Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2020/0142/З |
Дугаар | 404 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 404
“Т б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
СБД-ийн ТХ-ийн ТУБ Т.А, Б.М нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “СБД-ийн ТХ-ийн ТУБийн 13,468,730.40 төгрөгийн татвар суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0355 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 458 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч Т.А, Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-О нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0355 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “СБД-ийн ТХ-ийн ТУБийн 13,468,730.00 төгрөгийг албан татвар, төлбөрт суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “Т б к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 458 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэсэн байх бөгөөд тухайн автотээврийн хэрэгслийн эзэмшигч татвар төлөгч байхаар хуульчилсан байна. Энэ агуулгаар тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч гэж тодорхойлох боломжтой тул уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс тухайн төрлийн татварыг ногдуулж болно. Мөн шүүх тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар заасныг үндэслэжээ.
4. Уг хуулийн агуулга нь Монгол Улсын бүртгэлийн санд байгаа автотээврийн хэрэгслээс албан татварыг ногдуулах бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй л бол тээврийн хэрэгслийн албан татварыг төлүүлэх тухай зохицуулалт байна. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч хуулийн этгээд автомашиныг ашиглаж байгаа эсэхээс үл хамаарч татвар төлөгч байх ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Түүнчлэн шүүхээс Автотээврийн үндэсний төв дээрх бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагааг, марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотолж байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.
5. Учир нь хариуцагч болон нэхэмжлэгч нар нь дээрх автомашин нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа асуудалд маргадаггүй. Нөгөө талаар тухайн автомашинууд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн нь тухайн автомашины шууд өмчлөгч болсон гэсэн үг биш. Зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулсан автомашинаар хангуулах бөгөөд энэхүү гэрээний дагуу тухайн автомашиныг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах эрх үүсдэггүй.
6. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй нь хуульд нийцсэн гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нөгөө талаар шүүхээс хариуцагч “СБД-ийн ТХ-ээс татварын суутгал хийхээр мэдэгдсэний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан тохиолдолд нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломж байсан ч харгалзаж үзээгүй.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан ч цуглуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт тухайн захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулахдаа түүнийг нотлох баримт, тэмдэглэл үйлдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд хариуцагч байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй тул эдгээр баримтууд байдаггүй. Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдаж, татвар суутган авсан актыг гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан талаарх баримтыг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд илт үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
9. Нэхэмжлэгч “Т б к” ХХК-ийн “СБД-ийн ТХ-ийн ТУБийн 13,468,730.40 төгрөгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг суутган авсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
10. Учир нь, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:”, 4.1.4. “автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч” гэж тус тус заажээ.
11. Дээрх хуульд татвар төлөгчийг “автотээврийн хэрэгслийн өмчлөгч” гээгүй харин “эзэмшиж буй этгээд” буюу “эзэмшигч” гэж заасан ба эзэмшигч гэдгийг “тухайн автотээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд” гэж ойлгохоор байна.
12. Ийнхүү татварын хууль тогтоомжид татвар төлөгчийг шууд буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан байхад тухайн ойлголтыг бусад хууль тогтоомжтой холбож, тухайлбал хувийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр дэлгэрүүлэн тайлбарлах үндэслэлгүй юм.
13. Иймд, “...Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг “тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч” гэж тодорхойлох боломжтой, 6 дугаар зүйлийн 6.1-ийн агуулга нь тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй л бол тээврийн хэрэгслийн албан татварыг төлүүлэх тухай зохицуулалт юм, гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч хуулийн этгээд автомашиныг ашиглаж байгаа эсэхээс үл хамаарч татвар төлөгч байх ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр тухайн автомашинуудыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь тухайн автомашины шууд өмчлөгч гэсэн үг биш юм...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
14. Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 61 дүгээр зүйлд 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, ...-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1.6. “мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага” гэж, 62 дугаар зүйлийн 62.1-д “Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна:”, 62.1.1. “үл маргах журмаар гаргуулах”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжид татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд ...дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж тус тус заасан.
15. Иймд, хариуцагчийн үйлдлийг “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан” гэж үзэхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
16. Уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан “хариуцагч мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн утгатай хяналтын гомдлын тухайд давж заалдах шатны шүүх хангалттай дүгнэснээс гадна, эдгээр үндэслэл нь маргаан бүхий актыг /хариуцагчийн үйлдлийг/ “илт хууль бус”-д тооцуулах /Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан/ хууль зүйн үндэслэл болохгүй юм.
17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0355 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 458 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ