Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/03389

 

 

 

 

 

 

 

 

                                               2022        08         03

                     101/ШШ2022/03389

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э,

 

Хариуцагч: М.Х,

 

Хариуцагч: О.Г нарт холбогдох

 

Орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Э.Ч, хариуцагч Ш.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч С.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдаа, хөгжлийн банк нь Зэт хорин дөрөв ХХК-тай 2018.07.23-ны өдөр ЗГ/СС180720024-5 тоот Зээлийн гэрээ, иргэн Б.Зтай 2018.11.16-ны өдөр ЗГ/СС181116016-5 тоот Зээлийн гэрээг тус тус байгуулж, зээл олгосон бөгөөд эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Заяатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090472 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2018.07.23-ны өдрийн ЗБ-СС180720024-5-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018.12.10-ны өдрийн ЗБ/СС181116016-5-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу тус тус барьцаалсан. Б.Знь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас тус банкны зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар шүүхэд хандахад Б.Зын оршин суух хаяг тодорхойгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/02162 тоот захирамжийн дагуу түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, тус банкны зээлийн барьцааны зүйл болох Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0тоот хаягт орших орон сууцанд хариуцагч нар нь өмчлөгч буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр оршин сууж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол баръцаалагч нъ Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэнуг барьцааны зүйлийг баръцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй'’ гэж заасан.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасан. Хариуцагч Ш.Э нь Б.Зын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, бусдад хөлслүүлэх эрхтэй мэт ойлголт төрүүлж С.Х, О.Гнарт эзэмшүүлж байх тул түүнийг хууль бус бөгөөд шууд бус эзэмшигч гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд энд хариуцагчийн эзэмшил нь хууль бус байх урьдчилсан нөхцөл тавигдсан болохоос биш тухайн хууль бус эзэмшил нь “шууд эзэмшил” байхаар тухайлан заагаагүй байх тул тус зохицуулалтад “шууд бус эзэмшил” мөн адил хамаарна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар барьцаалагч нь барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс гаргуулахдаа Иргэний хуулийн 95 дугаар зүйлд нийцүүлэн шаардлагаа гаргах эрхтэй. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн “Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 95.1-д заасан “шударга бус эзэмшигч” гэж эзэмшлээ хууль бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан “хууль бус эзэмшигч”-ийг хэлнэ гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 89.1-д зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшлийг “хууль ёсны эзэмшил” гэж үзэх бөгөөд хууль болон гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй этгээдийг “хууль бус эзэмшигч” гэж үзнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг онцгой эрх тул Ш.Эийг Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204090472 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй этгээд гэдгээ мэдсэн гэж үзэх бөгөөд өмчлөгч буюу Б.Заас хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, бусдад дамжуулан түрээслүүлэх эрхийг олж аваагүй. Дээрхээс дүгнэвэл, Ш.Э нь тус банкны барьцааны зүйл болох Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “шууд бус”-аар эзэмшиж байгаа бөгөөд түүний “шууд бус эзэмшил” нь хууль бус, тэр дундаа “шударга бус эзэмшил” байх тул Иргэний хуулийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу Ш.Э нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгч тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, захиран зарцуулж буй үйлдлээ зогсоох үүрэгтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг онцгой эрх тул О.Г, С.Х нар нь маргаан бүхий байрыг өөрсдөд нь эзэмшүүлж буй этгээд болох Ш.Эийг тухайн байрны өмчлөгч биш, түүнчлэн тухайн байрыг захиран зарцуулах эрхгүй этгээд болохыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын гэрчилгээ, лавлагаа зэргээр тогтоох боломжтой байсан тул тэднийг өөрсдийн эзэмшлээ хууль бус болохыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд, О.Г, С.Х нарыг маргаан бүхий байрны “хууль бус” бөгөөд “шударга бус” эзэмшигч гэж үзэхээр байна. Худалдаа, хөгжлийн банкны барьцаанд байгаа Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь О.Г, С.Х нарын бодит эзэмшилд байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь хууль буюу хэлцлийн үндсэн дээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй байна.  Иймд, дээр дурдсан үндэслэлээр Б.Зын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг О.Ганбат, С.Х нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, тус орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Э нь иргэнийхээ хувиар ХХБ ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Знартай ямар ч хамааралгүй, ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Энэ орон сууцанд амьдардаггүй. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь Ш.Эийг Б и х ХХК-ийн захирлын хувиар хариуцагчаар татаагүй, иргэний хувиар татсан тул уг нэхэмжлэл Ш.Эд ямар ч хамааралгүй байна гэв.

 

Хариуцагч С.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ХХБ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул хууль эзэмшлээс орон сууцыг өмчлөгчийн өмнөөс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. С.Х болон О.Гнар нь Б и х ХХК-иас худалдах-худалдан авах гэрээ байгуулж уг орон сууцанд амьдарч байгаа. Гэрээнийхээ хувийг олохгүй байгаа тул хэрэгт нотлох баримтаар өгөх боломжгүй байна. Тухайн орон сууц нь 9 өрөө ба О.Гын хамт эзэмшиж, амьдарч байгаа гэв.

 

Хариуцагч О.Гнь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, Хил хамгаалан Ерөнхий газрын албан бичиг, зээлийн болон барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,

- хариуцагч Ш.Эөөс гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

- шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын албан бичиг, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Ш.Эд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгуулахаар  өөрчилж, хамтран хариуцагчаар С.Х, О.Гнарыг татаж, тэдэнд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Худалдаа, хөгжлийн банк нь “Зэт хорин дөрөв” ХХК-д  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/СС180720024-5 тоот зээлийн гэрээгээр 412,000,000 төгрөг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/СС181116016-5 тоот зээлийн гэрээгээр 300,000 ам долларыг тус тус зээлдүүлж, зээлдэгч “Зэт хорин дөрөв” ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Заяатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090472 дугаартай,  Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 10-14, 17-21 дүгээр тал/

 

Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Збүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээг тогтоогдсон. /хх-ийн 15 дугаар тал/

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 05 дугаар  сарын 24-ний өдөр албан бичгээр “... өнөөдрийн байдлаар иргэн Б.Знь 0 тоотод байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хэвээр ба орон сууцны хэмжээ өөрчлөгдсөн бүртгэл бүртгэгдээгүй” гэх лавлагаа ирсэн.

 

Нэхэмжлэгч ХХБ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол баръцаалагч нь Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй'’ гэж зааснаар тодорхойлсон.

 

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “...Ш.Э нь уг орон сууцанд амьдардаггүй, бусдад амьдрах эрхийг өгөөгүй. С.Х, О.Гнар нь “Б и х” ХХК-иас худалдан авахаар  гэрээ байгуулж орсон. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үед Б.Знь тус компанийг залилж өөрийн нэр дээр компанийн хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлээд банкны зээлийн барьцаанд тавиад гадаад руу гарсан болох нь мэдэгдсэн” гэж тайлбарлаж маргасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь  бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. 

 

Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн Б.Збайх ба түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж зааснаар бүртгэгдэж, баталгаажсан байна.

 Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Зын өмнөөс тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр бусдыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна. Учир нь

Иргэний хуулийн 91.1-т “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж, 91.2-т “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол энэ  хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан. ХХБ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний дагуу барьцааны эрхийг бүртгүүлснээс бус өмчлөх эрхийг хуульд зааснаар бүртгүүлэх замаар олж аваагүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй” гэж заасан. Иймд барьцаалуулагч Б.З нь барьцаалагч ХХБ ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйл болох орон сууцыг бусдад түрээслэх, хөлслөх, ашиглуулах, бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй байна.

 

Хариуцагч Ш.Э нь С.Х, О.Гнарыг маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийг өгөөгүй, С.Х, О.Гнар нь “Б и х” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар орон сууцыг эзэмшиж байгаа талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Иймд хариуцагч С.Х, О.Гнар нь бусадтай байгуулсан хэлцлийн үндсэн дээр  уг орон сууцыг эзэмшиж байх тул тэднийг хууль бусаар орон сууцыг эзэмшилдээ авсан гэж үзэхээргүй байна.

 

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Б.Збайх тул нэхэмжлэгч ХХБ ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч Ш.Э нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар бусдад захиран зарцуулах, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг олгох замаар хууль бус үйлдэл гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч С.Х, О.Гнар нь “Б и х” ХХК-тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр орон сууцанд амьдарч байгаа үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс Ш.Эд холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Хариуцагч О.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Э, С.Х, О.Гнарт холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлж, ашиглуулж буй үйлдлээ зогсоохыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.БЯМБАЖАРГАЛ