Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00016

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн *******,*******т оршин суух, Боржигон овогт ******* /РД:*******/-т холбогдох 10,719,867.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.*******, өмгөөлөгч В.Содномцэрэн /ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь ******* ХХК-наас 2019 оны 05-р сараас 2019 оны 10-р сарын 01-н хүртэл хугацаанд Цагаанчулуут суманд шинэ эмийн сан байгуулна гэж манай байгууллагаас нийт 15,897,935.4 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авч 2,055,489.2 төгрөг төлж, 3,122,580 төгрөгийн эм бараа буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл 10,719,867.4 төгрөгийг тооцож нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б. хариу тайлбартаа: ...Цагаанчулуут суманд эмийн сан нээхээр эм бараа авсан гэх нь 5,000,000 гаран төгрөгийн эм барааны падааныг нь бичүүлж гаргуулсан боловч унаа олдолгүй аваагүй явсан. Мөн МЭИК-ний төвийн нягтлан ******* ******* нар бэлэн мөнгөөр 3,705,000 төгрөг удаа дараалан авсан. Би бол 3 удаагийн цалингийн гэрээтэй. Миний бие сэтгэлийн хохирлыг барагдуулсны дараа би нь хохирлыг хэлэлцэх хүсэлтэй байна. Миний нэр төрд халдсан. Цалин мөнгө бодож өгөөгүй гуйвуулсан байдаг гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Ажил олгогчоос олгогдоогүй үлдсэн цалин нийт 10,865,799 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

Завхан аймаг дахь эм хангамж ХХК-д 2018.07.22-ноос 2019.01.08 хүртэл хугацаан дахь гэрээний дагуу ажиллахаар эм хангамж ХХК захирал С.*******тай гэрээ байгуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ 650,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3,900,000 цалингийн тооцооноос 2018 оны 8, 9 сарын хөдөлмөрийн хөлс нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн боловч /2018-08 сарын 728152 мөн 2018-09 сарын 650000 төгрөг/ тус тус олгогдоогүй. Тиймээс 3615799 төгрөгийн цалинг нэхэмжилж байна.

Гэрээний хугацаа буюу 2018.07.23-наас 2019.01.08-ны хоорондох цалингийн хэмжээ 3615799, мөн 2019.07.01-нээс 2020.06.30-н хүртэл хугацааны цалин 7,800,000 төгрөг тооцогдохоос 2019.09 сарын цалин 549,333.3 төгрөг бодож олгосон болно. Тиймээс үлдэгдэл 7,250,000 цалинг ажилгүй амьдрал ахуй доройтсон тул нөхөн тооцуулж авахаар Завхан аймаг дахь Эм хангамж ХХК-наас нийт 10,865,799 төгрөгийн цалинг нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээний хугацааны дагуу нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна гэж тайлбарласан. 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:

Б. нь 2018/07/23-наас 2019/01/08 хооронд ажиллахаар манай байгууллагатай түр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллах хугацаандаа 650000 төгрөгөөр цалинжуулахаар тохирсон. Гэтэл нэхэмжлэгч Б. нь 2018/07/23-2018/09/01 хооронд ажилласан хугацааны тооцоог бодсон боловч тооцоогоор хариуцан ажиллаж байсан эд хөрөнгөөс 1,452,179.09 төгрөгийн эм бараа болон бэлэн мөнгө дутаасан. Гэтэл уг тооцоог зөвшөөрөхгүй ажлаа хаяж, байгууллагын баримтыг авч явсан. Ийм учраас хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаас халсан болно. Тэгээд Улаанбаатар хот руу очиж ******* нягтлан бодогчоор тооцоогоо бодуулсан боловч уг дутагдал мөн адил батлагдсан. 

Ажиллах хугацааны цалинг 7-р сарынх олгосон, 8-р сарын цалин болох 710506,3 төгрөгийг авлагаас суутган авсан. Б. нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааны цалинг тооцож, олгогдох ёстой гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 7 болон 8 сард ажиллаад /2018/ дутагдал гаргасан учир ажлаас халсан. Ажлаас халагдсан талаар гомдол гаргаагүй. Халснаас хойших хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй учир цалин тооцох боломжгүй. 

2019/07/01-2020/06/30 хүртэлх хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч өөрөө ажлаа ирж хүлээж аваагүй болно. Тэгээд 2019/09/16-ны өдөр Б. манайд ахиж ажилд орохыг хүсэж дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. 2018/09/16-наас 2019/10/01 хооронд ажилласан хугацааны тооцоог бодоход мөн адил бараа материал болон мөнгө дутаасан болно. Нэгэнт дутагдал гаргасан учраас ажлаас халсан. Уг дутагдлуудыг хүлээн зөвшөөрч төлөхгүй байсан учраас аймгийн цагдаагийн байгууллагад хандсан. Одоо уг материалыг шалган прокурорт хянагдаж байгаа болно.

2019/07/01-2020/06/30-ны цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь:

1-рт өөрөө ажиллаагүй,

2-рт дутагдал гаргасан,

3-рт дутагдал гаргасан учраас ажлаас халагдсан болно. Манай байгууллагаас болж 3-4 жилийн ажил амьдралаар хохироогүй. НДШ, ЭМД шимтгэлийг нөхөн төлөх үндэсгүй гэж үзэж байна.

Б.ийн нэр төрд халдаж шалтгаангүйгээр ажлаас халаагүй. Харин өөрөө ажил хариуцаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг завшиж дутагдал үүсгэсний улмаас ажлаас нь халж байсан.

Б.т ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Гаргасан дутагдлыг нь байгууллагын нягтлан бодогч болон аудитын байгууллагаар баталгаажуулсан болно.

Иймд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.ээс 4.687.749.4 /дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга долоон зуун дөчин есөн мянга дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 6,032,118 /зургаан саян гучин хоёр мянга нэг зуун арван найман/ төгрөгийг хасч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,468 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 89954 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 140/ШШ2022/00068 тоот шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч танилцаад үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч: Б. нь "*******" ХХК-наас 15 897 935,4 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан ба энэ талаар маргаагүй болно. Харин Б. нь үлдэгдэл эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулсны үнэ болох 10.719.867 төгрөг 04 мөнгийг эм барааны үнийг өгөөгүй талаар хариуцагч нь маргаагүй болно. Харан шүүх санаачлан гарын үсэггүй падаан байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс 6.032.118 төгрөгийн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Хариуцагч: Б. нь манай байгууллагаас авсан эм, эмнэлгийн хэрэгслийн дутуу 10.719. 867 төгрөг 04 мөнгийг төлөхийн тулд үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Цагаанчулуут сумд шинэ эмийн сан нээнэ гэж эм, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авч яваад зарчхаад мөнгийг нь буцааж өгнө гэсэн болов ч одоог хүртэл авч явсан барааныхаа мөнгийг өгөөгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт гарын үсэггүй баримтуудыг хэрэгсэхгүй болгосон байсан. Түүнд нь сүүлд бид нар буцааж өгсөн бараанаас 3.0 сая төгрөгийн гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн болов ч шүүх хэрэгсэхгүй болгосныг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэл дээрээ нэмүүлэх саналтай байгаа гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн /ZOOM/-р шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх тухайн хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ тухайн байгууллага, иргэний хоорондох үүссэн эрх зүйн харилцааны маргааны эргэлзээтэй байдлаар үнэлж дүгнэсэн байгаа.

Иргэний хуулийн 492.1 дүгээр заалтад заасан эрх үүссэн гэж үзсэн байгаа. Б. нь тухайн байгууллагын эд хөрөнгийг Цагаанчулуут сумд борлуулах албан тушаал эрхэлсэн ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулж гарын үсэг зурсан зүйл байхгүй.

Харин Б. нь тухайн ******* ХХК-д удаа дараа ажилд орж, мөнгө төгрөг дутаасан асуудалтай байх үедээ Цагаанчулуут сумд хувийн эмийн сан байгуулах гэж байгаа гээд эм, хангамжийн барааг авч яваад *******аас борлуулахаар авсан худалдах, худалдан авах гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн шилжүүлж авсан.

Энэ үед нь ******* ХХК-ийн эм бараа материалаас тодорхой хэмжээний мөнгө төгрөг дутаасан учраас Б.ийг цагдаагийн байгууллагад шалгуулсан. Мөн падаанаар авсан гэх эм, бараа материалыг давхар шалгаад нотлох баримтуудыг цагдаагийн байгууллага авсан байсан. Б. гэдэг хүн нь тухайн сумдаа ямар нэгэн эм хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлээгүй байдлыг анхан шатны шүүх, ******* ХХК-аас Б.ээр борлуулахаар шилжүүлсэн байна гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн тухайн үед Б.ийн гарын үсэг зарим баримтууд дээр байхгүй байна гэдэг үндэслэлээр нотлох баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй юм.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй, эрх зүйн оновчтой дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

******* ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.719.867.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, хариуцагчид холбогдуулан хөдөлмөрийн хөлс 10.865.799 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б. нар нь харилцан тохирч Б. нь ******* ХХК-с эм эмнэлгийн хэрэгслийг бөөний үнээр худалдан авч Завхан аймгийн Цагаанчулуут суманд худалдан борлуулж ашиг олохоор амаар харилцан тохирсон үйл баримт тогтоогджээ.

******* ХХК нь тохиролцооны дагуу 15.897.774 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл шилжүүлснээс 10.719.867.4 төгрөгийн тооцоо үлдсэн гэж хариуцагчаас шаардсан, хариуцагч Б. нь 5000.000 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн падааныг бичүүлж авсан боловч унаа олдохгүй аваагүй явсан, мөн *******, ******* нарт 3.705.000 төгрөгийг удаа дараалан бэлэн мөнгөөр өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэхэд хариуцагч Б. нь 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 555.408 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 562.500 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 688.500 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 27000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 19800 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2.831.450 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1.108.260 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2.985.260 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 919.650 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 1.311.406 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 2.319.240 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 74000 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3.079.660 төгрөгийн нийт 15.897.935.400 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан болох нь

хэргийн 13-40-р хуудсанд авагдсан МЭИК ХХК-ийн Завхан компанийн худалдан авагчийн падаанууд, гэрч Д.*******ий Намайг ажиллаж байх хугацаанд нь 13,14 удаа эм бараа бүтээгдэхүүн авч байсан, 2019 оны 5 сараас эхлээд 8 сар хүртэл эм бараа бүтээгдэхүүн авсан нийт 15.897.774 төгрөгийн эм бараа авч байсан... Б. нь өөрөө ихэвчлэн ирж авдаг байсан. талыг нь утсаар захиалга өгч авдаг байсан гэсэн мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

Хэргийн 4-11-р хуудсанд авагдсан /нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан/ гүйлгээний утга Цагаанчулуут эм буцаав гэсэн баримтуудаар хариуцагч Б. нь 3.122.580 төгрөгийн барааг ******* ХХК-нд буцааж өгсөн, хэргийн 63-р хуудсанд харилцахын дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар 2055.489.200 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Маргааны үйл баримтаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байдаг.

Худалдах,худалдан авах гэрээний эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг талууд гэрээгээр тодорхойлно гэж Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт заажээ..

Талууд харилцан тохирч хариуцагч Б. нь эм, эмнэлгийн хэрэгслийг өөрөө эсхүл утсаар захиалж авдаг байсан нь гэрч Д.*******ий Б. нь өөрөө ихэвчлэн ирж авдаг байсан. Талыг нь утсаар захиалга өгч авдаг байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Б. нь эм, эмнэлгийн хэрэгслийг зарим тохиолдолд утсаар захиалж авдаг байсан байх ба бараа хүлээж авах падаанд гарын үсэггүй байх боломжтой байна.

******* ХХК нь гэрээний дагуу 15.897.774 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Харин худалдан авагч барааны үнийн үлдэгдэл 10.719.867.4 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэдгээ шүүхэд нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б. нь 5000.000 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн падааныг хэзээ бичүүлж аваад аваагүй эсэх, энэ нь хэд хэдэн удаагийн худалдан авалт эсэх, 3.705.000 төгрөгийг бэлнээр удаа дараалан өгсөн гэх боловч хэзээ ямар баримтаар хэнд өгсөн болохыг нотлох баримтад үндэслэн бодитойгоор тайлбарлаж чадаагүй байна.

Хэргийн 177-р хуудсанд авагдсан гэрч М.*******ын Би ээс бэлэн мөнгөөр нэг ч төгрөг аваагүй гэсэн мэдүүлгээр *******, ******* нарт 3.705.000 төгрөгийг удаа дараалан бэлэн мөнгөөр өгсөн гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

Хариуцагчийн тайлбар нотлох баримтад үндэслэгдээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, баримтуудыг няцааж чадаагүй тул үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна..

Хариуцагч шүүхэд нотлох баримтад үндэслэн мэтгэлцэж, чадаагүй байхад шүүх хэргийн 13-17, 29-31--р хуудсанд авагдсан эм, эмнэлгийн хэрэгсэл авсан гэх баримтад хэн авч байгаа нэр хаяг тодорхойгүй, мөн хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй, хэргийн 18-19 хуудсанд Цагаанчулуут /бэлэн/ гэх бичилтээр хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй гэж үнэлэн 6.032.118 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40..2 дахь заалтад нийцэхгүй байна гэж үзлээ.

Хариуцагч Б. нь ******* ХХК-нд холбогдуулан олгогдоогүй цалин хөлс 10.865.799 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчаас гаргасан энэ нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэл болох худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоогүй, энэ үүрэгтэй тооцогдох шаардлага биш байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б. нь 2018 оны 07 дугаар сарын 23-наас 2018 оны 09 дүгээр сарын 03 хүртэл, 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 2019 оны 10 дугаар сарын 04 хүртэл ******* ХХК нд ажиллаж байсан байх ба Б. нь ******* ХХК -иас 2019 оны 05 сараас 9 сар хүртэл эм худалдах худалдан авсан гэх гэрээний үүрэгтэй холбоогүй, харилцан тооцогдох үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл нь цалин хөлсний шаардлага байхад шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан Б.ээс 4.687.749 төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.032.118 төгрөгийг хасаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 10.719.867.4 төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд олгож, хариуцагч Б.ийн ******* ХХК-с цалин хөлс 10.865.799 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах хэсгийн ...89954 төгрөгийг гэснийг 186.468 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР