Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 19

 

А.Оэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.О,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай эсэргүүцлээр А.Оэд холбогдох эрүүгийн 1811025920876 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн А.О, 1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

А.О нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1102К тоотод буюу өөрийн гэртээ, хамтран амьдрагч Н.Нг зодож, баруун богтос ясны далд хугарал, зүүн мөр, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: А.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Оийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Оэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Оэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын шилээвэр төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалттай. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, шүүгдэгч А.Оэд хорих ял оногдуулсны дараа хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Оийн өмгөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор эсэргүүцэлдээ “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг шүүх буруу хэрэглэсэн” гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн үг байхгүй. Ялаас чөлөөлөх, эсвэл 1-3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх талаар дурдсан. Тийм учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хамтран амьдрагчтайгаа эвлэрсэн. Хамтран амьдрагчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй гэсэн. Мөн эмчлүүлэхэд нь хамт явж, эмчилгээний зардлыг төлсөн учраас хохирогчоос ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Оэд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

 А.О нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1102К тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Нг галын шилээвэр төмрөөр цохиж, баруун богтос ясны далд хугарал, зүүн мөр, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч А.О нь хамтран амьдрагч Н.Нг зодсоноо хүлээн мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Нгийн мэдүүлэг /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10699 дугаартай “Н.Нгийн биед баруун богтос ясны далд хугарал, зүүн мөр, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-22/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9-10/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэн А.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Оийн хохирогч Н.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс А.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангид заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан агуулга, ерөнхий зарчмаар хэрэглэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл, тэнсэх тохиолдолд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэдэг зохицуулалттай.    

Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх” гэсэн нэмэлт заалт оруулан шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР     

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН