Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 114/2018/0021/З |
Дугаар | 221/МА2018/0615 |
Огноо | 2018-11-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2018/0615
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Ц.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-О нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ээс гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан ....... нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Б”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-ээс гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/491 тоот захирамжаар “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “С” ХХК давж заалдах гомдолдоо: “...”С” ХХК нь 2014 оны нийтийн орон сууцны зориулалтаар 2 газарт төсөл сонгон шалгаруулалтаар аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг төсөл сонгон шалгаруулалтаар олгох тухай” захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт 2 газар эзэмшсэн.
Захирамжийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А/2196 дугаартай гэрээ байгуулан ........ дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авч 500 м.кв газрыг эзэмшиж, уг газарт газрын байршлын кадастрын зураг, Барилга хот байгуулалтын яамны зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, 60 айлын орон сууцны барилгын зураг төсөл, Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй “С” ХХК-ийн 10 давхар “Б” орон сууцны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт зэрэг холбогдох газруудтай хийсэн төслийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг барилгын зураг төслийн ажлыг хийлгэсэн.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э 2016 оны 05 дугаар сарын 25-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/181 дугаартай захирамжаар “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/491 дүгээр захирамжаар “С” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтаар авсан Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны урд нийтийн орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
2018 оны барилгын улирлын ажил эхэлж барилгаа эхлүүлэхээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад “Б” ХХК-д газар эзэмших эрхийн гэрээ хийж, гэрчилгээ олгосон, танай газарт “Б” ХХК-ийн газартай давхцаж байгаа танайд гэрчилгээ олгох боломжгүй байна” гэж хариу өгсөн “Б” ХХК-ийн нэр дээр Засаг даргын захирамж байгааг мэдсэн. Засаг дарга А.Э-ын А/227 дугаартай захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай захирамж”-ийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан ...... нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар Дархан-Уул аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
Дархан-Уул аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож “Б” ХХК-ийн талд шийдвэрлэсэн тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, бусад нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, ийнхүү шинжлэн судлах зүйлийн цар хүрээ, боломж хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад хадгалагдаж байна гэж үзэж, шүүхийн шийдвэрт “дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актуудыг түдгэлзүүлсэн өөрчлөлт”-ийг оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар эзэмших эрх үүссэн, өөрчлөгдсөн талаар авч үзвэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар “... Дархан сумын 8, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, комиссын шийдвэрээр шалгарсан ...” гэх үндэслэлээр “С” ХХК-д “9 дүгээр баг 4/3 байрны баруун урд талд “Од” буудлын зүүн урд тал” гэх байршилд 500 м.кв газрыг, мөн “9 дүгээр багийн 4/3-ийн урд талд Саран эмнэлгийн баруун урд тал” гэх байршилд 500 м.кв газрыг тус тус 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус компанид 500 м.кв газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ............ дугаар гэрчилгээ олгосон, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар “... хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байсан” гэх үндэслэлээр “С” ХХК-ийн урьд эзэмшиж байсан 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээжээ.
Харин гуравдагч этгээд “Б” ХХК-ийн газар эзэмшлийн тухайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны баруун урд талд нийтийн орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж, .......... дугаар гэрчилгээ олгогдсон байх боловч аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар “... Дархан сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд шинээр газар олголт хийхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэж, газар эзэмшүүлсэн нь ... ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн“ гэх үндэслэлээр 65 иргэн, 25 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосонд тус компани багтсан байна.
“Б” ХХК уг А/441 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар “2016 оны А/441 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр “Б” ХХК-д анх газар эзэмшүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн үйл баримтууд, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 398 дугаар албан бичиг, агаарын зургаар “нэхэмжлэгч “С” ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 500 м.кв газар нь гуравдагч этгээд “Б” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 500 м.кв газартай 211.5 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь” тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл аймгийн Засаг дарга нь газар эзэмших талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахын өмнө тухайн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам, сүлжээ бүхий газар мөн эсэх, харьяа сумын Засаг даргын саналыг авах шаардлагатай эсэх, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэх, тухайн газар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэгдэх хуулийн зохицуулалтад хамаарах газар мөн эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нягтлан шалгасны үндсэн дээр газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргахаас гадна Кадастрын зураглал ба газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасны дагуу өөрийн ажлын албаны нэгж болох газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар “С” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцуулан “Б” -д 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар 500 м.кв газрыг эзэмшүүлсэн, улмаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг тус компани эс зөвшөөрч маргах үед нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн атлаа тус компанийн газар эзэмших эрх сэргэсэн байх үед буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа хүчингүй болгож, нэхэмжлэгч “С”ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг дахин гаргасан байна.
Ийнхүү хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмшүүлсэн 2016 оны А/491, гуравдагч этгээд “Б” ХХК-д газар эзэмшүүлсэн 2016 оны А/227 дугаар захирамжуудын холбогдох хэсгүүдийг хүчин төгөлдөр гэж буюу тус компаниудыг аль алиныг нь газар эзэмших эрхтэй гэж үзэж буй энэ тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд цаашид нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, хэн аль нь түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан эсэх, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газар мөн эсэх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхацсан байсан эсэх зэрэг хэргийн нөхцөл байдлыг тодруулан судалж дахин шинэ акт гаргах хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, эдгээр судлах нөхцөл байдлын цар хүрээ шүүхээс илүү хариуцагчид хадгалагдаж байна гэж үзлээ.
Түүнчлэн “С” ХХК анх сонгон шалгаруулалтаар хоёр тусдаа газарт орон сууц барихаар шалгарсан байх бөгөөд маргаан бүхий газарт газар эзэмшүүлснээс өөр тусдаа газар эзэмших эрх үүссэн эсэх, гуравдагч этгээд “Б” ХХК-д сонгон шалгаруулалт эсхүл дуудлага худалдааны журмаар газар эзэмших эрх үүссэн эсэх, мөн “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн талаар тус компанид мэдэгдсэн эсэх, мөн тус компани газар эзэмших эрхээ сунгуулах талаар хүсэлт гаргасан эсэх, гаргасан бол хариуцагч хэрхэн шийдвэрлэсэн зэрэг тодорхой бус нөхцөл байдлуудыг хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд шинжлэн судалж тодруулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргах боломжтойг, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд хүчингүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актуудын биелэлтийг тус бүр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 12 дугаар сарын А/491 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн, хүчингүй болсон шалтгаан нөхцөлийг бодитоор судлан тогтоон улмаар тухайн газарт тэдгээрийн хэн аль нь хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх талаар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэр /магадлал/-ыг биелүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 12 дугаар сарын А/491 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2, 3 заалтын дугаарыг 3, 4 гэж өөрчлөн, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ