Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00431

 

З.Очироогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1496 дугаар шийдвэртэй,            

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч З.Очироогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ганболдод холбогдох,

“Зээлийн төлбөр 3 400 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Ганболдод 2 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл зээлийн гэрээнд заасны дагуу Д.Ганболд нь үндсэн зээл, түүний хүүг төлөлгүй 10 сар гаруй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон удаа уулзаж шаардсан боловч үр дүн гараагүй. Иймд зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2 сарын хүү 400 000 төгрөг, үндсэн зээл 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 06 дугаар сард иргэн З.Очироогоос 2 975 000 төгрөгийг 9 сард дуусгахаар 20 хувийн хүүтэйгээр авсан. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 130 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300 000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сард 250 000 төгрөг өөрт нь өгч, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 100 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сард ХААН банкны дансаар 500 000 төгрөгийг өгсөн. Нийтдээ 1 450 000 төгрөгийг өгсөн. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 550 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард өгч барагдуулна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4. 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Ганболдоос 3 294 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Очироод олгож, үлдэх хэсэг болох 106 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамж 67 654 төгрөгийг гаргуулан З.Очироод олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6”-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний З.Очироод бэлнээр өгсөн 1 450 000 төгрөгөөс 630 000 төгрөгийг өгсөнд тооцсонд гомдолтой байна. Зээлсэн мөнгөний хүүд З.Очироод цувуулж 1 450 000 төгрөг төлсөн бөгөөд шүүх Д.Ганболд надаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү, алданги 1 294 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд 1 000 000 төгрөгийн алдангиас чөлөөлж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Нэхэмжлэгч З.Очироо нь хариуцагч Д.Ганболдоос зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 400 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаж, “нэхэмжлэгчээс 2 975 000 төгрөг зээлсэн, 1 450 000 төгрөгийг буцааж өгсөн тул 1 550 000 төгрөгийг төлнө” гэж тайлбар гаргасан байна. 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан, тэдгээрийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн  282 дугаар  282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Д.Ганболд нь гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг зээлж авсан атлаа 2 975 000 төгрөгийн зээл авсан гэж илүү мөнгө авснаар тайлбарласан нь өөр зээлийн гэрээтэй холбоотой нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба шүүх маргаанд хамаарахгүй 975 000 төгрөгийн зээлийн асуудлыг үндэслэлтэй дүгнэжээ.

Зохигчдын байгуулсан гэрээний 2.7-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан “Анзын гэрээг бичгээр хийнэ”,  232.6-д заасан  алдангийн ойлголтод нийцсэн байх тул нэхэмжлэгч нь үндсэн үүргээс гадна алдангийг  шаардах эрхтэй байна. Анзын хэмжээг илт их гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх боломжгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй тул алдангиас чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 29 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА