэгээд ч тухайн хашаа хороонд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан бөгөөд бусдад худалдан борлуулахдаа материалын үнийг тооцож худалдсан байна

3.6. Иймд Х.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хашаа, байшингийн үнэ нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4. Хариуцагч Х.Б-ын хариу тайлбар, татгалзал:

4.1 Нэхэмжлэл гаргагч Х.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн адил аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Х.Б болон С.Н нараас 9 үхрийн мөнгө болох 6,900,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлээс өөрөө хариуцагч нартай хоорондоо харилцсан тохиролцсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна, тус хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү гэснээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00966 дугаартай захирамж гарч хариуцагч С.Н, Х.Б нарт холбогдуулан гаргасан үхрийн үнэ 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан байгаа. Гэтэл Х.Х одоо 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мөн адил хариуцагч Х.Б, С.Н нараас 11,750,000 мянган төгрөг төлүүлэх тухай гэж үндэслэлгүй олж авсан буюу эзэмшиж байгаа үхэр малыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхийн урьд шийдвэрлэсэн шийдвэрийн дүнг өөрчлөн дахин гаргасан.

4.2. Тухайн нэхэмжлэл гаргахад Б.Б нь Х.Х надад ирж "тухайн үхэр мал бэлэн байгаа, та хэзээд өөрийн үхрийг авч болно гэж намайг итгүүлэн үнэмшүүлж, төөрөгдөлд оруулж, улмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргуулсан намайг өөрт давуу байдал олж, хуурч мэхлэн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгуулсан гэж бичсэн нь үндэслэлгүй. Яагаад гэвэл хариуцагч С-ын Н нь тухайн нэхэмжлэгч болох Х.Х-ийн түүний ээж болдог бөгөөд үрчилж авсан хүүхэд нь болдог тэр хоёрын таарамжгүй харилцааны улмаас дунд нь намайг холбож намайг очиж хууран мэхлэн уулзсан мэтээр үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон мэтээр өнөөдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Хүүхэд тэр хоёр хоорондоо учраа олсны дараа нэхэмжлэлээс өөрөө татгалзаж хаах хүсэлтийг өгч хаагдсан, тэр хоёр хоорондоо таарахгүй, хэрэлдэх үед дахин нэхэмжлэл гаргаж хүмүүсийг чирэгдүүлдэг асуудалд миний бие гомдолтой байна.

4.3. Энэ хүн сэтгэцийн хувьд эрүүл эсэх нь өөрөө эргэлзээтэй. Урьд нэхэмжлэлд хариуцагч Х.Б надаас нийт 9 тооны үхрийг нийт 6.900.000 төгрөгөөр үнэлж уг мөнгийг 2 хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилсэн бол одоогийн гаргасан нэхэмжлэлд надаас бүдүүн насны 3 тооны эм үхэр үнэ 4500.000 төгрөг, дөнжин насны үхэр 3 тооны 2,100,000 төгрөг, бяруу насны үхэр 3 тооны үнэ 1,800,000 төгрөг буюу бүгд 6 тооны үхрийн үнэ 6,400,000 мянган төгрөг нэхэмжилсэн бөгөөд үхрийн тоо 9 эсвэл 6 гэдгийг өөрөө мэдэхгүй мөн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд 8,400,000 төгрөг болж өөрчлөгдөж нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, урьд энэ маргааны талаар шийдвэр гарсан байхад уг нэхэмжлэлийг шүүх дахин хүлээж авч байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

4.4. Ер нь Х.Х нэхэмжлэлдээ Х.Б-аас очиж үхэр малаа авах гэтэл зарим нэгийг зарж борлуулан мөнгийг завшсан, заримыг нь хувьдаа ашиглаж, хүнсэнд хэрэглэж алга болгосон байх юм гэж бичсэн бөгөөд ийм асуудал болсныг яаж тогтоосныг мэдэхгүй надад огт үхэр авъя гэж ирж байгаагүй бөгөөд гаднаас таамаг дэвшүүлж, үндэслэлгүй юм бичээд явж байна.

4.5. Хүүхэд С.Н нь шоронд ороход өөрөө эд хөрөнгө малаа хүмүүст өгч нүүж явсан. 2019 онд Х.Х өөрөө намайг дуудан бүдүүн насны 2 үхрийг тугалтай нь би Өлгийн төвд харж хандаж чадахгүй юм байна, чамд байг гэж хэлээд шаардлагатай бол авна гэж өгсөн, түүнээс хойш тус үхрүүд надад байсан, надаас шаардаж нэг ч удаа үхэр авна гэж хэлж ирээгүй. Тухайн үхрүүдийг хариуцагч Х.Б би одоо 3 жил харж хандаж байгаа бөгөөд тэрний хөлсөнд ямар нэгэн зүйл нэхэмжилж байгаагүй, тухайн үхрүүд одоо үржиж 6 үхэр болсон.

4.6. Х.Х манай хамаатан болдог өөрөө өвчтэй болохоор тусалж үхрийг нь харж өгсөн. Та авна гэж хэлэхгүй атлаа яагаад шүүхэд өгөөд байгаа юм бэ гэж би урьд нь түүний хүүхэд болох С.Н-аар дамжуулж хэлсэн тэрнээс хойш уулзаж ирээгүй атлаа одоо дахин нэхэмжлэл гаргасан байна.

4.7. Надад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2 үхрийг тугалтай нь хамт өгөхөд Х.Х өөрийн төрсөн дүү Быгайд 1 үхрийг тугалтай нь хамт өгч явуулсан, уг үхрийг надаас нэхэмжилж байгаа юм шиг байна. Х.Х надад бүдүүн хоёр үхрийг тугалтай нь хамт хүлээлгэж өгсөн. Уг нэхэмжилсэн 8,400,000 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин сүүлд надад ирж үржиж 2 үхэр нэмэгдэж 6 тооны үхрийг учир мэддэг хүмүүсийг дагуулж С.Н, Х.Х хоёр хоорондоо учраа олж аль нэг нь авахаар болж тохиролцсон тохиолдолд тэр хүнд нь хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй.

4.8 Хүүхэд нь болох С.Н тухайн үхрийг авна гэж хэд хэдэн удаа надаас шаардахад Х.Х-г дагуулж ирж тоолж, үзэж баримт өгч аваарай гэсэн тэрнээс хойш нэг ч хүн надад ирээгүй атлаа байнга шүүхэд өгөх нь ямар учиртай байгааг би мэдэхгүй байна. Харин тэр модон байшин, модон задгай хашаа, модон пүнз, өвсний модон хашаа, хороо зэргийг би мэдэхгүй.

4.9. Иймд хариуцагч Х.Б миний бие шүүхийн урьд гарсан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00966 дугаартай захирамж хүчинтэй байгаа гэж үзэж байгаа бөгөөд эд хөрөнгийн маргаантай холбоотой Х.Х өөрөө тусдаа О.Н-тай холбоотой нэхэмжлэлээ тусдаа гаргаж явах бүрэн боломжтой гэж үзэж байна.

 

 5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00526 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1, 532 дугаар зүйлийн 532.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгож, үлдсэн хариуцагч С.Н-аас Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар баг буюу Х нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв өвсний модон хашааны үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид 104550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Хд олгож шийдвэрлэжээ. 

 

6. Хариуцагчийн С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлын агуулга: 

6.1. Х.Х-ийн шүүхэд хандан гаргасан Х.Б, С.Н нарт холбогдуулан 3 тооны тугалтай үхэр, З гунан үхрийн үнэ 8,400,000 төгрөг гаргуулах, байшин, хашаа хорооны үнэ 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхэд Х.Хн нэхэмжлэлийг татгалзах хуульд заасан үндэслэл байсаар байхад хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Х.Х нь урьд нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн нэхэмжлэлдээ дурдсан 3 тооны тугалтай үхэр.З гунан үхрийг хүү болох С.Н-аас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Х.Х нь өөрийнхөө нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдгийг мэдэж нэхэмжлэлээсээ татгалзаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 966 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Захирамжийн тогтоох хэрсгийн 3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан билээ. Гэтэл Х.Х нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

6.2. Хариуцагч С.Н-ын эцэг болох А.С, хойд ээж нь болох Х.Х нар Н сумын Х багт амьдарч байгаад 2015 онд Өлгий сумын 10 дугаар багт газар авч түүндээ байшин барьж 2016 онд бүгдээрээ нүүж ирсэн байна. Тухайн үед буюу 2016 онд А.С нь хүү С.Н-д өөрт нь ногдох мал хөрөнгийг хуваан өгч Х багт очиж амьдар хэмээн явуулсан байв. Гэвч Х.Х нь олон жилийн дараа хүү болох С.Н-тай холбоотой гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой маргаан үүсгэхэд шүүхээс Иргэний хуулийн 108.1, 108.8, 422.1, 425.1, 532.1-д заасныг хэрэглэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон. А.С нь амьд сэрүүндээ буюу 2016 онд өөрийнхөө хүү болох С.Н-д ногдох үхрүүдийг өөрт нь эзэмшүүлэн нэр дээр нь тоолуулсан байсан. Нас барсан үед Өлгий сумын 10 дугаар багт байршилтай газар хашаа байшин, мал хөрөнгө /нэхэмжлэлийн шаардлагаас бусад мал хөрөнгө/-ийг хамт амьдарч байсан Х.Х болон түүний хүүхдүүд өвлөн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдсон.

6.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00526 дугаар шийдвэрийг бүхэлдээ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон боловч тайлбар гаргаагүй болно.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Уг давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох тайлбараа дараах байдлаар гаргая. Хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасанчлан дахин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргасан байна. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Нэхэмжлэгч Х.Х-ийн хувьд шүүхэд 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь өнөөдрийн хариуцагч нарт огт хамааралгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Х.Б-д холбогдуулан 6 тооны үхэр нэхэмжилсэн. Харин өнөөдрийн давж заалдах гомдол гаргасан Н гэх хүнээс хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө буюу 3,150,000 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 2 хариуцагчаас 2 өөр төрлийн зүйл нэхэмжилсэн. Х.Х-ийн өмнөх шүүхээс татаж авсан нэхэмжлэл нь С.Н гэх үнээс 6 тооны үхэр нэхэмжилсэн. Өнөөдрийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэл дээр С.Н-аас огт үхэр нэхэмжлээгүй. Өөрөөр хэлбэл татаж авсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй бөгөөд С.Н-аас хашаа, байшин нэхэмжилсэн. Тиймд С.Н-аас урьд нь өөр зүйл нэхэмжилсэн байтал өнөөдөр түүнийг хольж, хутгах шаардлага байхгүй. Х.Б-ын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон өөрийнх нь тайлбараар нотлогддог. Тэрээр хэлэхдээ Х.Х надад 6 тооны үхрийг тавьсан нь үнэн, үүнийг би хариулан маллаж байгаа тухай хэлдэг. Гэтэл Х.Х-н дагавар хүүхэд С.Н нь надад үхрүүдээ Х-д битгий өг, би өөрөө авна гэж хэлж, мөн шүүхэд маргаантай байсан учир би хэнд ч өгөхгүй, хүлээж байгаад шүүхийн шийдвэрийн дагуу өгнө гэж хэлсэн. Шүүх шийдвэртээ Х.Баас үхэр гаргуулж шийдвэрлэсэн болохоос биш өнөөдрийн гомдол гаргагч С.Нургайыпт итгэмжлэл олгосон С.Н-ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып ямар нэгэн ашиг сонирхол Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хөндөгдөөгүй. Мөн тухайн үхрүүдийг Х.Б нь Х.Х-аас авч байсан. Тухайн үед С.Н нь хорих байгууллагад хоригдож байсан. Мөн өнөөдрийн нэхэмжлэгчийг хариуцагч С.Н-ын хойд эх, хамтран өмчлөгч, гэр бүлийн гишүүн гэж тайлбарлаж байна. Гэтэл Н нь эцэг С-ын хойд ээж Х.Х-гаас төрсөн хүүхдийг хүчиндэж, уг хүчингийн хэргээр шийтгүүлж байсан. Тийм учраас талуудын хооронд гэр бүл, хойд ээж, дагавар хүүхдийн харилцаа нь тухайн эрүүгийн хэрэг үйлдэгдээд, шүүхээр нотлогдож, шийтгүүлснээр дуусгавар болсон. Өв залгамжлах эрхээ мөн алдсан. Тиймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татаж авсан нэхэмжлэлийн шаардлага нь С.Н-аас 6 тооны үхэр гаргуулах тухай нэхэмжлэлээ татаж авсан буюу өнөөдрийн С.Наас нэхэмжилсэн дундын үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшинг татаж авсан тухай эрхийн акт гарч байгаагүй. Ийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль ёсны бус, үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

 

ХЯНАВАЛ:

            9. Хэргийг хариуцагч С.Н-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Нургайыпын давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзээд, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

10. Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Х.Б, С.Н нарт холбогдуулан:  (1) Х.Б-аас  нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнөн  үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг гаргуулах,  (2) С.Н-аас Н сумын ** дугаар багт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 50 м.кв (5х10) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв 3х3 тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийг тус тус  гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

11. Хариуцагч Х.Б нь “...сүүлд надад ирж үржиж 2 үхэр нэмэгдэж 6 тооны үхрийг учир мэддэг хүмүүсийг дагуулж С.Н, Х.Х хоёр хоорондоо учраа олж аль нэг нь авахаар болж тохиролцсон тохиолдолд тэр хүнд нь хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй....” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан бөгөөд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед хариуцагч Х.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, нэхэмжлэгчийн шаардсан 6 тооны үхэр, тугалын хамт нэхэмжлэгч Х.Х-д хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Х-н хариуцагч Х.Б-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ материаллаг хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

12. Хариуцагч С.Н өөрт холбогдох түүнээс үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч  шүүхэд хариу тайлбар ирүүлж байжээ.

 

13. Анхан шатны шүүх хариуцагч Х.Б-аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгож, хариуцагч С.Н-аас Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар баг байршилтай 40 м.кв талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв  өвсний модон хашааны үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн  зарим хэсгийг нь буюу хариуцагч Х.Б-аас 6 тооны үхэр буюу 5600000 төгрөг гаргуулсан хэсгийг хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нь  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Х нь тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Х.Б, С.Н нарт холбогдуулан 3 тооны үхэр /үнээ/ буюу  3,600,000 төгрөг, 3 тооны гунжин үхэр буюу 2,400,000 төгрөг, 3 тооны тугал буюу  900,000 төгрөг нийт 9 тооны үхэр буюу  6,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж улмаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Х.Х нь “... шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа С.Н, Х.Б нартай хоорондоо харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо” гэж тайлбар ирүүлснээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Хн тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00966 дугаартай “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  шүүгчийн захирамж болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

15. Гэтэл нэхэмжлэгч Х.Х нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахдаа хариуцагч нартай харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзсан байх ба тухайн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа буюу маргаан бүхий үхрүүд нь хариуцагч Х.Б-ын эзэмшилд байсан учраас  нэхэмжлэгч Х.Х нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Х.Б-аас 6 тооны үхэр буюу 5600000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Н-аас модон байшин, хашаа хорооны үнэ 3150000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч нарыг тус тус тодорхойлжээ. 

 

16. Нэхэмжлэгч Х.Х нь 2019 онд 2 үхрийг тугалын хамт Х.Б-ад маллуулахаар өгсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч Х.Б нарын тайлбараар тогтоогдсон, зохигч нарын хороонд  Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

17. Нэхэмжлэгч Х.Х нь 6 тооны үхрийг хариуцагч С.Н-аас биш хариуцагч Х.Б-аас нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. Маргаан бүхий 6 тооны үхрийг хариуцагч С.Н нь эцэг С амьд байхдаа миний нэр дээр тоолуулж байсан нэхэмжлэгч Х.Х нь нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлах боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл болон шинээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байж хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып  нь Баян Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2022/00526 дугаар шийдвэрийн хариуцагч Х.Б-аас 6 тооны үхэр буюу 5600000 төгрөг гаргуулах тухай хэсэгт холбогдуулан давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасан “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан  “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдол талуудын зарчмыг зөрчсөн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         18.  Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ