Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 401

 

“Д-О б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга,

Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Г.Банзрагч

                     М.Батсуурь

                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: ““Д-О б” ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Д-О б” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.А-ийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Д-О б” ХХК-д учирсан хохирол 39240000 төгрөг гаргуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 451 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С /онлайнаар/,   

Хариуцагч Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал М.П нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д-О б” ХХК-аас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, Хонгор сумын 11 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан ““Д-О б” ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Д-О б” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.А-ийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Д-О б” ХХК-д учирсан хохирол 39240000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 451 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “Д-О б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, Хонгор сумын ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Д-О б” ХХК-ийн захирал Т.С миний бие тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 451 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч ЗХШХШтХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй Төсвийн тухай хуулийн заалтыг хэрэглэж, ЗЕХ-ийн 55.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хууль болох Эрчим хүчний тухай хуулийг хэрэглээгүй тухай: Нэхэмжлэгч нь захиргааны гэрээг илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа шаардах эрхийн үндэслэлийг ЗЕХ-ийн 55 дугаар зүйлийн 55.1.4.захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан; гэж тодорхойлсон. Ийнхүү тодорхойлсны учир нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Эрчим хүчний тухай хуулинд маргаан зүйл болсон талуудын хооронд байгуулагдсан гэх “Эрчим хүчээр хангах тухай” гэрээг хэрхэн байгуулах талаар тодорхой зохицуулсан байдаг. Гэтэл шүүх Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэж нэхэмжлэгчийн зүгээс дэвшүүлсэн ЗЕХ-ийн 55.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэглэх ёсгүй хуулийн заалт болох Төсвийн тухай хуулийг хэрэглэж ЗЕХ-ийн 55.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд сумын засаг дарга тухайн харилцаанд ямар эрх хэмжээтэйгээр оролцох талаар зохицуулсан бөгөөд 7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. 7.3.Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна. гэсэн эрхийг л тус тус зааж өгсөн байна. Ийнхүү талуудын хооронд үүссэн маргааны зүйл болж буй Захиргааны гэрээний эрх зүйн харилцааг шүүх бодитоор хууль зүйн үндэслэлтэй тодорхойлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Учир нь хууль хэрэглээний хувьд нарийвчлан зохицуулсан салбарын хуулийг хэрэглэх байдлаар хэрэг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бодит байдал дээр Хонгор сумын Засаг дарга хэвийн үргэлжлэн олон жил тогтвортой явагдаж байсан харилцаан дээр хөндлөнгөөс орж ирж гэрээний хугацааг богиносгож, улмаар гэрээг цуцалж, манай шугам хоолойг ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа явдал нь төр, төрийн албан тушаалтан иргэн, аж ахуйн нэгжээ тонон дээрэмдэж байгаатай агаар нэг үйлдэл гэж үзэж байна.

5. Зүй нь бол хэрвээ манай компанийн үйл ажиллагаа доголдолтой, эсвэл ямар нэгэн байдлаар хэрэглэгч байгууллага болох 11 дүгээр сургууль хангагч байгууллага болох манай компани 2-ийн дунд аливаа төрлийн маргаан, үл ойлголцол, доголдол гарсан тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 11  дүгээр зүйлд зааснаар Аймгийн зохицуулах зөвлөл хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл эрх бүхий аймгийн зохицуулах зөвлөл дээрх маргаанд ямар ч байдлаар оролцоогүй, манай компанийн үйл ажиллагаа, гэрээг зогсоох тухай гомдол санал ямар нэгэн байдлаар зохицуулах зөвлөлөөр орж албан ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Хонгор сумын засаг дарга дур зоргоороо авирлаж компанийн хэвийн үйл ажиллагааг зогсоож, манай компанид эдийн засгийн хүнд байдалд оруулж, өөрсдийн хөрөнгөөр эрсдэл гаргаж тавьсан шугам хоолой, уурын зуухыг минь үнэгүйдүүлж, ямар ч төлбөргүйгээр өнөөдрийг хүртэл ашигласаар байгаад туйлийн гомдолтой байна.

6. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дээрх хүсэлт нь ЗХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд олон жилийн өмнөх үйл баримт, үнэ цэнэ, үйл ажиллагааны зардлыг тооцуулахад тухайн салбарын үнэлгээчиний тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой байхад нэхэмжлэгчийг буруутгаж, хүсэлтийг хангаагүй явдал нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж, захиргааны хэргийн шүүхийн онцлох зарчим болох мөрдөн шалгах зарчим буюу шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

7. Иймд шүүх гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 451 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Нэхэмжлэгч “Д-О б” ХХК-иас ““Д-О б” ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Д-О б” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.А-ийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Д-О б” ХХК-д учирсан хохирол 39240000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж зааж, эрх зүйн ямар харилцаанд гэрээ хэрэглэхийг мөн зүйлийн 52.2-д нэрлэн заасан байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 52.2.3-д заасан дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдож байгуулагдсан гэрээнд хамааруулж нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөвтгөж залруулаагүй байна.

11. Хавтас хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон “Дулааны гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолсон “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-ний агуулга, зүйлээс үзвэл эдгээр гэрээ нь дулааны эрчим хүчээр найдвартай хангах асуудлаар байгуулагдсан бөгөөд дулаан доголдсон, эсхүл төлбөр хугацаандаа төлөгдөөгүй, өөр бусад байдлаар гэрээ зөрчигдсөний улмаас үүсэх эрх зүйн үр дагавар зэрэг нь гэрээнд оролцогч талуудад хамааралтай байна.  

12. Түүнчлэн маргаан бүхий гэрээ нь “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, түүнийг тогтвортой ашиглах” асуудлаар байгуулагдаагүй, захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох агуулгагүй, өөрөөр хэлбэл  Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д заасан захиргааны гэрээ биш байхад энэ талаар дүгнэлгүй захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.   

13. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Д-О б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 451 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Д-О б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга болон Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, ““Д-О б” ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Д-О б” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.А-ийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Д-О б” ХХК-д учирсан хохирол 39240000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн “Д-О б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН