Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00096

 

 

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00096

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй, хүсэлт гаргагч ******* ХХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ******* ХХК-ийн ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Татварын өр төлбөр 66.310.688.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтунгалаг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Улсын бүртгэлийн 2011004046 дугаар, 43688789 регистрийн дугаартай ******* ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1,000,00 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани 2013 оноос эхэлж барилгын засвар, нийтийн хоолны чиглэлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. ******* ХХК-ийн үйл ажиллагаа 2016 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргаж байна.

Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрээс хамгийн их сөрөг үр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон. Компанийн хөрөнгийн хэмжээ: 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар ******* ХХК нь 0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 0 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, нийт 0 төгрөгийн хөрөнгөтэй байна. Компанийн өр төлбөр, авлагын хэмжээ: Орхон аймгийн *******т 2012-2019 оны хооронд үүссэн татварын өр хуримтлагдаж нийт 66,310,688.840 төгрөгийн татварын өртэй байна. Компанийн хөрөнгө болон өр төлбөрийг харьцуулан үзэхэд ******* ХХК нь өөрийн хөрөнгөгүй мөртлөө дээрх хэмжээний өр төлбөртэй байна. ******* ХХК нь бусдаас авах авлагагүй болно. ******* ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүй байх саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгөгүй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийг дампуурсанд тооцуулж татан буулгах хүсэлт гаргасан. ******* ХХК нь 2006 оны 02 дугаар сард анх хүнсний бөөний худалдаа нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1 гишүүнтэйгээр байгуулагдаж 2013 оноос эхлээд барилгын засвар гэсэн үйл ажиллагааны чиглэл нэмүүлсэн. 2013 оноос ихэвчлэн хүнсний бөөний худалдаа нийтийн хоолны үйлчилгээ явуулж байсан. Тэгээд 2016 оноос компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээ авсан боловч өнөөдрийн байдлаар дэвшилтэд хүрч чадаагүй. Цаашид удирдан зохион байгуулах, компанийг авч явах боломжгүй гэсэн үүднээс энэхүү хүсэлтийг гаргасан. Дэлхийн нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой эдийн засгийн хямрал, улс орны улс төрийн байдал, хүнсний бүтээгдэхүүн бараа материалын огцом өсөлт, хил гаалийн асуудалтай холбоотой нөхцөл байдал нь цаашид компанийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, төлбөрийн чадваргүйд тооцуулж татан буулгах үндэслэл үүссэн. Компанийн зүгээс компани хэд хэдэн зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон гэдгээ тайлбарладаг. Хүнсний бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулаад эргээд гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, төлбөрийг төлөх чадваргүй байдалд орсон. Гэрээнээс үүдэлтэй зардалд эдийн засгийн тооцоо төлөвлөлт байхгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Үүнд удирдлагын буруу арга барил нөлөөлсөн гэж үздэг. Үнийн өсөлт, санхүүгийн сахилга баттай холбоотой нөхцөл байдлууд үүссэн. ******* ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар шүүхэд хүсэлт өгөх үед 0 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, эргэлтийн хөрөнгө байхгүй, өөрийн эзэмшлийн хөрөнгөгүй компани юм. Шүүх Дампуурлын тухай хуулийн 5.1.2-т заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэж, компанийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор холбогдох эрх бүхий байгууллагуудаас хөрөнгийн эрхийн лавлагаа, гадны харилцах дансны мэдээллүүдийг авсан. Мөн хуулийн 15.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүй болохыг зарлаж нэхэмжлэл авах хугацааг хуульд заасан хугацаагаар тогтоож явсан. Үүний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс 66.300.000 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл ирсэн. Мөн хэрэг гүйцэтгэгчийг томилж, дүгнэлтээ хуулийн хугацаанд шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч аль аль нь энэ хэрэгтэй холбоотой ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй, хуулийн хугацаанд төлөвлөгөө ирүүлээгүй. Хэргийн материалд эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа, дансны хуулганууд бүгд эх хувиараа байгаа, хуурамчаар үйлдээгүй. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гэж юу болох, юу юуг тусгасан байх ёстой талаар тодорхой заасан. Үүний дагуу дүгнэлт гарсан. Түүнчлэн Дампуурлын тухай хууль, бусад холбогдох хуулийг зөрчөөгүй. Татварын тайланг татвар төлөгч болгон хуульд заасан хугацаанд өгөх ёстой. ******* ХХК-ний үйл ажиллагаа нь 2016 оноос хойш доголдсон, 2018 оноос хойш тайлан өгөөд явж байсан. Тайлан өгч байгаа болгоныг үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болохгүй. Татвар төлөгчөөр бүртгэлтэй компани учир тайлангаа өгөх ёстой. Хэрэв тайлангаа өгөхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох арга хэмжээ авдаг. Үйл ажиллагаа явуулаад орлого олж байгаа бол үүнтэй холбоотой тайлангаа тайлагнаад явдаг. Үйл ажиллагаа явуулаагүй тул Х тайлан өгдөг. Тайлан өгсөн болгон нь орлого олсон гэсэн үг биш. Тийм учраас Дампуурлын тухай хуулийн 33.1.1-д зааснаар хариуцагчийг татан буулгах хүсэлтийг хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр болон хүсэлт гаргагчийн зүгээс дүгнэлтдээ дурдсан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар төлбөрийн чадваргүй, үйл ажиллагаагаа зогсоох болсон шалтгаануудыг тодорхой дурдсан ба эдгээрээр хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа тул ******* ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэвээнсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4368789 тоот регистрийн дугаартай Өсөх очир ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийтдээ 20.431.414.6 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өсөх очир" ХХК нь өнөөдрийн байдлаар 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 343.518.64 төгрөгийн, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 28.100 төгрөгийн, 2014 оны оны нэмэгдсэн өртгийн албан татварын 13.645.032.57 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 788.705.5 төгрөг, ахуйн нэгжийн орлогын албан татвараар 900.094.36 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 3.695.054.54 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 1.751.841.00 төгрөг, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 21,109,091 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 193.490.91 төгрөг, 2016 оны хяналт шалгалтын актаар 17.318.181.8 төгрөг, 2018 оны ахуйн нэгжийн орлогын албан татвараар 398,400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 5.923.845.18 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 83.467 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 125.199.67 төгрөг, 2019 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 6.666.67 төгрөгийн нийт 66.310.688.840 төгрөгийн албан татварын өртэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-иас 66.310.688 төгрөгийн татварын өрийг төсөвт төлүүлэхээр шаардаж байгаа. Энэ компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 20.431.410 төгрөгийн татвар төлсөн байдаг. Татвар ногдох орлого татвар төлөх үйл ажиллагаанд хамаарах үйл ажиллагаа явуулдаг, татвар төлөх үүрэгтэй компани байгаа. Гэсэн хэдий ч 2012 оноос эхлэн татварын холбогдох хуулиудад заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2012 оны НӨАТ-р 343,5 төгрөг, цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татвараар 28 төгрөг, 2013 оны НӨАТ-р 6.000.000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар ... төгрөг, мөн аж ахуйн нэгжийн албан татвараар 901, төгрөг, НӨАТ-р 3.5 сая төгрөг, НӨАТ-р 1751.8 сая төгрөг, 2014 оны НӨАТ-р 21.1 сая төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 193.4 мянган төгрөг, 2016 оны хяналт шалгалтын актаар 17,3 сая төгрөг, 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 398.4 төгрөг, мөн НӨАТ-р 5,9 сая төгрөг, цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татвараар 83.4 мянган төгрөг, 2019 оны цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татвараар 6.6 мянган төгрөг нийтдээ 66.310.680 төгрөгийн татварын өртэй байгаа. Тухайн он ондоо үйл ажиллагаагаа явуулаад байгаа нь татварын гаргасан тайлангуудаар харагдаж байгаа. Тайлагнасан татварууд нь тухайн компани ашгаа авч үлдсэнээс нь ашгаа ногдуулдаг. Үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээнд ашиг авсан, 2010 оноос 2019 он хүртэл тайлан гаргаж өгөөд байгаа хэдий ч татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа. Ийм байдлаар татвар төлөхөөс зайлсхийж, татвар төлөхгүй байх ийм арга хэлбэрийг сонгож байгаад бидний зүгээс харамсаж байна. Дахин хөрөнгөжүүлэх санал гаргаагүй. Хуульд зааснаар төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай нь уялдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага буюу татварын алба хувь компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Гэхдээ үйл ажиллагаа явуулж, татвар ногдох орлого олж байгаа нь нотлогдож байгааг хэлэх нь зүйтэй. Дампууруулах дүгнэлт ямар үндэслэл, шалгуураар гарсан юм бол? Дүгнэлт учир дутагдалтай гарч байна гэж бид бүхэн гомдолтой байна. Татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул татан буулгахыг эсэргүүцэж байна. Бүх иргэд аж ахуйн нэгжүүд маань татан буулгаад байвал алсдаа татварын хууль бүрэн утгаар хэрэгжихгүй. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, дампууруулах үндэслэлгүй гэв.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

Өсөх очир ХХК нь Улсын бүртгэлийн 2011004046 дугаартай, 4368789 тоот регистртэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин, 3-р хороолол, Чандмань төвийн 210тоотод байрлаж ажиллахаар 2006 оны 02-р сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр хүнсний бөөний худалдаа, нийтийн хоол, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд болон улсын бүртгэлийн гэрчилгээнд 2016 оны 12-р сарын 20-ны өдөр хувь нийлүүлэгчээс 1 нэмэгдэж 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо 1 болж өөрчлөгдсөнийг, мөн өдөр Баатар овогтой Эрдэнэтунгалагийг Гүйцэтгэх захирлаар томилсныг тус тус бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлд хуулийн этгээдтэй холбоотой өөр ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй байна. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 - 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход Өсөх очир ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 66.7 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. Одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Өсөх очир ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2020 он хүртэл хэвийн зохистой харьцаанд байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн дансны үлдэгдлийн лавлагааны баримтуудаар мөнгөн хөрөнгө нь 28.903.82 төгрөг байгаа нь богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүйг илэрхийлж байна. Өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. "Өсөх очир ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн барагдуулах боломжтой байх боловч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар мөнгөн хөрөнгө 28,903.82 төгрөг байгаа нь коэффициентийн утга 0.0004 гарч байгаа нь мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүйг илэрхийлж байна. Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. Өсөх очир ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.4 - 0.3 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой харьцаанд хүрэхгүй байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадны зээлдүүлэгч /төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна. Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 - 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -3.53 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй байгааг илэрхийлж байна. Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1-2 байна. Өсөх очир" ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 1.28 гарч байгаа нь хэвийн нөхцөлд тооцогдох ба энэ нь компанийн нийт оруулсан хөрөнгө болон гадны эх үүсвэрээр санхүүжсэн капитал нь зохистой харьцаанд байгаа болохыг илэрхийлж байна. Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх гол 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Өсөх очир ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: Өсөх очир ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2018, 2019, 2020 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66.310.688.84 төгрөг болж өөрийн хөрөнгийн 176.4 %-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээгээр тус Өсөх очир ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн 110.03%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/01076 дугаар захирамжаар Өсөх очир ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. Өсөх очир ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 оноос өмнө үүссэн байх 5а 2017 онд 36.998.800 төгрөгийн, 2018 онд 43.534.200 төгрөгийн, 2019 онд 49.061.600 төгрөгийн, 2020 онд 66.310.688.84 төгрөгийн тус тус өр төлбөртэй ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан, зохистой харьцаанаас 66.7 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачилгагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, 2020 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: Өсөх очир ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг, бусад өр төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна. Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар: Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/11132022/00236 дугаартай захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Өсөх очир ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк дахь 407172559 тоот харилцах дансны үлдэгдэл 28.903.82 төгрөг байх бөгөөд өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэлийн талаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/01076 дугаар захирамжаар Өсөх очир ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор буюу Дампуурлын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Орхон аймгийн ******* шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Өсөх очир ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Дампуурлын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.5 дахь хэсэгт ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд ихэнх үзүүлэлтүүд онолын түвшингийн үзүүлэлтээс бага утгатай гарч байгаа нь Өсөх очир" ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл. магадлал өндөр тувшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт:

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Өсөх очир ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Өсөх очир ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 - 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татварын 6.435.655 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж Орхон аймгийн Татварын албанд олгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нийтэд мэдээлж, ******* ХХК-ийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж, Хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагчид хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан татварын өр 59.875.036,8 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Эрдэнэтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар Орхон аймгийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана: 33.1.1.энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэхэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд татвар төлөгчийн төлөгчийн төлсөн, төлбөл зохих албан татварыг хуулийн дагуу хураан барагдуулж улсын төсөвт төвлөрүүлэх, татвар төлөгчдөд татварын хууль, журмын талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллах үндсэн үүрэгтэй төсвийн байгууллага юм. Татвар төлөгчийг дахин хөрөнгөжүүлэхэд шаардагдах санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан төлөвлөгөө гаргах хууль зүйн хувьд болон чиг үүргийн хувьд боломжгүй юм.Шүүх татвар төлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр хэрхэн санал, санаачилга гаргасан, эсвэл гаргаж болох тухай огт үнэлэлт өгөөгүйгээр дампууруулах шийдвэрийг гаргасан байна. Өсөх очир ХХК нь хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлыг удаа дараалан өөрчилж, албан татвар ногдох орлого олж, татварын тайлан гаргаж, үйл ажиллагаа явуулан хувьдаа ашиг олж байгаа этгээдийн хүсэлтийн дагуу дампууруулах шийдвэр гаргаж байгаа нь туйлаас учир дутагдалтай байна. Өсөх очир ХХК нь өөрөө эсвэл, хэрэг гүйцэтгэгч үндсэн үүргийнхээ дагуу дахин хөрөнгөжүүлэх, татвар төлөх үүргээ биелүүлэх ямар боломж эрэлхийлсэн байдал болон энэ нөхцөл байдлыг шүүх огт авч үзсэнгүй мөн дүгнэж ач холбогдол өгөлгүйгээр шийдвэр гаргасан. Татвар төлөгч нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрт олж болох ашгаа авчаад түүндээ ногдуулсан албан татвараа төлөхгүйгээр албан татвар төлөхөөс зайлсхийж байгаа нь энэ хэргээс харагдаж болохоор байна гэж үзэж байна. Өсөх очир ХХК нь өнөөдрийн байдлаар 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 343.518.64 төгрөгийн, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 28.100 төгрөгийн, 2014 оны оны нэмэгдсэн өртгийн албан татварын 13.645.032.57 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 788.705.5 төгрөг, ахуйн нэгжийн орлогын албан татвараар 900.094.36 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 3.695.054.54 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 1.751.841.00 төгрөг, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 21.109.091 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 193.490.91 төгрөг, 2016 оны хяналт шалгалтын актаар 17.318.181.8 төгрөг, 2018 оны ахуйн нэгжийн орлогын албан татвараар 398.400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 5.923.845.18 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 83.467 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 125.199.67 төгрөг, 2019 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 6.666.67 төгрөгийн нийт 66.310.688.840 төгрөгийн албан татварын өртэй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус хэлтсийн нэхэмжлэлийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн лавлагаа нь төлбөр төлдөг эсэх мэдээлэл байхгүй байна. Албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх тухай шүүхийн шийдвэр, мөн тус компанийн мөнгөн хөрөнгөтэй болох тухай санхүүгийн тайлан зэрэг баримтуудад шүүх үнэлэлт өгөхгүй байна. Мөн түүнчлэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг эцсийн шийдвэр болгон үнэлсэн нь шийдвэрт эргэлзэх, хуульд заасан бүх боломжийг ашигласан эсэх эргэлзээг төрүүлж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулж болох боломжтой байсан гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө-д заасан татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгох нь буруу юм. Тиймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгон татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгон шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй, Орхон аймгийн ******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан татварын өр 66.310.688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар татварын 6.435.655 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж Орхон аймгийн Татварын албанд олгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 33 дугар зүйлийн 33.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нийтэд мэдээлж, ******* ХХК-ийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж, хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагчид хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан татварын өр 59.875.036,8 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

******* ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хүнсний бөөний худалдаа, нийтийн хоол, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдан 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2011004046 дугаар авч 4368789 регистрт бүртгүүлжээ.

Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Баатарын Эрдэнэтунгалаг болно.

Шүүх ******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01076 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаар Орхон аймгийн Татварын хэлтсээс татварын өр 66.310.688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгохоор хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргаж шүүхэд ирүүлсэнтэй хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нар танилцжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд дүгнэлтэдээ: ******* ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасан этгээд болох хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаж шүүхэд ирүүлээгүй, ******* ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй, дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар ******* ХХК нь 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Мөн шүүх хариуцагч ******* ХХК-иас 6.435.652 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн *******т олгож, татварын өр 59.875.036.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна .

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүхэд давж заалдсан гомдол гаргажээ.

Дампуурлын тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд зааснаар Орхон аймгийн ******* нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт болон дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй байна.

Орхон аймгийн *******т татварын өрөнд нийт 66.310.688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба өмнө нь уг нэхэмжлэлийн шаардлагад орсон татварын өр 59.875.036.8 төгрөг гаргуулах тухай Орхон аймгийн Татварын хэлтсийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулж болох боломжтой байсан гэж үзэж байна гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-д заасан эрхийг өөрөө хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь дээрх үндэслэлүүдээр няцаагдаж байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Орхон аймгийн ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Орхон аймгийн ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР