Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00080

 

“Ган хүдэр орд” ХХК, “Барил трейд” ХХК,
******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00326/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 984 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ган хүдэр орд” ХХК,

                     “Барил трейд” ХХК,

                      ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар 6,721,006,934 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу ******* ХХК-ийг томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн.

******* ХХК нь:

1. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/01, 2022/01/02, 2022/01/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар *******ийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг 6,932,817,600 төгрөгөөр үнэлсэн боловч одоогийн зах зээлийн ханш нь 8,700,000,000 төгрөг юм. Шинжээч нь *******ын хөрөнгийн үнэлгээг 1,767,182,400 төгрөгийн зөрүүтэй хэт багаар үнэлсэн.

2. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Барил трейд” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг 1,446,967,200 төгрөгөөр үнэлсэн боловч одоогийн зах зээлийн ханш нь 5,600,000,000 төгрөг юм. Шинжээч нь “Барил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг 4,153,032,800 төгрөгийн зөрүүтэй хэт багаар үнэлсэн.

3. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Ган хүдэр орд” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг 1,252,900,000 төгрөгөөр үнэлсэн боловч одоогийн зах зээлийн ханш нь 9,365,000,000 төгрөг юм. Шинжээч нь “Ган хүдэр орд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг 8,112,100,000 төгрөгийн зөрүүтэй хэт багаар үнэлсэн гэж үзэж гомдолтой байна.

*******йн  2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдийг шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/154, 02/155, 05/157 дугаартай албан бичгүүдээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж танилцуулсан.

******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэж заасныг алдагдуулж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Иймд ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/01, 2022/01/02, 2022/01/03, 2022/01/04, 2022/01/05  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай шийдвэрээр “Ган хүдэр орд” ХХК, “Барил трейд” ХХК, ******* нараас 5,920,840.119 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нар нь сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хураах ажиллагааг явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар нь хураасан хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах хүсэлт гаргасан.

Төлбөр төлөгч нар нь төлбөр авагч нараас зээл авах үед харилцан тохиролцсон барьцааны гэрээний үнийн дүнгээр санал гаргаж талууд үнийн дүн дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/01 тогтоолоор ******* ХХК-г шинжээчээр томилсон. 

******* ХХК нь үнэлгээг нийт 12,560,624.800 төгрөг тогтоосон талаар 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлан ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу ажлын 3 өдрийн дотор талуудад албан бичгээр мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Шинжээч нь хуульд заасан дүгнэлтийг гаргасан  тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******д холбогдох хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ган хүдэр орд” ХХК, “Барил трейд” ХХК, иргэн ******* нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ган хүдэр орд ХХК, Барил трейд ХХК, иргэн ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч *******, Ган хүдэр орд ХХК-ийг төлөөлж Д.Мандахбаяр, Барил трейд ХХК-ийг төлөөлж ******* нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ******* ХХК-н гаргасан үнэлгээний тайлангаар

а/*******ын эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нийт

  • 6,650,000,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн №2022/01/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
  • 1,810,617,600 төгрөгөөр үнэлсэн №2022/01/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
  • 195,400,000 төгрөгөөр үнэлсэн №2022/01/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

           б/Барил трейд ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нийт-1,470,707,200 төгрөгөөр үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

         в/ Ган хүдэр орд ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нийт - 2,433,900,000 төгрөгөөр үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч *******, Ган хүдэр орд ХХК-ийг төлөөлж Д.Мандахбаяр, Барил трейд ХХК-ийг төлөөлж ******* нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ******* ХХК-н гаргасан үнэлгээний тайлангаар

2.1. *******ын эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нийт

  • 6,650,000,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн №2022/01/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
  • 1,810,617,600 төгрөгөөр үнэлсэн №2022/01/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
  • 195,400,000 төгрөгөөр үнэлсэн №2022/01/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

          2.2. Барил трейд ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нийт-1,470,707,200 төгрөгөөр үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/04 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

           2.3. Ган хүдэр орд ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нийт - 2,433,900,000 төгрөгөөр үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл /гомдол/-н шаардлага  гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж  маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан  нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Батжаргалын ...  ******* ХХК-ийн үнэлгээний тайланд  нэхэмжлэгч нарын нэр бүхий үл хөдлөх болон  хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг  өртгийн хандлагын аргаар болон жишиг үнийн хандлагын аргыг хэрэглэж дүгнэлт гаргасан гэсэн байх боловч үнэлгээний объектыг бусад ямар объектуудтай харьцуулсан тухай баримтыг хавсаргаагүйн улмаас нэр бүхий барьцаа хөрөнгүүд зах зээлийн үнээс хэт доогуур  үнэлснийг зөвшөөрөхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий  гомдлыг  хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

   Хэргийг судлан үзвэл:

4. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 122 дугаар захирамжаар зохигчид  нь 6,721,06,934.63 төгрөгийг төлөх хугацаа  буюу график гарган  эвлэрснийг баталсан байх бөгөөд хариуцагч нар нь графикт хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-н  хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдөр 751  дугаар  “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 99 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./ 1-р боть136-156/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 6.2.2-т заасан  “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн явуулна” гэж хуульчлан зохицуулсан.

 Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн ...6.2.2, ...-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... хамаарна гэж заасан ба анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 99 тоот гүйцэтгэх хуудас /1-р боть 136/ олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

6. Хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 21070315 дугаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /1-р боть135/ авагдсан байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  дээр дурдсан  гүйцэтгэх баримт бичгийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, тогтоол гаргажээ гэж үзэхээр байна.

   7. Төлбөр төлөгч *******, Барил трейд ХХК-ийн төлөөлөгч *******, Ган хүдэр орд ХХК-ийн төлөөлөгч Д.Мандахбаяр нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх баримтад үндэслэн хариуцагч байгууллага 2021 оны 03 дугаар  сарын 31-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч нарын  эзэмшил, өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураах тогтоол үйлдсэн, улмаар Ган хүдэр орд ХХК-ийн төлөөлөгч Д.Мандахбаяр, Барил трейд ХХК-ийн төлөөлөгч ******* нар нь нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан, хариуцагч байгууллага  нь  шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байна. /1-р боть 135-197,198-200,201-205/.

   8. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдэд  мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж  2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 1/01 дугаар тогтоолоор ******* ХХК-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй. /хх- 201/

           9. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар  нь ******* ХХК-иар үнэлгээ тогтоолгоход төлбөрт хураагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд нь  хэрхэн үнэлэгдсэн  талаар  төлбөр төлөгч ******* болон  Ган хүдэр орд ХХК, Барил трейд ХХК-ийн  эрх бүхий төлөөлөгч нарт, төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк-д тус тус мэдэгдэж, улмаар энэхүү үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй, үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа бичгээр гаргаж болохыг, төлбөр авагч нь 10 хоногийн дотор нэр бүхий хөрөнгүүдийг төлбөрт тооцон авах хүсэлт гаргах эрхтэйг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч  нар болон төлбөр авагчид  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна. /1-р боть 206-213/

   10. Нэхэмжлэгч нар нь Шийдвэр гүйцэтгэгч байгууллагын мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу  эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэл /гомдол/-г  шүүхэд гаргажээ. /1-р боть/

  11.  Энэхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр  авагч нь Монгол Улсын Хөгжлийн банк , төлбөр төлөгч нь  *******, Ган хүдэр орд ХХК, Барил трейд ХХК   байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт төлбөр төлөгч-иргэнээс, 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс  төлбөр гаргуулах журмыг тус тус тусгайлан зохицуулсан.

12. Хариуцагч *******  нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн  мөн хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

  13. Иймээс анхан шатны шүүх, гүйцэтгэх бичиг баримтын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан, гомдлын дагуу хэргийг хянахад үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

14. Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шинжээчийн гаргасан үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул ...шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь  заалтад хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

15.Түүнчлэн хэргийн 1-р боть 143 “зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 1-р боть 136 “гүйцэтгэх хуудас”, 1-р боть 1” нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарын нэхэмжлэл”, 1-р боть 17-101 ”шинжээчийн үнэлгээний тайлан”, 2-р боть 34 “шүүх хуралдааны тэмдэглэл”, 2-р боть 40 “шүүхийн шийдвэр”  зэрэгт  тусгагдсан төлбөр төлөгч нарын эзэмшил, өмчлөлийн буюу үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн байршил, нэр, төрөл, хэмжээ зэрэг нь зөрүүгүй, тохирсон, энэ талаар талууд маргаагүй тул шийдвэр/магадлал/-т нэг бүрчлэн дахин давтан нэрлэж дурдаагүй болно.

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* ХХК-г хамтран хариуцагчаар хэрэгт татан оролцуулсан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй хэдий ч  хөрөнгийн үнэлгээний байгууллага нь үнэлгээ тогтоож, шинжээчээр  оролцож байгаагийн хувьд  хэрэгт хөндлөнгийн байр суурьтай оролцдог.

Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-н  “шаардлагатай гэж үзвэл ... “ гэсэн хуулийн шаардлагыг   анхаарч байхыг дурдах нь зүйтэй гэж үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 984 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ...” гэснийг

“Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан ...” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, ... “ гэснийг  ” ... 56 дугаар зүйлийн 56.1,  ... гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                                      ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                             Х.БАЙГАЛМАА