Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01830

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01830

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03389 дугаар шийдвэртэй,

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Э, С.Х, О.Г нарт холбогдох,

Орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, Ц.Отгонжаргал, хариуцагч С.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Х ХХК нь Ш.Э, С.Х, О.Г нарт холбогдуулан банкны барьцаанд байгаа Б.Заяатын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000 дугаар байрны 000 тоот сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

1.2. уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулан, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах шаарджээ.

Х ХХК нь З ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/СС180720024- 5 тоот зээлийн гэрээ, Б.Заяаттай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/СС181116016-5 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, зээл олгосон.

Эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Заяатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ-СС180720024-5-4 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/СС181116016-5-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу тус тус барьцаалсан.

Б.Заяат нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас тус банкны зүгээс үүргийн гүйцэтгэлийг шаардахаар шүүхэд хандахад оршин суух хаяг тодорхойгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02162 тоот захирамжийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар, тус банкны зээлийн барьцааны зүйл болох Б.Заяатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000 дугаар байр, 000 тоот хаягт орших орон сууцыг хариуцагч нь өмчлөгч буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, ашиглуулж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан. Тус банкны барьцаанд байгаа Б.Заяатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн бодит эзэмшилд байгаа бөгөөд тэдгээр нь хууль буюу хэлцлийн үндсэн дээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй.

 

2. Хариуцагч Ш.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Э нь иргэнийхээ хувиар Х ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Заяат нартай ямар ч хамааралгүй, ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Энэ орон сууцанд амьдардаггүй. Нэхэмжлэгч Х ХХК нь Ш.Эийг Б ХХК-ийн захирлын хувиар хариуцагчаар татаагүй, иргэний хувиар татсан тул уг нэхэмжлэл Ш.Эд ямар ч хамааралгүй байна.

 

3. Хариуцагч С.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул хууль эзэмшлээс орон сууцыг өмчлөгчийн өмнөөс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. С.Х болон О.Г нар нь Б ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг орон сууцанд амьдарч байгаа. Гэрээнийхээ хувийг олохгүй байгаа тул хэрэгт нотлох баримтаар өгөх боломжгүй байна. Тухайн орон сууц нь 9 өрөө ба О.Гын хамт эзэмшиж, амьдарч байгаа.

 

4. Хариуцагч О.Г тайлбар гаргаагүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Э, С.Х, О.Г нарт холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Х нь анхнаасаа өмчлөгчийн хувиар нэхэмжлэл гаргаагүй буюу Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагчийн хувьд барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2 дахь хэсэг нь тус банкийг шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтооход хамааралгүй зохицуулалт тул шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг нь яагаад шаардах эрхийн үндэслэл болохгүй талаар үндэслэлтэйгээр тайлбарлаагүй.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох хэдий ч мөн зүйлийн 91.2.1 дэх заалтад зааснаар тухайн хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгийг эзэмшиж байгаа этгээдийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзсэн гуравдагч этгээдийн итгэлийг хамгаалахгүй буюу түүнийг хууль ёсоор эзэмших эрх олж авсан гэж үзэхгүй. Хариуцагч С.Х, О.Г нар нь хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэх тайлбар өгсөн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэдэг тул хариуцагч нар нь өмчлөх эрхгүй этгээдээс тус орон сууцны эзэмшлийг шилжүүлж авсан болохоо мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан. Иймд хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцны эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зов, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх зөвхөн хариуцагч нарын шүүх хуралдааны явцад гаргасан Хариуцагч Ш.Э нь С.Х, О.Г нарыг маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийг өгөөгүй, С.Х, О.Г нар нь Б ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар орон сууцыг эзэмшиж байгаа' гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшилдээ авсан гэж үзсэн бөгөөд хариуцагч нар нь энэхүү тайлбараа өөр нотолгооны хэрэгслээр нотлоогүй, маргаан бүхий орон сууцыг эзэмших, ашиглахтай холбоотой гэрээ, хэлцлийг шүүхэд гаргаж өгөөгүй байхад хариуцагч нарыг хууль ёсны эзэмшигч гэж үзсэн.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр, хэнээс эрх олгогдсоны дагуу эзэмшиж байгаа талаарх баримт буюу маргаан бүхий орон сууцыг эзэмших, ашиглахтай холбоотой гэрээ, хэлцлийг шүүхийн журмаар хариуцагч нараас гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн.

Мөн хариуцагч нь нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа хариу тайлбар, татгалзлын үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд зөвхөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар гаргасан бөгөөд өөрсдийн татгалзлын үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх зөвхөн хариуцагч нарын тайлбарт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч С.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч С.Х Б ХХК-тай гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцанд амьдарч байна. Өмчлөх эрхтэй холбоотой талуудын хоорондын маргааны тухайд орон сууцны үндсэн өмчлөгч нь Б.Заяат бөгөөд Б.Заяатын өмчлөх эрхийг Х ХХК барьцаалагч гэх үндэслэлээр худалдан борлуулах, бусдын өмчлөлөөс чөлөөлүүлэх, барьцаалах эрх хэмжээ байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ш.Э нь Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ хэрэг маргаанд иргэн Ш.Эд холбогдуулаад хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэн С.Х болон О.Г нь Б ХХК-тай гэрээний үндсэнд тухайн орон сууцыг эзэмшиж, ашигладаг. Б ХХК-аас Б.Заяат нь хууль бусаар гэрээ байгуулж залилангийн шинж чанартай үйлдэл хийж тухайн хэрэг маргаан нь эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж түдгэлзсэн. Б.Заяат нь өөрөө эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд Ш.Э энэ хэрэг маргаанд холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь Ш.Э, С.Х, О.Г нарт холбогдуулан

1.1. Хны барьцаанд байгаа Б.Заяатын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000 дугаар байрны 000 тоот сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх

1.2.Уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулан, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

2.а. Х ХХК нь З ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/СС180720024-5 тоот зээлийн гэрээгээр 412,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/СС181116016-5 тоот зээлийн гэрээгээр 300,000 ам долларыг тус тус зээлдүүлж, зээлдэгч З ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Заяатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220409**** дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 дугаар байр, 000 тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх10-14, 17-21/

 

2.б.Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 дугаар байр, 000 тоотод байрлах, 267,93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Заяат бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ. /хх15/

 

2.в. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр ...өнөөдрийн байдлаар иргэн Б.Заяат нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 дугаар байр, 000 тоотод байрлах, 267,93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хэвээр ба орон сууцны хэмжээ өөрчлөгдсөн бүртгэл бүртгэгдээгүй гэх лавлагаа иржээ.

 

3.Зохигч маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нар хууль ёсоор эзэмших эрхтэй эсэх, уг хөрөнгийг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

3.а. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, нотлох үүргийн хуваарилалтыг зөв хийгээгүй, хэргийн үйл баримтыг тогтоогоогүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

Барьцаалагч нь барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй.

 

3.б Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь зүйтэй байна.

 

Хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн өмчлөгчийн шаардах эрх юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон тохиолдолд барьцаалагч шаардлага гаргахаар байна. Нотлох үүргийн хуваарилалтаар гуравдагч этгээд буюу хариуцагч нар нь тэдгээрийн эзэмшил хууль ёсных гэдгийг нотлох үүрэгтэй.

 

Гэвч хариуцагч нарын хувьд зөвхөн тайлбараас өөр баримт гаргахгүй байгаа нөхцөлд тэдгээрийн эзэмшлийн хууль зүйн үндэслэлийг тодруулахаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасныг буруутгах боломжгүй.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал тухайн маргаан бүхий байртай холбоотойгоор Ш.Эийн бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг гаргуулах, хариуцагч талаас мөн байртай холбоотой бичиг баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхийг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь өмчлөгч өөрийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхийг хамгаалдаг бол 106.2 дахь хэсэг нь өмчийг боломжит бусад зөрчлөөс хамгаална. Иймд ямар зөрчлийг хэрхэн арилгахаар шаардаж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагыг, тухайлвал уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулан, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгуулах шаардлагыг тодруулах нь зүйтэй.

 

Зөрчлийг арилгахыг шаардах, ирээдүйд өмчлөх эрхийг нь зөрчиж болох үйлдлийг хийхгүй байхыг шаардах нь өөр өөр ойлголт юм.

 

Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах нь нарийвчилсан хуулиар зохицуулсан шаардах эрх байх бөгөөд уг шаардах эрхийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн хэрэгжүүлэхээр байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн өмнөөс тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр бусдыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй талаар, мөн барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй талаар өнгөц дүгнэсэн. Учир нь хариуцагч нар нь хэнээс эзэмших эрх олж авсан талаархи баримт хэрэгт авагдаагүй, эрх зүйн дүгнэлт хийхэд шаардлагатай хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД