Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 765

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олгонууд овогт Авирмэдийн Одончимэдэд холбогдох эрүүгийн “1811025920876” дугаартай, 186/2018/0717/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, боржигон 16 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1102К тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, О овогт А.О, /РД:……………. /,

 

            Холбогдсон хэргийн талаар:

А.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1102к тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Нарантуяаг зодож түүний биед баруун богтос ясны далд хугарал, зүүн мөр, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Миний хүү арьс цайх өвчинтэй юм. 2018 оны 8 дугаар сарын 31-ны өдөр би 24 цагийн ээлжийн ажлаасаа буугаад гэртээ ирээд эхнэртэйгээ хүүгийн өвчинөөс болж маргасан. Тэгээд эхнэр миний урдаас аягатай халуун цай цацаад асуудал үүссэн. Үйлдсэн хэргээ хүлээж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нарантуяагийн:...бид хоёр 4 жил гаруй хугацаанд хамтран амьдарч байна. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай нөхөр А.О нь ажлаасаа ирсэн, манай бага хүү О.Отгон-Эрдэнэ нь удамшлийн арьсны цайралт өвчинтэй юм. Манай удамд уг өвчнөөр өвчилсөн хүн байдаггүй, харин А.Оийн эгч А.Оюунтуяагийн охин Мөнхцэцэг нь уг өвчинтэй юм. Өнөөдөр өглөө би А.Оэд уг өвчин нь удамшдаг өвчин юм байна гэдгийг хэлтэл “чи манай хамаатнууд болон манай удмыг доромжиллоо, Мөнхцэцэгийн өвчин чинь лусын хорлолоос болсон гэж лам хэлж байсан” гэх мэтээр хэлж уурлаад, ууж байсан аягатай цайгаа надруу цацсан. Дараа нь галын шилбүүр төмөр аваад миний баруун гарын бугуй, зүүн мөр хэсэг рүү хоёр удаа цохьсон. Надруу А.О нь том хутга бариад дайрах гээд байхаар нь би том хүү А.Түвшинтогтохыг дуудсан чинь хутгаа тавьчихаад “та нарыг бүгдийг чинь ална” гэж заналхийлсэн. А.Оийн хувьд намайг байнга хардаж, сэрддэг, миний гар утсыг байнга ухаж, шалгаж үздэг, гадуур дотуур ажил хийгээд явж байхад байнга араас залгаж, юу хийж байгааг тодруулдаг, өмнө нь намайг зодож байсан удаа байдаг. Гэхдээ би огт цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх 13-14/, 

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Баянмонголын:.. А.Оийг найзын хүрээнд танина. Ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй. А.О нь 1974 онд төрсөн залуу, би Одончимэдийг 2 жилийн өмнөөс эхэлж танина, халтуурын ажил хийж явж байгаад танилцаж байсан. А.Оийн хувьд одоо хамгаалагчийн ажил хийдэг, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг талаар сонсож байсан. А.Оийн эхнэр нь урьд 4 хүүхэдтэй байсан бөгөөд сүүлийнхэн өөрийнх нь хүүхэд гэж байсан. Өөр амьдралынхан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-19/,

 

      2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10699 тоот актын:

1. Н.Нарантуяагийн биед баруун богтос ясны далд хугарал, зүүн мөр, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой  Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-22/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-5/, эд мөрийн баримтаар  тооцох тухай тогтоол /хх-8/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  10699 дугаартай  дүгнэлт /хх-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

                          

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч А.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1102к тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Нарантуяаг зодож түүний биед баруун богтос ясны далд хугарал, зүүн мөр, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохнь хохирогч Н.Нарантуяа,  шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10699 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн                                        2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Н.Нарантуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт А.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  А.Оийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар А.Одончимдэд  оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  шүүгдэгч А.О-д  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүргэж болгож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.О-д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн    1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын шилээвэр төмрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

 

7.Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Оэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ