Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01515

 

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/02511 дугаар шийдвэртэй

Б.Э-гийн нэхэмжлэлтэй, Ж.Э-т холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ж.Этай тохиролцон Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 2 адууг 00-00 УБЧ улсын дугаартай автомашинаар ачуулсан. Гэтэл Лүн сумаас 1 адуу алга болсон гэж над руу утсаар ярьсан.

Би араас нь очиж адуугаа хайсан боловч олдоогүй. Ж.Э эхэндээ адууг чинь олоод өгнө, олдохгүй бол оронд нь эрлийз адуу өгнө гэж ярьдаг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй байхаар нь очиж уулзахад...өгч чадахгүй, чаддаг юм бол цагдаагаар яваад ав гэсэн. Би Лүн сумын цагдаад хандсан боловч иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу авсан.

Миний алга болсон адуу арабын 50 хувь эрлийз цустай ширээтэй, бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай, 4 настай адуу байсан ба Зүүн бүсийн эрлийз хурдан морины уралдаанд 13-т хурдалж бай шагнал авч байсан. Тээвэрлэгч нь захиалагчаасаа ачаа барааг хүлээн авснаас хойш хүлээн авагчид шилжүүлэн өгөх хүртлээ бүрэн бүтэн байдлыг хариуцдаг. Иймд Ж.Эаас адууны үнэ болох 10,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Араб үйлдвэрийн адуу бүхэн хурдан удмын адуу биш. Нэхэмжлэлд дурдсанаар алга болсон адуу нь арабын 50 хувь эрлийз цустай, ширээтэй бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай 4 настай адуу байсан гэдэг боловч алга болсон адууны шүүхэд гаргаж өгсөн фото зурагтай адууны зүс таарахгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Зүүн бүсийн эрлийз хурдан морины уралдаанд 13-т хурдалж бай шагнал авч байсан, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Ламын гэгээний наадамд морио уралдуулсан гэдэг ч эдгээр наадамд уралдаагүй. Нэхэмжлэгчийн хэрэгт баримтаар гаргаж өгсөн үнэмлэх нь хуурамч байна.

2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Эд олгосон гэх үнэмлэхийг Баяр наадмын салбар хороо гэх байгууллагаас олгосон байна. Гэтэл баяр наадмыг зохион байгуулах хороо гэж бичигдсэн байх ба Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар гэсэн үг үсэг бичигдээгүй байхад Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын тамганы дардасыг дүрсэлсэн байгаа учир хуурамч баримт гэж үзэж байна. Мөн тус үнэмлэх дээр их тахилга гэсэн ганц лого байна. Гэтэл хурдан морьдын уралдаанд амжилт гаргасан уяачдад үнэмлэх биш өргөмжлөл олгосон байна. Уг өргөмжлөлд Монгол Улсын төрийн сүлд, Алтан овооны лого, Сүхбаатар аймгийн лого дүрсэлсэн байгаа ба олгосон байгууллага нь Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар байна. Монголын морин спорт уяачдын холбооноос шүүхэд ирүүлсэн 2018 оны Их тахилга Зүүн бүсийн уралдааны эрлийз морьдын эрлийз дунд насны морьдын уралдааны 13-т хурдалж ирсэн адууны зургийг ирүүлжээ. Энэ нь зассан өндөр чацтай морь байна. Харин Б.Э-гийн үрээ нь азрага тавих засаатай үрээ байсан. Азраганы дэлийг засдаггүй.

Үүнээс гадна 2018 оны Зүүн бүсийн хурд морины уралдаанд Б.Э-н маргаан бүхий азарга уралдаагүй гэдэг нь морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалд төлсөн баримт байхгүй, унасан хүүхдийн эцэг, эхтэй байгуулсан гэрээ байхгүй, унаач хүүхдийн овог нэр, байхгүй, Алтан Дарь овооны тэнгэрийг тайх төрийн тахилга-105, Зүүн бүсийн хурд-2018 уралдааны нэгдсэн цуваанд нэхэмжлэгчийн морь бүртгэгдээгүй байна.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8 дахь заалтад заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан ба мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.6-д амьтан тээвэрлэсэн гэж заажээ. Адуу бол амьтан мөн. Иймээс нэхэмжлэгчийн адуу үнэ цэнэтэй азрага болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Ж.Э-аас 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнэмлэх, өргөмжлөл, тодорхойлолт зэрэг нь алга болсон адууных биш өөр адууных байсан. Алга болсон адуу нь хурдан удмынх биш, эрлийз цустай энгийн эр адуу байсан. Энэ талаар гаргаж өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2.Адуу нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т заасан амьтан гэх тодорхойлолт дахь хөхтөн амьтны төрөлд хамаарах тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.6-д заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Тухайн амьтан алга болсонд Ж.Э-ийн гэм буруутай үйлдэл байхгүй, гэмт хэргийн шинжгүй болох нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд бичигдсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Ж.Э-т холбогдуулан алга болгосон адууны үнэд 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч маргажээ.

 

3. Эрдэнэдалай, Ж.Э нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр аман гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тээвэрлэгч Ж.Э нь Б.Э-гийн их насны хээр адуу, хээр зүсмийн хязаалан адууг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх, тээвэрлүүлэгч Б.Э адуу тус бүрд 100,000 төгрөгөөр тооцож, 200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Анхан шатын шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.а. Тээвэрлэгч Ж.Э 00-00 УБЧ улсын дугаартай ачааны авто машинаар Б.Эгийн 2 адууг тээвэрлэн Өвөрхангай аймгаас Төв аймгийн Лүн суманд ирэх үед хээр зүсмийн үрээ алга болсон, их насны хээр адууг Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж, Б.Э-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Иймд тээвэрлэгч Ж.Э-ийг тээвэрлэлтийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

3.б. Хариуцагч Ж.Э нь адуу буюу амьтан тээвэрлэсний улмаас хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх агуулгаар татгалзлаа тайлбарлажээ.

 

Талуудын хооронд үүссэн тээвэрлэлтийн гэрээний харилцаагаар тээвэрлэгч нь амьтан тээвэрлэсэн байх боловч тэрээр энэ үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Учир нь амьтан тээвэрлэх явцад алга болсонд тээвэрлэгчээс буруугүй буюу бусдын нөлөөллөөр энэ нөхцөл байдал бий болсон гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай. Гэтэл хариуцагч Ж.Э нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч Ж.Э нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн алдагдсан адууны үнийг төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.6-д зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх боловч хуулийн дээрх заалтад заасан хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

3.в.Тээвэрлэлтийн явцад алга болсон адууны шинж байдал, түүнээс шалтгаалсан үнэ талуудын маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нь алга болсон адууг араб азарга эцэгтэй, монгол гүүнээс төрсөн, 4 настай, хээр зүсмийн эр, хурдан удамтай 10,000,000 төгрөгөөр үнэлэгдэх адуу байсан гэх үндэслэл заан нэхэмжлэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч нь алга болсон адууг монгол гүүнээс төрсөн, 4 настай, хээр зүсмийн эр хурдан удамгүй, 1,150,000 төгрөгөөр үнэлэгдэх адуу байсан гэж татгалзжээ.

 

3.г.Талууд тээвэрлэлтийн гэрээг байгуулахдаа баримт үйлдээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзлаа нотлох үүрэгтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс Вендо ХХК-ийн шинжээчээр томилж, тус шинжээчийн дүгнэлтээр араб азарга эцэгтэй, монгол гүүнээс төрсөн 4 настай, хээр зүсмийн эр, хурдан удамтай адууг 9,000,000 төгрөгөөр, монгол гүүнээс төрсөн 4 настай, хээр зүсмийн хурдан удамгүй эр адууг 1,000,000 төгрөгөөр үнэлжээ. /хх201-214/

 

Хэрэгт авагдсан баримтуудаар алга болсон нэхэмжлэгчийн адууны зах зээлийн үнэлгээ жирийн адуунаас өндөр буюу СХ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоож хариуцагчийн зөвшөөрсөн 1,150,000 төгрөгөөс илүү үнэтэй адуу гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч адууг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө уг хөрөнгийн үнэ цэнэ онцгой, өндөр үнэ бүхий гэдгийг мэдэгдсэн гэх баримтгүй байна.

 

3.д.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор алга болсон адууны гэрэл зураг, тус адууг 13 дугаар байранд орж байсан гэх Зүүн бүсийн хурд 2018 үнэмлэх зэрэг баримтыг гаргаж өгсөн байх боловч тус зураг дахь адууг хариуцагч тээвэрлэсэн болохыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх алга болсон адууг хурдан удамтай гэж дүгнэж, хариуцагчаас 9,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хурдан морины уралдаанд явах зорилготой байсан гэх үндэслэлээр алга болсон адууны үнийг 9,000,000 төгрөг болохыг нотлох боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

Иймд нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд адууны үнийг 1,150,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хариуцагч зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

4. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-аас 1,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/02511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...9,000,000.00 гэснийг ...1,150,000 гэж, ...1,000,000.00 гэснийг ...8,850,000 гэж,

2 дахь заалтын ...158,950.00 гэснийг ...32,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ