Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01800

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01800

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01413 дугаар шийдвэртэй,

Б.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох,

Урамшуулалд 13,554,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Н би хариуцагч Х ХХК-ны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 19/269 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж тус банкны Тусгай активын хэлтэст ажиллаж эхэлсэн. Өөрийн хүсэлтээр, Х ХХК-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-21/2113 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Банкинд ажиллаж байх хугацаанд гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А-20/798 тоот, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-21/300 тоот тушаалаар Худалдаа, хөгжлийн банкны зээл, тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлал батлагдсан. Энэхүү аргачлал, түүний хавсралтаар Тусгай активын хэлтэст шилжсэн чанаргүй зээл, бусад активын эргэн төлөлттэй уялдуулж улирал бүр хэлтсийн ажилтнуудад урамшуулал олгодог. Миний бие 2021 оны 3 дугаар улиралд нийт 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барагдуулсан. Нэхэмжлэгч би 3 дугаар улиралд нийт 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг барагдуулж ажилласан хугацааны урамшуулалд нийт 13,554,785.80 төгрөгийг банкнаас авах эрхтэй.

Банк тусгай активын хэлтсийн ажилтнуудын 2021 оны 3 дугаар улирлын урамшууллыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар олгосон байх боловч ажлаас гарсан ажилтнуудад ажилласан хугацаанд нь ногдох урамшууллыг олгохгүй гэх үндэслэлээр ажилласан хугацаанд надад ногдох 13,554,785.80 төгрөгийн урамшууллыг өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй. Ажил олгогчийн энэхүү эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчиж байна. Мөн энэхүү маргаантай холбоотойгоор 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталгаат шуудангаар банкинд хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд хариу ирүүлээгүй. Иймд хариуцагч Х ХХК-аас 2021 оны 3 дугаар улирлын урамшуулалд 13,554,785.80 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Н нь өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-21/2113 дугаар тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Х ХХК-ны гүйцэтгэх захирлын тушаалын дагуу Худалдаа, хөгжлийн банкны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлалыг баталсан ба тус аргачлалын 2.1 дүгээр зүйлд Тусгай активыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн тохиолдолд аргачлалын 2.2, 2.3-д заасан нөхцөлийн дагуу ТАУГ-ын ажилтнуудад урамшууллыг гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр олгоно гэж, 2.10 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэж тус тус заасан. Түүнчлэн үндсэн цалин нь ажилтанд хөдөлмөрлөсний төлөө олгож байгаа хөлс, олговор нь хуульд заасны дагуу ажилтан ажилласан эсэхээс үл хамааран олгох төлбөр, нэмэгдэл болон нэмэгдэл хөлс нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр цалинг нэмэгдүүлэн олгох хэлбэр байдаг агуулгаараа ажил олгогч ажилтанд хууль болон гэрээнд заасны дагуу олгох үүрэг хүлээсэн хөлс байдаг ба харин шагнал урамшуулал нь ажил олгогч ажилтандаа өөрийн үзэмжээр, хөдөлмөрийн гэрээнд заасан эсэхээс үл хамааран олгож болох бэлэглэлийн шинжтэй, ажилтан шагнал урамшууллыг ажил олгогчоос хууль зүйн шаардах эрх үүсгэхгүй цалин хөлсний хэлбэр юм. Тиймээс уг урамшууллын тооцоолол зөв эсэхээс үл хамааран ажил олгогч төлөх үүрэггүй буюу ажил олгогч нь шагнах, эсхүл урамшуулах үүрэг хүлээхгүй тул урамшууллыг шаардах үндэслэлгүй юм. Мөн Банкны тусгай активын хэлтсийн ажилтнуудын 2021 оны 3 дугаар улирлын урамшууллыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу олгосон бөгөөд дээр дурдсанчлан тус аргачлалын 2.10 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэж заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон ажилтанд урамшуулал олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 13,554,785.80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Над олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Банкны дотоод журам, зааврын холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Тус банк нь ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл, тодорхой төлөвлөгөө, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ажилтнуудад тодорхой урьдчилсан нөхцөл хангагдсаны үндсэн дээр шагнал урамшууллыг хууль болон банкны дотоод заавар, журмын дагуу олгож ирсэн. Худалдаа, хөгжлийн банкны Тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлалын 2.1 дүгээр зүйлд Тусгай активыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн тохиолдолд аргачлалын 2.2,2.3-д заасан нөхцөлийн дагуу ТАУГ-ын ажилтнуудад урамшууллыг гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр олгоно. гэж, 2.10 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэж тус тус заасны дагуу гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-21/513 тоот тушаалын хавсралтаар нэр бүхий 12 ажилтанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хамаарах чанаргүй актив төлүүлөлтийн урамшууллыг олгосон. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нэхэмжлэгчид урамшуулал олгох хууль зүйн үндэслэлгүй. Үйл баримт болох үе буюу нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үе болон банкны 2021 оны 3 дугаар улирлын урамшуулал олгох тухай 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-21/513 тоот тушаалыг батлах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-д Хөдөлмөрийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэх хуулийн зохицуулалт байгаагүй атал шүүхээс илт зохигчдын нэг талд эерэг үр дагавар үзүүлэх хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт дурдаж, бусад үйл баримтад Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийг хэрэглэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролд учруулж байна.

Нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар улирлын урамшуулалд 13,554,785.80 төгрөг авах эрх үүссэн гэж маргасан бөгөөд хариуцагчийн хувьд шагнал, урамшууллыг ажил олгогч өөрөө өгөх эсэхээ бүрэн шийдвэрлэх шаардлагатай гэсэн агуулгаар маргасан. Энэхүү агуулгын хүрээнд хариуцагч аливаа тоо тооцоолол гаргах шаардлагагүй гэж үзсэн. Харин хариуцагч өөрийн бусад ажилтнуудад олгосон урамшууллын жишгээр дотоод журмаараа тооцооллыг хийсэн, харгалзах нөхцөл байдлуудыг тооцож, хэрэв олгосон байсан бол хэдийг олгох байсан бэ гэдэг дүнгээс дээрх тооцоолол зөрж байгаа талаар шүүх хурал дээр мэдэгдсэн. Энэхүү агуулгын хүрээнд хэрэв шүүх урамшуулал олгогдох ёстой гэж дүгнэвэл нэхэмжлэгчийн тооцоолол нь үнэн зөв, үндэслэлтэй эсэхийг шалгах, ийнхүү шалгахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу тооцооллыг хариуцагчаар хийлгэх буюу холбогдох баримтуудыг гаргуулан авч эргэлзээгүй шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 3 дугаар улиралд бүтэн ажиллаж 4 дүгээр улиралд ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас гарсны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг үндэслэж урамшуулал олгохгүй гэж хариуцагч тал тайлбарласан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасан заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй. Тусгай ажилтны урамшуулал олгох журмын 2.1-д гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр урамшуулал олгох үүргийг хариуцагч компани хүлээсэн бол нөгөө талаар ажилтан улирал бүр урамшуулал авах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдлийн хувьд хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан урамшуулалд 13,554,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а Нэхэмжлэгч Б.Н нь Х ХХК-ийн Тусгай активын удирдлагын газрын Тусгай активын хэлтсийн тусгай активын ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. /хх17/

 

2.б. Нэхэмжлэгч нь Х ХХК-д ажиллаж байхдаа буюу 2021 оны 3 дугаар улиралд 897,687,375.16 төгрөгийн чанаргүй активыг барагдуулсан талаар тайлбар гаргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. /хх23-84, 115-120/

 

2.в. Х ХХК-ны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлалын 2.1 дэх хэсэгт Тусгай активыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн тохиолдолд Аргачлалын 2.2, 2.3 дахь хэсэгт заасан нөхцөлийн дагуу ТАУГ-ын ажилтнуудад урамшууллыг гүйцэтгэх захирлын тушаалаар улирал бүр олгоно гэж заажээ.

 

2.г. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-21/512 тоот Х ХХК-ны тусгай активын төлөлттэй уялдуулан урамшуулал олгох аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалаар аргачлалын 2 дугаар зүйлийн 2.10-т Хөдөлмөр, эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгохгүй гэсэн нэмэлт оруулж, энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөж ажиллахыг холбогдох газар, хэлтэс, нэгжүүдэд үүрэг болгосон байна. /хх 111/

 

2.д. Хариуцагч байгууллага 2021 оны 3 дугаар улирлын урамшууллыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар олгосон тухай нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

 

3. Зохигч хөдөлмөр, эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ТАУГ-ын ажилтанд урамшуулал олгох эсэх асуудлаар маргаантай байна.

 

3.а. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

 

Ажил олгогч хэдийгээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т зааснаар үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмыг баталж мөрдүүлэх эрхтэй хэдий ч уг журам нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байх ёстой юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.

 

Нэгэнт урамшуулалд хамрагдах ажлыг хийсэн тул тохирсон хөлсөө шаардах нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт нийцэх юм.

 

3.б. Нэхэмжлэгч нь дээрх хууль болон журмын дагуу Х ХХК-аас 2021 оны 3 дугаар улирлын урамшуулалд 13,554,785.80 төгрөг авах эрх үүссэн гэж, тооцоолол, холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх тооцоолол алдаатай гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг үндэслэн хариуцагчаас 13,554,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болсон.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД