Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 72

 

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч  Н.Болормаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, 201610010044 дугаартай, 2 хавтас, 304 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бнд холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашины гарах чиглэлийн талбайд *** ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Мын баруун хөлийг дайрч шилбэний шаант ясыг хугалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Бы тээврийн хэрэсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дуугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

 шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэрэгт хавсаргаж, Б.Бы 330304 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж,

Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3302474 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М олгож, хохирогч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагаас 12220526 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Б.М нь нотлох баримтаа бүрдүүлэн  хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бы осол гаргасан гэх зам нь нийтийн хэрэгцээний болох нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүдээр энэ нь маргаантай тиймээс ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт уг дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг биечлэн оролцуулсан боловч энэхүү ойлголт нь бүрэн хэмжээний тодорхой нөхцөл байдлаар эцэслэгдэн дүгнэгдэх боломжгүй байсан боловч анхан шатны шүүхээс эргэлзээ бүхий байдлыг анхааран үзэлгүйгээр зөвхөн ЗТО мөн гэсэн нэг чиглэлийн байр сууриар дүгнэж шийдвэрлэсэн нь ЭБШХуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт заасан заалттай зөрчилдөж шүүгч прокурор мөрдөн байцаагч нар заавал шинжээчийн дүгнэлтийг баримтлах шаардлагагүй гэх заалтыг харьцуулан анхаарч үзээгүй болно.

2. Хэрвээ Бы гэм бурууг нотлогдон тогтоогдсон хэмээн үзсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй хэмээн үзсэн тохиолдолд тэрээр анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон бөгөөд магадгүй уг хэрэгт хохирогчийн зохих ёсны буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг үгүйсгэх аргагүй өөрөөр хэлбэл хохирогч этгээд зорчин явсан машины буруу талын хаалгаар бууж уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан байж болох нөхцлийг хэдийгээр шинжээч Явуухулан нь энэ нөхцөл байдлыг зөрчил хэмээн тайлбарласан боловч ЭБШХуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт зааснаар уг хэргийн шалтгаан нөхцөлд зайлшгүй хамрагдаж шинжлэн судлагдах асуудал болохыг зүй ёсоор анхаарч үзэх,

3. Б.Б нь уг хэргийн улмаас учирсан хохирол болох шийтгэх тогтоолоор зааж өгсөн үнийн дүнгээр бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэхдээ хохирогч Мын Бээжин хотруу явсан буцсан замын зардлыг уг хохиролд тооцож хамруулсан нь учир дутагдалтай тэрээр ямар зорилгоор явсан нь тодорхойгүй, хохиролтой холбогдох бичгийн баримтууд нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө бүрдэж ирсэн учраас уг баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж тооцох ямар ч боломжгүй байсан болно. Сая хохирогч Маас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, дараа баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжилнэ гэсэн асуудлыг хөндсөн байна. Ийм учраас хохирол төлбөрөө бүрэн төлөгдсөн, гэм хор арилсан гэх үндэслэлээр тухайн хуулийн заалтаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдсан гомдол  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ чин сэтгэлээсээ ойлгож, гэмшиж байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирлоо шийтгэх тогтоолд заасан үнийн дүнгээр бүрэн хэмжээгээр барагдуулсан. Хохирлын нотлох баримтуудыг хохирогч маань шүүх хуралдаан дээр гаргаж өгсөнтэй холбогдуулж урьдчилж төлөх боломжгүй байсан юм. Цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлыг төлж, эрүүл болгоно. Миний хувьд ар талдаа амьдрал маш хүнд, бага хүү маань түлэгдэлтийн улмаас эмнэлгийн байнгын хяналтанд эмчлүүлж байдгийн гадна аав Батнасан маань 6 сард осолд орж, харвалт өгч хэвтэрт байнгын эмчилгээтэй миний асрамжинд байдаг. Санамсар болгоомжгүйгээсээ болж ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна, тэр залууг дэмжиж, туслана. Иймд надад нэг удаа хуулийн өндөр итгэл найдварыг хүлээлгэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Хангалууд овогт Батнасангийн Батсайхныг тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.           

Тодруулбал шүүгдэгч Б.Б нь 2016 оны  02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашин гарах чиглэлийн талбайд *** ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Мын баруун хөлийг дайрч, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан буюу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, Шүүхийн шинжилгээний албаны 136, 136 дугаар нэмэлт дүгнэлт, Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 01 дугаар дүгнэлт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй 278 дугаар дүгнэлт зэрэг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн нотолж, тогтоосон байх ба шүүгдэгч Б.Бд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд “Зам”-ыг  “Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар...” гэж, “Зам” дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэндэд... хохирол учрахыг “Зам тээврийн осол” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн гаргасан зам тээврийн осолын талаарх шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай болно. 

 Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бы “...өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч Б.М учирсан хохиролыг нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын зардлыг ч төлөхөө илэрхийлж, бага хүү нь түлэгдэлтийн улмаас байнгын эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа, аав н.Батнасан зам тээврийн ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан учраас өөрийнх нь асрамжид байдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан, надад өндөр итгэл, найдвар хүлээлгэн, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй, тэнсэж өгнө үү” гэсэн гомдол, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, дүгнээд  түүнийг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хувийн байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхны гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, заримыг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж буюу шийтгэх тогтоолын холбогдох заалтыг өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхны давж заалдах гомдлоос “..оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэснийг ханган, бусдыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бы давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1/нэг/ жил 3/гурав/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                                             ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                                                         ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА