Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01344/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, *** тоотод оршин суух, Э*** О*** /регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, *** тоотод оршин суух, Ч*** Г*** /регистрийн дугаар ***/-д холбогдох

 

Зээлийн төлбөр 3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.О***, хариуцагч Д.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.О*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 23-ний өдөр иргэн Д.Г***од 2 сая төгрөг зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл зээлийн гэрээнд заасны дагуу Д.Г*** нь үндсэн зээл, түүний хүүг төлөлгүй 10 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон удаа уулзаж шаардсан боловч үр дүнд хүрээгүй учир хуулийн байгууллагад хандаж байна. Иймд зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2 сарын хүү 400,000 төгрөг, үндсэн зээл 2 сая төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэж хуульд заасны дагуу 1 сая төгрөг, бүгд 3,400,000 төгрөгийг хариуцагч Д.Г***оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Г*** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь 2015 оны 06 дугаар сард иргэн З.О***гоос 2,975,000 төгрөгийг 9 сард дуусгахаар 20 хувийн хүүтэйгээр авсан. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 130,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сард 250,000 төгрөг өөрт нь өгсөн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 31-нд 100,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сард ХААН банкны дансаар 500,000 төгрөгийг өгсөн. Нийдээ 1,450,000 төгрөгийг өгсөн. Одоохондоо эрхэлж байгаа ажил зогссон тул үлдэгдэл 1,550,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард өгч барагдуулна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Д.Г*** нь нэхэмжлэгч З.О***гоос 2015 оны 06 дугаар сард 2,000,000 төгрөгийг, 975,000 төгрөгийг тус тус зээлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно тус тус заасны дагуу зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгч Д.Г*** нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Зохигч талууд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлсэн талаар зээлийн гэрээг бичгээр хийж, уг зээлийн гэрээгээр ...Д.Г*** нь З.О***гоос 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон,

Мөн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 975,000 төгрөгийг зээлсэн талаар зээлийн гэрээг бичгээр хийж, уг гэрээгээр 975,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож зээлдэгч төлөхөөр тохиролцож, тус тус гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасны дагуу дээрх гэрээг хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч З.О*** нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, алданги нийт 3,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч З.О*** нь хариуцагч Д.Г***оос зээлийн үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, түүний хүү 400,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,400,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч З.О*** нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 975,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийн талаар хариуцагч Д.Г***од холбогдуулан тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах төвд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хандаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2625 дугаартай захирамжаар ...Д.Г*** нь З.О***д төлөх зээл, хүү 1,131,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Хариуцагч Д.Г*** нь зээлийн төлбөрт 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 130,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг нийт 630,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх 630,000 төгрөгөөс 524,000 төгрөг нь зохигчдын 975,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцогдож, үлдэх 106,000 төгрөгийг 2,000,000 төгрөгийн зээлийн хүү, алдангиас хасаж тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Г*** нь 2015 оны 10 дугаар сард 250,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 100,000 төгрөгийг нэхэмжлэгч З.О***д өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй болно.

Харин хариуцагч Д.Г*** нь 2016 оны 08 дугаар сард ХААН банкны дансаар 500,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2625 дугаартай захирамжаар баталгаажсан хариуцагчийн төлөх 1,131,000 төгрөгөөс 500,000 төгрөг хасагдаж тооцогдсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч З.О***гийн нэхэмжилсэн 3,400,000 төгрөгөөс 106,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,294,000 төгрөгийг хариуцагч Д.Г***оос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Г***оос 3,294,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.О***д олгож, нэхэмжлэлийн үлдэх 106,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г***оос улсын тэмдэгтийн хураамж 67,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.О***д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА