Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2022/00095

 

ир 

 

 

 

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2022/00095

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.*******, ******* ХХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******, ******* ХХК-нд холбогдох,

Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт *******ын өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан Б.*******, ******* ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.*******, "*******" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Б.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир цахимаар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, үндэслэл

Иргэн *******ын үйлчилгээний зориулалттай 249,3 метр квадрат талбай бүхий Ү- 2101016996 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын нэг иж бүрдэл барилгын баруун жигүүрийн нэг дүгээр давхарт байрладаг. Барилгын энэ хэсэг нь анх 1977 онд тэр үеийн ЗХУ-ын ЦНИИЭП жилища институтэд боловсруулсан зураг төслөөр баригдсан хэвээр байгаа ба зураг төсөл нь ч байна. *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зураг төслийн дагуу баригдсан гадагшаа харсан хоёр цонхыг хааж, барилгын хананд тулгаж Б.******* / "*******"ХХК-ийн эзэн гэх/ 2013 онд өргөтгөл барьж эхэлсэн. Энэ нь хөрш өмчлөгчийн эрхийг зөрчиж байгааг анхааруулсан боловч Б.******* үл тоомсорлосон ба тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг өргөтгөл нь зөрчилтэй талаар шалгаж акт тогтоож, зогсоож байсан байна. Бидний ойлгож байгаагаар Б.*******ы энэ өргөтгөл барилгыг улсын комисс одоо хүртэл ашиглалтад хүлээн авч акт гаргаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Б.******* нь *******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хэсэгт өмчлөгчийн болон зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр даацын ханыг цөмлөж 2 ширхэг цонх гарсан. Б.******* /"Зээр үрээ" ХХК/-ийн энэ хууль бус ажиллагаанаас хамаарч иргэн ******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглалтын шаардлага хангасан хэлбэрээр ашиглаж чадахгүй 6-7 жил болж байна. Б.******* /"*******" ХХК/-ын өргөтгөл барилга нь *******ын өмчлөлийн хэсгийн цонхыг хааснаараа БНбД 23-04-07-д заасан нарны гэрлийн тусгалын норм, БНбД 21-01-02, 21-02-02-т заасан Барилга байгууламжийн галын аюулгүйн болон зураг төсөл зохиох галын аюулгүйн нормыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд хөршийн эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд хөршийн хууль ёсны шаардлагыг үл тоомсорлож байх тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт *******ын өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан Б.******* "*******" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Б.******* *******" ХХК-д даалгана уу гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга, үндэслэл

Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Сэлэнгэ зочид буудлын өргөтгөл барилгыг хууль ёсны дагуу худалдаж авсан жинхэнэ өмчлөгч юм. Тухайн нэхэмжлэгч нь өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэх, хууль зөрчиж өргөтгөл барьсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг миний бие ойлгохгүй байна. Түүний санаагаар нэгэнт зөвшөөрөл авсан байхад дараагийн өмчлөгчөөс нь дахин зөвшөөрөл авна гэдэг бол амьдралд нийцэхгүй юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль бус гэдэг нь ор үндэсгүй худал зүйл болно. Шаардлагатай бүх бичиг баримтыг хожим хүргүүлэх болно гэжээ.

Хариуцагч Зээрд Үрээ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-н захирал Ц.Нямсүрэнгийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1/38 дугаартай албан би-гийг үндэслэж өөрөөр хэлбэл анх барилгыг барихад Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-иас зөвшөөрөл авч барилгын өргөтгөлийн зургийн дагуу өргөтгөлийн ажил хийгдсэн болно. Ү-2101017077 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу Б.*******д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага нь Зээрд-үрээ ХХК-д хамааралгүй болно гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн хариуцагч Б.*******, Зээрд Үрээ ХХК нарт холбогдуулан гаргасан Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт *******ын өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Б.*******, *******" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл байдал, нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, уг харилцааг зохицуулж байгаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мэтгэлцээний үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээс илтэд үндэслэлгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэсэн. Үүнд: Нэг.Газрын эрхийн асуудал: Шүүхийн '*******" ХХК нь Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн захирал Ц.Нямсүрэнгийн зөвшөөрлөөр барилгын өргөтгөлийг барьсан, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 04 сарын 01-нд авч үл хөдлөх хөрөнгөө худалдсан нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт илтэд үндэслэлгүй бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Үүнд: а.Бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрх Иргэний хуулийн 150 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах ба ба барилга байгууламж барих зориулалтаар бусдын өмчийн газрыг эзэмших эрхийг мөн энэ зүйлээр зохицуулсан. б. Төрийн нийтийн өмчийн газрыг эрх бүхий этгээдээс олгосон эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр хууль болон гэрээнд заасан тодорхой нөхцөл, хугацаагаар эзэмшиж байгаа этгээд бусдад эзэмшил газар дээрээ барилга, байгууламж барих эрх олгох эрх хэмжээ тогтоосон хуулийн зохицуулалт байхгүй. Ийм хүсэл сонирхол бүхий этгээдүүд байгаа бол асуудал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар зохицуулагдана. ******* болон Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-дад хуулийн энэ шаардлагын дагуу зохих газарт хандсан зүйл байхгүй болох нь тодорхой болсон. Хоёр.******* ХХК-ийн барилга хууль тогтоомжийг илтэд зөрчиж баригдсан байна. а. Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн захирал гэх Ц.Нямсүрэнгийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны 1/38 тоот бичгийн агуулгыг үзвэл: Орхон аймгийн ерөнхий архитекторт хандсан, Барилгын зураг, холбогдох эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр, Хоёр компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд, Өргөтгөл барихад татгалзах зүйлгүй болохыг уламжилсан болохоос биш өөрийн эзэмшил газар дээр барилга, байгууламж барих эрх олгоогүй байна. б. Энэ бичгийн хүрээнд "*******" ХХК өргөтөл барих бол Барилгын болон Газрын тухай хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших эрхийг олж авсны үндсэн дээр техникийн нөхцөл ав1- зураг төсөл боловсруулан хянан магадалгаа хийлгэж,барилга архитекторын даалгавар батлуулсны үндсэн дээр, эрх бүхий этгээдээс барилга эхлүүлэх зөвшөөрөл авч, улмаар барилЬ!ч өргөтгөлийг барьж дуусаад улсын комиссоор ашиглалтад хүлээн авч ашиглах ёстой байна. Гэтэл энэ барилгын өргөтгөлийн дээр дурдсан бичиг баримт хуульд зааснаар архивт хадгалагдах ёстой боловч архивт байхгүй, өөрсдөө нотолж чадахгүй, тухайн үед хяналтын байгууллагаас энэ талаар шаардлага өгч байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх байдлуудаас үзэхэд "*******" ХХК-ийн өргөтгөлийн барилга нь газрын зөвшөөрөлгүйгээр, хуульд заасан наад захын шаардлага хангаагүй, хууль бусаар баригдсан нь тодорхой байна. в.Мэргэжлийн хяналтын байгууллагын тухайн үед өгч байсан шаардлага, хуулийн этгээдийн лавлагаагаар барилгын өргөтгөлийг эхлэх, барих, дуусгах үед Б.******* нь Зээр үрээ ХХК-ийг төлөөлөх эрх бүхий хууль тогтоомж биелүүлэх үүрэг бүхий этгээд байсан байх бөгөөд хожим 2019-2020 онд газар болон хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан байна. Гурав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа байдалд шүүх буруу дүгнэлт өгсөн. Хариуцагч тал газрын эрхийн асуудал, барилга байгууламжийг хэрхэн барьсан асуудал нэхэмжлэгч, түүний нэхэмжлэлийн шаардлагад төдийлөн хамаатай биш мэтээр маргадаг. Гэтэл "*******" ХХК, Б.*******ы хууль зөрчиж барьсан энэ нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэгч ******* өөрийн өмчөө хэвийн байдлаар ашиглах боломжгүй болж ашиглалтгүй байлгаж байгаа нөхцөл байдал, БнБД-ын шаардлагыг илт зөрчиж байгаа баримт, байдлыг шүүх "ноцтой" хохироосон гэж тогтоогдоогүй, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол илтэд харшилсан үйл баримт тогтоогдохгүй гэж дүгнэж, хариуцагчийн илт бус байдлыг хамгаалж байгаа нь тун "сонирхолтой" хардлага төрүүлж байна. а. Ба~баярын 249,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 1977 онд тэр үеийн ЗХУ-ын институтэд боловсруулсан зураг төслөөр баригдсан "Сэлэнгэ зочид буудал гэх ерөнхий нэршилтэй барилга байгууламжийн үндсэн хийц хэсэг, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй нэг хэсэг юм. Түүний энэхүү 249,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 2 өрөө 4 цонх, коридорын 1 цонхыг хааж ******* ХХК барилга барьсан байгаа үйл байдалд талууд маргадаггүй. *******ын өмч нь иргэний барилга байгууламж бөгөөд үйл-.- -гээ-ий зориулалтаар ашиглахаас өөр боломжгүй. Хөрш залгаа этгээд "*******" Б.*******ы хууль бус үйлдлээс шалтгаалж 2014 оноос хойш ашиглалтгүй /Зарим үед сургалтын танхим, караоке хэлбэрээр ашиглах оролдлого хийгээд "Зээр үрээ" ХХК, *******ы цонх хаасан байдлаас болж амжилт олоогүй/ гэсэн байдлаас болж амжилт олоогүй/ байсаар байна. б. Хөршийн барилга, байгууламж нь *******ын өмчлөлийн барилгын хэсэгт хэрхэн нөлөөлж байгааг газар дээр нь үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 75-82 тал/, шинжээч Д.Нямбаатарын дүгнэлт, шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ тайлбарласан/ Хэргийн.....................тал/ баримтуудаас Зээд үрээ ХХК Б.*******ы барилга хөршийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа байдал тодорхой болсон. Б.Нямбаатарын дүгнэлт хэдийгээр хэлбэрийн хувьд "Шинжээчийн дүгнэлт"-ийн шаардлага хангахгүй ч түүний шүүх хуралдаанд өгсөн дүгнэлтээ тайлбарласан өргөтгөлийн барилга нь БнБД-ийг хэрхэн зөрчсөн талаарх тайлбарыг шүүх үнэлэх боломжтой. в. Шүүх иргэн Б.******* нь нэгэнт газрын эрхтэй, бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан өмчлөгчийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн байх боловч эрхийн талаар доголдолтой эд хөрөнгийг худалдсан, худалдан авсан Б.******* үүнийг мэдэж байсан боловч хүсэж бусдын эрхийг хохироох замаар өөрийн эрхийг хангасан нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөх учиртай. Нөгөө талаар шүүх "*******"ХХК, Б. *******ы өргөтөл нь *******ын өмчөө хэвийн байдлаар ашиглах боломжийг хааж байгаа, хууль тогтоомжийг илтэд зөрчиж баригдсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байхад нэхэмжлэгчид "ноцтой хохирол учраагүй, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшлаагүй" гэж дүгнэж байгаа Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг няцааж байгаа ноцтой биш", илтэд л харшлаагүй гэх үндэслэлээ нотлох баримтын болон хуулийн зохицуулалтын үүднээс тодорхой дүгнээгүй нь шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Хариуцагч тал шүүх хуралдаанд "Нэхэмжлэгч барилгын өргөтгөлийг буулгах биш, харин Иргэний хуулийн 135.2-т зааснаар мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах боломжтой /Хэргийн талд үз/ гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэл хүргүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ талаар хариуцагч ямар ч санал гаргаагүй, шууд шаардлага, нэхэмжлэлийг сөрж маргасан тул нэхэмжлэгчээс энэ талаар санал гаргах боломжгүй байсан. Хэрэв тийм санал байгаа бол нэхэмжлэгч нь хэвийн байдлаар өмчөө ашиглах ашиглалтын хувилбар, тооцоо хийж сар бүрийн нөхөн төлбөрийн хэмжээг санал болгох боломжтой. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 13-ны 00838 тоот шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу. Шүүхийн шийдвэрийг 2022 оны 06 сарын 29-нд шүүхээс хүлээн авсан бөгөөд давж заалдах гомдол гаргах эцсийн хугацаа 2022.07.13-ны өдрөөр дуусгавар болсон. Долоо Дугаар сарын 13-17-ны дуустал бүх нийтийн болон бямба, ням гарагийн амралтын өдрүүд байсан тул Иргэний хуулийн 12.2-1 зааснаар түүний дараагийн ажлын өдөр буюу 7 дугаар сарын 18-ны эцсийн өдөр болох тул энэ өдөр гомдлыг шүүхийн бүртгэлд хүлээлгэн өгөв. Давж заалдах хуралд оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нь шүүхэд Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт *******ын өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Б.*******, ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.******* ...Сэлэнгэ зочид буудлын өргөтгөл барилгыг хууль ёсны дагуу худалдаж авсан жинхэнэ өмчлөгч нь би юм. Нэгэнт зөвшөөрөл авсан байхад дараагийн өмчлөгчөөс нь дахин зөвшөөрөл авна гэдэг бол амьдралд нийцэхгүй юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна... Зээрд Үрээ ХХКомпаний төлөөлөгч ..өргөтгөлийн ажил хийгдсэн Ү-2101017077 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу Б.*******д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага нь Зээрд-үрээ ХХК-д хамааралгүй гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн байх нь эрх зүйн маргааны талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөнд тооцогдох үндэслэл болно.

4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхээр зохигчоос гаргасан хүсэлтийг хангах талаар захирамж гаргасны дараа захирамжилсан ажиллагаа бүрэн гүйцэт хэрэгжсэн эсэхийг анхаарах ёстой.

5. Шүүгчийн захирамжийн дагуу ирсэн баримтуудын агуулга, хэлбэр нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, шинжээчиин дүгнэлт нь хуульд нийцсэн эсэхийг хянаж, зөрчил дутагдалтай бол дахин шаардан гаргуулах ёстой.

6.Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШЗ2021/04979 дугаартай захирамжаар Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг шинжээчээр томилж, шинжээчид ...а/.Барилгын болон Хот байгуулалтын хууль тогтоомжид заасан шаардлага, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм / Засгийн газрын 2018 оны 317, 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан/ -ийг хангаж баригдаж, ашиглалтад хүлээн авсан эсэх, б/. даацын хананд гаргасан гэх 2 цонх нь барилгын анхны зургаар төлөвлөгдсөн, эсхүл хожим нэмж гаргасан алин болох, барилгын даацад нөлөөлөх эсэх, в/.Б.*******ы өргөтгөлийн барилга нь *******ын өмчлөлийн өрөө тасалгааны нарны тусгалын нормыг хангах эсэх, галын аюулгүй байдлын нормыг хангах эсэх зэрэг асуултанд хариулт авахаар захирамжилсан боловч шинжээч Д.Нямбаатар ...өргөтгөлийн барилга нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 2.11., заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлага, Орон сууц, олон нийтийн барилга орон сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын ээвэрлэлтийн хангамж /БНбД 23-04-07/-ийн 3.1., 3.6., заалтыг тус тус зөрчсөн болно гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба тэрээр эхний 2 асуултанд ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

7. Шүүх ...өргөтгөл барилгыг барихдаа тухайн үеийн Сэлэнгэ Эрдэнэт ХХК-ны захирал Ц.Нямсүрэнгээс зөвшөөрөл авсан, анхны өмчлөгч нарын харилцан зөвшөөрлийн дагуу баригдсан тул шинэ өмчлөгчийг буруутгах боломжгүй, ...шаардах эрх үүсэхгүй гэсэн дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу үнэлээгүйгээс хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

8. Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт байрлалтай 249.3 м/кв үл хөдлөх барилгын өмчлөгчөөр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тогтоогдсон, хариуцагч ******* ХХК-ний нэр дээр уг өргөтгөлийн барилгын 80 м/кв газар эзэмших эрхийг анх 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн захирал Нямсүрэн ...Зээрд-Үрээ ХХК-тай хамтран ажиллах гэрээнд заасны дагуу барилгын зураг, холбогдох эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр Сэлэнгэ зочид буудлын гадна талын 18*4,4=79,2 м2 газарт өргөтгөл барихад татгалзах зүйлгүй тухай албан тоотыг Орхон аймгийн Ерөнхий архитектор С.Даваасүрэнд хүргүүлсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

9. Хэргийн оролцогчоос гаргасан дээрх баримтуудаас үзэхэд уг өргөтгөлийн барилгыг Улсын комисс хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, барилга барих зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан, бусад өмчлөгч нартай зөвшилцсөн болох нь тогтоогдохгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгч талд хүлээлгэсэн нь буруу байна.

10. Дээр дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх заалтанд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ