Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0008/з |
Дугаар | 397 |
Огноо | 2020-10-26 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 397
Д.Б, Э.А нарын нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн
тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч М.Б-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохирол 9,452,830 төгрөг гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0386 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 463 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0386 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч М.Б-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Д.Б нараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч М.Б-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохиролд 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 463 дугаар магадлалаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б нараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч М.Б-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000254699 гэрчилгээг гарсан цагаасаа хууль бус, хүчингүйд тооцуулах, хохиролд 9,452,830 төгрөг гаргуулах, зөрчигдсөн эрх сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б би анхан шатны шүүхийн 386 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 486 дугаар магадлалыг үл зөвшөөрч өмгөөлөгч Б.Д-ын гомдлыг дэмжиж энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгч бид Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын ерөнхий бүртгэгч Ц.П, Улсын ахлах бүртгэгч М.Б нарт холбогдох, бүртгэлийн маргаанд “нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа” Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2204047998-рт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон нь хууль бус болохыг тогтоох, Худалдах, худалдан авах гэрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар ҮХЭХӨЭрхийн Ү-2204047998-рт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000254699 гэрчилгээ 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон, доголдолтой эд хөрөнгийн эрхийн зөрчилтэй гэрчилгээ гаргасан цагаас илт хууль бус хүчингүйд тооцох, хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлага гаргасан.
5. Үүнд: Ж ХХК-ны захиалгаар баригдсан, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Да Хүрээ гудамж, Саруул Тэнгэр 2 цогцолбор 5 барилга нь Засгийн газрын 72 дугаар тогтоолын шийдвэрээр, салбар бүрийн 34 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс ажиллаж гаднаа 2 давхар оффис үйлчилгээний барилгатай С-1, С-2, С-3 блок, 342 айлын орон сууцыг, улсын комиссийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 597/2012 актаар баталгаажуулан байнгын ашиглалтад орсон байдаг... Саруул тэнгэр 2, 103-р байрны В-7 тоот хаягт байрлах үйлчилгээний заал нь, Ж ХХК-ны захирал Ц.Х иргэн Б.Б нарын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн оффис үйлчилгээний заал захиалгаар барих бариулах №11 тоот, 34 сая 867 төгрөгийн гэрээг үндэслэн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт бүртгэж ҮХЭХӨЭрхийн 000240108 гэрчилгээ 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон байдаг.
6. Эд хөрөнгийн эрхийг орон сууцаар бүртгэхийг 19-р хорооны бүртгэгч татгалзан буцаасан байдаг. Улсын ахлах бүртгэгч М.Б албан эрхээ хэтрүүлэн, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Улсын байцаагчийн байрны ашиглалт төлөв байдлын тухай” 02-07-89/830 дүгнэлтээр яаран бүртгэж ҮХЭХӨЭрхийн 000248848 гэрчилгээ орон сууцны зориулалттай үйлдэж 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон байдаг.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт орон сууцны зориулалттай мэт бүртгэсэн 000248848, 000254699 гэрчилгээгээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, НМХГазрын эрх бүхий албан тушаалтны 01/01/11 дугаартай шийдвэрийн, Бүсийн Улсын ахлах байцаагч Л.Э-ы шийдвэрт үндэслэн, ОӨУБЕГазрын Улсын ерөнхий бүртгэгч С өөрөө цуцлах байтал, улсын бүртгэгч буруутай хариуцлагын даатгалтай гэж Д.Б надад хэлээд бидний хавсаргаж өгсөн Стандарт ХЗГ-ын 11/1031 албан тоот, Барилгын хөгжлийн төвийн 2/571 албан тоот, улсын комиссын 597/2012 акт, /13261/ кодтой, НМХГ-н 01-01/11 шийдвэр, 02-07-089/504 дүгнэлт, Худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны акт зэргийг Хяналтын газрын дарга Э-т шилжүүлж Улсын бүртгэлийг засах үүрэг өгсөн.
8. Ипотекийн зээлээр хамтран авсан, эд хөрөнгийн талуудын маргааныг, иргэний хэргийн 3 шатны шүүх, шинжээчийн дүгнэлтээр Иргэний хуулийн 243.1-д зааснаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол, Улсын бүртгэлийн газарт өгсөн, эд хөрөнгө шилжүүлэн өгсөн. Улсын бүртгэл буруу ташаа илт төөрөгдүүлэн бүртгэснээс хохирогчдын бие гэмтсэн, зардал гарсан, орох ёстой байсан орлого ороогүй алдагдал бий болсон, байх байсан баялаг багассан хохирол учирсан байтал яагаад хүний эрх, зөрчигдсөн эрхийг сэргээхгүй байгаад туйлын гомдолтой байна.
9. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Э.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Д би /ШТЭ-ийн №0365/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаартай шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 463 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар энэ гомдлыг гаргаж байна.
11. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шийдвэр, магадлалдаа заахдаа “...Нэхэмжлэгч нараас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч нарын илт хууль бус болгуулж, хүчингүй болгуулахаар маргаж байгаа улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон байна.” гэжээ. /Магадлалын 4-р тал/
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.
13. Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч нар нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулж хэлбэл, Улсын бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон гэх гэрчилгээнүүдийн хүчинтэй байх үеийн цаг хугацаанд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байсан ба тэд уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
14. Гэтэл 2 шатны шүүх, бүртгэлийн байгууллагаас маргаж байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэл гаргахаас өмнө хүчингүй болгосон нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзсэн нь нэхэмжлэгч нарыг хуулийн хамгаалалтаас ангид байдалд хүргэсэн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Учир нь захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон гэдэг боловч энэ нь хэрэгт авагдсан захиргааны ямар нэгэн акт, баримтаар нотлогдохгүй байхад шүүх эх сурвалж нь баримтаар нотлогдоогүй хариуцагчийн дээрхи тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, бүртгэлийн байгууллагаас гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь миний хувьд энэ гомдлыг гаргах үндэслэл болсон юм. Хэргийн баримтаар ямар үйл баримт нотлогддог вэ гэхээр хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгоогүй, харин тэдгээр гэрчилгээнүүдэд зарим өөрчлөлт оруулан бүртгэсэн нь нотлогддог ба энэ нь тэдгээр гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.
15. Шүүх магадлалдаа “... Нэхэмжлэгч Д.Б, Э.А нар нь Ү-2204047998 бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна” гэжээ. /Магадлалын 4-р тал/
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр заасан.
17. Нэхэмжлэгч нар нь 2013 онд Б.Б-ээс “орон сууцны зориулалттай” гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, тухайн эд хөрөнгийн өмчлөгч нар нь болсон. Тэр үед буюу Б.Б-ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах үед захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ илт хууль бус байдлаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн байсныг мэдэж, өмчлөгчийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед Улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон гэх бодитой биш тайлбар гаргасныг захиргааны хэргийн 2 шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн. Бодит байдалд хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээнүүдийг илт хууль бус байдлаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн байсныг хүчингүй болгосон бус, харин тэдгээр гэрчилгээнүүдэд зарим өөрчлөлт оруулан бүртгэснээ хүчингүй болгосон мэтээр тайлбар гаргасан нь уг эд хөрөнгийн өмчлөгч байсан нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх үеийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гэтэл 2 шатны шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэж, дээрхи нөхцөл байдлыг үл харгалзан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэ гомдлыг гаргах үндэслэл болсон юм.
18. Иймд дээрхи үндэслэлээр 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан тул магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
20. Нэхэмжлэгч нараас илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргаж байгаа 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.Б-т олгосон орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 дугаарт бүртгэлтэй, 000248848 дугаарын гэрчилгээ нь нэхэмжлэгч Э.А-д орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000254699 дугаар гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосноор, нэхэмжлэгч Э.А-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000254699 дугаарын гэрчилгээ нь гуравдагч этгээд Б.Б-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000679247 дугаар гэрчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосноор тус тус хүчингүй болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
21. Тодруулбал, нэхэмжлэгч нар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч нарын илт хууль бус болгохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргаж байгаа улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгожээ.
22. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хамаарах маргааны зүйл буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах талаар иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа, энэхүү үйл баримтад иргэний хэргийн шүүхээс дүгнэлтүүд өгсөн, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн “нэхэмжлэгч нарын хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэсэн үндэслэлээр 9,452,830 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
23. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т зааснаар “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах юм.
24. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохирол 9,452,830 төгрөг гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх” шаардлагыг тусдаа шаардлага мэтээр үзэж шаардлага тус бүрийг өөр өөр үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 463 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6,...” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6,...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН