Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0649

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК   нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666  дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдэж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг хүчинүй болохыг дурдаж шийдвэлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр нь нотлох баримтыг буруу үнэлж хэрэгт хамааралгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хийх үүргээ биелүүлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” зэргээр хамгаалалтынг горимыг удаа дараа зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд энэхүү үндэслэл огт байхгүй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн төсөл дээр үндэслэн дархан цаазат газрын дэглэм зөрчиж болзошгүй байна гэж дүгнэсэн нь  хууль бус юм. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан үйл ажиллагааг явуулсан дараа хэрэглэгдэх хуулийн хариуцагч энэ үндэслэл бүрдээгүй байхад хэрэглэж захиргааны акт гаргасныг шүүх зөвтгөх боломжгүй гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь захиргааны акт хууль бус бөгөөд түүний ,улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчинүй болгох зохицуулалттай байхад түүнийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Нөгөөтээгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.3.11-т зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тохиолдолд хамаарах заалт бөгөөд захиргааны байгууллагаар захиргааны актын алдааг засахад хэрэглэгдэх заалт биш юм. Захиргааны хэрэг шүүх нь захиргааны хууль бус актын улмаас хүн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой бөгөөд захиргааны хууль бус актын алдааг захиргааны байгууллагаар засуулах нь шүүхийн үндсэн зорилго биш гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн             12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал”-ыг үндэслэн “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд нэхэмжлэгч “Г” ХХК багтжээ.

Хариуцагч маргаан бүхий актад газар ашиглах эрх нь дуусгавар болж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хамаарах зөрчлийг нийтлэг байдлаар заасан байх бөгөөд хавсралтад “Г” ХХК-ийг тухайлан ямар зөрчил гаргасан гэж буруутгаж буй талаар заагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байна” гэж маргаан бүхий актад тусгагдаагүй, нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн тайлбарт дурдагдсан үндэслэлийг шүүх бодитоор оршин байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч “Г” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/116 дугаар шийдвэрээр Богдхан уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн Залаатын баруун богино гэх 1.0 га газарт 5 жилийн хугацаатай ашиглах эрх үүссэн байх боловч тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буюу нэхэмжлэгч тус газрыг бодитоор ашиглаж эхлээгүйтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Хариуцагч маргаан бүхий актаар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно” гэж заасныг, мөн Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг удирдлага болгож, “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэр бүхий хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч “Г” ХХК газар ашиглах эрхээ хэрэгжүүлсний улмаас усны нөөц хэрхэн хомсдож буй талаар болон тийнхүү хомсдохоос сэргийлэх бодит шаардлага тулгарч буй талаар түүнчлэн голын бургас, мод сүйдэх талаарх нөхцөл байдлыг урьдчилж тогтоогоогүй, холбогдох судалгаа, баримт нотолгоогүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актад “уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрх алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэх горимыг зөрчиж байгаа” гэх үндэслэлийг заасан байх боловч нэхэмжлэгч “Г” ХХК тус газрыг ашигласны улмаас уул нурсан, орчны төлөв байдал, унаган төрх алдагдсан, цаашид алдагдахаар байгаа талаарх баримт нотолгоо, дүн шинжилгээ байхгүй байхад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. 

Мөн “Г” ХХК дархан цаазат газрын нийтлэг мөрдөх ямар горимыг хэрхэн зөрчиж байгаа талаарх баримт нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон харуицагчийн шийдвэр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2/-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэсэн гэжээ.

Хэрэгт авагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал гэх албан бичгээр “Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 29 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт”-ыг хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч компани тус албан бичигт заасан алдаа дутагдлыг гаргасан талаарх баримт нотолгоог хавсаргаагүй байна.

Дээрх байдлаар хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл шаардлага байсан эсэхийг баримтаар урьдчилж тогтоогоогүй, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг хангагдаагүй, мөн хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх  “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчим алдагдсан байна.

Шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үндэслэлтэй эсэх, хууль ёсны эсэх, тэрхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хянаж шийдвэр гаргах үүрэгтэй болохоос бус захиргааны шийдвэрт дурдаагүй үндэслэлийг шалгаж, тогтоох түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгох, түүнчлэн тухайн асуудлаар дахин шалгаж шийдвэр гаргахыг зааварлах хууль зүйн үүрэггүй.

Хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх талаар шийдвэр гаргахдаа “... менежментийн төлөвлөгөөний 2 дугаар бүлгийн 2.1-д заасныг, мөн ойн захаас 130 м зайд байрлаж байгаа” талаарх үйл баримтын талаар дурдаагүй, энэ үндэслэлээр маргаан бүхий шийдвэр гараагүй байна. Гэтэл шүүх “...менежментийн төлөвлөгөөний 2 дугаар бүлгийн 2.1-д ... гэж тодорхойлсон, ойн захаас 130 м-ийн зайд байрлаж байгааг харуулсан зураг ... үзлэгийн баримт зэргээс үзвэл байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж болохуйц нөхцөл байдал үүсч болохоор байна” гэж маргаан бүхий актын үндэслэлд тусгадаагүй үндэслэлээр дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг буруутгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь ... нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тохиолдолд хамаарах бөгөөд захиргааны байгууллагаар захиргааны актын алдааг засахад хэрэглэгдэх заалт биш ... хууль бус актын алдааг захиргааны байгууллагаар засуулах нь шүүхийн үндсэн зорилго биш гэж үзнэ ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Шүүх “сонсох ажиллагааг хийж, тухайн шийдвэр хаяглагдсан этгээдэд тайлбар гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон байх, шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг өмнө нь урьдчилан тогтоосон байх” зэрэг хуулиар тогтоосон захиргааны шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад хамаарах нөхцлийг “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэх үндэслэлд хамаатуулсан нь, мөн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хуулиар журамлан тогтоосон шийдвэр гаргах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангаагүйг “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагад хамаарна” гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх ”... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ... 40.1.2 дахь заалт нь иргэн хуулийн этгээд тухайн газартаа үйл ажиллагаа явуулснаас хойш тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг 2 буюу түүнээс дээш удаа эсвэл ноцтой зөрчсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй байна. Энэ мэт алдаатай захиргааны актыг шүүх засч хэргийг шийдвэрлэх боломжгүй тул захиргааны байгууллагаар алдааг нь засуулах нь зүйтэй ...” гэж захиргааны алдаатай, хангалтгүй гүйцэтгэсэн чиг үүргийг шүүх нөхөн сайжруулж, засч зөвтгөх хууль зүйн үүрэгтэй, боломжтой мэт агуулгаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг хянаж, маргааны үйл баримтад тал бүрээс нь хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шүүхийн үндсэн зорилгод нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1/, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5 дахь заалтын дугаарыг 2, 3 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

               ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ