Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01826

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01826

 

 

Ш.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02136 дугаар шийдвэртэй,

Ш.Эын нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд механизмуудыг гэрээгээр түрээслэн ажиллуулсаны үлдэгдэл төлбөр 87,000,000 төгрөгийг гаргуулна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож машин, механизмын түрээсийн гэрээг амаар байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.Э нь өөрийн эзэмшлийн **-** УР улсын дугаартай Volvo.ЕС460В маркийн механизм, түүний хүү Э.Э, эхнэр Б.А нарын эзэмшлийн 0000 УР улсын дугаартай Hyundai R4801с-9s маркийн машин механизмуудыг 1 сарын 35,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр мөн хоёр талдаа тээвэрлэх зардлыг түрээслэгч тал төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд дээрх механизмуудыг жолоочийн хамт Төв аймгийн Баянчандмань суманд байрлах М ХХК-ийн Баян шувууны үйлдвэрийн газар шорооны ажил болон Дарханы авто замын ажилд нийт 2 сар 14 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан. Дээрх механизмуудыг жолоочийн хамт түрээслэн ажиллуулсан төлбөрийн үлдэгдэл 87,000,000 төгрөгийг хариуцагч одоог хүртэл төлөөгүй. Хариуцагч Д.Б нь 2020 оны 11 сард ажил дуусаад буцах гэхэд цаашид үргэлжлүүлээд ажиллана, гэрээгээ сунгана гэж хэлж техникүүдийг М ХХК-ийн хашаанд тавиулсан. Ингээд хойш элдэв шалтаг хэлж гэрээгээр тохиролцсоны дагуу механизмуудыг түрээслэн ажиллуулах үүргээ биелүүлэхгүй үйл ажиллагаа нь явахгүй байсан тул нэхэмжлэгчээс хариуцагч талд амаар мэдэгдэж, арга буюу 2021 оны 3 дугаар сард **-** УР улсын дугаартай Volvo.ЕС460В маркийн механизмыг жолоочийн хамт өөрөө 1,800,000 төгрөгийн зардал гаргаж татаж авсанаар гэрээ дуусгавар болсон. Иймд талуудын хооронд байгуулсан машин, механизмын түрээсийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтын талаар маргахгүй, техникүүдийг ашигласан нь үнэн, тооцоо дутуу төлсөн нь үнэн. Гэхдээ шүүхэд хандаж байгаа тохиолдолд хуулийн дагуу мэтгэлцэх нь зүйтэй. Учир нь Э.Э нь техник, хэрэгслийн өмчлөгч атлаа эцэг Ш.Эаар нэхэмжлэл гаргуулдаг, түрээсийн төлбөртэй холбоотой төлбөрийг өөрийн дансаар шилжүүлж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ш.Э нь хууль ёсны өмчлөгч Э.Э, Б.А нараас хууль ёсны дагуу итгэмжлэл аваагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас 87,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 592,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу гайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ш.Э-ыг техник хэрэгслийг түрээслэх, түрээсийн төлбөрийг хүлээн авах, мөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн болох эсэхийг бүрэн дүгнэж үзээгүй. Учир нь түрээсэлсэн 2 техникийн хууль ёсны эзэмшигч нь Ш.Э биш. **-** УР улсын дугаартай Volvo.ЕС460В маркийн техникийн өмчлөгч нь Э.Э, 0000 УР улсын дугаартай Hyundai R4801с-9s маркийн техникийн өмчлөгч нь Б.Аптаннар байна. Анхан шатны шүүхийн дүгнэж байгаагаар техникийн эзэмшигч нараас Ш.Э-т зөвшөөрөл олгосон байна гэх боловч тус зөвшөөрөлд шүүхэд хандаж мөнгөн хөрөнгө нэхэмжлэх эрхийг олгоогүй. Мөн түрээсийн төлбөр нь Ш Э.Э-н дансанд шилжин орж байсан. Анхан шатны шүүхэд дээрхи байдал дүгнэлт хийгээгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг ноцтой зөрчиж байгаа асуудал тул зөрчлийг арилган зөвтгөж хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгөхийг шүүх хуралдаанд маш дэлгэрэнгүй тайлбарлаж оролцсон.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж шууд биелэгдэх боломжтой байх зарчимтай байхад шүүхийн шийдвэрээр олгосон мөнгөн хөрөнгийг хэн аль нь авах нь тодорхой бус байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Мэтгэлцэх зарчим ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бол анхан шатны шүүх хуралд энэ асуудлаа ярьж эрхээ хамгаалах байсан. Анхан шатны шүүх хуралд мэтгэлцэж, нотлох баримт шинжлэн судлуулж, тайлбар хийж оролцсон. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Ш.Э нь хэлцэл хийж оролцсонд маргадаггүй. Шүүх Ш.Этай хэлцэл хийсэн талаар маргадаггүй гэж дүгнэлт хийсэн. Мөнгийг хүүхэд болон өөрийн дансаар авч байсан. Нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд нэг автомашин хүүгийн нэр дээр, нөгөө автомашин нь өөрийн нэр дээр байсан. Ш.Э нь шүүхэд төлөөлөх итгэмжлэл авах байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул Ч.Ганхүүд итгэмжлэл олгож оролцуулсан талаар огт маргаагүй. С ХХК-тай холбоотой нэг хэрэгт Орхон аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг нь худлаа. Орхойн аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд н.Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Ганхүү өмгөөлөгчөөр Л.Намнансүрэн миний бие оролцсон. Хариуцагч О.Батбаярын өөрийн компани нь С ХХК-тай тусдаа бичгээр байгуулсан түрээсийн гэрээний асуудлаар хандсан.

 

 
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч Д.Бт холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд механизмуудыг гэрээгээр түрээслэн ажиллуулсны үлдэгдэл төлбөрт 87,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэж маргажээ.

 

Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

2.а. Гэрээний зүйл болох **-** УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн техник Э.Э-ийн өмчлөлд, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн техник нь Б.А-ын өмчлөлд бүртгэлтэй тухай лавлагаа авагджээ./хх-6-7/

 

2.б. Хариуцагч Д.Баас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э.Эрдэнийн Хаан банк дахь 513111**** тоот дансанд түрээсийн урьдчилгаа гэх утгаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ш.Эын Хаан банк дахь 507033**** тоот дансанд экскаватор түрээс гэх утгаар 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хулугаар тогтоогджээ./хх 15-16/

 

2.в. Хариуцагч нь **-** УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн техник, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн техникүүдийг нэхэмжлэгч Ш.Этай хэлэлцэн тохирсны үндсэн дээр ашигласан талаар тайлбарласан.

 

2.г. Нэхэмжлэгч нь хүү Э.Э, эхнэр Б. А нарын зөвшөөрлөөр дээрхи техникүүдийг түрээслүүлсэн гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.

 

2.д. Э.Э нь Ш.Э, Б.А нарын төрсөн хүү болох талаар бүртгэлийн лавлагаа хэрэгт авагджээ./хх 29/

 

3. Ш.Э нь Б.А, Э.Э нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд маргаж байна.

 

3.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан хэлцэлд төлөөлөх эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох эрхүүдийг заагтай ялгаж хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хэргийн баримтаас үзвэл түрээсийн зүйл нь Б.А, Э.Э нарын өмч байхаас гадна түрээсийн төлбөрийг Э.Э бас авч байсан байна.

 

Дээрх Б.А, Э.Э гэх иргэд өөрийн өмчлөлийн зүйлийг түрээсээр ашиглуулсны төлбөрийг шаардан нэхэмжлэхэд Ш.Эаар төлөөлүүлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны итгэмжлэл хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж дүгнэхэд учир дутагдалтай.

 

Хэрэгт Э.Э бичсэн эсэх нь тодорхойгүй, гарын үсгийг нотариатаар гэрчлүүлээгүй тодорхойлолт гэх баримт авагдсаныг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Гуравдагч этгээд болох Б.А, Э.Э нарын эрх ашиг сонирхол хөндөгдөж байхад анхан шатны шүүх тухайн асуудлыг тодруулаагүй, ...Д.Баас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э.Эрдэнийн Хаан банк дахь 513111**** тоот дансанд түрээсийн урьдчилгаа гэх утгаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд тэрээр нэхэмжлэгч Ш.Эыг Э.Эрдэнийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх эрхтэй болохыг ойлгон мэдэж байсан гэж үзэхээр байна... гэсэн таамагт үндэслэсэн дүгнэлт хийжээ. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол уг хэлцлийн хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж дүгнэхдээ уг зөвшөөрөл нь хэрэгт авагдаагүй байгааг анхаараагүй нь учир дутагдалтай. Уг үйл баримт тогтоогдоогүй байна.

 

3.б. Талуудын тайлбараар биш улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог төрөлт, үрчлэлт, гэрлэлт, нас баралт, эд хөрөнгийн бүртгэл зэрэг үйл баримтууд байдаг. Гэрч Б.Аын зүгээс Ш.Этай албан ёсны гэр бүл гэж мэдүүлснээр гэр бүл гэж тогтоогдохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн 28 дугаар талд авагдсан Б.А, Ш.Э нарын гэрлэлтийн хуулбар баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчжээ.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД