Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01747

 

 

 

 

 

 

2022 09 16 210/МА2022/01747

 

Г.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02445 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Л-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Р-, Б.Ж- нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ж-, Р.Р- нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбай бүхий газар Худалдах-худалдан авах гэрээ-ний хэсэг болох 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Р.Р- Г.Л- нарын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдсан 100 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Л-ийг тогтоож, 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Л-ийн өмчлөлд шилжүүлэхийг Р.Р-, Б.Ж- нарт даалгуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Р.Р-ийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б-, хариуцагч Б.Ж-, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Г.Э- миний бие 2014 онд өөрийн найз Р.Р-ээс 000000 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 100 м.кв газрыг 200,000 төгрөгөөр өөрийн төрсөн дүү Г.Л-ид худалдах, худалдан авахад зуучилж, улмаар 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Р.Р-, Г.Л- нар нь харилцан тохиролцож Худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, 200,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Р.Р- нь өнөөдрийг хүртэл дээрх 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Г.Л-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. Маргаан бүхий газрыг дүүгийнхээ нэр дээр болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагч Р.Р-ийн тайлбарын агуулга: Би 200,000 төгрөгөөр 100 м.кв газар худалдахаар тохироогүй. Гэрээнд согтуудаа хүчээр гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулмаар байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Ж-ы тайлбарын агуулга: 2018 оны 05 сард анх хашаа байшинг Р.Р-ээс худалдаж авсан. Энэ газар надад шилжсэн газар тул өгч чадахгүй гэжээ.

 

4. Хариуцагч Р.Р-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Р.Р- нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө 200,000 төгрөгөөр худалдаагүй намайг зарчих гэж удаа дараа хандаж байсан. Манай гэрт 200,000 төгрөгийг ширээн дээр тавиад гарч байсан. Б.Ж-, Р.Р- нар гэрээ байгуулан 622 м.кв газрыг худалдсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Г.Л-, Г.Э- нар нь анхан шатны шүүхэд энэ газрын талаар нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Танай газар мөн юм байна, шилжүүлж өгнө гэж тохирсон. Нотариат руу Г.Л-, Р.Р- бид 3 орсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч Р.Р-, Б.Ж- нарт холбогдуулан гаргасан Б.Ж-, Р.Р- нарын хооронд 2018.05.14-ний өдөр байгуулсан гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбай бүхий газар Худалдах, худалдан авах гэрээ-ний хэсэг болох 2014.05.29-ний өдөр Р.Р- Г.Л- нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан 100 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Л-ийг тогтоож, 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Л-ийн өмчлөлд шилжүүлэхийг Р.Р-, Б.Ж- нарт даалгах тухай нэхэмжлэгч Г.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2, 110 дугаар зүйлийн 110.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Р.Р-ийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Г.Л-ид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Р.Р-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд барьцааны зүйлийг бусдад худалдах, худалдан авахыг хориглоогүй.

7.б. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож барьцаанд байсан 100 м.кв газрыг худалдаж авсан. Мөн хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уг газрыг барьцаанаас чөлөөлж, худалдан авагчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Хариуцагч тал шүүхэд нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй атал шүүх ...эрхийн доголдолтой хөрөнгө худалдаж авсан тул шаардах эрхгүй хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцээгүй.

7.в. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд хураалгаагүй харин барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон атал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Урьдчилсан тэмдэглэл заавал хийлгэх талаар үүрэг болгосон зохицуулалт байхгүй. Хариуцагч бүртгэлийн газарт удаа дараа очихоос зайлсхийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

7.г. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17, 18 дахь хэсэгт Б.Ж-ыг эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.Ж- тухайн газрыг худалдаж авахаас өмнө газар нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн байсан. Захиргааны хэргийн шийдвэр нь 437 м.кв газартай холбоотой бүртгэл хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоохтой холбоотой маргаан атал шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгагдсан нь алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Д.Ж-ы давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г.Э-ээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж тухайн газрыг авсан. Тухайн үед барьцаанд байгаагүй худалдаж авснаар миний нэр дээр шилжсэн. Өмнө нь тухайн газарт байшин баригдсан байсан. Намайг худалдаж авснаас хойш маргаан үүссэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд өмчилж авсан газраа буцааж авна гэжээ.

 

9. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Р.Р- өнөөдрийн шүүх хуралдаанд хөдөө явсан учраас оролцоогүй. Р.Р- нь Г.Л-той худалдах, худалдах авах гэрээг байгуулаагүй бөгөөд намайг согтуу байхад гэрээ байгуулсан гарын үсэг минийх биш бөгөөд газраа 200,000 төгрөгөөр зараагүй тухайн мөнгийг нь буцааж өгсөн гэх тайлбарыг өгсөн. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэх хугацаа байсан боловч бүртгүүлээгүй. Газрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан мэдүүлэг гаргаж бүртгүүлэх ёстой боловч мэдэгдэл гаргаж бүртгүүлээгүй учраас шүүхэд хандахад улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж тухайн үеийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын бүртгэлд бүртгэж хууль ёсны өмчлөх гэрчилгээ олгосны дагуу кадастрын зурагт өөрчлөлт оруулж газрын хэмжээ ихэссэнд тооцогдохоор хуульчилсан учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.Л- нь хариуцагч Б.Ж-, Р.Р- нарт холбогдуулан Б.Ж-, Р.Р- нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбай бүхий газар Худалдах-худалдан авах гэрээ-ний хэсэг болох 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Р.Р- Г.Л- нарын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдсан 100 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Л-ийг тогтоож, 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Л-ийн өмчлөлд шилжүүлэхийг Р.Р-, Б.Ж- нарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Р.Р-, Б.Ж- нар нь эс зөвшөөрч, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Г.Л- болон Р.Р- нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Р.Р- нь 000000 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 100 м.кв талбайтай газрыг Г.Л-ид 200,000 төгрөгөөр худалдах, газрыг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлж өгөхөөр харилцан тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх. 7/

 

4. Б.Ж- болон Р.Р- нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Р.Р- нь 000000 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбайтай газрыг Б.Ж-д 5,000,000 төгрөгрөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч уг гэрээнүүдийн зүйлийг зөв тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийг гэрээний талууд өөрсдөө тодорхойлж нэрлэх нь газрыг худалдах боломжгүй газар эзэмших эрхийг худалдах хуулийн зохицуулалттай тул уг эрхийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шийдвэр үйлдэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүх хянан маргаан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг гагцхүү шийдвэрийн албан бланк дээр хэвлэж, гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангана.

 

Гэтэл, шүүхийн шийдвэрийг захирамжийн албан бланк дээр хэвлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй. Захирамжийн албан бланк дээр хэвлэгдсэн шийдвэрийг техник алдаа гэж үзэхгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг бэхжүүлдэг захирамжийн албан бланк дээр үйлдсэнийг шүүхийн шийдвэр гарсан гэж үзэхгүй.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан процессийн хуулийн буруу хэрэглэсэн, уг алдааг залруулах боломжгүй байна.

 

6. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэх гэдэг шаардлагууд нь зэрэгцсэн нэг шаардлага байхад 2 янзаар тодорхойлсныг зааглан мэтгэлцүүлэх учиртай.

 

Мөн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай. Р.Р-, Г.Л- нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагын үр дагаврыг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

7.а. Анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 695 дугаар захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй захиргааны хэргийн 228-231 дугаар талд авагдсан ...Р.Р- Г.Л-оос 200,000 төгрөг хүлээж авсан .... гэх тайлбар баримт, мөн хэргийн 217-227 дугаар талд авагдсан 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Р.Р-, Г.Л- нарын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ түүнд хавсарган ирүүлсэн нийт 10 хуудас бүхий /Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б-ын гэрчилсэн гэх/ баримтуудыг, мөн хэргээс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1673 тоот Улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагчийн албан бичгийг тус тус нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан байна. /хх. 87-88/

 

7.б. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Р.Р-, Г.Л- нарын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ, түүнд хавсарган ирүүлсэн нийт 10 хуудас бүхий /Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б-ын гэрчилсэн гэх/ баримтуудыг, мөн хэргээс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1673 тоот Улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагчийн албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлэхдээ өөрийн байгууллагын буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулбар үнэн тэмдэг даржээ. Эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй. /хх. 96-101/

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журам нь тухайн байгууллага өөрийн үйлдсэн баримт бичигт хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулах хамаарна. Харин бусад байгууллагын үйлдсэн баримтад хуулбар үнэн тэмдэг дарсан байдлыг баталгаажуулсан гэж ойлгохгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх хуульд заасан шаардлага хангахгүй нотлох баримт гэж үнэлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болно.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР