Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01815

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж , Б.Х нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 32,470,567.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Ж , Б.Х нар 2018 оны 12 сарын 20-ны өдөр Г ХХК-тай 0000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалин барьцаалан зээлдэн авсан болно. Зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2023 оны 11 сарын 29-ний өдөр дуусах бөгөөд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт зээл 25,058,036.09 төгрөг, хүү 7,272,586.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,944.74 төгрөг, нийт 32,470,567.19 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Хариуцагч Б.Ж миний бие 2018 оны 12 сарын 20-ны өдөр Г ХХК-тай 0000000000 дугаар зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан боловч 2019 оны 05 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаа хүлээлгэн өгснөөс хойш 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл гэрээнд заасны дагуу төлбөр төлж явсан боловч Ковид-19 цар тахлын улмаас эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа доголдолж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэл гарсан бөгөөд 2021 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш бизнесийн үйл ажиллагааны доголдлыг арилгах гэсэн боловч Б.Ж миний бие хорт хавдар гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл эмчлүүлж байгаа болно. Г ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахад хүндэтгэн үзэх нөхцөлүүдийг тус банкны хариуцсан эдийн засагч нарт тогтмол харилцан хэлж байсан ч хувь хүний мэдээлэлд халдах зүй бус харилцах асуудал гарч байсанд гомдолтой байгаа болно. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй бол гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах боломжийг олгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж , Б.Х нараас 32,470,567.19 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,302.84 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.Ж , Б.Х нараас 320,302.84 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, 25.2.1, 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт заасан иргэн Б.Ж миний эрх, үүргийг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.б. Тус маргаанд хариуцагч Б.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ж миний бие оролцож байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөр болох 25,058,036.09 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 7,412,531.09 төгрөгийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх Засгийн газар онцгой журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүүгийн төлбөр болох 7,412,531.09 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Анх зээл авахдаа хүү төлнө гэж гарын үсэг зурж зээл авсан. Цар тахалтай холбоотой гэдэг хэдий ч энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй. 2021 оны 01 сард нэхэмжлэл гаргасан хэдий ч 05 сар хүртэл хүлээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан, маргах зүйлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Ж , Б.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 25,058,036.09 төгрөг, хүү 7,272,586.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,944.74 төгрөг, нийт 32,470,567.19 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1/

Хариуцагч нар ...Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, зээлдэгч Б.Ж нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учир зээлийн гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжтой... гэсэн агуулгаар тайлбар гарган мэтгэлцсэн байна. /хх 14, 15/

 

3.   Талууд 2018 оны 12 сарын 20-ны өдөр 0000000000 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Г ХХК нь Б.Ж , Б.Х нарт 30,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Ж , Б.Х нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 4-5/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Хариуцагч нар Г ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар, мөн нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгийн талаар маргаагүй.

Мөн хэрэгт авагдсан Хүү, тооцооллын хүснэгт-ээс үзвэл, хариуцагч нар 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлд 4,941,963.91 төгрөг, хүүнд 4,469,535.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,784.04 төгрөг, нийт 9,470,567.19 төгрөг төлсөн, харин уг хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хх 6/

Иймд зээлдүүлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б.Ж , Б.Х нараас зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар, мөн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардсан байхад анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5.   Хариуцагч талын тайлбарт дурдагдсан ...Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, зээлдэгч Б.Ж нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа... гэх нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зээлдэгч нарын зээлийн хүүг бууруулах, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх үүргийг банкинд ногдуулаагүй учир энэ талаарх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын нөхцөл байдлыг харгалзан үзээд нэмэгдүүлсэн хүү 139,944.74 төгрөгөөр шаардлагаа багасгаж болно гэсэн агуулгатай тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тул уг мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Ж , Б.Х нараас 32,330,622.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдэх 139,944.74 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1 дэх... гэснийг ...56.2 дахь... гэж, ...320,302.84 төгрөгийг гаргуулан... гэснийг ...319,603 төгрөгийг гаргуулан... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 134,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР