Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 394

 

“А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ҮАГ, ҮАГ-ын гүйцэтгэлийн аудиторын

 газрын аудитор М.Н нарт холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                  Х.Батсүрэн

                                  М.Батсуурь

                                  Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “ҮАГ-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 421 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Н, Г.Ө, Н.Э, өмгөөлөгч З.С, хариуцагч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Д.О нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “А-И” ХХК-иас ҮАГт холбогдуулан гаргасан “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус баримтлан ҮАГ-ын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн ҮАГ-ын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 421 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн /2013 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А-И” ХХК-ийн “ҮАГ-ын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг хасч, 4 дүгээр заалтыг 3 болгон дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Төрийн аудитын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4. Үйл баримтыг дутуу үнэлсэн тухайд: ...Маргаан бүхий актаар тогтоосон 408.826.0 мянган төгрөгийн төлбөр нь дутуу тооцсон борлуулалтын орлого уу, нэмэгдсэн өртгийн албан татвар уу, эсвэл валютын ханшийн зөрүү юу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Тус акт гарснаас хойш “Э ү” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлэн нэхэмжлэх болсон бөгөөд үүнийгээ маргаан бүхий акттай холбон тайлбарладаг.

5. Төрийн аудитын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:      ...ҮАГ-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01/ДА дугаартай төлбөр барагдуулах тухай маргаан бүхий актыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг үндэслэн гаргасан. Мөн тус актын тогтоох хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн төлбөрийн акт тогтоосон байдаг.

6. ...Шүүх өөрийн санаачилгаар, маргаан бүхий актад тохируулан, хариуцагчийн хэрэглээгүй хуулийн заалтыг хэрэглэн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн хариуцагчаас албан шаардлага өгөх зохицуулалтыг баримтлан акт тавьсан байхад үүнийг шүүхээс өөрийн үзэмжээр зөвтгөн дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байх бөгөөд Төрийн аудитын тухай хууль болон холбогдох журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь ҮАГ-ын “Э ү” ХХК-д аудит хийх эрхтэй эсэх талаар маргаагүй, харин аудит хийхдээ хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, маргаан бүхий актыг гаргасан талаар маргасан байтал давж заалдах шатны шүүхээс огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөн дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

 7. Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: ...Захиргааны актыг хэнд чиглэсэн, хэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэдгийг тодорхойлохдоо тухайн акт нь захиргааны акт мөн эсэх, түүний үндсэн шинжийг хэрхэн агуулж байгааг харгалзах учиртай. Гэтэл шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэснийг үндэслэн маргаан бүхий актыг зөвхөн “Э ү” ТӨҮГ-т чиглэсэн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. ...Маргаан бүхий акт нь “Э ү” ХХК-д шууд чиглэсэн мэт боловч маргаан бүхий актын тогтоох хэсэгт” ...нийт 408.826.0 мянган төгрөгийн дутуу тооцсон борлуулалтын орлогыг “А-И” ХХК-иас нөхөн төлүүлэн авч “Э ү” ХХК-ийн орлого болгох” гэж зааснаас үзвэл тус актын үйлчлэл нь “А-И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрхэд шууд нөлөөлж байгаа нь илэрхий байна. Бодит байдалд тус акт нь “А-И” ХХК-ийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт, харин “Э ү” ХХК-ийн хувьд  “А-И” ХХК-иас төлбөр авч өөрийн орлогод авах эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

8. Иймд шүүхээс, маргаан бүхий акт нь зөвхөн “Э ү” ХХК-д чиглэсэн мэт эсрэгээр дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл бөгөөд Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар нэхэмжлэгч нь, 13.2-т зааснаар гуравдагч этгээдийн хувиар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үүнийг харгалзан үзэлгүй, “А-И” ХХК-ийг ҮАГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй, захиргааны акт нь нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хууль, түүний үзэл баримтлалд огт нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс магадлалдаа ойлгомжгүй, эсрэг тэсрэг дүгнэлтүүд хийжээ.   

9. ...“Э ү” XXК болон “А-И” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний холбогдох заалтын дагуу төлбөрөө шаардах эрх хуулийн үндэслэлтэй эсэхийг холбогдох шүүх /нэхэмжлэгчийн зүгээс иргэний шүүх гэж ойлгож байгаа/ шийдвэрлэх бөгөөд тухайн шүүхийн шийдвэрээс хамаарч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг буруутай албан тушаалтан төлөх эсэх нь тодорхой болох учиртай, ...төлбөр тогтоосон нь хуулийн зөрчилгүй, гэрээний чөлөөт байдалд халдаагүй...” гэх мэтээр дүгнэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11.  Анхан шатны шүүхээс “...хариуцагч “Э ү” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд аудит хийхдээ “А-И” ХХК-д төлбөр барагдуулахаар акт тавьсан атлаа тус компанид Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, маргаан бүхий актын тогтоох хэсэгтээ төрийн аудит хийх журмын албан шаардлага өгөх заалтыг баримталсан атлаа акт тавьсан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн, маргаан бүхий аудитын акт тавих үндэслэл нь “Э ү” ХХК болон “А-И” ХХК-иудын хооронд байгуулсан гэрээг бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас бий болсон тооцооллын маргаан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу гэрээний нөгөө тал болох “А-И” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, оролцоог хангаагүй нь захиргааны байгууллага нөхцөл байдлыг бүрэн тогтоох, шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах зарчимд нийцээгүй, “Э ү” ХХК-д тодорхой хугацаанд алдаа дутагдлыг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэх эсхүл акт тавих эсэхийг шүүхээс шийдвэрлэж, хариуцагчид зааж чиглүүлэх боломжгүй байх тул хариуцагч дээрх зөрчлүүдийг арилган дахин шинэ акт гаргах шаардлагатай...” гэсэн дүгнэлтүүдийг хийж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

12. Гэтэл дээрх үндэслэл нь бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэх нөхцөлд хамаарахгүй, түүнчлэн “маргаан бүхий актын тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэсэн, албан шаардлага хүргүүлэх үндэслэлээр акт тавьсан, шүүхээс албан шаардлага хүргүүлэх эсхүл акт тавих эсэхийг чиглүүлэх боломжгүй...” гэх зэрэг дүгнэлт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл эдгээр “алдаа”-ны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, харин эдгээр үндэслэл нь гуравдагч этгээдэд илүү хамаатай, гэвч “Э Ү”-ийн зүгээс тухайн акттай маргаагүй байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу юм.

13. Иймд “...Төрийн аудитын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчаас албан шаардлага өгөх зохицуулалтыг баримтлан акт тавьсан байхад үүнийг шүүх өөрийн үзэмжээр зөвтгөн дүгнэсэн, давж заалдах шатны шүүхээс огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөж байгаа нь хуульд нийцэхгүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-6-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Давж заалдах шатны шүүхийн “...маргаан бүхий акт нь “Э ү” ТӨҮГ-т чиглэсэн /сөрөг нөлөөлөл бүхий/, энэ тохиолдолд шалгагдагч байгууллагыг буруутгаж акт тавихад нэхэмжлэгч “А-И” ХХК-д төлбөр хариуцуулсан, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн шинжийг агуулахгүй учир Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр заавал оролцуулах шаардлагагүй...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

15. Учир нь, хариуцагч маргаан бүхий актыг Төрийн аудитын тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцааны хүрээнд гаргасан ба уг хуулийн хамрах хүрээ нь аудитын байгууллага болон шалгагдагч байгууллага /2003 оны Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд/-ын хооронд үүсэх харилцаагаар, тухайн тохиолдолд хариуцагч болон “Э ү” ТӨҮГ-ын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын харилцаа нь шалгагч, шалгуулагчийн хооронд үүсэхээс бус шалгуулагч бус этгээдэд хамааралгүй гэж болно.

16. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь маргаан бүхий актаар “Э ү” ТӨҮГ-т үүрэг хүлээлгэснээс бус нэхэмжлэгч “А-И” ХХК-д үүрэг хүлээлгээгүй. Хэдийгээр актад “...дутуу төлсөн борлуулалтын орлогыг “А-И” ХХК-иас нөхөн төлүүлэн авч “Э ү”-ийн орлого болгох” гэж заасан ч уг үүрэг нь гуравдагч этгээдэд хамааралтай буюу “А-И” ХХК нь аудитын байгууллагын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй юм.

17. “Аудитын актыг үндэслэн “Э ү” ТӨҮГ нь “А-И” ХХК-иас төлбөрийг нэмж шаардаж байгаагаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа” гэх үндэслэл нь энэхүү маргааныг шийдвэрлэх үндэслэл болохгүй. Учир нь,  нэхэмжлэгч “А-И” ХХК нь гуравдагч этгээд “Э ү” ТӨҮГ-ын өмнө түүнтэй байгуулсан иргэний гэрээний үндсэн дээр л “хүдрийн овоолго ашигласны төлбөр” төлөх үүрэгтэй болохоос бус маргаан бүхий актаар шууд үүрэг хүлээхгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь талуудын байгуулсан гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс төлбөр шаардахаас бус маргаан бүхий актын хэрэгжилтийг шаардах эрхгүй. Харин тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш.  

18. Нэгэнт нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий акт нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, иймд уг актыг гаргахад нэхэмжлэгчийг “гуравдагч этгээдээр заавал оролцуулж, сонсох ажиллагаа явуулах байсан, энэ журмыг зөрчсөн учраас алдааг засаж дахин акт гаргах ёстой” гэх үндэслэл алга байна. Үндсэндээ аудитын акт хууль ёсны эсэх, хүчин төгөлдөр болох эсэх, гуравдагч этгээд тухайн актыг үндэслэн нэхэмжлэгчээс төлбөр шаардах эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь иргэний журмаар эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой.

19. Иймд, “...давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн хувиар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй, шүүхийн дүгнэлт нь хуульд нийцэхгүй” гэх /Тодорхойлох хэсгийн 7-9/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

20. Мөн “актаар тогтоосон төлбөрийн хэмжээ тодорхойгүй, уг актыг гарснаас хойш “Э ү” нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлэн нэхэмжлэх болсон...” гэх гомдлын тухайд /Тодорхойлох хэсгийн 4/ нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан иргэний журмаар эсэргүүцэн маргах боломжтой.

21. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 421 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ    

                     ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ