Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Хохирогч Б.Мэнд-Амар,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг

Шинжээч Ж.Явуухулан, Ж.Эрдэнэбилэг, Б.Батцэвэр, Ш.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангалууд овогт Батнасангийн Батсайханд холбогдох эрүүгийн 201610010044 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 2-р баг Борхойн 1-51 тоотод оршин суух, Хангалууд овогт Батнасангийн Батсайхан /ЕП80050211/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашины гарах чиглэлийн талбайд 18-35 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Мэнд-Амарын баруун хөлийг дайрч шилбэний шаант ясыг нь хугалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 22-ны өглөө Монгол Улсын хил гарахаар 3-ын хаалтнаас 3 зорчигч аваад хил рүү явсан. Ингээд суудлын автомашины хилийн мэргэжлийн хяналтын талбайн бүсэд байдаг хурд сааруулагчийг даваад зогсох гэж байтал тормозны систем ажлаагүй. Миний урд талд Цогтбаатар жолоочийн 65-46 УНИ улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашин болон түүний баруун талд Лундаа жолоочийн 92-36 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн 2 машин зэргэлдээ зогсож байсан. Тэгээд би урдаа байсан машиныг мөргөж зогсохгүйн тулд дээрх хоёр автомашины голын эгнээнд орж зогсох гэтэл Лундаа жолоочийн машины араас буусан зорчигч нэг урагшаа алхаад буцаад машиндаа очих үед нь би мөргөж таарсан. Хурд сааруулагч даваад тормос ажиллахгүй болохоор нь 1-р араандаа хийгээд хөдөлгүүрээ унтраагаад хурдаа сааруулсан. Энэ үед зорчигч миний машинаас 2 метрийн зайд байсан. Зорчигч миний машиныг харсан хэдий ч хөдөлгөөн хийж амжаагүй. Хэрвээ цүнхээ аваад цаашаа явсан бол мөргүүлэхгүй амжих байсан. Миний бодлоор зорчигч машинаас буухдаа өөрийн аюулгүй байдлаа хангаж буюу ойр орчмын саадыг харж зам тал руугаа буух ёсгүй гэж үзэж байгаа юм. Мэнд-Амар машинаас буугаад нэг алхаад Тийм болохоор энэ хэрэгт бид хоёрын хэн хэнийх нь буруу байгаа гэж бодож байна. Гэнэт тормоз барихаа больсон. Машинаа унтраах арга хэмжээ авсан боловч машинаас буусан хүнийг дайрсан энэ үйлдэлээ ойлгож гэмшиж байна. Хохирогч Б.Мэнд-Амар машинаас буугаад цаашаа нэг алхаад эргээд машинаас цүнхээ авсан би их сандарсан байсан, машины сигнал ажилладаг гэхдээ сандарсан байсан учраас сигналдаагүй, гар тормоз машинд байдаг, явж байгаа машинууд бүгд гар тормозоо авчихсан, би ч гэсэн авчихсан машин маань гар тормозгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/,   

- Хохирогч Б.Мэнд-Амарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Хятад улс руу галт тэрэгээр гарсан. ... ax болох М.Баяраагийн хамт саарал өнгийн 92-36 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд суугаад хилээр гарах гээд Замын-Үүдийн хилийн шалган дээр очиж эхний эгнээнд очиж зогссон. Тухайн үед уг машин дотор жолоочтой хамт 5 хүн байсан. Миний бие машины зүүн хойд талын суудалд сууж явсан ба зүүн хойд талын хаалгыг онгойлгож буухад миний буусан зам дээр “stop” гэсэн машин явахыг хориглосон бичигтэй байсан. Мөн манай эгнээний зүүн хажууд зэрэгцээ машин зогссон байсан. Тэр 2 машины хоорондын зайнаас харахад ямар нэгэн машин нэвтрэх боломжгүй харагдаж байсан. Ингээд би машинаас буугаад, машин дотор байсан чемодан, цүнхээ аваад хөдлөх гэхэд сүүлийн эгнээнд зогсож байсан ногоон өнгийн байх улсын дугаарыг нь санахгүй байна. УАЗ-469 маркийн автомашин нь нилээн хурдтай ирж миний зогсож байсан замаар өнгөрөх гэхэд миний баруун хөлний шилбэ орчмоор мөргөөд дайраад, зогссон. Ингээд миний баруун хөлний шилбэ орчмоор хугарч, их хэмжээний цус алдаж Замын-Үүдийн эмнэлэгт хүргэгдсэн. ... Тухайн үед би машинаас буугаад буцах үйлдэл хийгээгүй, зүүн хойд талын хаалганаас буугаад машин дотор байсан чемодан, цүнхээ аваад эргэж харахад нөгөө намайг мөргөсөн машин нилээн хурдтай ирж байсан ба би замаас холдох ямар ч боломж байгаагүй. .. ослын улмаас миний биеийн байдал тааруу байна. Баруун талын хөлний шилбэ орчмоор хугарсан. Хагалгаа хийлгэж төмөр хадуулсан. Одоогоор хавантай зовиуртай явж чадахгүй байна. Энэ хүн 5 км цагийн хурдтай явж байсан гэж байна худлаа юм намайг машинаас буугаад харахад машин байгаагүй би эргэж цүнхээ авахад бас машин байгаагүй гэнэт хурдтай гарч ирээд мөргөсөн юм. Би “Глобал трейдинг девелопмент” ХХК-нд гадаад харилцааны менежерийн ажил хийдэг байсан, ажилгүй болсон, туялзуур сэлмээр хичээллэдэг, тэмцээнд орох гээд бүртгүүлсэн байсан орж чадаагүй, ороод амжилттай оролцсон бол би багшлах эрх авах байсан мөн цаашаа олон тэмцээн уралдаанд орох боломжтой байсан гэтэл энэ байдлаас болж миний боломж байхгүй болж их хохирч байна, сэтгэл санааны маш их дарамттай байна. Байнга өвддөг, одоо болтол бороолоогүй учраас хадаасаа авахуулаагүй байгаа. Дахин хагалгаанд орж хадаасаа авахуулна. Эмчилгээний зардалд 8,320,000 төгрөг нэхэмжилнэ. Би хүнээр асруулж хүн дагуулж явж үзүүлж харуулдаг, ээж маань миний карт болон зарим нэг хохирлын баримтыг хаясан. Сүүлд дахин карт нээлгэсэн байгаа. Би ажил хийдэг байсан гэтэл хөлөө дайруулснаас болж ажлаа хийж чадахгүй байгаа би 1,200,000 төгрөгний цалинтай, даатгал шимтгэл төлөөд гар дээрээ 1,000,000 төгрөг орчим авдаг байсан, ажилгүй байсан хугацааны цалин 8,400,000 төгрөг нийт 16,728,000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хx-ийн 24-26/,

- Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... машинаас бүгд бууж дүүдээ цүнхээ өгөх гэж байхад зүүн талын хаалгаар хар ногоон өнгийн УАЗ-469 машин гэнэт гарч ирээд дүү Б.Мэнд-Амарыг мөргөж баруун хөлийг нь дайрч зогссон. Дайрсан жолооч ухарч бууж ирээд цэнхэр өнгийн 65-46 УНИ улсын дугаартай УАЗ-469 машины жолоочийг гуйж эмнэлэгт Б.Мэнд-Амарыг хүргэж өгсөн. Дайрсан машин нь хар ногоон өнгийн 18-35 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машин байсан. ... дайрсан машиныг замын цагдаа жолоодож тоормозыг нь шалгахад ажиллахгүй муу барьж байсан” гэсэн мэдүүлэг /хx-ийн 29/,

- Гэрч М.Лундаажанцаны мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 22-ны өглөө өөрийн 92-36 ДГА улсын дугаартай УАЗ-31514 маркийн саарал өнгийн автомашиныг жолоодон Замын-Үүд сумын 1-р багт байрлах 3-ын хаалтнаас үл таних 2 эрэгтэй хүнийг 100 юаниар хил гаргах зорилгоор авсан. Ингээд хил гарах гэж байгаа автомашинуудын дараалалд орж зогсон ар араасаа явсаар байгаад гаалийн хяналтын бүсийн талбайд эхний эгнээнд орж ирсэн. Тэгээд гаалийн хяналтын талбайн суудлын автомашины зогс гэсэн цагаан өнгийн шугаман дээр машинаа зогсоож зорчигч нараа буулгасан. Миний машин тухайн үед 4-н зорчигчтой байсан ба хойд хаалгыг гаднаас нь онгойлгон өгч 2 тал руугаа зорчигч нараа буулгасан. Тэгээд хорио цээрийн бичиг авах гээд мэргэжлийн хяналтын цонхон дээр очоод буцаад машин дээрээ ирэх хооронд түс нас хийсэн чимээ гараад машин мөргөлдөх шиг болсон. Гэтэл миний машины зүүн талын арын хаалгаар буусан зорчигчийг 18-35 ДГО улсын дугаартай, УАЗ 31512 маркийн ногоон өнгийн автомашин мөргөж миний  машины зүүн хойд хаалганы хязгаарлагч төмрийг хугалж, банкны таг хонхойсон байсан. ... ослын улмаас миний машины зөв талын хаалганы хязгаарлагч төмөр, банкны таг зэрэг зүйл эвдэрч хонхойсон байдлаас харахад их хүчтэй мөргөсөн юм шиг байсан. Би тухайн осол гаргасан жолоочоос өөрийн машинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхгүй. ... ослын улмаас зорчигч залуугийн баруун хөлнөөс их хэмжээний цус гарсан байдалтай их өвдөлттэй харагдаж байсан. Өөр биед нь ил харагдах ямар нэг шарх сорив байгаагүй” гэсэн мэдүүлэг /хx-ийн 32/,

- Гэрч А.Тогтохбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 3-ын хаалтан дээрээс Б.Батсайханы 18-35 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд гуйж суусан. Тухайн үед машин дотор нь надаас гадна 2 зорчигч байсан ба уг хүмүүс нь мөнгөөр суусан бололтой танихгүй 2 эгч байсан. Ингээд жолооч 3-н хаалтнаас хөдөлж, хилийн бүс рүү цувааны дагуу орж, мэргэжлийн хяналтын талбайн урд байдаг хурд сааруулагчийг тооромзлон даваад зүүн талын эгнээнд зогссон машины араас зогсох гэж байснаа гэнэт голын эгнээ рүү ороод баруун эгнээнд зогсож байсан машины арын хаалгаар буусан хүнийг мөргөж зогссон... машинаас буухад Б.Батсайханы машины баруун урд дугуйн урд хэсэгт 20 орчим насны залуугийн баруун шилбэнээс их хэмжээний цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 41/,

- Гэрч Д.Болор-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “... тормозны системийн наклад тэлэгчийг задлаагүй тохиолдолд хий орох тохиолдол байхгүй. Хий орно гэдэг маань тормозны систем өөрөө битүүмжлэгдсэн байдаг учраас задлах юм уу, засварыг дүрмийн бус хийсний улмаас тормозны шингэнтэй агаар холилдож, тормозны идэвхжилт удааширч, тормозны системийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хар үгээр хэлэхэд шингэн хий хоёр хоорондоо холилдохгүй байх физик шинжтэй байдаг тул тормозны ажиллгаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тормозны шингэн шинээр хийх тохиолдолд тормозны системд хий орох боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-39/,

- Шинжээч П.Гаваасүрэнгийн “... Б.Мэнд-Амарын биед баруун талын шилбэний шаант ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний дотор дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл ба шаант ясны бяцарсан ил хугарал нь дангаараа Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, баруун шилбэний дотор хэсгийн шарх нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-42/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн

1. Б.Мэнд-Амарын биед баруун талын шилбэний шаант ясны ил хугарал, баруун шилбэний дотор дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт /хх-46/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 136 дугаартай нэмэлт шинжээчийн

1. Б.Мэнд-Амарын биед баруун талын шилбэний шаант ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний дотор дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт /хх-59/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх11-12/,

- Бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-18/,

- Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн

1. УАЗ-469 маркийн 18-365 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батнасан овогтой Батсайхан нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно мөн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн газрын үелэгийн тэмдэглэл, осол хэргийн бүдүүвч схем зураг гэх зэргээр судлан үзэхэд явган зорчигч Б.Мэнд-Амар нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн эсэх нь тодорхойлох боломжгүй байна.

3. УАЗ-439 маркийн 18-35 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батнасангийн Батсайхан нь МУ-ын ЗХД-ийн 2.3 заалтыг зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх-61/,

- Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаар шинжээчийн

1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Учир нь: зам тээврийн осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Тухайн осол болсон зам нь нийтийн хэрэгцээний зам гэж үзэж байна.

2. УАЗ-315120 маркийн 18-35 ДГо улсын дугаартай автомашины жолооч Б.Батсайхан нь МУ-ын ЗХД-ийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулж, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. УАЗ-31514 маркиын 92-36 ДГО улсын дугаартай автомашины жолооч М.Лундаажанцан нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Явган зорчигч Б.Мэнд-Амар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. УАЗ-315120 маркийн 18-35 ДГО улсын дугаартай автомашины жолооч Б.Батсайхан МУ-ын ЗХД-ийн дээрхи даалтуудыг зөрчснөөр уг осол гарсан байна гэж үзэж байна гэсэн дүгнэлт /хх-110/,

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-74/,

- Б.Батсайханы багийн засаг даргын тодорхойлолт, жолооны үнэмлэх, 00637627 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарууд /хх- 75-76, 119/,

- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №21109 /хх-78/,

- Хохиролтой холбоотой баримтууд болох Б.Мэнд-Амарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд томилох тушаал, СДИ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Батсайхан 18-35 ДГО улсын дугаартай “УАЗ-31512” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашины БНХАУлсын Эрээн хот гарах чиглэлийн талбайд иргэн Б.Мэнд-Амарын баруун хөлийг дайрч бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Батсайханг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Батсайхан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Мэнд-Амарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батсайхан “... Б.Мэнд-Амар машинаас буугаад цаашаа нэг алхаад эргээд машинаас цүнхээ аваад буусан би их сандарсан байсан, машины сигнал ажилладаг гэхдээ сандарсан байсан учраас сигналдаагүй, гар тормоз машинд байдаг ... машин маань гар тормозгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн ... зүүн хойд талын хаалгыг онгойлгож буухад миний буусан зам дээр “stop” гэсэн машин явахыг хориглосон бичигтэй байсан. Мөн манай эгнээний зүүн хажууд зэрэгцээ машин зогссон байсан. Тэр 2 машины хоорондын зайнаас харахад ямар нэгэн машин нэвтрэх боломжгүй харагдаж байсан. ... 5 км цагийн хурдтай явж байсан гэж байна худлаа юм намайг машинаас буугаад харахад машин байгаагүй би эргэж цүнхээ авахад бас машин байгаагүй гэнэт хурдтай гарч ирээд мөргөсөн... гэсэн мэдүүлэг, шинжээч Ж.Явуухулангийн “…1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т Замын хөдөлгөөн гэдэгт нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагааг гэсэн байдаг. Үйлдвэрийн байран дотор нийтийн хэрэгцээний бус замд тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгөөнийг замын хөдөлгөөнд тооцохгүй гэж тодотгосон байдаг. 1996 оны хууль хүчингүй болж 2015 оны 07 дугаар сарын 18-нд шинээр хууль батлагдаж, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. 2015 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зам тээврийн осол гэж “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэдэг “зам дээр” гэж тэгэхээр мөн хуулинд “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлнэ гээд тодорхой заасан... осол болсон газар нь улс хооронд хөдөлгөөнд оролцож байгаа зам юм ... жолооч нь хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох ёстой. Тээврийн хэрэгсэл нь гар болон хөл тормозтой байдаг. Хөл тормоз ажиллахгүй байсан бол гар тормозоо ажиллуулах эсвэл сигнал өгөх ёстой ... гэсэн мэдүүлэг, шинжээч Ш.Ариун-Эрдэний ... Б.Батсайхан нь хохирогчийг буугаад эргээд машинаас цүнхээ авсныг харсан саад бий болохыг мэдсэн байдаг  тийм учраас тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах ёстой байсан... тухайн осол болсон газар нь нийтийн хэрэгцээний газар юм ... гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...хурд сааруулагчаас тээврийн хэрэгсэл хүртэл 16,2 метр...” гэсэн, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаар, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 136 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс Б.Батсайханд холбогдох хэргийн зүйлчилэл зөв, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “... явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалтыг Б.Мэнд-Амар зөрчсөн ... машины буруу талын хаалгаар буусан ... машины тормоз гэнэт ажиллахаа больсон. Техникийн үзлэгийг дахин шалгаж гэнэтийн саатал уу жолоочийн буруутай үйл ажиллагаа юу гэдгийг мэргэшсэн шинжээч томилж мэдэх боломжтой. Ингэж байж авто ослын гэмт хэрэг эсэх талаар дүгнэлт хийх ёстой. ... Нийтийн хэрэгцээний зам гэж хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд 27 тоот шинжээчийн дүгнэлтэнд бодитой тодорхой тайлбарласан.... хангалттай шалгасан боловч уг хэрэг нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Б.Мэнд-Амар нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Харин шүүгдэгч Б.Батсайхан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн нь Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Батсайхан, хохирогч Б.Мэнд-Амар, шинжээч Ж.Явуухулан, Ш.Ариун-Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон.

Гэнэт тормоз ажиллахаа больсон нь тээврийн хэрэгслийн ашиглалтын журамыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь: шүүгдэгч Б.Батсайхан нь тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн бүтэн байлгаж замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгсэл нь хөл болон гар тормозтой, хөл тормоз ажиллахгүй бол гар тормозоор машиныг зогсоох боломжтой байхад гар тормозыг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх байдалд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хор уршиг арилаагүйг харгалзан үзсэн болно.  

  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтаар хураагдан ирсэн Сдиг хэрэгт хавсаргаж, Б.Батсайханы 330304 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Б.Мэнд-Амар “... эмчилгээний зардал 8,320,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин буюу олох байсан орлого гэж 8,400,000 төгрөг нийт 16,728,000 төгрөгний хохирол учирсан” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас УБТТС ХХК-ний такси дуудлага 7,440 төгрөг, 20,500 төгрөг, 6,660 төгрөг /хх-215, 218 арын хуудас/, эм тариа 47,000 төгрөг, 20,100 төгрөг, 173,850 төгрөг, 881,800 төгрөг /хх-216, 218, 223 арын хуудас, 227/, үзлэг шинжилгээний 56,000 төгрөг, 125,730 төгрөг, 76,194 төгрөг, /хх-223 арын хуудас, 224, 226 арын хуудас/, БНХАУлсын Бээжин хот руу шинжилгээ өгөхөөр явсан онгоцны тасалбар 800,000 төгрөг, 790,200 төгрөг /хх-216 арын хуудас, 224 арын хуудас/, хагалгаанд орж хадаасаа авахуулах эмчилгээний төлбөр 1,502,000 төгрөг /хх-220/ нийт 4,507,474 төгрөг үүнээс шүүгдэгч Б.Батсайханы өгсөн 1,205,000 төгрөгийг /хх-191-193/ хасаад 3,302,474 төгрөгийг шүүгдэгч Б.Батсайханаас гаргуулан хохирогч Б.Мэнд-Амарт олгож, шүүгдэгч Б.Батсайхан 1,392,450 төгрөгийг өгсөн гэх боловч Б.Мэнд-Амарт осол болсны дараа эмнэлэгийн тусламж үзүүлэхэд 187,450 төгрөгний зардал гарсан байх ба хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлгүй /хохирогч нэхэмжлээгүй/ харин бэлнээр өгсөн 1,205,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй орчуулагагүй, тамга тэмдэггүй, хохирогчийн ажилладаг гэх компаний тамга тэмдэгтэй нийт 3,820,526 төгрөгний болон ажилгүй байсан хугацааны цалин 8,400,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй ба хэрэгт нотлох баримтаар өгсөн ажилд томилсон тушаал /хх-235/, хөдөлмөрийн гэрээ /хх-229-233/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2016 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн/-аар /хх-212/ түүний ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргах боломжгүй байх тул /3,820,526+8,400,000/ нийт  12,220,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хангалууд овогт Батнасангийн Батсайханг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Батнасангийн Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Батнасангийн Батсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Б.Батсайханы 330304 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Батсайханаас 3,302,474 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мэнд-Амарт олгож, хохирогч Б.Мэнд-Амарын нэхэмжлэлийн шаардлагаас 12,220,526 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч Б.Мэнд-Амар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ