Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 807

 

Б.Шинэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Мөнхцэцэг,

ялтан Б.Шинэбаярын өмгөөлөгч М.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох 2016 2602 1468 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дугант овогт Баатарчулууны Шинэбаяр, 1983 оны 1 дүгээр сарын 3-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бэрх сум дахь Булганы уурхайд ажиллаж байсан, ам бүл 8, ах, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 75 дугаар гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамж, 98 тоотод түр оршин суух, /РД:ЗЮ83010371/;

Б.Шинэбаяр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” нэртэй зочид буудлын үүдэнд таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Сайндаатай маргалдан түүнийг шатнаас түлхэн унагааж биед нь “баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархайн тархины эдийн цусархаг няцралт, зүүн дух, чамархайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, сибарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Шинэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дугант овогт Баатарчулууны Шинэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Б.Шинэбаярыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүний батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж,хорих ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Шинэбаяраас 3000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сайндаад олгож, хохирогч Б.Сайндаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Шинэбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхэд хохирогчийг заавал оролцуулах хүсэлтийг удаа, дараа тавьсан боловч “олдохгүй байна” гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хийж, надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Учир нь би хохирогчтой уулзах хүсэлтийг мөрдөн байцаалтад болон прокурорын хяналтын шатанд удаа, дараа тавьж байсан боловч мөн л хохирогч “олдохгүй байна” гэх шалтгаанаар миний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Би хохирогчтой уулзаж бодит үнэнийг олж тогтоон, хэрэв миний буруугаас хохирогч гэмтсэн нь үнэн байх юм бол хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын дагуу хохирол төлбөрийг барагдуулан уучлал гуйх байсан.

2. Хэрэв давж заалдах шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцвол миний хувийн байдлыг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсч байна. Би хэрэг гарсан өдөр хохирогч эв зүйгээр харилцан намайг явуулсан бол өнөөдөр энэ олон жилийн ял авахгүй байсан ба энэ бүх үйлдэлд би маш их харамсаж байна.

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад заасны дагуу 3.000 төгрөгийн хохирлыг төлөх байсан боловч хохирогч Б.Сайндаагийн регистрийн дугаар болон гэрийн хаягаар нь 30.000 төгрөгийг дансаар явуулсан тул нотлох баримтын хэмжээнд хохирол барагдсан гэж үзэж байна.

4.Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд залуу насны болчимгүй алдаанаас болж бусадтай нийлж дарвиж явснаас үүдэн санамсаргүй үйлдлээс олон жилийн ял шийтгэл авч  хийж бүтээх насаа шоронд өнгөрөөх болсондоо туйлын их харамсаж байна.

Иймд эрхэм шүүгч та бүхнээс анхан шатны шүүхээс надад оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн хасч өгнө үү гэжээ.

Ялтан Б.Шинэбаярын өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Шинэбаярыг гэм буруутайд тооцон 5 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.Үүнд:

 1.Хэрэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон гол нотлох баримтаар "Рич" зочид буудалд ресепшн ажилтай Ц.Мөнхзулын /хх-64/ гэрчээр өгсөн тайлбар мэдүүлэг, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн "Рич" зочид буудлын камерын бичлэгийг авсан байх бөгөөд гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд олон жилийн ялтай, уг хүнд гэмт хэргийг шийдвэрлэхэд ганц гэрчийн мэдүүлэг нь хангалтгүй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн зүйлийн 156.1.2-т бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтооход шинжилгээ заавал хийлгэхээр заасан энэ ойлголтод шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр гарч буй гэмтлийн зэргээс гадна уг гэмтэл учирсан байж болох шалтгаан нөхцлийг тогтооход ач холбогдол бүхий камерын бичлэгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээч техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж үндэслэл бүхий дүгнэлтээр хэрэгт ач холбогдолтой шинж байдал, нөхцлийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар тогтоох ёстой.

Гэтэл /хх-65/ гэрч Ц.Мөнхзулын мэдүүлэгт: “...Хяналтын камерын бичлэгт хохирогч Сайндааг түлхэн унагааж байгааг та ресепшний өрөөнөөс харсан гэсэн мөртлөө хуулбарлаж өгөхөд тоглуулах боломжгүй байна гэжээ. Энэ талаар ярина уу...” гэсэн асуултад,

хар: “...камерын бичлэгийг нөхөж үзэхэд заримдаа алдаа заагаад болдоггүй юм” гэсэн мэдүүлгээс харахад дан ганц гэрч Мөнхзулын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн гэм бурууг нотлоход эргэлзээтэй байгаа ба үнэхээр уг зочид буудлын камер заримдаа алдаатай заадаг байсан юм бол мөрдөн байцаагч энэ талаар тодруулж яагаад буудлын захирлаас мэдүүлэг аваагүй юм бэ. Уг хэрэгт хохирогчийг цохисон эсвэл, түлхсэн талаар шууд харсан гэрч байхгүй “ийм мэдүүлэг хэрэгт авагдаагүй” бөгөөд жинхэнэ бодит байдлыг уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаардлага хангахгүй камерын бичлэг, ганц гэрч гэх Мөнхзулын мэдүүлэгийг үндэслэн тогтоохоос өөр аргагүй тул энэ байдлыг тогтооход энгийн нүдээр харсан байдал нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримт болохгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, эсвэл хохирогч согтуугаар шат руу өөрөө унасан байж болохыг техник хэрэгсэл ашиглан нарийвчилсан байдлаар нотлох шаардлагатай байсныг мөрдөн байцаалтын шатанд орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар "нотлох баримтыг шалгахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" хуулийн заалтыг баримтлаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзнэ.

2. Хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай. Учир нь, “хэдэн шар айраг уугаад, буудлаас гараад Драгон төвийн замын хойд талаас 2-3 км зайтай явж байтал 2 залуу ирээд надаас тамхи асуухаар нь би тамхи татдаггүй гэж хэлтэл 2 залуу үгийн зөрүүгүй зодсон” гэх мэдүүлэг, хохирогчийн /хх-18/ 2016 оны 5 дугаар сарын 26-нд өгсөн мэдүүлэгт “...үүрийн 05 цагийн орчим Шинээ, Эрка хоёртой Таац дэлгүүрийн үүдэнд танилцаад хамт архи уусан ... нэг мэдэхэд Шинээ гэх залуутай барьцалдаж зодолдож байсан” гэх мэдүүлэг зэрэг хууль сануулан авсан хохирогчийн зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдээс харахад хохирогч тэр өдөр өөр хүмүүст бас зодуулж гэмтэл авсан байх эргэлзээ үүсч байгаа ба шинжээчийн дүгнэлтэнд хуучин, шинэ гэмтлүүдийн ялгааг нарийвчлан гаргаагүй. Иймээс шүүх эмнэлгийн шинжээчийн 6703 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй ба дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлттэй байна. Мөн хэрэг гарсан өдөр болох 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Сайндаагийн хаанаас хаа хүрсэн, хэнтэй уулзсан гэх мэт хохирогчийн тэр өдрийн маршрутыг мөрдөн байцаагч нарийвчлан тогтоогоогүй нь эргэлзээ үүсгэж байна. Иймд хохирогчийн тэр өдрийн маршрутыг тогтоох шаардлагатай гэж үзнэ. Уг үйл баримт, бодит байдалтай уялдаж /шалтгаант холбоотойгоор/ шүүгдэгчийн гэм бурууд ноцтой эргэлзээ бий болж болзошгүй буюу мөрдөн байцаалтаар заавал шалган тогтоож, мухарлавал зохих ноцтой эргэлзээ үндэслэл бий болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн зүйлийн 319.1.2-т заасан үндэслэл үүссэн гэж үзнэ.

3. Баянгол дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч Хатантамир нь 2016 оны 5 дугаар 27-ны өдөр Б.Шинэбаярыг сэжигтнээр байцаахдаа "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийг тайлбарлаж өгөөд Шинэбаярыг "Би өмгөөлөгчтэй байцаалт өгнө" /хх-37/ гэсэн хүсэлтийг хангахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.7-д заасан сэжигтний эрхийг хангаагүй, зөрчсөн гэж үзнэ. Шүүгдэгчийн уг эрхийг хангаагүйгээс улбаалж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт мөн л хангагдахгүй орхигдсон байна.

4. Хохирлын талаар: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг заасан байдаг. Гэтэл хавтаст хэргийн материалаас харахад хохирлын тооцоог нарийвчлан гаргаагүй, хохирогч яаж хохирсон, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, одоо хохирогчийн биеийн байдал ямар байгаа, хохирогч хэдэн төгрөг, юу нэхэмжилж байгаа нь тодорхой бус ба энэ асуудлыг орхигдуулсан байна. Иймд хуульд заасан нотолбол зохих зүйл нотлогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасан үндэслэл үүссэн гэж үзнэ.

Хэрэв Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Шинэбаярыг гэм буруутай гэж үзвэл шүүгдэгчийн хувийн байдалд анхаарч өөрөөр хэлбэл шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмшиж байгаа, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу гарсан хохирол болох 3000 төгрөгийг /10.000/ хохирогч Б.Сайндаагийн Төрийн банкны 16 0700 0346 60 тоот дансанд /регистрийн дугаар бүхий/, тушааж хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь хэсэгт "...мөрдөн байцаагч, прокурор шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг баримтлаагүй ба мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлүүдийг шалган тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн 159 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Шинэбаярын өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдолдоо “ганц гэрчийн мэдүүлгээр Б.Шинэбаярыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж байна. Камерын бичлэгт хохирогчийг түлхэж байгаа үйл явдал бичигдээгүй гэдэг үндэслэлээр гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж болохгүй. Гэрч Ц.Мөнхзул иргэний үүргээ биелүүлж, шатан дээрээс хүн түлхэгдэн унахыг харсан даруйдаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсний хүчинд хохирогч Б.Сайндаа амьд байна. Хэрэг гарсан газрын хяналтын камерын бичлэгээс авах боломжтойг нь авсан. Уг бичлэгээс гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн нь харагдаж байсан тул Б.Шинэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн. Б.Шинэбаяр мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хохирогчийг түлхсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Шинэбаярыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж байна. Түүнийг сэжигтнээр тооцож эрхийг нь тайлбарлаж өгсөн. Тэрээр өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт гаргасан боловч түүний эрхийг хангаагүй гэх үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдөөгүй.

Хохирогчид хохиролоо нэхэмжлэх эрхтэй талаар удаа, дараа тайлбарлаж өгсөн боловч хохирлын баримт гаргаж өгөөгүй.Гэмт хэргийн улмаас ямар хохирол учирсан нь тогтоогдсон. Б.Шинэбаяр хохирогч Б.Сайндаад хүнд гэмтэл учруулсан. Хохирогч өөрөө хохирлын баримт гаргаж өгөөгүй. Үүгээр хохирлын хэмжээг тогтоогоогүй гэж үзэж болохгүй.

Энэ хэргийн хувьд ганцхан гэрчтэй. Уг гэрч нь аль нэгнийх талд нь үйлчлэхгүй, хөндлөнгийн хүн. Хэргийн талаар харсан зүйлээ гэрчилснийх нь төлөө түүнийг буруутгаж болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.4, 80.1.5-д зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудаас гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сайндаа “...бид хоёрын зодооныг салгах гээд Эрка дундуур орж ирж байсан. Тэгээд нэг мэдэхэд намайг цааш нь түлхэж, би газар толгойгоороо баруун талаараа мөргөж унатал Шинээ миний дээр гараад гараараа нүүр лүү 3-4 удаа цохиод, толгой руу 2-3 удаа өшиглөхөд нь би ухаан алдаад унасанаа санаж байна...” /хх-18/,

гэрч Ц.Мөнхзул “...камераар харж байгаад цагдаа руу дуудлага өгчихсөн ... буудлын үүдний шатан дээр бие биенийгээ барьж барьцалдаж байгаад нэг залуугаа шатны хашлага давуулаад түлхэх шиг болоход нөгөө залуу нь шатны доод тал руу давж унаад босож ирээгүй...” /хх-7/ гэсэн мэдүүлгүүдийг харьцуулан үзэхэд хохирогч Б.Сайндаагийн толгойн тус газар үүссэн дээрх хүнд зэргийн гэмтэл нь чухам Б.Шинэбаяр хохирогч Б.Сайндааг хонгилын хашлага давуулан түлхэж унагахад учирсан, эсхүл нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисны улмаас үүссэний алин болох, хохирогчийн биед үүссэн дээрх хүнд гэмтэл нь хэдэн удаагийн, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, энэ нь шинэ, хуучин гэмтлийн алин болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/-ээр тогтоогдоогүй байна. Иймд хохирогчийн мэдүүлгийн зөрүүг гаргаж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар хохирогч Б.Сайндаагийн биед үүссэн “баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархайн тархины эдийн цусархаг няцралт, зүүн дух, чамархайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, сибарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт” бүхий хүнд зэргийн гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр, яаж /шатны хонгил руу түлхэгдэн унах, эсхүл гараар цохигдохын алин болох г.м/ үүсэх боломжтойг нарийвчлан шалгаж тогтоовол зохино.

2. Мөрдөн байцаагч, цагдаагийн д/ч А.Хатантамир 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийн хэрэгт хавсаргах тогтоол /хх-62/-ыг үйлдсэн байхад Прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн яллах дүгнэлт /хх-76/-ийн хавсралтад эд мөрийн баримтад тооцсон СД-г хэрхэхийг заагаагүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.4.2 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй байна.

3. Тухайн гэмт хэрэгт Ө.Эрдэнэбаярыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр тооцож байцаалт авсан тэмдэглэл үйлджээ. Прокурор 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 252 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ө.Эрдэнэбаярт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон атлаа мөрдөн байцаалтын шатанд түүнээс хэргийн үйл баримтын талаар гэрчийн мэдүүлэг аваагүй нь “...мөрдөн байцаалтын ажиллагааны явцад байцаах, ... замаар нотлох баримт цуглуулна...” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг болон “…мөрдөн байцаагч, прокурор, ... нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар хянаж үзэх үүрэгтэй...” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийн заалт, шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4. Хохирогчийн биед хэрхэн, яаж гэмтэл учирсныг тогтооход зайлшгүй ач холбогдол бүхий камерын бичлэгийг ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээчийн техник хэрэгсэл ашиглан хийсэн үндэслэл бүхий дүгнэлтээр тогтоогоогүй, гэрч Мөнхзул “...камерын бичлэгийг нөхөж үзэхэд заримдаа алдаа заагаад болдоггүй юм...” гэсэн мэдүүлэг нь үндэслэлтэй, эсэхийг шалгаагүй байна.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар хохирогч Б.Сайндаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хаана амьдардаг, ямар ажил эрхэлдэг, түүний цалин орлогын талаар хувийн байдлыг нарийвчлан тогтоогоогүй бөгөөд уг тархины хүнд зэргийн гэмтэл авсны дараа тэрээр хэзээ, хаана, хэрхэн эмчлүүлсэн эсэх, одоо эдгэрэлт нь ямар байгаа, эмчилгээний зардалд хэдий хэмжээний зардал гарсан, түүнийг нэхэмжлэх эсэх зэргийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, өвчтөний түүх, эмчийн магадлагаа хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “...хэргийн байдлыг бүх талаас нь, бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.” гэж заасныг бүрэн хангаагүй гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сайндаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд зааснаар хэргийн материал танилцуулаагүй бөгөөд шүүгдэгч Б.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч Л.Амартогос нар хуулиар хамгаалагдсан эрхийн дагуу анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах тухай хүсэлт гаргасаар байхад хүсэлтийг хангалгүйгээр хэргийг яаравчлан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн “…хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчсөн”  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийсний дараа шүүгдэгч Б.Шинэбаярын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх хуулийн үндэслэл бүрдэнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй.