Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 915

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Р.Энх-Оюун /томилолтоор/,

Шүүгдэгч Д...., өмгөөлөгч О.Одхүү /ҮД:0351/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овогт ...ийн ...-д холбогдох 201626011972 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ...тоотод оршин суух, урьд

1. 1994 онд Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ялаар,

2. 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн 105 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 125 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 3, 225 дугаар зүйлийн 3, 233 дугаар зүйлийн 2, 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар 15 жилийн хорих ялаар,

3. 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэж, Нийслэлийн шүүхийн 2001 оны 105 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сар 21 хоногийн хорих ялаар тогтоосон,

4. 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 227 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 2 сар 21 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 01 хоногийн хорих ялын зарим болох 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, бичелэн эдлэх ялыг 03 жилийн хорих ялаар тогтоосон,

5. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Дархчуул овогт ...ийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

           Д.... 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын ...тоотод оршин суух иргэн М....ийн өвлийн байшинд нэвтрэн орж Алтангэрэл судар 1 ширхэг, 32 инчийн “Монел” фирмийн зурагт 1 ширхэг, мөнгөн бүс, эмэгтэй хүний хурган дээл, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, бор өнгийн дээлний торго 8 метр, том дугуй хээтэй ногоон торго 4 метр, цэнхэр минчүү торго 4 метр, дугуй хар хээтэй торго 4 метр, бэлэн 40,000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж 1,935,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 4-р сарын дунд үеэс 2016 оны 07-р сарын сүүл хүртэл Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны Баянголын ...тоот буюу дүү ...ын хашааг харж байшинд нь амьдарсан юм. 2016 оны 07-р сарын сүүлээр эмнэлэгт хэвтэж байгаад 07 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирсэн чинь байшингийн цонх хагалаад хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Алтангэрэл судар улбар шар өнгийн баринтагтай дотор талаар нь шар саатай улаан торгон баринтагтай 50,000 /тавин мянга/ төгрөгөөр үнэлж байна, 32 инчийн Монел фермийн зурагт хар өнгөтэй 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хүрэн өнгөтэй мөнгөн бүс 45,000 /дөчин таван мянга/ төгрөг, бүдэг дугуй хар хээтэй, хөх торгон, улаан хорго эмжээртэй дээл 1,000,000 /нэг сая/ төгрөг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгжний хослол, цэнхэр шигтгээтэй 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжний хослол 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, бэлэн 40,000 /дөчин мянган/ төгрөг, 8 метр бор шаргал өнгийн дээлийн торгыг 40,000 /дөчин мянган/ төгрөг, 4 метр том дугуй хээтэй ногоон торгыг 20,000 /хорин мянган/ төгрөг, 8 мерт улаан хүрэн өнгийн торгыг 40,000 /дөчин мянган/ төгрөг, 4 метр цэнхэр минчүү торгыг 20,000 /хорин мянган/ төгрөг, 4 метр дугуй шар хээтэй торгыг 20,000 /хорин мянган/ төгрөгөөр тус тус үнэлж байна. ... Шүүх хуралдаанд оролцохгүй, маш их гомдолтой байна, алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 17-18, 76 х/

 

2. Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэлээн согтуу Ханын материалын эцсийн орчимд гудамжаар явж байсан чинь эзэнгүй байшин байхаар хашаа руу нь ороод байшингийн баруун талын цонхыг хагалж орсон. Уг айлаас авдар, шүүгээнд байсан торго, дээлнүүдийг, зурагттай нь аваад шар өнгийн уутанд хийгээд Нарантуул зах дээр аваачиж хуучин эдлэл авдаг хүмүүст зарсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 107-109, 157-158 х/

 

3. Шүүгдэгч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 7 дугаар сарын сүүлээр Ханын материалын эцэст согтуу явж байгаад эзэнгүй айлын байшингийн цонхыг хагалаад зурагт, булган дээл, Алтангэрэл судар, торго зэргийг авч зах дээр аваачиж зарсан. Хурган дотортой дээлийг 100,000 төгрөгөөр ченжэд зарсан байсан ба даалтад гарсан байхдаа ченжээс нь буцаан авч өгсөн ...“ гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

4. Шинжээчийн 4690 дугаартай дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн НШША-ны СХДКШТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Баттулгын хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.

2.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр санд 2510433, MN0000ӨРШ01987, MN003410001504, MN005210000663, MN000710001041, 12009, MN003410001855 дугаараар 7 удаа бүртгэгдсэн ... овогтой ...ын баруун гарын эрхий, дунд, зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна. ...гэх дүгнэлт /1 хх 22-23 х/,

5. Хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ /1 хх 36-37 х/

6. Шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 2-3 х/

7. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургууд /1 хх 6-9 х/

8. Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.... 1969 оны 06-р сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн. ... гэдэг хүнтэй өссөн гэж ярьдаг. Төв аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд Өвөрхангай аймагт усны аж ахуйн сургуулийг өрмийн мастер мэргэжлээр төгссөн. Би ...ийн ...той 2012 онд танилцаад гэр бүл болсон. Бид 2-ын дундаас хүүхэд байхгүй. 2013 онд ял эдлээд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр суллагдсан. Тэрнээс хойш хамт амьдарч байгаа. Д.... гэр зуур модоор юм хийж зардаг. ...хүүхдүүдэд халамж анхаарал сайн тавьдаг хүн. Надад элдэв муу зан ааш гаргаад байдаггүй. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 77-78 х/

9. Д....ын  иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 44, 110 х/

10. Д....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 х/

11. Шийтгэх тогтоолын хуулбарууд, хугацааны өмнө суллагдсан баримтууд /1 хх 47-64, 137-152, 161-166 х, 2 хх 10-12 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д....ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

           Д.... 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын ...тоотод оршин суух иргэн М....ийн өвлийн байшинд нэвтрэн орж Алтангэрэл судар 1 ширхэг, 32 инчийн “Монел” фирмийн зурагт 1 ширхэг, мөнгөн бүс, эмэгтэй хүний хурган дээл, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, бор өнгийн дээлний торго 8 метр, том дугуй хээтэй ногоон торго 4 метр, цэнхэр минчүү торго 4 метр, дугуй хар хээтэй торго 4 метр, бэлэн 40,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1,935,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч М....ийн “... гэртээ ирсэн чинь байшингийн цонх хагалаад хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Алтангэрэл судар улбар шар өнгийн баринтагтай дотор талаар нь шар саатай улаан торгон баринтагтай 50,000 /тавин мянга/ төгрөгөөр үнэлж байна, 32 инчийн Монел фермийн зурагт хар өнгөтэй 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хүрэн өнгөтэй мөнгөн бүс 45,000 /дөчин таван мянга/ төгрөг, бүдэг дугуй хар хээтэй, хөх торгон, улаан хорго эмжээртэй дээл 1,000,000 /нэг сая/ төгрөг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгжний хослол, цэнхэр шигтгээтэй 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжний хослол 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, бэлэн 40,000 /дөчин мянган/ төгрөг, 8 метр бор шаргал өнгийн дээлийн торгыг 40,000 /дөчин мянган/ төгрөг, 4 метр том дугуй хээтэй ногоон торгыг 20,000 /хорин мянган/ төгрөг, 8 мерт улаан хүрэн өнгийн торгыг 40,000 /дөчин мянган/ төгрөг, 4 метр цэнхэр минчүү торгыг 20,000 /хорин мянган/ төгрөг, 4 метр дугуй шар хээтэй торгыг 20,000 /хорин мянган/ төгрөгөөр тус тус үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 18, 76 х/,

- Шүүгдэгч Д....ын “…эзэнгүй байшин байхаар нь хашаа руу нь ороод байшингийн баруун талын цонхыг нь хагалж орсон. Уг айлаас авдар, шүүгээнд байсан торго, дээлнүүдийг, зурагттай нь аваад шар өнгийн уутанд хийгээд Нарантуул зах дээр аваачиж хуучин эдлэл авдаг хүмүүст зарсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-109, 157-158 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Шинжээчийн 4690 дугаартай дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн НШША-ны СХДКШТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Баттулгын хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.

2.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр санд 2510433, MN0000ӨРШ01987, MN003410001504, MN005210000663, MN000710001041, 12009, MN003410001855 дугаараар 7 удаа бүртгэгдсэн ... овогтой ...ын баруун гарын эрхий, дунд, зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна. ...гэх дүгнэлт /1 хх 22-23 х/

- Хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ /1 хх 36-37 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хулгайлах гэм хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн М....ийн өвлийн байшингаас 1,935,000 төгрөгийн эд зүйл алдагдсан нь шүүгдэгч Д.... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар уг айл руу нэвтэрч дээрх эд зүйлсийг авсан үйлдлээс үүдэлтэй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.... нь айлын байшин руу нэвтрэхдээ эзэнгүй байх хойгуур нь буюу хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Д....ын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Д.... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шинэ Эрүүгийн хууль хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байна. Гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 нь хүнд гэмт хэрэг, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 нь хүндэвтэр гэмт хэрэг байгаа. Ялын хувьд ч шинэ хууль нь ялын дээд хэмжээ 8 жил, хуучин хуулийн ялын дээд хэмжэ 5 жил байна. Шинэ хуулиар ялыг тэнсэх нөхцөл байхгүй, харин хуучин хуулиар ялыг тэнсэн харгалзаж болох нөхцөлтэй. Хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг хуучин хуульд заасан байхад шинэ хуульд энэ талаар заагаагүй. Гэм буруугаа ойлгосон, хохирлоо нөхөн төлсөн бол 8 жил хүртэлх ялтай хэрэгт ялыг хөнгөрүүлж, 5 жил хүртэл ялтай хэрэгт тэнсэж болохоор байсан. Бид шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг харах ёстой, мөн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Улсын яллагч хавтаст хэрэгт байхгүй 145.4 гэсэн зүйл заалтыг ярьж байна. Шинэ, хуучин Эрүүгийн хуулийн аль алинд ч шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх талаар заасан байгаа. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилж өгнө үү? гэсэн асуудлын талаар.

Шүүгдэгч Д....ын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.

2015 онд батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Д....ын “мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хулгайн гэмт хэргийг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Д....ын хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулна гэж үзвэл уг хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ бага байгаа нь ашигтай тусахаар харагдаж байгаа хэдий ч уг хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ялтай байдал, ял шийтгэлтэй давтан, ялыг тэнсэх боломжгүй нөхцөл байдлууд сөхөгдөх зэргээр ял шийтгэл оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйлүүд нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул зөвхөн хорих ялын дээд хэмжээ бага гэдэг үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх биш, дээр дурьдсан эрх зүйн байдалд нь сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийг давхар харгалзан үзэхэд 2015 оны Эрүүгийн хууль шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд нийцэж байгаа, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж шүүх үзсэн.

Хохирогч М....т нийт 1,935,000 төгрөгийн хохирол учирснаас уг хохирол биет байдлаар болон бэлэн мөнгөөр төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн төрсөн эгч болох М.Янжиндуламын бичгээр гаргасан баримт, 2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

 

           Шүүгдэгч Д.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 5 удаа шүүхээр ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлсэн тул энэ байдал нь түүний энэ гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд шүүхээс 02 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

          Шүүгдэгч Д.... нь 2016.11.29-2017.07.28-ны өдөр хүртэл 241 хоног, 2018.10.10-25 хүртэл 15 хоног, нийт 256 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул дээрх хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

         

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Дархчуул овогт ...ийн ...ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д....ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д....ын эдлэх 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д....ын урьдчилан цагдан хоригдсон 256 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

         5.Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ