Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 226/МА2022/00029

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12-ны өдөр            226/МА2022/00029.                                 Хэрлэн сум

 

 

 

                                              

Н.Б-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.А-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00029

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар /цахимаар/,

Хариуцагч Ч.А-,  

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан /цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00308 дугаар шийдвэртэй Н.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А-д холбогдох “Үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлж, 58.000.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Ч.А- нарын хооронд амаар байгуулагдсан ........тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, амаар байгуулагдсан гэрээний улмаас хариуцагч Ч.А-гаас шилжүүлсэн нийт 118,425,000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг Н.Б-аас гаргуулах, Д.Ц-д холбогдуулан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 /ерэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.А-тай ярилцаж ............тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 135.000.000 төгрөгөөр худалдахаар аман гэрээ байгуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь цайны газар ажиллуулах зориулалттай бөгөөд Ч.А- 3 жилийн хугацаанд цайны газрыг ашиглаж, олсон орлогоосоо дээрх 135.000.000 төгрөгийг бүрэн төлөх, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг төлбөр гүйцэд хүлээн авсны дараа шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагч Ч.А- нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтдээ 72.451.200 төгрөгийг надад шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл шилжүүлээгүй. Дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас цайны газрын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир энэ хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг түр хойшлуулсан. 2022 оноос эхлэн үлдэгдэл төлбөрөө төлөх талаар худалдан авагч Ч.А-д хэлэхэд хүлээн авахгүй төлбөр төлөхгүй, явах газраараа яваад ав гэж хэлсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар нэхэмжлэгч миний бие хариуцагч Ч.А-гийн эзэмшилд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн бөгөөд Ч.А- нь цайны газрыг ажиллуулсан болно. Гэтэл зоогийн газрыг ажиллуулсан ч хэлэлцэн тохирсон үнийг хугацаанд нь төлөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч Ч.А- нь биелүүлээгүй бөгөөд цаашид хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч миний бие хариуцагч Ч.А-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зохицуулжээ. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Ч.А- нь миний өмчлөлийн ..... байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 07 дугаар сард нэхэмжлэгч Н.Б- түүний эхнэр Д.Ц- нар надад .........байрлах гуанзны зориулалтаар ажиллуулж байсан 157 мкв хэмжээтэй модон байрыг бэлэн мөнгөөр буюу 80.000.000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан. Тухайн үед би байрны үнийг нэг дор төлөх боломжгүй тул авахгүй гэхэд Н.Б- “...танд байрыг бэлэн бусаар худалдаж болно, энэ тохиолдолд байрны үнийг 100.000.000 төгрөгөөр тооцож, 2 жилийн турш сар бүр 4.000.000 орчим төгрөгөөр хэсэгчлэн төлж болно” гэсэн санал тавьсан тул би тэдэнд итгэж 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг төлөөд уг байранд нүүж орсон. Харин нэхэмжлэлд дурдсан 135.000.000 төгрөгөөр байрыг худалдахаар огт яригдаагүй, тийм тохиролцоог хийгээгүй, уг байр нь ямар ч нөхцөлд ийм үнэ хүрэхгүй, би ч тийм үнээр худалдаж авахгүй байсан.

Энэ өдрөөс хойш 14 хоногийн дараа 10.000.000 төгрөг төлөх зэргээр байрны үнийг хэсэгчлэн төлсөөр 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг жилийн дотор нийт 50.000.000 төгрөгийг төлөөд байхад Н.Б- нь “...бэлэн мөнгө хэрэг болоод байна, байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банканд барьцаалаад зээл аваад үлдэгдэл 50.000.000 төгрөгөө гаргаад авъя, харин та зээлийг, хүүгийн хамт төлчих, зээлээ төлөөд дуусмагц байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр шууд шилжүүлж өгнө" гэж гуйхаар нь итгээд зөвшөөрсөн. H.Н.Б- 2018 оны 08 сард ХААН банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан, би сар бүрийн 15-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2.737.000 төгрөгийг төлсөөр 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нийт 68.425.000 төгрөгийг төлсөн буюу Н.Б-ы авсан гэх зээл, зээлийн хүүг бүрэн төлж дуусгасан. Ингээд худалдан авсан байрныхаа үнийг төлж барагдуулаад байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг түүнээс шаардахад тэрээр таны хувиараа авсан зээлийг бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлнэ гэсэн шалтаг зааж амласнаа биелүүлээгүй.

Хувиараа авсан зээл гэдэг нь уг байранд гуанз, цайны газрын үйлчилгээг хэвийн явуулахын тулд засвар, тохижилт хийх, тоног төхөөрөмж худалдан авах зайлшгүй шаардлага гарсан, Н.Б-ы эзэмшлийн хүнсний дэлгүүрээс худалдаж авсан барааны тооцоог төлөх зэргээр Н.Б-, Д.Ц- нараас 2018 оны 10 сараас эхлэн 2020 оны 09 сар хүртэл увуулж цувуулсаар нэлээн хэдэн төгрөгийг зээлж авсан юм. Би зээлсэн мөнгөө буцааж бүрэн төлсөн байтал Н.Б-, Д.Ц- нар 10 хувийн хүү төл, төлөхгүй бол байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэхгүй гэж айлган сүрдүүлж олон арван сая төгрөгийг үндэслэлгүй илүү авсан.

Би өөрийн хүүхдүүд, ажилчдынхаа хамт хөдөөний гуанзанд өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан шаргуу хөдөлмөрлөж дээрх бүх төлбөрүүдийг төлж ирсэн бөгөөд “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоож, гуанз, цайны газрын үйл ажиллагаа зогссон. Харин 2022 оны 03 дугаар сард би Н.Б-, Д.Ц- нараас хувиараа авсан зээлээ илүү төлсөн, тэгээд ч уг зээл нь худалдаж авсан байртай ямар ч холбоогүй тул Н.Б-аас байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг дахин шаардахад “...зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөхгүй, тэгээд ч байрны гэрчилгээг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн барьцаанд тавьсан байгаа, мөнгө өгөхгүй бол надад битгий гомдоорой” гэх зэрэг ойлгомжгүй шаардлага, тайлбар гаргаж сүрдүүлсэн.

Дээрх байдлаар Н.Б-, Д.Ц- нар нь байраа зээлээр худалдана гэж итгүүлэн надаас зөвхөн байрны үнэнд 118.425.000 төгрөг авсан атлаа одоо шүүхэд худал мэдүүлэн уг байрнаас хөөж гаргахаар шударга бус, хууль бус нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч Ч.А-гаас нэхэмжлэгч Н.Б-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Н.Б-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний ............... хаягт байрлах гуанзаар ажиллуулж байсан 157 мкв хэмжээтэй барилгыг газрын хамт худалдах, худалдан авахаар тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжих болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ...бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах”, 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ”, 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол ...худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө” гэснийг тус тус зөрчжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байхаар заасан тул талуудын хооронд ................хаягт байрлах 157 мкв хэмжээтэй, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдах, худалдан авах тухай аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсний дагуу 3 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн нийт 118.42.000 төгрөгийг Н.Б-аас буцаан гаргуулж өгнө үү.

 

 Мөн миний бие зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгож, зээлийн төлбөрт илүү төлсөн 90.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Н.Б-ы эхнэр Д.Ц-д холбогдуулан гаргаж байна.

 Учир нь би Д.Ц-гаас хувиараа зээл авсан. Хувиараа авсан зээл гэдэг нь уг байранд гуанз, цайны газрын үйлчилгээг хэвийн явуулахын тулд засвар, тохижилт хийх, тавилга, тоног төхөөрөмж авах, Н.Б-, Д.Ц- нарын дэлгүүрээс авсан барааны үнийг төлөх зэрэг зайлшгүй шаардлага гарсан тул Н.Б-, Д.Ц- нараас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн зээлийн гэрээгээр 58.500.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 148.900.000 төгрөг буцааж төлсөн. Миний бие зээлсэн мөнгийг бүрэн төлсөн байтал Н.Б-, Д.Ц- нар нь бид хүнээс мөнгө авч зээлдүүлсэн, 10 хувийн хүү төл, төлөхгүй бол байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэхгүй гэж айлган дарамтлан надаас нэмж 90.400.000 төгрөгийг (148,900,00-58,500,000=90,400,000) үндэслэлгүй илүү авсан. Би хувиараа авсан зээлээ хангалттай төлсөн, тэгээд ч уг зээлүүд нь худалдаж авахаар төлбөрийг нь төлсөн үл хөдлөх хөрөнгөтэй ямар ч холбоогүй тул Н.Б-аас байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг 2022 оны 03 дугаар сард дахин шаардахад "...Ковидын үеийн зээлийн хүүгээ төл, зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөхгүй. Тэгээд ч байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн барьцаанд тавьсан байгаа. Мөнгө өгөхгүй бол надад битгий гомдоорой” гэх зэрэг ойлгомжгүй шаардлага, тайлбар гаргаж сүрдүүлснээс болж бид муудалцсан

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж, мөн 282.3 дугаар зүйлд “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсний дагуу зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй болохыг тогтоож, уг гэрээнүүдийн дагуу илүү авсан нийт 90.400.000 төгрөгийг Д.Ц-гаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Н.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Б-ыг 2018 оны 08 дугаар сард ХААН банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан, улмаар тус зээлийг хүүгийн хамт Ч.А-гаар төлүүлж байсан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Д.Ц- нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэл нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой бие даасан шаардлагыг гаргасан байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын  29-ний өдрийн 156/ШШ2022/00308 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ................ байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, учирсан хохирол 58,000,000 /тавин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Ч.А- нарын хооронд амаар байгуулагдсан ...............байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ...........байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А-д даалгаж, тус амаар байгуулагдсан гэрээний улмаас хариуцагч Ч.А-гаас нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлсэн нийт 118,425,000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-аас гаргуулан хариуцагч Ч.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д зааснаар хариуцагч Ч.А-гийн Д.Ц-д холбогдуулан гаргасан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 /ерэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-гийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б-аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хариуцагч Ч.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Ч.А-гийн зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 609,950 /зургаан зуун есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.А-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б-ы нэхэмжлэлтэй, Ч.А-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, 58.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.А-гийн Н.Б-д холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 118.425.000 төгрөг гаргуулах, Д.Ц-д холбогдох зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2022/00308 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Баянмод Огзом 3 гудамж 09 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, учирсан хохирол 58.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Ч.А- нарын хооронд амаар байгуулагдсан ..............байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ................. байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж Н.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А-д даалгаж, тус амаар байгуулагдсан гэрээний улмаас хариуцагч Ч.А-гаас нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлсэн нийт 118.425.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-аас гаргуулан Ч.А-д олгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т зааснаар хариуцагч Ч.А-гийн Д.Ц-д холбогдуулан гаргасан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90.400.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.

 

1. Шүүхийн шийдвэрт “...тул энэхүү харилцан тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй...”, “...Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д талуудын байгуулагдсан гэрээнд хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл болох гэрээний гол нөхцөлийг заавал тусгасан байх ёстой атал маргаан бүхий амаар байгуулсан гэрээнд талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаа нь гэрээний гол нөхцөлийг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. ...Иймд худалдах, худалдан авах амаар байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй...” гэж шүүх Н.Б- болон Ч.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулаагүй гэх агуулгаар дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар маргаан бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүйн улмаас гэрээ байгуулагдаагүй эсвэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон болох нь ойлгомжгүй, утга агуулгын хувьд алдаатай дүгнэлт хийсэн байна. Тодруулбал шүүхийн дүгнэлтэд дурдсанаар гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцоогүйн улмаас байгуулагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзсэн атлаа гэрээг хуулиар тогтоосон ямар хэлбэрийг, хуульд зааснаар ямар этгээдийн зөвшөөрлийг аваагүй талаар дүгнээгүй. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан зохицуулалтын агуулгыг дурдсанаас биш, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаар дүгнэлгүйгээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй гэсэн нь учир дутагдалтай болсон.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг 135.000.000 төгрөг гэж тодорхойлсон нөхцөлд нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч нь гэрээний үнийг 100.000.000 төгрөг байсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэх тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй болох бөгөөд ийнхүү нотолж чадаагүй байхад шүүх “...хэрэгт авагдсан баримтаар талуудын аль аль нь тус үл хөдлөх эд хөрөнгийг анх хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоо нотолж чадаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

 

3. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтийг гомдлын нэг дугаарт дурдсан. Ийнхүү талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаагүй гэж шүүхээс үзсэн атлаа хариуцагч Ч.А- нь үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн хууль ёсоор эзэмшиж байгаа, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас “үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

4. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийг агуулгыг “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 58.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс 118.425 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90.400.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 731.732 төгрөг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийг хэрхэн хангасан талаар тодруулахад “...118.425.000 төгрөг, сая 118.425 төгрөг гэж хэлсэн буруу...” гэж уншиж танилцуулсан болно.

Гэтэл шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар .............. байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А-д даалгаж...” гэж шийдвэрлэсэн нь шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр талуудад танилцуулан сонсгосноос өөр агуулгаар гарсан гэж үзэхээр байна.

 

5. Шүүх хариуцагч Ч.А-гийн Хаан банкны данснаас нэхэмжлэгч Н.Б-, Д.Ц- нарын Хаан банкны данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг аль гэрээний үүрэгт тооцож шилжүүлсэн болохыг үнэн зөв тогтоож чадаагүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад "...хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн аль хэсгийг нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт, аль хэсгийг нь зээлийн гэрээний үүрэгт, аль хэсгийг нь Наран дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан болохыг нарийн зааглаж, тодорхойлж чадаагүй...” гэж мэтгэлцсэн болохыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас ямар гэрээний үүрэгт хэдэн төгрөг шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Гэтэл шүүхээс дээр дурдсан Ч.А-гийн данснаас 80 удаагийн гүйлгээгээр нийт 71.374.680 төгрөгийг Н.Б- руу шилжүүлсэн гэж үзэж, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч Н.Б-ы нэр дээрх данс руу...” гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж эхэлсэн. Тухайн дансыг нэхэмжлэгч Н.Б-аас гадна, Д.Ц- нь хамтран эзэмшдэг бөгөөд уг дансаар тэдний ажиллуулдаг “Наран” цайны газар, хүнсний дэлгүүр зэрэг бусад бүх төрлийн гүйлгээг хийдэг болохыг шүүх хуралдааны явцад тайлбарласан. Үүнээс үзвэл, тухайн дансны хуулгаар орж ирсэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ямар хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохыг нарийвчлан судалж, үнийн дүнг гаргах байжээ.

Шүүхийн шийдвэрт дурдсан 80 удаагийн гүйлгээг он, сар, өдрөөр нь хэрэгт авагдсан дансны хуулгатай харьцуулан үзвэл, шүүх зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн "zeel, “huu”, “huu arnaa”, “huu arna”, tseegii” гэсэн утга бүхий нийт 26.582.200 төгрөгийн гүйлгээг, “Наран” хүнсний дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэд шилжүүлсэн “naran”, “naran del гэсэн утга бүхий нийт 5.240.000 төгрөгийн гүйлгээг тус тус худалдах, худалдан авах гэрээний үүрэгт давхардуулан тооцсон. “Наран” хүнсний дэлгүүрийг нэхэмжлэгч Н.Б- болон Д.Ц- нар ажиллуулдаг ба уг дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан талаарх тайлбарыг хариуцагч Ч.А- шүүх хуралдааны явцад гаргасан болохыг дурдаж байна.

Зээлийн гэрээ болон “Н” дэлгүүрээс худалдан авсан барааны үнээс гадна, шүүх 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус давхардуулж бодсон, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 550.000, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийн гүйлгээ хэрэгт авагдсан дансны хуулга дээр байхгүй байтал байсан мэтээр нэмж бичсэн байна. Дээрх тооцооллыг хүснэгтэн хэлбэрээр гомдолд хавсаргасан болохыг дурдаж байна.

Дээрх тооцооллыг нэгтгэж үзвэл, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 26.582.200 төгрөг, Наран дэлгүүрт төлөх төлбөрт шилжүүлсэн 5.240.180 төгрөг, давхардуулсан, байхгүй гүйлгээг байсан мэтээр бичсэн 3.550.000 төгрөг, нийт 35.372.380 төгрөгийг үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн мэтээр шүүхийн шийдвэрт дурдсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Шүүхийн шийдвэрийн 12, 13 дугаар талд хариуцагч Ч.А- нэхэмжлэгч Н.Б- руу мөнгө шилжүүлсэн огноо, хэмжээ зэргийг дурдаж, хэд дүгээр хавтаст хэрэг, хуудас зэргийг тус тус дурдсан. Гэтэл тухайн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрт дурдсанаар хавтаст хэрэгтэй тулгаж үзвэл, хэргийн хавтас, хуудасны тоо өөр хоорондоо зөрүүтэй байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талаас Н.Б-ы Хаан банкны дансны хуулга гаргуулах тухай хүсэлтийг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт шүүх дээр ирж, хэргийн материалтай танилцахад хэрэгт Хаан банкны дансны хуулга ирээгүй байсан. Гэтэл шүүх хуралдаан эхэлж, нотлох баримт шинжлэн судлах үед шүүгчийн захирамжид дурдсан Хаан банкны дансны хуулга нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байсан бөгөөд тухайн баримтуудтай танилцах боломжит хугацаа олгоогүй болно. Энэ нь Хаан банкнаас нотлох баримт хүргүүлсэн албан бичигт бичигдсэн огноо болон түүнийг ирсэн бичгээр хүлээн авсан шүүхийн дардсаар нотлогдох болно. Эдгээр нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасантай нийцээгүй болохыг дурдаж байна.

 

6. Шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хариуцагч Ч.А- нь үндэслэлгүйгээр 58.000.000 төгрөгийг олсон, хөрөнгөжсөн гэж мэтгэлцсэн. Шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тайлбарласан.

Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт хамаарах байтал зөвхөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар амаар тохиролцсоны дагуу үнийг дутуу төлсөн гэж үзэх боломжгүй, түүнийг мөнгө төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх агуулгаар дүгнэж, тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт талуудын тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэл болох талаар зохицуулсан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээнээс өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг сарын 1.000.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан талаар маргадаггүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Ч.А- нь үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, ашигласан гэж үзнэ. Шүүх дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүйд гомдолтой байна.

 

7. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон.

Тодруулбал, тухайн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцсэн гэж үзэж байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4-д “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно”, “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр” гэж тус тус заасан.

Хариуцагч Ч.А- нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг 100.000.000 төгрөгөөр байгуулагдсан талаар маргадаг бөгөөд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг, хуулийн дээрх зохицуулалттай харьцуулан үзвэл 100.000.000 төгрөгийн үнэ бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 657.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсныг дурдаж байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл нь тус хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил шүүх шийдвэрлэх учиртай.

Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 ...заасныг удирдлага болгосон нь үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл шаардлагыг аль алиныг нь хэрэгсэхгүй болгосон агуулгатай хуулийн зохицуулалтыг баримталсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийг шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн ямар зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан болох нь ойлгомжгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2022/00308 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой улсын орлогод хэвээр үлдээсэн 518.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид 588.350 /518.150+70.200/ төгрөг төлсөн болно. Хэрэв давж заалдах шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж үзвэл нэмж төлөхтэй холбоотой асуудлыг магадлалд тусгаж өгнө үү.

Давж заалдах гомдлын 4 дугаарт шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосноос өөр агуулгаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэсэн талаар дурдсан. Иймд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 308 дугаартай шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон хэсгийг шинжлэн судлах хүсэлтэй байна. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тухайн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг хэрэгт хавсаргаж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.             

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ч.А-д холбогдуулан ............... байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, учирсан хохирол 58,000,000 /тавин найман сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Ч.А- нарын хооронд амаар байгуулагдсан ......... байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, амаар байгуулагдсан гэрээний улмаас хариуцагч Ч.А-гаас шилжүүлсэн нийт 118,425,000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг Н.Б-аас гаргуулах, Д.Ц-д холбогдуулан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 /ерэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Ч.А- нарын хооронд амаар байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ............. байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А-д даалгаж, тус амаар байгуулагдсан гэрээний улмаас хариуцагч Ч.А-гаас нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлсэн 118,425,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-аас гаргуулан хариуцагч Ч.А-д олгож, хариуцагч Ч.А-гийн Д.Ц-д холбогдуулан гаргасан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгөх талаар огт дурдаагүй нь шүүх хуралдааны явцыг баримтжуулсан бичлэгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ...............байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А-д даалгаж...” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан “...Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана...”, мөн зүйлийн 119.2 дахь хэсэгт заасан “...Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно...” гэсэн заалтуудыг зөрчиж  шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа огт дурдаагүй асуудлыг бичгээр үйлдэхдээ нэмж тусгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

Шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн захирамж гаргасны дагуу Н.Б-ы Хаан банкны дансны гүйлгээний хуулга гэх 220 хуудас материалыг тус банкнаас 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн нь Хаан банкны Хэнтий салбарын албан бичиг болон түүнд хавсаргасан дансны хуулга /1 хх-ийн  234-өөс 2 хх-ийн 205 хуудас/ зэргээр тогтоогдож байгаа ба дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн талд танилцуулаагүй нь 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар хуудсанд байх “...1 хавтас 205 хуудас хэргийг танилцуулав...” гэх хэрэг танилцуулсан тухай баримтаас тодорхой харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т иргэний хэрэгт оролцогчийн эрхийг тодорхойлохдоо “...эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх...” эрхтэй гэж заажээ.

 

Анхан шатны шүүх эсрэг талын гаргасан нотлох баримтыг нэхэмжлэгчийн талд танилцуулаагүй нь мэтгэлцэх зарчим болон шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчсөн байна.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн талаар тайлбарлаж дүгнэсэн байхад уг асуудлыг хэрхэн үзэж шийдвэрлэж байгаагаа шүүх шийдвэртээ тусгаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд  заасны дагуу нэхэмжлэлийн үнийг зөв тодорхойлсон эсэх, мөн хуулийн 57 дугаар зүйл болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлүүлсэн эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд  заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэхэд гүйцэд дүгнэлт өгөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ...” гэж, 51.5-т “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ...” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны үйл ажиллагааны явцыг тухайлбал шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлснийг буулгасан шүүх хуралдааны нарийн бичгийн бичгийн даргын үйлдсэн баримт бичиг бөгөөд нотолгооны нэг хэрэгсэл болно.

 

Анхан шатны шүүх Н.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж шүүх хуралдааны тэмдэглэлийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн байхад тус хэргийн 156/ШШ2022/00308 дугаартай шийдвэр 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гарсан нь хоорондоо зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээс дүгнэхэд анхан шатны шүүх талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хангаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасанчлан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй холбоотой хэсгийг хэлэлцээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.БОЛОРМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Б.ДЭНСМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ