Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0591

 

 

“Н Н З А Ж” НҮТББ,

 С.Т, И.Б нарын нэхэмжлэлтэй  

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Т, И.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Э, Д.У, хариуцагч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д, Д.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Б, П.Е нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч С.Т, И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., Д.У нарын давж заалдах гомдлоор, “Н Н З А З” НҮТББ, С.Т, И.Б нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т, И.Б нарын “Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т, И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, Д.У нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Маргаан бүхий акт болох Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгт зааснаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулна, 1 хоногоос өмнө хурлын Төлөөлөгчдөд хурлын товыг мэдэгдэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг хүргүүлэх” гэснийг тус тус зөрчсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд “С Г” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сумын Засаг даргад албан бичиг өгч ердөө 1 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж сумын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Өмгөөлөгч Д.У нэхэмжлэлд дурдсан асуудлаар буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан зарлахдаа Тэргүүлэгчдийн тогтоол тухайн үед гарсан эсэх, хурлын Төлөөлөгчдөд хуралдаан болох талаар хэд хоногийн өмнө мэдэгдсэн эсэх, хэлэлцэх асуудлын материалыг хуульд зааснаар хүргүүлэх эсэх талаар гэрчийн мэдүүлэг авахуулахаар анхан шатны шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 08, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус тус гаргасан боловч анхан шатны шүүхээс гэрч асуулгах ямар ч арга хэмжээ аваагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хийгээгүй. /Хэргийн материалд энэ талаар хийгдсэн арга хэмжээний нотлох баримт байхгүй/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон баримт байхгүй байгаа. Гэрч асуулгах талаараа урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдаан болон анхан шатны шүүх хуралдаан дээр ч дахин гаргаж тавьсан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй.

Хүсэлтэд дурдагдсан сумын иргэдийн Төлөөлөгч О.З, Г.Ч, Л.М, Н.Б нарыг гэрчээр асууснаар тухайн үед болсон эсэхийг тодруулах боломжтой байсан. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох ажиллагаа, мэтгэлцэх зарчимд саад учруулсан хэрэг гэж шүүхээс хуулийг зөрчсөн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Өмгөөлөгч Ц.Э-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нар буюу үйлчлүүлэгч нь өмгөөлөгч Ц.Э-аар давхар өмгөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмгөөлөгчийн шүүхэд хүргүүлсэн өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн талаарх хүндэтгэн үзэх шалтгаан бүхий баримт, хүсэлт явуулсныг шүүхэд гаргаж өгсөөр байтал өмгөөлөгч Ц.Э-ыг оролцуулж шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрх буюу Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 30 дүгээр зүйлийн 30.1, 30.3.5-д заасныг зөрчсөн.

Урьдчилсан хэлэлцүүлгээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Б шинжээч нарыг биечлэн оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У дээрх хүсэлтийн дэмжиж шинжээч оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээч нарыг огт оролцуулаагүй шийдвэрлэсэн бөгөөд шинжээч нарыг шүүх хуралд оролцуулах эсэх талаар шүүхээс ямар ч шийдвэр гаргаагүй болох нь нотлогдож байна.

Дээрх амаар гаргасан хүсэлтийг шүүх хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй, шүүх хуралдааныг товлон зарлах талаарх шүүгчийн захирамжид хүсэлтийг шийдсэн, эс шийдсэн талаар дурдаагүй, шүүх хуралдаанд дахин санал гаргасан боловч шүүхээс шинжээч нар алс байгаа, байхгүй гэх үндэслэлгүй, баримтгүй татгалзал гаргасан.

Маргаан бүхий захиргааны актуудад үндэслэж “С.Г” ХХК-д 426 га газрыг уурхайн эдэлбэр газарт зориулж олгосон бөгөөд шинжээч нар хуралд оролцсоноор тухайн компанийн уурхай эдэлбэр газрын талбай Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нэр бүхий иргэдийн эзэмшил газартай ямар байдлаар хэрхэн давхацсан болохыг тодруулах боломжтой байсан юм. (урьдчилсан хэлэлцүүлгээр шинжээч оролцуулах саналыг дэмжиж байсан учраас урьдчилсан шинжээчийг асуулгаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж маргаж байсан юм.)

“С.Г” ХХК-ний уурхайн эдэлбэрийн 426 га газрын талбайд Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн иргэн Б.С-гийн эзэмшлийн хаваржааны зориулалтын 1 га газар давхацсан нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад үндэслэж олгогдсон уурхайн эдэлбэр газар нь иргэний хаваржааны газартай давхцаж байхад дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Б.С газар эзэмших эрх зөрчигдөж болзошгүй байхад гуравдагч этгээдээр шүүхийн санаачилгаар татаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх өмгөөлөгчийг биечлэн оролцуулалгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хүсэлт гаргасан гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.1, 121.3.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул дүгнэлт, үндэслэлийг зөвтгөж, мөн зарим нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Нэг. “Н.Н.З.А.Ж” НҮТББ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох тухайд:

Нэхэмжлэгч “Н.Н.З.А.Ж” НҮТББ, иргэн С.Т, И.Б нар хамтран “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн талаар хуульд тусгайлан заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй буюу “...газар шороо, малын бэлчээр байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь нотлогдохгүй... Х тайлан гаргаж байгаа зэргээс үзэхэд ...сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, ...тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу нэхэмжлэл гаргах эрх үүсэх зэргийг анхаарах нь зүйтэй...” гэх ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт тус төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй орхигдуулсан алдааг гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заажээ.

“Н.Н.З.А.Ж”” НҮТББ, иргэн С.Т, И.Б нарын хамтран гаргасан нэхэмжлэлд “...газар шороогоо, малын бэлчээр болон байгаль орчноо хамгаалах...” гэж заасан төрийн бус байгууллагын дүрэм хавсаргагдсан байна.

Гэтэл Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “...“Н.Н.З.А.Ж” НҮТББ 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүсгэн байгуулагдсанаасаа хойш тайлант хугацаанд улсын бүртгэлийн хэлтэст үйл ажиллагааны тайлан ирүүлж байгаагүй...” гэх лавлагаа, “Н.Н.З.А.Ж” НҮТББ-ын дүрэм[1]-д “...“архидалт, мансуурал, ажилгүйдэл, ядуурлыг арилгах” гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа гэж зорилгыг тодорхойлсон дүрэм[2] зэргийг шүүхэд ирүүлжээ. Тус баримтуудаас үзвэл “Н.Н.З.А.Ж”  НҮТББ-ын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ гаргасан дүрмийн зорилгод иргэдийн газар эзэмших эрхтэй холбоотой асуудал тусгагдаагүй байх тул “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” хуулийн шаардлагыг, мөн байгуулагдсан цагаасаа хойш эрх бүхий байгууллагад үйл ажиллагааны тайланг хүргүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд “Н.Н.З.А.Ж” НҮТББ-ыг “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заасан хуулийн шаардлагуудыг хангасан гэж үзэх буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу тус төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.     

Хоёр. Нэхэмжлэлийн “Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар “... “С.Г” ХХК 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “426 га газарт уурхайн эдэлбэр газар олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Засаг даргад хүргүүлсэн байхад маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан нь ... 14 хоногийн өмнө хурлыг товлон зарлах, төлөөлөгчдөд гурав хоногийн өмнө мэдэгдэл өгөх ажиллагаа хийгдээгүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн ... хууль бусаар хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн “С.Г” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль зөрчсөн, малчдын эзэмшлийн бэлчээр, өвөлжөө, хаваржааны газартай давхацсан, ... сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргажээ.

Хариуцагч Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сумын Засаг даргаас “... 2018 оны үндсэн чиглэл, ... 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлаар ... хуралдаан зарлаж өгнө үү” гэх хүсэлт ирүүлсний дагуу Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 26 дугаар тогтоолоор ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, ... 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон, хурлын бэлтгэлийг хангуулж,  Хурал 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан, 21 төлөөлөгчийн 17 нь ирсэн, ирц 80.9 хувь буюу хангалттай бүрдсэн тул асуудлыг хэлэлцүүлсэн ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлаар санал хураахад 14 төлөөлөгчийн 9 нь дэмжсэн, хурлын тогтоол хуулийн дагуу гарсан ...” гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ. 

Хавтаст хэрэгт Цагаан-овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоол[3], тэмдэглэл,[4], иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэл, “С г” ХХК-ийн Сумын Засаг даргад хүргүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны албан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар[5], сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/407 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтууд авагджээ.

Хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, дээрх нотлох баримтуудаас үзвэл “С.Г” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргад хандаж 426 га талбайд газар ашиглах зөвшөөрөл хүссэн, улмаар сумын Засаг даргаас 10 дугаар сарын 10-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “С.Г” ХХК-ийн MV-......... тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлан хуралдуулах” тухай хүсэлтийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Цагаан-Овоо Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдөр хуралдаж, хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчийн 17 төлөөлөгч оролцсон, улмаар “С.Г” ХХК-ийн 426 га газрыг ашиглах тухай хүсэлтийн дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, 03 дугаар тогтоолоор 426 га газрыг тус компанид ашиглуулах талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “...эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно”, 23.4-т “...Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд мэдэгдэнэ” гэж заасантай тус тус нийцсэн, тус тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Гурав. Нэхэмжлэлийн “Цагаан-Овоо сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нараас “... хууль бусаар хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн “С.Г” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль зөрчсөн, малчдын эзэмшлийн бэлчээр, өвөлжөө, хаваржааны газартай давхацсан, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, маргасан байх бөгөөд хариуцагч Цагаан-Овоо сумын Засаг дарга “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “С.Г” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулснаар, хурал хуралдаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжаар тус компанид 5 жилийн хугацаатай газар ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар газрыг зориулалт тус бүрээр ашиглуулах шийдвэр гаргахыг шаардсан тул 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар А/103 тоот захирамжийг хүчингүй болгож, газрыг зориулалт тус бүрээр эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ...” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Цагаан-Овоо сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжаар “С.Г” ХХК-д 423 га талбайг 5 жилийн хугацаагаар алт олборлох зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12-04-030-ЦО-01 дугаар албан шаардлагаар “...Засаг даргын 2017 тоны А/103 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу өөрөө хүчингүй болгож, зөвтгөх...”-ийг шаардсанаар Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар тус компанид 426 га газрыг бүхэлд нь ашиглуулах талаар шийдвэрлэсэн А/103 дугаар захирамжийн 1 дэх заалтыг 426 га газрыг 5 жилийн хугацаагаар эдэлбэр газрыг зориулалт хэмжээг хавсралтаар батлах байдлаар (хавсралтаар уурхайн барилга байгууламж, ажилчдын байр, олборлолт явуулах талбай, шатах тослох материал, түгээгүүрийн талбай гэж газрын зориулалт, хэмжээг заасан) ашиглуулахаар өөрчилж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасантай тус тус нийцсэн, тус захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “...газрын хэвлий ...-н баялгийг ашиглах ...-тай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулах”-аар, 55 дугаар зүйлийн 55.1-д “...газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ...газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ...сум ...-ын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх”-аар тус тус зааснаас үзэхэд газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй, өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар хуульчлагдсан буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хэрэглэгдэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ...-ээс ашигт малтмал ялган авах, олборлох ...үйл ажиллагааг /ойлгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “.../нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-т “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ...ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-т “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь .../тусгай зөвшөөрөл олгосноос хойш/ 3 сарын дотор ...уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг /тавина/, ...уурхайн талбайн хилийн хэмжилтийг /эрх бүхий этгээд/-ээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг ирүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, уг харилцаанд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд “газар эзэмшүүлэх, ашиглуулах”-тай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт ашиглах эрх шууд үүсэхээр байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч/ газар, ус ашиглах гэрээ байгуулахаар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “...гэрээ байгуулах газар эзэмшиж ... байгаа ... аж ахуйн нэгж, ... газрын төлбөр төлөгч байх”-аар, 7 дугаар зүйлийн 4-т “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг ... хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус зааснаас үзвэл тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй байхаар хуульчлагдсан байна.  

Нэхэмжлэгч нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг эс зөвшөөрсөн гол үндэслэлээ “...эзэмшил газартай давхацсан...”, малын бэлчээрийн газартай давхацсан...” гэж тайлбарлажээ.

Газрын тухай хуулиар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавигдсан байх боловч Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь ашигт малтмал хайх, ашиглахаас бусад иргэн, аж ахуйн нэгжид “хувийн” болон “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавигдаагүй, дээр дурдсанчлан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газрыг ашиглах эрх шууд үүсэхээр хуульчлагдсан байна.

Анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбай тус сумын нэр бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан талаар тэмдэглэгдсэн байх боловч /иргэдийн газар эзэмших эрхийн гэрээнд газрын хэмжээ заагдаагүй, байршил, заагийг харуулсан зураггүй, хил зааг нь тодорхойгүй, тойм зураг солбицол тодорхой бус, кадастрын мэдээллийн санд ороогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаар мөн тэмдэглэгдсэн/ тус дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших асуудал нэг газар дээр зэрэгцэн явагдах бодит боломжгүй байх тул тэдгээрийн газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмын хүрээнд авч үзэж, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзсэн бөгөөд харин холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзвэл MV-017111 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь “С.М” ХХК-д 2003-2011 он хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон байх бөгөөд 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 11614.22 га талбайгаас 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 6121.58 га талбайг буцаан өгч, 5492.63 га болж үлдсэн, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл гуравдагч этгээд “С.Г” ХХК-д шилжсэн болох нь тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрх”, харьяалах нутгийн захиргааны байгууллага нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах үүрэг гуравдагч этгээд “С.Г” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн  “С.М” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшиж байх цаг хугацаанд ч мөн адил үйлчилнэ.   

Гэтэл хариуцагч Цагаан-Овоо сумын Засаг дарга 2003-2011 онд “С.г” ХХК-д анх хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан 2011-2018 онуудад нэхэмжлэгч И.Б болон сумын нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.  

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайг ашиглах эрх 2017 онд анх үүсээгүй, 2003-2011 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх үеэс үүсэлтэй буюу нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх цаг хугацааны хувьд сүүлд гарсан захиргааны актын үндсэн дээр үүссэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд шүүх маргаан бүхий газрын ашиглах болон эзэмших эрхийг он цагийн дарааллаар “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасны дагуу эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзсэн этгээд шаардлагатай бол хохирол төлүүлэх асуудлаар хуульд заасан журмын дагуу холбогдох этгээдэд хандах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж хуульчилснаас үзвэл захиргааны байгууллага эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааг явуулахаар байна.

Дээр дурдсанчлан хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх түрүүлж үүсээгүйн улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй” гэх үндэслэлээр хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

Дөрөв. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй тухайд: 

Анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрчийн мэдүүлэг авах талаар Цагаан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчид болох О.З, Г.Ч, Л.М нарт шүүхийн мэдэгдэх хуудас явуулж мэдэгдсэн байх боловч дуудагдсан этгээдүүд “... очих боломжгүй, ажлаас чөлөө олгохгүй байна, Гэхдээ очоод асуугдахад татгалзах зүйл байхгүй” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн ...” [6]-ээс үзвэл анхан шатны шүүхийг гэрч асуулгах талаар ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсан Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ээлжит хуралдаан зарлах тухай” 26 дугаар тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн хурлын “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоол зэргийг нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох талаар нотлоогүй, эдгээр баримтыг үгүйсгэж буй үндэслэлийг заагаагүй атлаа гэрч асуулгах талаар хүсэлт гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул шүүх тус хүсэлтийг зайлшгүй хангах байсан, эргэлзээтэй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... гэрч асуулгах хүсэлтийн талаар ямар ч арга хэмжээ аваагүй ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.У 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд өмгөөлөгч Ц.Э 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгч нарын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааны тов тогтоох үед тусгайлсан санал гаргаагүй, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.У оролцож, өмгөөлөгчийн хувьд тайлбар гаргаж, мэтгэлцсэн байх тул өмгөөлөх эрхээр хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй, “өмгөөлөгч Ц.Э-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг нь хангаагүй, ...“ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...шинжээч нарыг биечлэн оролцуулах хүсэлтийг хангаагүй..., “С.Г” ХХК-ийн ашиглалтын талбайтай иргэн Б.С-гийн эзэмшлийн газар давхацсан...” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, урьдчилан хэлэлцүүлгийн үеэр шинжээчийг биечлэн оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас бус, гуравдагч этгээдийн өмгөөлөгч гаргасан байх бөгөөд тэрээр өөрийн гаргасан уг хүсэлтээсээ татгалзсан байна. Шүүхээс томилогдсон шинжээч нарын гаргасан шинжээчийн дүгнэлт, хавсралт зургуудын хамт хэрэгт авагдсан, урьдчилсан хэлэлцүүлгийн үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шинжээчээс ямар зүйлийг тодруулах талаар тайлбарлаагүй, шинжээчийг биечлэн оролцуулах талаар бие даасан хүсэлт гаргаагүй атлаа гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. 

Түүнчлэн хавтаст хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр огноологдсон “И.Б, С.Т нарыг шүүхэд төлөөлөхийг зөвшөөрнө” гэх агуулга бүхий иргэдийн гарын үсэгтэй хүснэгт, мөн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нотариатын итгэмжлэлийн баталгааны дардас бүхий итгэмжлэлүүд, иргэн Б.С-д 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Мянган хоньтын зүүн тал гэх байршилд 10000 м.кв газар эзэмших эрх олгосон” газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтууд авагдсан байх боловч өмнө дурдсанчлан анхан шатны шүүх “Н.Н.З.А.Ж”  НҮТББ-ыг бусдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн нь буруу, нэхэмжлэгч И.Б, С.Т нар нь “өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан, мөн иргэн Б.С-гаас Б.М, И.Б нарт захиргааны хэрэгт төлөөлүүлэх тухай итгэмжлэл олгосон байх боловч, Б.М тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцоогүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас Б.С-тай холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, нэхэмжлэгч нар нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй талаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй байх тул Б.С-г хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлгүй. Иймд “С.Г” ХХК-ийн уурхайн эдэлбэрийн 426 га талбайтай иргэн Б.С-гийн эзэмшлийн хаваржааны газар давхацсан талаарх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийг дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Б, С.Т нарын “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Н.Н.З.А.Ж” НҮТББ-ын “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн  нэхэмжлэгч С.Т, И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, Д.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хэргийн 2 дугаар хавтасны 200 дахь тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 15 дахь тал

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 8 дахь тал

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 79 дэх тал

[5] Хэргийн 3 дүгээр хавтасны 49 дүгээр тал

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 73 дахь тал